Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 2 дугаар зүйл. Цөмийн энергийн тухай хууль тогтоомж
 2.1.  Цөмийн энергийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль,  Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль болон энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
 2.2. Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон үй л ажиллагааг Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулна.  
2.3. Монгол Улсын  олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо 
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 
3.1.1. “цацраг идэвхт ашигт малтмал“ гэж  уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан  эрдэс баялгийн хурамтлалыг;
3.1.2. “цөмийн энерги“ гэж цөмийн хуваагдал  болон цөмийн хувирлаас үүссэн энергийн бүх хэлбэрийг;
3.1.3. “цөмийн материал“ гэж байгалийн уран, түүний хүдрийн баяжмал, уран-235-аар ядуурсан уран, тори  буюу нейтроны үйлчлэлээр хуваагддаг U-233, U-235, Pu-239 эсвэл  задардаг U-238, Pu-240 зэрэг  тусгай зориулалтын  материалыг;
3.1.4. “цөмийн түлшний материал“ гэж цөмийн хуваагдлын дүнд их хэмжээний энерги үүсгэх уран, тори гэх зэрэг материалыг;
3.1.5. “цөмийн эх үүсгүүр материал“ гэж цөмийн түлшний материалыг гарган авах уран, торийн хүдэр зэрэг түүхий эд материалыг;
3.1.6. “цөмийн төхөөрөмж“  гэж  цөмийн түлш бэлтгэх байгууламж, цөмийн болон судалгааны реактор, атомын цахилгаан станц, цөмийн түлш болон ашигласан түлшний агуулах байгууламж, баяжуулах үйлдвэр, ашигласан түлшийг дахин боловсруулах үйлдвэрийг;
3.1.7.  “цөмийн бодис“ гэж цөмийн материал болон цөмийн түлш үйлдвэрлэх технологид хэрэглэгдэх уран, торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан бодисыг; 
3.1.8. “шар нунтаг“ гэж ураны хүдрийн ураны агуулга нь 80 хувиас их хэмжээнд боловсруулсан бүтээгдэхүүн буюу  ураны исэл агуулсан бүтээгдэхүүнийг;
3.1.9. “цацраг идэвхт хаягдал“ гэж цацраг идэвхт  изотопын агуулгын хэмжээ нь  стандартад  заасан хэмжээнээс хэтэрсэн, ямар ч төлөв байдалд байж болох, цаашид дахин хэрэглэгдэхгүй зүйлсийг;
3.1.10. “стратегийн хөрөнгө оруулагч“ гэж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэл, боломж, чадвартай, олон улсын хувьд нэр хүнд, туршлагатай хуулийн этгээдийг;
3.1.11. “хяналт шалгалт“ гэж уран болон цөмийн энергийг ашиглах явцад дагаж мөрдөх олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, стандартын шаардлагын хэрэгжилтийг эрх бүхий байгууллагаас шалгах үйл ажиллагааг;
3.1.12. “биет хамгаалалт“ гэж цөмийн материал болон цөмийн төхөөрөмжтэй холбоотой үйл ажиллагааг хууль бусаар эсвэл зөвшөөрөлгүйгээр явуулахаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээ буюу зохион байгуулалтын системийг. 

4 дүгээр зүйл.  Цацраг идэвхт ашигт малтмал  болон  цөмийн энерги 
                      ашиглах үндсэн зарчим
4.1.  Цацраг идэвхт ашигт малтмал  болон цөмийн энерги  ашиглахад дараахь үндсэн зарчмыг баримтална:
4.1.1. Цацраг идэвхт ашигт малтмал  болон цөмийн энерги  ашиглах талаарх  олон улсын стандартын шаардлагыг чанд мөрдөх;
4.1.2. Байгаль  орчин, хүний эрүүл мэндэд халгүй өндөр технологи ашиглах;
4.1.3. Цацраг идэвхт ашигт малтмал  болон цөмийн энерги ашиглахтай холбоотой үйл ажиллагаанд  хяналт тавих төрийн байгууллага нь хараат бус, бие даасан байх.

5 дугаар зүйл. Цацраг идэвхт ашигт малтмалын ордын хамаарал  
5.1. Цацраг идэвхт ашигт малтмал нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд  хамаарна.

6 дугаар зүйл. Цацраг идэвхт ашигт малтмалын өмчлөл
6.1. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу  цацраг идэвхт ашигт малтмал ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй.
6.2.  Улсын хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээг  төрөөс тогтооно.  

