Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Их хүйтрэл ба уурхайчдын тэмцэл

Г.Идэрхангай

20 жил ажиллах нормтой техникүүдийг 30 жил ажиллуулж байна


Уурхайчдын амьдралыг зөвхөн сониноос уншиж, телевизээр хараад л ойлгочихно гэвэл өрөөсгөл. Жинхэнэ “горняк”-уудтай  уулзаж, дотоод сэтгэлийнх нь ертөнц рүү бага боловч өнгийгөөд үзсэн хүнд бол нэг л өөр бодол төрнө. Халуун зун, хүйтэн өвлийг үл ажран гагцхүү өөрт ногдсон ажилдаа үнэнчээр зүтгэдэг тэднийг ойлгоосой, олон нийтэд салбарын тухай бодит, тэнцвэртэй мэдээлэл хүргээсэй гэсэн хүсэл тээж явдгаа М.Ариунбаяр дарга нуугаагүй юм.  Тийм ч учраас Ашигт малтмалын газрын удирдлага уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн нээлтийг тохиолдуулан хэвлэл мэдээллийнхний хамт Багануур, Бор-Өндөрийн уурхайгаар танилцах аялал зохион байгуулав. Ил болон далд уурхайн амьдрал мэдээж ялгаатай ч “горняк”-уудын зовлон, жаргалын хувьд нэг л ертөнц.

Идэр есийн хүйтэн тачигнасан нэгдүгээр сарын 24-ний үдээр хөдөлсөн унаа маань нар жаргахаас амжиж, Багануурын уурхайн хотхонд хүрч очив. Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт орших тус уурхай нь улсын нийслэлээс 120 орчим километрийн зайтай.
Цасанд өнгөцхөн дарагдсан болохоор тэр үү, уурхайгаас босч байдаг хар тоос огтхон ч алга. Олборлолт  явагдаж байгаа   амны нэг дээр  буумагц тэсгим хүйтэн жавар хайрч, золтой  л “хөшөө” болгочихсонгүй. Хасах 40  хэмийн хүйтэнд уурхайчид нийслэлийнхний галыг алдуулахгүйн тулд өдөр шөнөгүй ажилладгаа ярьж байлаа. “Би уурхайчдаараа бахархдаг юм. Улс орныхоо төлөө баатарлаг үйлс бүтээж яваа улс шүү дээ” гэж Багануур компанийн Дэд захирал Б.Базар хэлж байна.    

Хэдийгээр Багануурыг зүүн бүсийн хамгийн хүйтэн газар гэдэг ч энэ жилийн тухайд өмнөхтэй харьцуулахын аргагүй өвөлжиж. Тоног төхөөрөмжүүд нь түрүүчээсээ хөлдөж, эвдэрч, “жагсаал”-аас гарах дөхжээ. Тэсгим хүйтэн шөнөөр экскаваторын тэс хөлдүү шанаган дээр тэгнэн хэвтчихээд гурваас дөрвөн цаг гагнуур хийж байгаа уурхайчныг харсан хүнд  өрөвдөх, бас бахархах сэтгэл эрхгүй төрөх биз ээ. Кабин нь хоёр хүн багтах зайтай тул ээлжилж орж, жаахан дулаацаж авахаас хэтэрдэггүй гэнэ. Уурхайчдын хүлээсэн ганц үүрэг бол тэрхүү экскаваторыг хурдан ажиллагаанд оруулж, нүүрсээ ухаж гаргах. “Бидэнд энэ экскаваторыг зогсоох эрх байхгүй. Зогсоочихвол цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж чадахгүйд хүрнэ шүү дээ” хэмээн  нэгэн уурхайчин залуу учирлалаа.

Нэг экскаваторын эд ангийг нөгөөд нь нөхөж хийх байдлаар “монголчилж” байж сая нэг жаахан сэхэл авдаг  ч  энэ нь  тийм  урт удаан настай эд биш гэнэ. Багануурын уурхайд хуучин “Зөвлөлт ах нар”-ын техникүүд одоог хүртэл ажилладаг.   Хөрс хуулахад гол үүрэг гүйцэтгэдэг алхагч экскаватор гэхэд  20 жил ажиллах нормтой ч 30 жил ажиллуулж хугацааг нь арван жилээр “уртасгажээ”. “Насны доройтол”-д орчихсон эдгээр техник  хасах 40 хэм хүртэл ажиллах зааварчилгаагаа  биелүүлж  чадахгүй  байна.
 
