Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

УСНЫ САВ ГАЗАР, ОЙН САН БҮХИЙ ГАЗАР АШИГТ МАЛТМАЛ ЭРЭХ, ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Байгаль орчны тэнцвэрт харьцааг хангах зорилтын 7-д “Алтны шороон болон бага нөөцтэй орд, ой, усны сан бүхий газар, түүний хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлохыг хориглох, байгаль орчин, хүний эрүүл мэндэд халтай арга технологиор уул уурхайн үйлдвэрлэл явуулахыг бүрэн зогсооно“  гэж тусгасан байна.
Энэ хууль нь дээрх заалт хэрэгжих эрх зүйн баталгаа болж өгнө.


Хоёр. Хуулийн төслийн зорилго, хамрах хүрээ, бүтэц,
зохицуулах харилцаа.

Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглах ажиллагааг хориглох тухай хуулийн зорилго нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл явцад усны сав газар, ойн сан бүхий газрыг их хэмжээгээр сүйтгэж байгааг зогсоож, бүрэн нөхөн сэргээлт хийлгэх харилцааг зохицуулахад оршино.
Усны сав газар, ойн сан бүхий газрын хэмжээ ойролцоогоор Монгол орны газар нутгийн 30 орчим хувийг хамардаг.
Усны нөөцийг байгалийн бусад нөөцтэй харьцуулахад хэд хэдэн онцлог чанартай. Ус бол юугаар ч сольж болшгүй амин чухал эрдэс бодис, засаг захиргааны хил заагт үл хамаарах хийгээд хатуу, шингэн, хийн төлөвийг дамжин хийн мандал, чулуун мандал, шим мандалд чөлөөтэй шилжих онцлогтой.

Монгол улсын Усны тухай хуульд гол мөрөн, нуур, усан сан, булаг шанд, мөстөл, мөсөн гол, газар доорх ус бүхэлдээ нэгдмэл нэгэн сан хэмээн тодотгон томъёолжээ. Нэгдмэл хэмээсэн эл ойлголт нь угтаа байгалийн усны эргэцийн үр дүнд өөр хоорондоо байнгын харилцан үйлчлэлд орших нэгэн цогц систем учир ашиглах, хамгаалах нэгдсэн бодлого баримтлах нь зүйд нийцнэ гэсэн утга болно.

2003 оны гадаргын усны тоо бүртгэлээр нийт 5565 гол, горхиос 683 нь ширгэсэн, 9600 булаг, шандаас 1484 нь ширгэсэн, 4193 нуур, тойрмоос 760 нь ширгэсэн байв.
Харин 2007 оны гадаргын усны тоо бүртгэлээр 5128 гол, горхи тоологдсоноос 852, 3347 нуураас 1181, 9306 булаг шанд тоологдсоноос 2277, 429 рашаанаас 60 нь ширгэсэн тоо бүртгэл гарсан байна. Тухайлбал Онги, Таац, Түй, Байдраг, Завхан, Хангилцаг, Орхон, Туул, Цэнхэр, Хараа, Ерөө, Хүдэр, Гачуурт, Онон, Балж голуудын эх цутгал голууд дээр алтны шороон ордны олборлолт явуулснаар голын урсац багасаж, зарим үед тасарч байна.

Голланд улсын Засгийн газрын санхүүжилтээр Усны хэрэг эрхлэх газарт хэрэгжүүлж эхэлсэн “Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь“ төслийн урьдчилсан судалгааны тайланд 2005-2006 онд Монгол орны ус хэрэглээ 0.443 шоо км/жил  байгаагаас хамгийн их ус хэрэглээ уул уурхайд ногдож байна гэжээ.
Монгол орны ой хөвч нь нутаг дэвсгэрийн хойд хэсгээр, ихэвчлэн Хангай, Хэнтий, Хөвсгөлийн нуруу, тэдгээрийн салбар уулсыг дагаж, армаг, тармаг байдлаар тархан ургасан уулын шилмүүст ба навчит ой юм. Нутгийн өмнөд говь цөлийн бүсэд заган ой ургадаг. Энэ нь нийт ойн сангийн 17 хувийг эзэлдэг. 2007 оны байдлаар ойн сангийн нийт талбайн хэмжээ 19116.1 мян. га,  үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 134448.3 мян.га буюу нутаг дэвсгэрийн 8.6 хувийг эзэлдэг.