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Цацраг идэвхт ашигт малтмал болон  цөмийн энерги ашиглах салбар  дахь төрийн зохицуулалт

7  дугаар зүйл.  Улсын Их Хурлын бүрэн эрх 
7.1. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах асуудлаар Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 
7.1.1.   цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги, цөмийн технологи нэвтрүүлэх салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;
7.1.2.   цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах,  цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа  ажилд хяналт тавих;
7.1.3. Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсвэл өөрийн санаачилгаар цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох;
7.1.4. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагааны зардлыг улсын төсөв болон бусад хөрөнгөөр   санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх.

8 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх 
8.1. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах асуудлаар Засгийн газар  дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 
8.1.1. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах,  цөмийн технологи нэвтрүүлэх салбарын төрийн бодлогыг  хэрэгжүүлэх;
8.1.2. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах,  цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
8.1.3.  цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг  тогтоох болон атомын  цахилгаан станц байгуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
8.1.4. Засгийн газар нь цацраг идэвхт ашигт матмал болон цөмийн энерги ашиглахтай холбогдолтой Олон улсын атомын энергийн агентлагийн шаардлагыг биелүүлэх;
8.1.5. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх,  цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар нийтлэг стандарт, дүрэм, журмыг батлах;
8.1.6. атомын цахилгаан станц барьж байгуулах газрын байршлыг сонгох  шийдвэр гаргах;
8.1.7. цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
8.1.8. цөмийн болон цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, ослын хор уршгийг арилгах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
8.1.9. нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн ослын хор уршгийг арилгах зардлыг  гаргах.

9 дүгээр зүйл.  Төрийн захиргааны байгууллага                                
9.1. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгаа хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн захиргааны  байгууллага нь Цөмийн энергийн газар  (цаашид  “Газар“ гэх ) мөн.

9.2. Газар нь үндэсний аюулгүй байдалд хамаарах цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүч ашиглах асуудлаар Засгийн газрын бодлого чиглэлийг мэргэжлийн түвшинд олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн тодорхойлох үүрэгтэй.
9.3. Газар нь  цөмийн материал, цөмийн болон ашиглагдахгүй  болсон цацраг идэвхт хаягдлыг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах тусгай байгууламжтай байна.
9.4.  Энэ тусгай  байгууламж нь  улсын онц чухал объект байна.
9.5. Газар нь цөмийн судалгаа, шинжилгээ, технологийн асуудал хариуцсан хүрээлэнтэй байна.
9.6. Газрын даргыг  Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилно.
9.7. Газрын үйл ажиллагааны чиглэл, бүтэц, орон тоо, санхүүжилттэй холбоотой асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
9.8. Цөмийн энергийн асуудал эрхэлсэн байгууллага нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах хүрэлцээтэй  санхүүжилттэй байна. Газрын батлагдсан төсвийг хасаж болохгүй.

10 дугаар зүйл.  Газрын бүрэн эрх
10.1. Газар нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгаа хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;
10.1.2.  цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй  байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан  Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
10.1.3. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавих;
10.1.4. хуулийн этгээдэд энэ хуульд заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах лиценз олгох;
10.1.5. цөмийн болон цацраг идэвхт хаягдал, цацрагийн үүсгүүрийг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
10.1.6. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх  үйл ажиллагааг холбогдох  байгууллагатай хамтран зохицуулах;
10.1.7. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах,  цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон стандарт, дүрэм, журам, заавар боловсруулж  батлуулах, хэрэгжилтийг хангах; 
10.1.8. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, түүний хэрэгжилтийн тайлан гаргах; 
10.1.9. гадаад орон болон олон улсын холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах;
10.1.10. цөмийн болон цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг мэргэжлийн холбогдох байгууллагатай хамтран боловсруулж,  батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах; 
10.1.11. үйл ажиллагааныхаа хүрээнд судалгаа явуулах, захиалгат төсөл хэрэгжүүлэх, лаборатори, орон тооны бус зөвлөл, ажлын хэсэг байгуулах, шинжээч томилох, холбогдох лаборатори, мэргэжлийн байгууллага, мэргэжилтний туслалцаа авах; 
10.1.12. хуульд заасан чиг үүргээ биелүүлэхэд шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг  цөмийн болон цацрагтай холбогдсон үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, аж аж ахуйн нэгж, иргэнээс үнэ төлбөргүй гаргуулж авах.  

