Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Өрөмдлөгийн шинэ технологи-“занарын тэсрэлт”

О.Хосцэцэг

Занараас байгалийн хий болон нефть гаргаж авах шинэ технологи дэлхий дахины анхаарлыг татаж эхлээд байна. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр ойрын 5-7 жилд АНУ-ын Умард Дакотагаас Техас хүртэлх өргөн уудам нутагт орших Баккений ордоос өдөрт 1.5-2 сая баррель нефть олборлох боломжтой юм байна. Одоогийн байдлаар өдөрт 300 мянган баррель нефть олборлож байгаа бөгөөд хоёр жилийн дотор энэ үзүүлэлт 700 мянга болж нэмэгдэх юм.

Өмнө нь Баккений нефтийн нийт боломжит нөөц ердөө 150 сая баррель гэж тогтоогдсон бол өрөмдлөгийн шинэ технологийн ачаар олборлож болох нефтийн хэмжээ толгой эргэмээр их тоотой гарч байна. Мэргэжилтнүүдийн тогтоосноор 11 тэрбум баррель нефть Баккений хөрсөн доор байгаа аж. Тодруулбал, АНУ-ын гурван мужийг дамнан орших 65 мянган шоо километр газарт 3 километрийн гүнд, 40 метр орчим зузаантай нефть агуулсан занарын давхарга бий гэнэ. 

Занараас байгалийн хий гаргаж авснаар АНУ цэнхэр түлшнийхээ олборлолтоор дэлхийд тэргүүлж эхэлсэн юм. 2009 онд АНУ 624 тэрбум кубметр байгалийн хий олборлож, энэ салбартаа манлайлагч ОХУ-ыг ардаа орхив. 2010 онд АНУ нийт байгалийн хийн олборлолтын 40 хувийг занараас гарган авч байсан бол 2020 онд олборлолт хурдацтай өсч 60 хувьд хүрэх тооцоо гарчээ.

Шинэ технологийн ачаар байгалийн хий олборлож болох томоохон занарын орд зөвхөн Америкт ч байгаа юм биш. Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн мэдэгдсэнээр Европт 16 их наяд куб метр, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнуудад 18 их наяд куб метр занарын хийн нөөц байгаа юм. Занараас хий гаргаж авах технологийг европчууд, цаашлаад Хятад болон Азийн бусад орон эрчимтэй судалж эхлээд байна. Жишээ нь, германчууд шинэ технологийг маш шаргуу судалж, эрдэмтэн судлаачдын тусгай баг гаргасан бөгөөд 2012 онд судалгааны багийн эхний тайлан гарна.

Америкчууд өөрсдөө ч Баккенийн туршлагыг Европт хэрэгжүүлээд эхэлжээ. Америкийн “Exxon Mobil” Германы Өмнөд Саксоны нутагт өрөмдлөгийн ажлаа хэдийнэ эхлүүлээд амжиж. Мөн Британи, Нидерландын хамтарсан компаниуд Польш, Швед, Германд занарын хий хайх, олборлох лиценз авчээ. Ийнхүү улс орнууд шинэ технологийг яаран судалж, занарын ордуудыг улайран сонирхож байгааг мэргэжилтнүүд “занарын тэсрэлт”, “занарын хийн вирус” гэж нэрлэсэн юм. Энэ “вирус” Америкаас эхлэн тархаж, Европ, Хятад болон Австрали хүртэл “халдварлаад” байна.

“Fracking” буюу өрөмдлөгийн шинэ технологи гэж юү вэ?

“Занарын тэсрэлт”-ийг бий болгосон шинэ өрөмдлөгийн технологи нь уламжлалт босоо өрөмдлөг ба шинэ хөндлөн өрөмдлөгийн хослол юм. Газрын гүнд байгаа нефть болон хийн ордод нэвтрэхийн тулд олон босоо нүх өрөмддөг байсан бол шинэ технологиор нэг босоо нүх өрөмдөөд, түүнээсээ нефть хийн судлаа дагаж хөндлөн өрөмддөг байна. Занарын давхаргад хэвтээ цооногоор ус, элс болон тусгай химийн бодисын хольцыг шахна. Гидро цохилт нь судал хоорондын ханыг нурааж, хийн нөөцийг олон тооны босоо цооног өрөмдөхгүйгээр шахаж гаргах боломжтой болгодог аж. Шинэ технологийг энгийн үгээр тайлбарлавал “дуслыг хураавал далай” гэсэн зарчмаар явагдана гэсэн үг. Занарын хийн судал бүхнээс хийг гаргаж авснаар олборлолтын бүтээмж үлэмж нэмэгдэж байгаа юм. Уламжлалт технологиор зөвхөн их хэмжээгээр хуримтлагдсан сав газраас л хөндлөн өрөмдөж олборлолт хийдэг байсан бол шинэ өрөмдлөгөөр судал бүхнийг ашиглах боломжтой. Энэхүү өрөмдлөгийн технологи цоо шинэ зүйл үү гэвэл үгүй. Бүр 1940-өөд оноос Америкт “fracking” өрөмдлөгийг туршиж байсан боловч өндөр өртөг, аюулгүй байдлын улмаас төдийлөн хэрэгжүүлээгүй байна. Ялангуяа тухайн үеийн улс төрчид өрөмдлөгийн шинэ технологийн хор хөнөөлийг сурталчлан сонгуулийн шоу хийж байснаас энэ технологи ашиглагдахгүй олон жил болжээ. Харин 2007 оноос уг технологийг АНУ-ын Умард Дакотад хэрэглэж эхэлсэн юм. Тэнд нефть хийн олборлолт нэмэгдэж, ажлын байр ихээр бий болсноор Дакотаг зорих иргэдийн цуваа тасрахаа байжээ.