Монгол орны уулын ой мод нь хөрсний усны урсцыг шингээж барих, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, гол мөрний усыг зохицуулах, уур амьсгал зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан ургамлын амьдрах орчныг бүрдүүлэх зэрэг экологийн олон талт онцгой үүрэг гүйцэтгэдэг, хүний явуулж байгаа ажиллагаанд амархан өртдөг эмзэг экосистем юм.
Уг хууль батлагдан гарснаар  Монгол орны нутаг дэвсгэр дээрх бүх голуудын сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглах ажиллагаа бүхэлдээ зогсох болно. Ингэснээр дараахи харилцаануудыг зохицуулах шаардлагатай болно.

-Хуулийн хүрээнд хамрагдах газар нутгийн хилийн заагийг тодорхойлох
-усны сав газар, ойн сан бүхий газар олгогдсон хайгуулийн болон ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлах, нөхөн сэргээх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх
-байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг 3 жилийн дотор хийж дуусгах талаар зохицуулалт хийх
-усны сав газар болон ойн сан бүхий газрын экосистемийн эдийн засгийн үнэлгээг тодорхойлох
-хариуцлага тооцох зохицуулалт хийх.        

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм эдийн засаг, хууль эрх зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар

Уг хууль батлагдсанаар усны сав газар болон ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглах явцад байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйлдлийг таслан зогсоох эрх зүйн үндэс бүрдэж, хүний эрүүл мэнд, байгаль орчныг сүйтгэхээс хамгаалах, сөрөг нөлөөлөл үүсгэх нөхцөлийг бууруулах, улмаар хязгаарлан зогсоох зохицуулалт бий болно.
Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл:

1.Нэгэнт хайгуул хийгдвэл олборлолт явуулах нөхцөлийг үүсгэдэг.
2.Тухайн газар нутаг хайгуулийн үйл ажиллагааны зардлаар барьцаалагддаг.

Хууль батлагдан гарснаар аж ахуй нэгжүүдийн эзэмшиж байгаа ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхэлдээ цуцлагдах болно. Ингэснээр нөхөн төлбөрийн асуудал үүсэх үндэслэлгүй юм.

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн байгаль орчинд учруулсан болон учруулж болзошгүй хор хохирлын хэмжээ хайгуул, ашиглалт явуулсан үеийн зардлаас нь хэд дахин их гарах бүрэн үндэслэлтэй.

Уг үндэслэл нь хууль батлагдан гарсны дараа илүү тодорхой болно.

Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд хуульчлагдсан  1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.
2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд хуульчлагдсан
101.1. Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.
101.2. Өмчлөгч бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглоно. Харин ашиг сонирхлоо хамгаалахын тулд зайлшгүй шаардлагаар хийсэн түүний үйлдэл нь хууль ёсны болох нь тогтоогдсон бол эрхээ урвуулан ашигласан гэж үзэхгүй гэсэн заалтууд нөхөн төлбөр өгөхгүй байх хууль зүйн үндэслэл болж өгөх юм.

Дөрөв. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон
бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн талаар

Уг хуулийг батлан гаргаснаар Монгол Улсын Үндсэн хуулийн

Зургадугаар зүйл
1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.
2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.

Арваннэгдүгээр зүйл
1. Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.

Арванесдүгээр зүйл
1. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн заалтууд биелэгдэх болно.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.1.5 дахь хэсэгт “Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар тодорхой нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг, эсхүл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах буюу хориглох“ Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд хуульчлагдсан заалт биелэгдэх болно.

Уг хууль батлагдан гарснаар

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйлд
УИХ-аас тодорхой нутаг дэвсгэр дээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон шийдвэр гарсан бол гэсэн нэмэлт

2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 37-р зүйлийн 2 дахь заалт буюу Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүн амыг нүүлгэх, мал амьтныг тухайн нутаг дэвсгэрээс шилжүүлэхэд гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр сум, дүүргийн Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн заалт дээр    “тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэн, хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргана“ гэсэн нэмэлт өөрчлөлт орно.