11 дүгээр бүлэг. Цөмийн энергийн комисс
11.1. Улсын хэмжээнд  цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгаа хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Цөмийн энергийн комисс  (цаашид  “Комисс“ гэх)  ажиллана.
11.2.  Монгол Улсын Ерөнхий сайд Комиссын дарга байна.
11.3.   Засгийн газрын тохируулагч агентлаг– Цөмийн энергийн газрын   дарга нь Комиссын орлогч дарга байна.
11.4. Комиссын бүрэлдэхүүн, үйл ажиллагааны дүрмийг  Засгийн газар батална.
11.5.  Комисс нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.   

12  дугаар зүйл. Нутгийн захиргааны болон өөрөө удирдах
байгууллагын бүрэн эрх
12.1. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах  асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1. цөмийн энерги ашиглах тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ сурталчлах, зохион байгуулах;
12.1.2. харьяалах нутаг дэвсгэрт нь лиценз олгогдсон  цацраг идэвхт ашигт малтмалын ордыг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох;
12.1.3. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих.

13 дугаар зүйл. Иргэн, төрийн бус байгууллагын эрх
13.1. Иргэн, төрийн бус байгууллага нь цөмийн болон цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхтэй холбогдсон аливаа мэдээллийг төрийн холбогдох байгууллагад нэн даруй өгөх үүрэгтэй.
13.2. Монгол Улсын иргэн болон олон нийтийн байгууллага нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах салбарт дараахь эрхийг эдэлнэ:
13.2.1. Холбогдох төрийн байгууллагаас цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын тухай мэдээлэл авах;
13.2.2.  Өөрийн оршин суугаа газрын цацрагийн тухай мэдээлэл авах;
13.2.3.Холбогдох хууль тогтоомжийн хэлэлцүүлэгт оролцох, саналаа илэрхийлэх;
13.2.4. Хууль тогтоомжийн хүрээнд холбогдох хэмжилт, шинжилгээ, үйлчилгээ,  цацрагийн аюулгүйн  аудит хийх;
13.2.5.Цөмийн болон цацрагийн ослоос гарсан хохирлыг цөмийн материал болон цөмийн түлшний салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд буюу буруутай этгээдээр нөхөн төлүүлэх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Лиценз олгох
14 дүгээр зүйл. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги
              ашиглахтай  холбоотой лиценз олгох
14.1. Энэ хуулийн  14.2-д заасан лицензгүйгээр цацраг идэвхт ашигт малтмал  болон цөмийн энерги ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
14.2. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас уран болон  цөмийн энерги ашиглахтай  холбоотой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байгууллага, аж ахуйн нэгжид дараахь  лицензийг олгоно:

14.2.1. Цөмийн төхөөрөмжийг барих газар сонгох;
14.2.2. Цөмийн төхөөрөмжийг барих газар бэлтгэх;
14.2.3. Цөмийн төхөөрөмжийг барьж байгуулах;
14.2.4. Цөмийн төхөөрөмжийг ашиглах;
14.2.5. Цөмийн төхөөрөмжийг өөрчлөх;
14.2.6. Цөмийн төхөөрөмжийг шинэчлэх;
14.2.7. Цөмийн төхөөрөмжийг ашиглалтаас гаргах;
14.2.8. Цөмийн бодис олборлох;
14.2.9. Цөмийн бодис боловсруулах;
14.2.10. Цөмийн бодис дахин боловсруулах;
14.2.11. Цөмийн бодис баяжуулах;
14.2.12. Цөмийн бодис хувиргах;
14.2.13. Цөмийн бодис савлах;
14.2.14. Цөмийн бодис тээвэрлэх;
14.2.15. Цөмийн бодис хадгалах;
14.2.16. Цөмийн бодис эзэмшилдээ байлгах;
14.2.17. Цөмийн бодис шилжүүлэх;
14.2.18. Цөмийн бодис экспортлох;
14.2.19. Цөмийн бодис импортлох;
14.2.20. Цөмийн бодис ашиглах;
14.2.21. Цөмийн бодис нөхөн сэргээх;
14.2.22. Цөмийн бодис ашиглалтаас гаргах;
14.2.23. Цөмийн бодис булшлах.

