Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

ВЕКСЕЛИЙН ТУХАЙ хуулиас...

“Вексель“ гэж төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлнэ. Вексель нь төлбөр тооцооны үнэт цаас мөн.


14 дүгээр зүйл. Төлбөр нэхэмжлэх
1. Вексельд заасан төлбөрийг төлбөрийн хугацаа дууссаны дараахь ажлын 2 хоногийн дотор хийгээгүй тохиолдолд вексель эзэмшигч нь төлбөр хариуцагч, түүний батлан даагчаас төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулан авах эрхтэй. Энэ тохиолдолд төлбөр хариуцагчийн харилцах данс байгаа банк хүчин төгөлдөр векселийг үндэслэн төлбөр хариуцагчийн данснаас төлбөрийг гаргаж өгөх үүрэг хүлээнэ.
2. Вексельд заасан төлбөрийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулан авч чадаагүй бол вексель эзэмшигчийн төлбөрөө шүүхэд нэхэмжлэх эрх үүснэ.

Энэ тохиолдолд вексель эзэмшигч:
1/вексельд заасны дагуу хийгдээгүй төлбөр, хэрвээ хүүтэй гэж тохиролцсон бол түүнд бодогдсон хүүгийн хэмжээ;
2/вексельд заасан төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу тогтоосон хэмжээний алданги; /Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3/төлбөрийг хугацаанд нь гүйцэтгэсэн бол вексель эзэмшигчид орох байсан орлого;
4/нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардлыг тус тус төлүүлэх талаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

З. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг энгийн болон шилжих вексель бичигч, төлбөрийн зөвшөөрөл өгөгч, вексель шилжүүлэгч болон тэдний батлан даагчдад хамтад нь, эсхүл тус бүрт нь гаргаж болно.
4. Төлбөр хариуцагч нь төлбөрөөс татгалзах хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл дор дурдсан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргана:

1/төлбөрийн зөвшөөрөл өгөхөөс татгалзсан тохиолдолд төлбөр хийх хугацааны дотор;
2/төлбөр төлөхөөс татгалзсан тохиолдолд төлбөр гүйцэтгэхийг шаардаж вексель гардуулснаас хойш 1О хоногийн дотор.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл

18 дугаар зүйл. Вексельтэй холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх
1. Төлбөр хариуцагч вексельд заасан төлбөрийн хугацаанд төлбөрөө гүйцэтгээгүйтэй холбогдон гарсан маргааныг шүүх зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
2. Нийлүүлсэн бараа, үзүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр тооцоог векселиэр хийх, энэ харилцаатай холбогдон гарсан маргааныг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.
19 дүгээр зүйл. Хариуцлага
1. Векселийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд түүний гэм буруу, зөрчлийн шинж байдал учруулсан хохирлын хэмжээг харгалзан хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
2. Төлбөр хариуцагчийн өмнөөс төлбөрийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж гарын үсэг зурсан, төлбөр хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд хууль бусаар төлөөлж гарын үсэг зурсан бол ийнхүү гарын үсэг зурсан этгээд вексельд заасан төлбөртэй холбогдсон бүхий л үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
З. Векселийн тухай хууль тогтоомжийг дараахь байдлаар зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд шүүгч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

1/векселийн бүрдүүлбэрийн бичилтийг дутуу хийж вексель гаргасан, эсхүл вексельд заасан төлбөрийг хэсэгчилж төлөхийг зөвшөөрсөн бол 15ООО-25ООО төгрөгөөр торгох;
2/энэ хуулийн 1О дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төлбөрөөс татгалзсан, эсхүл төлбөрийн зөвшөөрөл өгөх хугацаа хэтрүүлсэн бол 2ОООО-25ООО төгрөгөөр торгох;
3/энэ хуулийн 16 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд векселийг бусдад шилжүүлсэн, эсхүл дамжуулах бичилтгүйгээр векселийг шилжүүлсэн бол 1ОООО-25ООО төгрөгөөр торгох.

4. Энэ зүйлийн З дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан болон Векселийн тухай хууль тогтоомж зөрчсөнөөс учирсан материалын хохирлыг гэм буруутай этгээдээр зохих хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлэхийг сонирхогч этгээд нэхэмжлэх эрхтэй.