Умард Дакотагийн нефтийн зөвлөлийн Ерөнхийлөгч Рон Нессийн хэлснээр Баккены ордын асар их нөөцийн зөвхөн 5 хувийг л хуучин технологиор авч болох байсан бол шинэ технологиор 95 хүртэлх хувийг нь соруулан авах боломж нээгджээ. Америкчууд ийн шинэ технологио гайхуулж, байгалийн хий, нефтийг зардал багатай аргаар, их хэмжээгээр олборлох боломжтой боллоо хэмээн сайрхаж буйд оросууд ихэд эгдүүцэж байна. Өрөмдлөгийн шинэ технологийн талаар нийтлэл бичсэн Оросын судлаачийн хэвлэлд нийтлэгдсэн бүтээлийг олон нийтэд цацахыг хориглож, “томчууд”-ын зүгээс дарамт үзүүлж байжээ. Оросын зарим мэргэжилтнүүд “fracking” технологийн өртөг дэндүү өндөр, ийм өндөр өртөгтэй цооног ашиг авчирч чадна гэдэг нь эргэлзээтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Америкчууд өрөмдлөгийн өртөг өндөр гэдгийг няцаасангүй. Харин өндөр өртгөөр өрөмдсөн цооногоос авах бүтээмж уламжлалт аргаас үлэмж ихээр нэмэгдэнэ. Өрөмдлөгийн зардлыг богино хугацаанд нөхөж чадна гэж тайлбарлаж байгаа юм.   

Шинэ технологийн сул тал ба боломжууд

Эрсдэл

Шинэ технологийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд тавигдах асуудал бол байгаль экологид нөлөөлөх байдал юм. Занарын хийг олборлоход асар их хэмжээний усыг элс, химийн бодистой хольж хэрэглэдэг. Америкийн нефтийн томоохон орд байрладаг Вайоминг мужид мэргэжилтнүүд судалгаа хийхэд химийн бодисууд хөрсөн доорх усанд хүрэх боломжтой гэдгийг тогтоожээ. Хэрвээ хүмүүсийн ундны ус химийн хороор бохирдвол ямар аюул үүсэх нь тодорхой. АНУ-ын Хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн коллежийн Байгалийн нөөцийг хамгаалах тэнхимийн профессор Гэри Роббинс хэлэхдээ: “Шинэ өрөмдлөгийн технологи бол хоёр талтай асуудал юм. Нэг талаас эдийн засгийн ач холбогдолтой боловч нөгөө талаас экологид үзүүлэх хор нөлөө их. Шинэ технологи нефть, хийн олборлолтыг ихэсгэх нь эргэлзээгүй. Ингэснээр эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Гэвч хөрсний, газрын гүний усыг бохирдуулах, усны судлыг эвдэх аюултай. Мөн хий авах гэж тэсэлгээ хийхэд гал гарах эрсдэл өндөр гэдгийг мартаж болохгүй.

Ер нь алтан дунджийг барих хэрэгтэй. Ажлын туршлагатай геологич хүний хувьд зөвлөхөд алтан дундаж гэдэг бол байгаль экологи юм шүү” хэмээжээ. АНУ-ын Умард Дакота шиг өргөн уудам нутагтай, хүн амын суурьшил багатай газарт олон тооны цооног өрөмдөхөд төдийлөн асуудал үүсэхгүй. Харин Нью Йорк шиг олон хүн амтай хотын ойролцоох ордууд дээр өрөмдлөг явуулах нь эрсдэлтэй. Мөн Европын орнуудад хүн ам нягт суурьшсан учраас занарын орд байгаад олборлох боломж хомс гэдэг нь тодорхой байгаа юм. Зарим судлаачид өрөмдлөгийн шинэ технологийн байгальд үзүүлэх нөлөөллийг судалж үзэхэд хуучин технологитой ижил нөлөөтэй гэдэг нь тогтоогдсон. Тиймээс сэтгэл амар байж болно гэж ч тайвшруулж буй.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹002  дугаараас уншина уу.

  • Зочин (202.170.84.7)
    эцсийн эцэст хүмүүс усны оронд мөнгө хэрэглэхгүй нь тодорхой ш дээ
    2014 оны 02 сарын 21 | Хариулах