15  дугаар зүйл.  Лиценз олгоход тавигдах үндсэн шаардлагууд
15.1. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж нь дараахь үндсэн шалгуур үзүүлэлт, шаардлагыг  хангасан байвал зохино. Үүнд:
15.1.1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшлахгүй байх;
15.1.2. Монгол Улсын олон улсын гэрээний шаардлагад нийцсэн байх;
15.1.3. Олон улсын атомын энергийн агентлагаас тогтоосон техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан байх;
15.1.4. Байгаль орчин, ан амьтан, хүн амын эрүүл мэндэд аливаа хор хөнөөл учруулахгүй байх хөтөлбөр хэрэгжүүлэх;
15.1.5. Үйл ажиллагаа явуулах чиглэлээр хариуцлагатай ажилладаг, дадлага,  туршлага хуримтлуулсан, цаашид өргөжүүлэх хөгжүүлэх боломжтой байх;
15.1.6. Байгууллагын бүтэц, менежмент, санхүү, эдийн засгийн хувьд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн чадавхитай;
15.1.7. Цөмийн болон цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр, эрсдэлийн сантай байх;
15.1.8. Цацраг идэвхт хаягдлын менежмент, түүнийг хэрэгжүүлэх сантай байх;
15.1.9. Байгаль орчныг нөхөн сэргээх зардал, цөмийн  болон цацрагийн ослын эрсдлийн зардлын тодорхой хэсгийг төрийн санд байршуулсан байх;
15.1.10. Үйл ажиллагаа явуулах чиглэлээр хангалттай мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан;
15.2. Байгаль орчныг нөхөн сэргээх зардал болон Төрийн санд байршуулах эрсдэлийн сангийн хэмжээг өргөдөл гаргагчийн тооцоо, хүсэлтийг судалж, холбогдох төрийн байгууллагуудын санал, дүгнэлтийг үндэслэн, Засгийн газар тогтооно.

16 дугаар зүйл. Лиценз олгоход бүрдүүлэх баримт бичиг

16.1. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглахтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх лиценз хүсэгч  хуулийн этгээд нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь материалыг бүрдүүлнэ:
16.1.1. Цөмийн төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны олон улсын стандартын шаардлагад нийцсэн иж бүрэн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх аргачлал, нөөц;
16.1.2. Цөмийн болон цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээний дэлгэрэнгүй төлөвлөгөө, эрсдэлийн сангийн тооцоо;
16.1.3. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалын дагуу тухайн чиглэлийн  мэргэжлийн  байгууллагаар хийлгэсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
16.1.4. Лицензийн дагуу явуулах үйл ажиллагаанд шаардлагатай кадастрын зураглал, холбогдох байгууллагын зөвшөөрлийн бичиг.

17 дугаар зүйл.  Лиценз олгох, үйл ажиллагааны зөвшөөрөл олгох,
                      тэдгээрийг түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй   
                      болгох
17.1. Төрийн захиргааны байгууллага нь энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан лицензийг хүсэж ирүүлсэн өргөдөл материалуудыг судалж, энэ хуулийн 15 дугаар
зүйлд заасан шаардлагуудыг хангасан эсэх талаар холбогдох байгууллагын үнэлгээ, энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан хөрөнгө оруулагчийг сонгох шалгуур үзүүлэлтүүд, Цөмийн энергийн комиссын санал зэргийг үндэслэж,  явуулах үйл ажиллагааны онцлогоос хамааран өргөдлийг хүлээн авснаас хойш 18  сарын дотор  хянан шийдвэрлэнэ. 
17.2. Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 14.2-т заасан  лицензийг олгохдоо Тагнуулын төв байгууллагын  саналыг бичгээр авна.
17.3.  Энэ хуулийн 14.2-т заасан лиценз эзэмшигч нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэж, цөмийн хяналтын эрх бүхий байгууллагад аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын холбогдох хөтөлбөр, материалыг  хавсаргасан өргөдөл гаргана.
17.4.  Цөмийн хяналтын эрх бүхий байгууллага нь өргөдлийг хянан үзээд, аюулгүйн үнэлгээ хийж, шаардлага хангасан байгууллагад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжид заасны дагуу  олгоно.
17.5. Цөмийн хяналтын эрх бүхий байгууллага нь  цөмийн аюулгүйн үнэлгээг хийхэд тухайн чиглэлээр мэргэшсэн,  мэргэжлийн байгууллага, мэргэжлийн  багийг томилон оролцуулж болно.
17.6. Цөмийн хяналтын эрх бүхий байгууллагаас олгох тусгай зөвшөөрлийг цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулна.
17.7. Лиценз, үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
17.8. Лиценз эзэмшигч нь лицензийг өөр хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлэх эрхгүй. Лиценз эзэмшигч хуулийн этгээдийн бүтэц, зохион байгуулалт, харьяалал, лиценз олгоход бүрдүүлсэн материалд өөрчлөлт орох  тохиолдолд албан ёсоор  мэдэгдэж зохих  зөвшөөрөл авна.
17.9. Энэ хуулийн 17.8-д заасан хугацаанд мэдэгдээгүй, зохих зөвшөөрөл аваагүй тохиолдолд лицензийг хүчингүйд тооцно.