Багануурын уурхайг 50-60 жил ашиглах боломжтой

Багануурын уурхай 1978 онд байгуулагджээ. Монголын хамгийн том  гэгдэж байсан энэ уурхай өнөөдөр дундаж хүчин чадал бүхий уурхайн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй.  1995 оноос төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болон өөрчлөгдсөн ба компанийн дүрмийн сангийн 75 хувийг төр, 25 хувийг хувь хүн, байгууллага эзэмшиж байна. Нийт 1060 ажилчинтай.
Жилдээ 3-4 сая тонн нүүрс олборлож, нийслэлийн хоёр, гурав, дөрөвдүгээр дулааны цахилгаан станцуудын 65-70 хувийг, Дархан, Эрдэнэт, Багануурын дулааны цахилгаан станцуудыг  нүүрсээр хангаж байна. Хоногт 200 вагон  нүүрс нийслэлийг зорин ирдэг аж.  

Уурхай байгуулагдсан цагаас хойш нийтдээ  288 сая шоо метр хөрс хуулж, 88 сая тонн нүүрс борлуулжээ.  1989 онд хийсэн нарийвчилсан судалгаагаар ордын нийт нөөц 733 сая тонн гэж гарчээ. Тэгэхээр Багануурын уурхай нийт ашиглалтынхаа тун бага хувь дээр явж байгаа, багцаагаар 50-60 жил ажиллах бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг.
Гэхдээ их нөөц байлаа гээд амархан ухаад авчихна гэсэн үг биш. Б.Базар захирлын хэлснээр 90-100 метрийн зузаан хөрс хуулж байж, 15-20 метрийн зузаантай нүүрс гаргаж авдаг аж. Нүүрсээ тээвэрлэнэ, борлуулна, ухсан газраа нөхөн сэргээнэ гээд  маш олон шат дамжлага бүхий   ажиллагаанд зардал мөнгө урсана. Тэглээ гээд Багануурын уурхай байгалийн нөхөн сэргээлтдээ гар татаж байсан удаагүй. 1999 оноос хойш уул уурхайн салбартаа нөхөн сэргээлтийг анх удаа мэргэжлийн түвшинд хийж ирсэн гэдгээрээ ихээхэн туршлагатай.

Жил бүр 300 гаруй сая төгрөгийг нөхөн сэргээлтдээ зарцуулдаг аж. Мод бут тарихын зэрэгцээ Багагүн нуурыг сэргээх төслийг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж эхэлсэн нь анхаарал татахаар ажил юм. Байгаль хүрээлэн буй орчин, тэдгээрийн экосистемийн унаган төрхийг хадгална, сэргээнэ гэдэг мэдээж  буянтай үйлс.
“Манай компани нөхөн сэргээлтийг бусдадаа жишиг байдлаар хийх төлөвлөгөөтэй. Солонгосын “Миреко” компанитай хамтарч нөхөн сэргээж байна. Үр дүн нь тодорхой хугацааны дараа гарна. Уурхай анх ямар байсан, яг тэр төрхөнд эргэж оруулах нь бидний гол зорилго” хэмээн Багануурын уурхайн ажилтнууд тайлбарласан юм.

Станцуудтай холбогдсон өр тэглэгджээ

Багануурын уурхайтай холбоотой өр авлагын сүлжээний асуудал байнга яригддаг. Жилдээ улсын төсөвт 30 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлдэг, энэ түвшингээ унагахгүй байх даалгавартай ажилладаг, дийлэнх хувь нь төрийн мэдлийн уурхайг “өр” гэдэг үг их олон жил дагаж ирсэн юм. Гэхдээ уурхайд очсон хойноо чихэнд чимэгтэй мэдээ сонслоо.  “Жилээс жилд эрчим хүчний салбар сайжирч байна. Дулааны цахилгаан станцууд мөнгөжиж, өнөө их хуримтлагдсан өр авлага 2011 оноос багассан. Зарим станц өр ширээ тэглэсэн сайхан жил болж өнгөрлөө” хэмээн Б.Базар захирал  ярилаа. Ерөнхийдөө цахилгаан станцуудаас авах ёстой их тоон дүнтэй  авлагууд шингэрсэн ч уурхайн бусад өр зээл 90 тэрбум төгрөг болж хуримтлагдсан хэвээр байгаа аж. “Бид энэ өрийг төлөхгүй олон жил явлаа. Төлөх боломж ч байсангүй. Зах зээлийн системд шилжих үе таарсан болохоор тэр юм. Төрийн зүгээс үүнийг шийдэх алхмууд хийж байгаа. Нийт өрийн хэдэн хувь нь  төрд хамааралтай, хэчнээн нь уурхайтай холбоотой болохыг нарийн судалж гаргаж ирэх ёстой” гэсэн мэдээллийг  уурхайн удирдлагууд өгч  байв.