Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ Монгол Улсын хуулиас...

36 дугаар зүйл. Зөвлөх сонгох нийтлэг журам
36.1.Захиалагч шаардагдаж байгаа үйлчилгээний зорилт, хүрэх үр дүн болон бусад шаардлагатай мэдээллийг агуулсан ажлын даалгавар бэлтгэнэ.
36.2. Ажлын даалгавар нь түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хамт тухайн зөвлөхтэй байгуулах гэрээний салшгүй хэсэг болно.
36.3.Захиалагч шаардагдаж байгаа үйлчилгээний төсөвт өртгийг тооцохдоо боловсон хүчний мэргэжлийн чиглэл, түвшин, зөвлөхийн ажлын талбайд болон төв байранд ажиллах хугацаа, бичиг хэргийн болон тухайн үйлчилгээнд шаардлагатай бусад зардалд үндэслэсэн байна.
36.4.Захиалагч ажлын даалгавар бэлтгэж, төсөвт өртгийг тооцоолж гаргасны дараа зөвлөхийн жагсаалтад орох саналаа ирүүлэхийг хүссэн урилгыг өдөр тутмын болон бусад хэвлэлд нийтэлнэ.
36.5. Дэлгэрэнгүй жагсаалтад дор дурдсан этгээдийг оруулж болно:
36.5.1.энэ хуулийн 36.4-т заасан урилгын хариуд санал ирүүлсэн зөвлөх;
36.5.2.Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон олон улсын зөвлөх;
36.5.3.энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасан бүртгэлд бүртгэгдсэн зөвлөх;
36.5.4.мэргэжлийн холбоо, олон улсын санхүүгийн болон бусад байгууллагын зөвлөх.
36.6.Дэлгэрэнгүй жагсаалтад хамрагдсан зөвлөхүүдээс энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага болон захиалагчаас тогтоосон чадавхийн үзүүлэлтийг хангасан 3 ба түүнээс дээш зөвлөхийг захиалагч сонгож, хураангуй жагсаалт гаргана.
36.7.Захиалагч саналын урилга болон ажлын даалгаврыг хураангуй жагсаалтад нэр нь орсон зөвлөхөд хүргүүлнэ.
36.8.Саналын урилгад дараахь зүйлийг тусгана:
36.8.1.тухайн үйлчилгээний болон санхүүжилтийн тодорхойлолт;
36.8.2. ажлын даалгавар;
36.8.3. энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтэд үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, 28.11-д заасны дагуу захиалагчийн тогтоосон үнэлгээний шалгуур үзүүлэлт, аргачлал;
36.8.4. уригдсан зөвлөх хуулийн этгээд, хувь хүний нэр;
36.8.5. гэрээний төсөл;
36.8.6. санал ирүүлэхэд баримтлах зааварчилгаа;
36.8.7. сонгосон үнэлгээний арга.
36.9.Санал ирүүлэх хугацаа нь 60 хоногоос дээшгүй байх боловч хуулийн этгээдийн хувьд 30-аас дээш, хувь хүний хувьд 7-оос дээш хоногоор тогтоож саналын урилгад тодорхой заана.
36.10. Зөвлөх техникийн болон санхүүгийн саналыг тус тусад нь бэлтгэнэ.
36.11.Техникийн саналд зөвлөхийн мэргэжлийн чадвар, туршлага, хуулийн этгээдийн хувьд голлох мэргэжилтэн, үйл ажиллагааны арга барилтай холбоотой мэдээллийг тусгана.
36.12.Техникийн саналд заасан нөхцөлөөр гэрээ хэрэгжүүлэх үнийг санхүүгийн саналд тусгана.
36.13.Техникийн саналыг үнэлсний дараа санхүүгийн саналыг үнэлнэ.
36.14.Санхүүгийн болон техникийн саналыг нэгэн зэрэг ирүүлэх бөгөөд саналын урилгад тусгайлан заасан бол тус тусад нь дугтуйлан битүүмжилнэ.
36.15.Захиалагч энэ хуулийн 37-39 дүгээр зүйлийн дагуу техникийн болон санхүүгийн саналыг үнэлж, сонгосон зөвлөхтэй хийсэн хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд түүнд энэ хуулийн 29 дүгээр зүйлийн дагуу гэрээ байгуулах эрх олгоно.
37 дугаар зүйл. Зөвлөх сонгох үнэлгээний арга
37.1.Захиалагч зөвлөх сонгох үнэлгээний аргыг саналын урилга илгээхээс өмнө тодорхойлно.
37.2.Зөвлөх сонгох үнэлгээний арга нь чадварын, чанарын болон хосолмол үнэлгээний гэсэн хэлбэртэй байна.
37.3.Зөвлөх хувь хүнийг сонгоход чадварын үнэлгээний аргыг хэрэглэх бөгөөд үүнд түүний мэдлэг, туршлага, мэргэшлийн түвшин, мэргэжлийн бусад ур чадварыг үндэслэл болгоно.
37.4.Зөвлөх хуулийн этгээдийг сонгоход чанарын, эсхүл хосолмол үнэлгээний аргыг хэрэглэнэ.