17.10. Лиценз, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэж  Засгийн газар тогтооно.
 
18  дугаар зүйл. Хөрөнгө оруулагчийг сонгох шалгуур
                             үзүүлэлтүүд
18.1. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаанд стратегийн хөрөнгө оруулагч /цаашид “хөрөнгө оруулагч“ гэх/-ийг сонгон шалгаруулж оролцуулна. 
18.2. Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулахдаа дараахь үзүүлэлтийг харгалзана:
18.2.1. ураны уурхай, үйлдвэр байгуулах санхүүгийн чадавхи;
18.2.2. ашигт малтмалын бүтээгдэхүүн боловсруулалтын түвшин;
18.2.3. ураны  орд ашиглалтын эдийн засгийн үр ашгийн түвшин, улсад                                    оруулах хөрөнгө оруулалт, татвар хураамжийн хэмжээ;
18.2.4. нөөц ашиглалтын түвшин, ордын нөөцийг бүрэн ашиглах тэргүүний технологи эзэмшсэн байдал, төсөл;
18.2.5. уран олборлох, боловсруулах чиглэлээр ажлын дадлага, туршлага, үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал;
18.2.6. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний чанар түвшин, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг явуулж, техникийн болон биологийн нөхөн сэргээлт явуулж ирсэн туршлага;
18.2.7. Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан технологийн,  цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагааны стандартын шаардлагуудын биелэлт;
18.2.8. мэргэжлийн боловсон хүчний хангамж;
18.2.9. бүс нутгийн дэд бүтэц, орон нутгийг хөгжүүлэхэд оруулах хувь нэмэр.

19 дүгээр зүйл. Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтад  
                             тавих үндсэн шаардлага
19.1. Цацраг идэвхт ашигт малтмалыг  ашиглахтай холбогдолтой  үйл ажиллагаа эрхлэх  иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь олон улсын болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын шаардлагыг мөрдөнө.
 19.2. Газар нь энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад цацраг идэвхт ашигт малтмал ашиглахтай холбоотой лиценз олгоно.
19.3. Цацраг идэвхт ашигт малтмалыг  ашиглахтай холбогдолтой  үйл ажиллагаа эрхлэх  иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс хамгаалах арга хэмжээг өөрийн зардлаар хэрэгжүүлнэ.
19.4.  Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалттай холбоотой үүсэх хаягдал, түүнийг боловсруулах, хүдрийн баяжмал болон цацраг идэвхт хаягдлыг тээвэрлэх аюулгүйн шаардлагуудыг Засгийн газраас баталсан тусгай дүрмүүдээр зохицуулна. 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

20 дугаар зүйл. Цөмийн аюулгүй байдлыг хангах
                             үндсэн шаардлага, зарчим
20.1. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагааг олон улсын гэрээ хэлэлцээрт заасны дагуу  зөвхөн энхийн зорилгоор явуулна.
20.2. Аж ахуйн нэгж, байгууллага цөмийн материал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаа эрхлэхдээ  энэ хууль, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын тухай хууль, техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлага, цөмийн болон  цацрагийн аюулгүйн стандарт, холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллана.
20.3. Цөмийн материал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаа явуулахдаа  хүний эрүүл мэнд, байгаль орчны аюулгүй байдлыг хангах,   цөмийн нөлөөллөөс хүн ам, цацрагтай ажиллагчдыг хамгаалах нөхцөлийг  бүрдүүлнэ. 
20.4.  Цөмийн болон цөмийн энергитэй холбоотой ажил үйлчилгээг эрхлэхдээ үндэслэлгүйгээр аливаа шарлага үүсгэхгүй байх, шарлагын тунг зохистой доод түвшинд байлгах, цацрагийн шарлагын тунг зөвшөөрөгдөх хэмжээний  хязгаараас хэтрүүлэхгүй  байх зарчмыг баримтална.

21 дүгээр зүйл.  Цөмийн төхөөрөмжийн үйл ажиллагааны
                              биет хамгаалалт 
21.1. Цөмийн байгууламж, төхөөрөмж барьж байгуулах, ажиллуулах, ашиглалтаас гаргах, цөмийн материалыг тээвэрлэх үйл ажиллагааны бүх үе шатанд биет  хамгаалалт хийнэ.  
21.2. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглахтай холбоотой үйл ажиллагааны ямар  нэг үе шатанд биет хамгаалалтын  шаардлагуудын бүх арга хэмжээ хийгдээгүй бол тэдгээрийг ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 
21.3. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглахтай холбоотой үйл ажиллагааны биет  хамгаалалтыг үйл ажиллагаа эрхэлж байгаа  байгууллагын цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын алба гүйцэтгэнэ.
21.4. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглахтай холбоотой үйл ажиллагааны биет хамгаалалтыг хангасан байдалд  цөмийн хяналтын эрх бүхий байгууллага үнэлгээ хийнэ.
21.5.  Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд нь Монгол улс нэгдэн орсон “Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц“-ийн холбогдох заалтуудыг мөрдөнө.

22 дугаар зүйл. Цөмийн материал, түүний бүртгэл, хяналт   
22.1. Иргэн, аж ахуйн нэгж,  байгууллага  нь цөмийн материалыг зөвхөн энхийн зорилгоор ашиглана.
22.2. Зэвсгийн зориулалттай цөмийн материалыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, нутаг дэвсгэрээр  дамжуулан тээвэрлэхийг хориглоно.
22.3. Цөмийн материалд хяналт тавих, бүртгэх улсын системийг цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага хариуцан гүйцэтгэнэ.
22.4. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах  үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд нь цөмийн материалын бүртгэл, хяналтын талаар үнэн, бодит мэдээллээр төрийн захиргааны  байгууллагыг  хангах үүрэгтэй.  
22.5. Цөмийн материалыг нарийн тоо бүртгэл, хяналтанд байлгана. Цөмийн материалын тоо бүртгэл, хяналтын  систем, журмыг Засгийн газраас тогтооно.

23 дугаар зүйл. Цөмийн төхөөрөмж, барилга байгууламж байгуулах   
             газар сонгоход тавигдах аюулгүй байдлын  шаардлагууд

23.1. Цөмийн төхөөрөмж, барилга байгууламж байгуулах газар сонгох үйл ажиллагааг цөмийн энерги ашиглах  болон хүрээлэн буй орчныг хамгаалах дүрэм, олон улсын холбогдох дүрэм,  стандартын дагуу гүйцэтгэнэ.
23.4. Засгийн газар дараахь зүйлийг харгалзан цөмийн төхөөрөмж, барилга байгууламж барих шийдвэр гаргана.
23.4.1. цөмийн төхөөрөмжийг байгуулах нь улс орны эсвэл тухайн бүс нутгийн эдийн засгийн зорилтыг шийдвэрлэхэд үзүүлэх ач холбогдол;
23.4.2. цөмийн энерги ашиглахтай холбогдсон олон улсын холбогдох стандартын шаардлага, нөхцөлийг хангасан байдал;
23.4.3. объектын аюулгүй байдалд ойролцоо байрлах цэргийн болон энгийн үйлдвэрүүдээс нөлөөлөлгүй байх;
23.4.4. бүс нутгийн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, нийгэм соёлын хөгжилд нөлөөлөх эдийн засгийн үр дагавар;
23.4.5. Эрүүл ахуй, экологи, усан хангамж, техникийн нөхцөл, боломж.

ТАВДУГААР БҮЛЭГ

24 дүгээр бүлэг. Цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлш  
24.1. Хуулийн этгээд нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаанаас үүссэн цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлшний талаар дор дурдсан шаардлагыг биелүүлнэ:
24.1.1. Цөмийн хаягдалтай холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа аюулгүй ажиллагааны холбогдох хууль, олон улсын стандарт, дүрэм, журмын шаардлагуудыг мөрдөж ажиллах; 
24.1.2. Засгийн газар нь цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлшний асуудлаар урт хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
24.1.3. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаанаас үүссэн цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлшний аюулгүйн шаардлагуудыг цөмийн болон цацрагийн аюулгүйн хууль тогтоомжоор зохицуулна.