37.5. Мэргэжлийн туршлага, техникийн чадварын хувьд төвөгтэй, эсхүл цогцолбор буюу өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой хэд хэдэн үйлчилгээг нэгэн зэрэг гүйцэтгүүлэх гэрээний үед чанарын үнэлгээний аргыг хэрэглэж зөвлөх хуулийн этгээдийг сонгоно.
37.6.Энэ хуулийн 37.3, 37.5-д зааснаас бусад тохиолдолд хосолмол үнэлгээний аргыг хэрэглэнэ.
38 дугаар зүйл. Зөвлөх сонгох чанарын үнэлгээний арга
38.1.Санал болгож байгаа зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааны арга зүй, ажлын хуваарь, боловсон хүчний туршлага, чадвар, үйлчилгээний болон техник хэрэгслийн чанарыг харгалзан саналуудад шинжилгээ хийж харьцуулна.
38.2.Энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг үндэслэн техникийн саналд оноо өгнө.
38.3.Захиалагч техникийн санал нь хамгийн өндөр оноо авсан зөвлөхийн санхүүгийн саналыг нээж, тухайн зөвлөхтэй санхүүгийн болон бусад нөхцөлийг харилцан тохиролцох хэлэлцээ хийнэ.
38.4.Энэ хуулийн 38.3-т заасан хэлэлцээ хийхдээ захиалагч зөвлөхийн санал болгосон үнийг үндэслэлгүйгээр бууруулахыг шаардаж болохгүй.
38.5.Зөвлөх, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд хэлэлцээ хийхэд шаардагдах баримт бичиг, тооцоо, судалгаа, шаардлагатай бусад мэдээлэл, нотолгоогоор захиалагчийг хангах үүрэгтэй.
38.6.Талууд санхүүгийн, эсхүл гэрээний бусад нөхцөлөөр тохиролцоонд хүрээгүй бол сонгосон зөвлөхтэй хийж байгаа хэлэлцээг зогсоож, захиалагч удаахь өндөр оноо авсан зөвлөхийн санхүүгийн саналыг нээн, түүнтэй хэлэлцээ хийнэ.
39 дүгээр зүйл. Зөвлөх сонгох хосолмол үнэлгээний арга
39.1.Захиалагч хосолмол үнэлгээний аргыг хэрэглэх тохиолдолд техникийн саналын авбал зохих доод оноог саналын урилгад заана.
39.2.Техникийн саналыг энэ хуулийн 14-16-д заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд үндэслэн оноо өгч үнэлнэ.
39.3.Техникийн саналд авбал зохих доод буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхүүдэд санхүүгийн саналыг нээх хугацааг мэдэгдэж, доод оноо аваагүй бусад зөвлөхийн санхүүгийн саналыг нээлгүй буцаана.
39.4.Техникийн саналд авбал зохих доод буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхийн санхүүгийн саналыг тогтоосон хугацаанд нийтийн өмнө нээж тэмдэглэл үйлдэнэ.
39.5.Санхүүгийн саналыг нээхэд зөвлөх, эсхүл түүний төлөөлөгч байлцах эрхтэй.
39.6.Нээсэн бүх санхүүгийн саналыг энэ хуулийн 36.8.3-т заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, оноо өгнө.
39.7.Техникийн болон санхүүгийн саналын оноог саналын урилгад тусгасан хувийн жинг харгалзан хооронд нь нэмж чанар үнийн үнэлгээний нийт оноог гаргана.
39.8.Захиалагч хамгийн өндөр оноо авсан зөвлөхтэй хэлэлцээ хийнэ.
39.9.Хэлэлцээгээр шаардлагатай бол хүн-сар, хүн-өдрийн тоо, ажлын талбайд болон төв байранд зөвлөхийн ажиллах хугацаа, бичиг хэргийн зэрэг тухайн үйлчилгээнд тавигдах шаардлагыг өөрчилж болно.
39.10.Хэлэлцээгээр хүн-сар, хүн-өдрийн өртөг зэрэг санал болгосон нэгж үнийг өөрчилж үл болно.
39.11.Талууд санхүүгийн бус нөхцөлөөр тохиролцоонд хүрээгүй бол захиалагч сонгосон зөвлөхтэй хийж байгаа хэлэлцээг зогсоож, удаах оноо авсан зөвлөхтэй хэлэлцээ хийнэ.
39.12.Аудит, инженерийн ердийн тооцоо, зураг төсөл зэрэг хэвшсэн үйл ажиллагаатай, гэрээний төсөвт өртөг нь энэ хуулийн 8.1.3-т заасан босго үнээс хэтрээгүй зөвлөх үйлчилгээнд хосолмол үнэлгээний аргын хялбаршуулсан хэлбэр болох бага үнийн аргыг хэрэглэж болно.
39.13.Бага үнийн арга хэрэглэхдээ энэ хуулийн 39.2- 39.4-д заасны дагуу техникийн саналыг үнэлж, санхүүгийн саналыг нээнэ.
39.14.Хамгийн бага үнийн санал ирүүлсэн зөвлөхтэй энэ хуулийн 39.9- 39.11-д заасны дагуу хэлэлцээ хийнэ.