25 дугаар зүйл. Цөмийн болон цацрагийн ослоос сэргийлэх,
                       хор уршгийг арилгах 
25.1.1. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, гарсан ослын хор уршгийг арилгах, аюулгүй болгох шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөртэй байна.  
25.1.2. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, гарсан ослын хор уршгийг арилгах, аюулгүй болгох ажлыг өөрийн зардлаар хэрэгжүүлнэ.

25.1.3. Цөмийн болон цацрагийн ослын шалтгаан, түвшнийг тогтоох, ослын хор уршгийг арилгах ажлыг  Газар, цөмийн хяналтын болон гамшгаас хамгаалах байгууллагатай хамтран зохион байгуулна.
25.1.4. Нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн ослын хор уршгийг арилгах  ажлыг Улсын онцгой комиссын удирдлагын дор мэргэжлийн холбогдох байгуулагууд гүйцэтгэх ба гарах зардлыг Засгийн газар хариуцна.  

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Хяналт, хариуцлага

26 дугаар зүйл.  Цөмийн энергийн тухай хуулийн биелэлтэд
                         тавих хяналт 
26.1. Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийн биелэлт, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаанд Газар, цөмийн хяналтын байгууллага, бүх шатны Засаг дарга хяналт тавина.
26.2. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаандаа цөмийн энергийн тухай хууль тогтоомж, цөмийн аюулгүйн стандарт, дүрэм, журмын шаардлагыг хангах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага дотоодын хяналт тавина.
26.3. Төрийн бус байгууллага хуулиар тогтоосон эрх хэмжээнийхээ хүрээнд энэ хууль, цөмийн аюулгүйн стандарт, дүрэм, журмын биелэлтэд олон нийтийн хяналт тавьж, санал хүсэлтээ Газарт тавьж шийдвэрлүүлнэ.

27 дугаар зүйл. Цөмийн болон цацрагийн болзошгүй ослоос үүдсэн
                             хохирлыг барагдуулах
27.1. Цөмийн материал болон цөмийн түлшний салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд нь цөмийн  болон цацрагийн ослоос үүдсэн дараахь хохирлыг бүрэн дүүрэн хариуцаж, нөхөн төлбөрийг энэ хууль болон бусад холбогдох хуулийн дагуу бүрэн олгоно:
27.1.1. Хувь хүн амь үрэгдсэн болон эрүүл мэндээр хохирсон, хөдөлмөрийн чадвараа алдсан;
27.1.2.Бүх төрлийн өмч хөрөнгө хохирсон болон цаашид ашиглагдах боломжгүй болсон;
27.1.3. Дээрхи бүлгээс үүдсэн бусад эдийн засгийн хохирол;
27.1.4. Байгаль орчинг нөхөн сэргээх зардал;
27.1.5. Ослоос шалтгаалсан цаашид гарч болзошгүй бусад зардал.
27.2. Энэ хууль болон бусад хуулиар өөрөөр заагаагүй бол олон улсын хууль дүрмийг баримтална. 
27.2. Ионжуулагч цацрагийн үйлчлэлээр хувь хүн амь үрэгдсэн болон эрүүл мэндээр хохирсон, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд нөхөн олговрыг 30 жилийн турш, бусад хохирлыг 10 жилийн турш нөхөн олгоно.
27.3. Нөхөн олговрын дээд болон доод хязгаарыг энэ хууль болон бусад хуулиар заагаагүй бол олон улсын холбогдох хууль дүрмийг баримтална.

27 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
27.1. Цөмийн энергийн тухай хууль тогтоомж зөрчиж бусдад болон байгаль орчинд учруулсан хохирлыг хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. 
27.2. Биет хамгаалалт, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын шаардлага, стандарт хангагдаагүйгээс бусдад болон байгаль орчинд хохирол учирсан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон бол үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага уг хохирлыг барагдуудах буюу нөхөн төлнө.
27.3. Цөмийн энергийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд зөрчлийн шинж байдал, хохирлыг харгалзан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ. 
27.4. Цөмийн энергийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол шүүгч, эсхүл эрх бүхий байцаагч хууль тогтоомжинд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулна.
27.5. Хууль тогтоомж зөрчигчдөд эрх бүхий улсын байцаагчаас хүлээлгэх хариуцлагыг  Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулна.