Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

КОНЦЕССИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэхүү хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах, шинээр бий болгох, ажил, үйлчилгээг гүйцэтгэх эрхийг концессийн гэрээгээр хөрөнгө оруулагчдад олгох замаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1.Концессийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль , Засгийн газрын тухай3, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай , Төрийн болон орон нутгийн өмчийн  тухай болон энэ хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Энэ хуульд заасан журмын дагуу шинээр бий болсон эд хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчид бүртгэж авахтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна.


3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”концесс” гэж энэ хуульд тусгайлан заасан концессийн зүйлийг хөрөнгө оруулагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, шинээр бий болгох, сайжруулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг;
3.1.2.”эрх бүхий этгээд” гэж төрийн өмчийн зүйлийн концессийн хувьд Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн өмчийн зүйлийн концессийн хувьд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тухайн шатны Засаг даргыг;
3.1.3. ”концессийн эрх эзэмшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу концессийн эрх олж авсан Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, тэдгээрийн нэгдлийг;  
3.1.4.”концессийн санхүүжүүлэгч” гэж концессийн эрх эзэмшигч эсхүл концессийн компанийн үйл ажиллагаанд зориулан зээл олгох, баталгаа гаргах зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн этгээдийг.

4 дүгээр зүйл. Концессийн төрөл
4.1. Концесс нь дараахь төрөлтэй байж болно:
4.1.1.тодорхой төрлийн ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх;
4.1.2.тодорхой төрлийн эд хөрөнгө, үйл ажиллагааны удирдлага, менежментийг хэрэгжүүлэх;
4.1.3.эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр бий болгож төрийн болон орон нутгийн байгууллагад түрээслүүлэх, гэрээнд заасан хугацааны өмчлөгчид шилжүүлэх;
4.1.4.эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр бий болгож тодорхой хугацаагаар эзэмшиж ашигласны дараа төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх;

4.2.Концессийн зүйлийн онцлогоос хамааран энэ хуулийн 4.1-д заасан концессийн төрөл, хэлбэрийг гэрээгээр тохирно.

4.3.Концессийн зүйл нь бий болсон цагаасаа төрийн, эсхүл орон нутгийн өмчид хамаарах бөгөөд энэ нь дуусаагүй барилга, байгууламж, эд хөрөнгөд нэгэн адил хамаарна.

5 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
5.1.Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараахь бүрэн эрхтэй:
5.1.1.төрийн өмчийн концессийн зүйлийн талаар судалгаа хийх, санал боловсруулах;
5.1.2.концессийг хэрэгжүүлэх талаар холбогдох бусад байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
5.1.3.эрх бүхий этгээдээс баталсан концессийн зүйлийн жагсаалтыг нийтэд зарлах;

5.1.4.концессийн хууль тогтоомж болон гэрээний хэрэгжилтэд үнэлгээ хийх;
5.1.5.концессийн талаар улсын хэмжээний нэгдсэн тоо бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;
5.1.6.хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон тохиолдолд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох;
5.1.7.хууль тогтоомжид заасан бусад.


ХОЁРДУГААР БҮЛЭГ

КОНЦЕССИЙН ЗҮЙЛ

6 дугаар зүйл. Концессийн зүйлийн жагсаалт
6.1.Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтыг Засгийн газрын санал болгосноор Улсын Их Хурал батална.
6.2.Орон нутгийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтыг тухайн шатны Засаг даргын санал болгосноор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
6.3.Концессийн зүйлийн жагсаалтад дараахь зүйлийг тусгана:
6.3.1.концессийн зүйлийн нэр, тодорхойлолт, уг концессийн эд хөрөнгөөр үзүүлэх ажил, үйлчилгээ;
6.3.2.төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх;
6.3.3.уралдаант шалгаруулалт явуулах, эсхүл шууд гэрээ байгуулах эсэх.

6.4.Энэ хуулийн 6.1, 6.2-т заасан саналыг боловсруулахдаа концессийн зүйлийн техник, эдийн засгийн үнэлгээг үндэслэх бөгөөд үнэлгээнд дараахь зүйлийг тусгана:

6.4.1.шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээ;
6.4.2.үйлчлүүлэгч нь концессийн зүйлээр үзүүлэх ажил, үйлчилгээний үнэ төлбөр, хураамжийг төлөх чадвартай эсэх;
6.4.3.тухайн концессийг хэрэгжүүлсэнээр нийгэмд үзүүлэх үр өгөөж нь түүнд зарцуулах нийт хөрөнгийн үнэ цэнээс давж байгаа эсэх.

6.5.Энэ хуулийн 6.4-т заасан техник, эдийн засгийн үнэлгээ хийх аргачлалыг хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын асуудал хариуцсан төрийн захиргааны  байгууллага батална.

6.6.Концессийн зүйлийн жагсаалтад зааснаас бусад төрийн, эсхүл орон нутгийн өмчийн зүйлийг концессоор бий болгох, эзэмшүүлж, ашиглуулахыг хориглоно.

6.7.Концессийн гэрээний хугацаанд концессийн зүйлийг хувьчлах шийдвэр гаргахыг хориглоно.

6.8.Газрын бүрдэл хэсэг болох барилга, байгууламж нь концессийн зүйл бол тухайн газрыг Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Газрын төлбөрийн тухай хуульд заасан журмын дагуу эзэмшүүлж, ашиглуулна.

6.9.Концессийн эрх эзэмшигч нь концессийн зүйлийг бусдад төлбөртэйгөөр эзэмшүүлж, ашиглуулж болох бөгөөд төлбөрийн хэмжээ, хугацаа, хэлбэр зэргийг концессийн гэрээнд тусгайлан заана.

6.10.Энэ хуулийн 6.5-д заасан төлбөрийн хэмжээг тухайн үеийн ханшны өөрчлөлтийг харгалзан талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрчилж болно.
   
6.11.Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, тэдгээрийн нэгдэл нь өөрийн санаачлагаар концессийн гэрээ байгуулах саналаа техник, эдийн засгийн үндэслэлийн хамт тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлж болно.

7 дугаар зүйл. Концессийн зүйлтэй холбоотой өмчийн эрх
7.1.Концессийн гэрээнд өөрөөр заагаагүй бол Концессийн зүйлийг ашиглах явцад бий болсон биет эд хөрөнгө болон оюуны үнэт зүйл нь төрийн болон орон нутгийн өмчид хамаарна.
7.2.Концессийн гэрээнд өөрөөр заагаагүй бол концессийн зүйлийг эзэмших, ашиглах хугацаанд олсон ашиг нь концессийн эрх эзэмшигчийн өмч байна.
7.3.Концессийн гэрээнд өөрөөр заагаагүй бол концессийн эд хөрөнгө болон түүний хэвийн үйл ажиллагаанд хамааралгүй, концессийн эрх эзэмшигч өөрийн хөрөнгөөр олж авсан хөдлөх эд хөрөнгө нь концессийн эрх эзэмшигчийн өмч байна.


ГУРАВДУГААР БҮЛЭГ

КОНЦЕССИЙН ЭРХ ОЛГОХ

8 дугаар зүйл. Концессийн хороо
8.1.Концессийн уралдаант шалгаруулалтыг Засгийн газар болон тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулагдсан Концессийн хороо /цаашид ”хороо” гэх/ зохион байгуулна.

8.2.Хороо нь 5, эсхүл 7 гишүүнээс бүрдэх ба дараахь төлөөлөлтэй байна:

8.2.1.төрийн өмчийн зүйлийн концессийн хувьд төрийн өмчийн болон хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого хариуцсан төрийн захиргааны байгууллага, тухайн салбарыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, зохицуулалтын болон хяналтын чиг үүрэг бүхий байгууллагын;
8.2.2.орон нутгийн өмчийн зүйлийн концессийн хувьд орон нутгийн өмчийн асуудал хариуцсан байгууллага, тухайн салбарыг хариуцсан орон нутгийн байгууллагын.

8.3.Хороог тухайн концессийн зүйлийг хариуцсан салбарын төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын төлөөлөгч даргална.

8.4.Хороо нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

    8.4.1.уралдаант шалгаруулалтын баримт бичгийг батлах;
    8.4.2.уралдаант шалгаруулалтын тов зарлах;
    8.4.3.уралдаант шалгаруулалтын санал хүлээн авах;
8.4.4.уралдаант шалгаруулалтын саналыг үнэлж концессийн гэрээ байгуулах эсэх тухай дүгнэлт гаргах;
    8.4.5.дүгнэлтийг эрх бүхий этгээдэд хүргүүлж, шийдвэрлүүлэх.

8.5.Хорооны гишүүдэд тавигдах шаардлага, ажиллах журмыг Засгийн газар батална.

8.6.Хорооноос шаардсан аливаа мэдээллийг уралдаант шалгаруулалтад оролцогч гаргаж өгөх үүрэгтэй.

9 дүгээр зүйл. Уралдаант шалгаруулалт
9.1.Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, тэдгээрийн нэгдэл уралдаант шалгаруулалтад оролцох эрхтэй.
9.2.Уралдаант шалгаруулалт нь урьдчилсан болон үндсэн шалгаруулалтаас бүрдэнэ.
9.3.Уралдаант шалгаруулалтын нарийвчилсан журам, жишиг баримт бичиг, санал үнэлэх журмыг хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
9.4.Барааны тэмдэг, нэр, хэлбэр, төрөл, гарал үүсэл, газар зүйн байршил, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцлийг уралдаант шалгаруулалтын баримт бичигт урьдчилан заахыг хориглоно.

10 дугаар зүйл. Уралдаант шалгаруулалтын урилга
10.1.Уралдаант шалгаруулалтын урилгад  дараахь мэдээллийг тусгана:
10.1.1.концессийн зүйлийн тодорхойлолт;
10.1.2.гэрээний ерөнхий нөхцөл;
10.1.3.урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг болон бусад мэдээлэл авах хаяг;
10.1.4.уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлт хүлээн авах хаяг, хэлбэр, хугацаа;
10.1.5.Хорооноос шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.

10.2.Урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээлэлийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлэхээс гадна, Хорооноос шаардлагатай гэж үзсэн тохиолдолд олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр гардаг тухайн салбарын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж болно.

10.3.Уралдаант шалгаруулалтад оролцох санал ирүүлсэн этгээд саналыг хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас урьд нь өгсөн саналаа буцаан авах, эсхүл дахин санал ирүүлэх эрхтэй.

11 дүгээр зүйл. Урьдчилсан шалгаруулалт
11.1.Уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн оролцогчдын дунд урьдчилсан шалгаруулалт явуулна.
11.2.Урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт энэ хуулийн 11.3-т заасан  шалгуур үзүүлэлтээс гадна дараахь мэдээллийг заавал тусгана:
11.2.1.уралдаант шалгаруулалтад ялагч нь концессийн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын хуулийн этгээд байгуулах шаардлагатай эсэх;
11.2.2.уралдаант шалгаруулалтад хуулийн этгээдийн нэгдэл оролцож болох эсэх;
11.2.3.үндсэн шалгаруулалтад зөвхөн хязгаарлагдмал тооны этгээдийг оруулах эсэх.
   
11.3.Урьдчилсан шалгаруулалтад оролцогчийг дараахь  шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
11.3.1.санхүүгийн чадавхи;
11.3.2.удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник, технологийн чадвар, туршлага;
11.3.3.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны хувьд уг зөвшөөрлийг авахад шаардагдах нөхцөл.

12 дугаар зүйл. Үндсэн шалгаруулалт
12.1.Урьдчилсан шалгаруулалтад оролцож энэ хуулиар тогтоосон шаардлага хангасан оролцогчдын дунд Хороо үндсэн шалгаруулалт зохион байгуулна.
12.2.Үндсэн шалгаруулалтын баримт бичгийг Хороо боловсруулах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:
12.2.1.шинээр бий болгох, сайжруулах концессийн зүйлийн тоо хэмжээ, хүчин чадал зэрэг нарийвчилсан үзүүлэлт;
12.2.2.концессийн зүйлийг эзэмших, ашиглах эрхийн хязгаар, түүнчлэн гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний тоо хэмжээ, хүчин чадал зэрэг нарийвчилсан үзүүлэлт;
12.2.3.байгаль орчин, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартын тусгай шаардлага;
    12.2.4. гэрээ байгуулах талтай үл тохиролцох нөхцөл;
    12.2.5.саналыг үнэлэх шалгуур үзүүлэлт;
12.2.6.дэнчингийн хэмжээ, түүнийг байршуулах данс, хугацаа, нөхцөл.
     
12.3.Концессийн зүйлийн төрөл, салбарын онцлогоос шалтгаалан техник, эдийн засгийн үзүүлэлт, санхүүжилтийн нөхцөл шаардлага, шалгуур үзүүлэлтийг үндсэн шалгаруулалтын баримт бичигт нарийвчлан тусгах боломжгүй гэж үзвэл үндсэн шалгаруулалтыг хоёр шаттай явуулахаар Хороо шийдвэрлэх эрхтэй.

12.4.Үндсэн шалгаруулалтыг хоёр шаттай явуулахаар шийдвэрлэсэн бол үндсэн шалгаруулалтын баримт бичигт нарийвчлан тусгах боломжгүй гэж үзсэн техник, эдийн засгийн үзүүлэлт, санхүүжилтийн нөхцөл шаардлага, шалгуур үзүүлэлтийн талаар тусгайлан санал ирүүлэх хүсэлтийг оролцогчдод тавина.

12.5.Хороо шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн саналыг судалсны үндсэн дээр үндсэн шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж үндсэн шалгаруулалтыг зарлана.

12.6.Шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн саналыг тодруулах, нэмэлт мэдээлэл авах зорилгоор Хороо нь уралдаант шалгаруулалтад оролцогчтой уулзалт зохион байгуулж болно.

12.7.Шалгаруулалтад оролцогчид Хорооноос ирүүлсэн баримт бичгийн хүрээнд саналыг эцэслэн боловсруулж эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу Хороонд хүргүүлэн шийдвэрлүүлнэ.

13 дугаар зүйл. Үндсэн шалгаруулалтын саналыг үнэлэх
13.1.Хороо нь энэ хууль болон уралдаант шалгаруулалтыг үнэлэх нарийвчилсан журамд заасны дагуу дараахь шалгуураар саналыг үнэлнэ:

    13.1.1.техникийн үзүүлэлт, үйл ажиллагааны үнэлгээ;
    13.1.2.байгаль орчины талаархи стандартын шаардлага;
    13.1.3.үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмж;
13.1.4.концессийн гэрээний хугацаанд гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний үнэ, төлбөрийн тухайн үеийн нийт хэмжээ;
13.1.5.гарах зардлын хэмжээ, хөрөнгийн үнэлгээ;
13.1.6.төсвөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, түүний хэлбэр, хэмжээ;
13.1.7.санхүүжилтийн төлөвлөгөө;
13.1.8.гэрээний нөхцөлийн үнэлгээ.
   
13.2.Хороо ирүүлсэн саналыг харьцуулан дүгнэж, хамгийн сайн нөхцөл санал болгосон оролцогчтой гэрээ байгуулах тухай дүгнэлт гаргах ба уг дүгнэлтийг ажлын 5 хоногт багтаан гэрээ байгуулах этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлнэ.
   
14 дүгээр зүйл. Шууд гэрээ байгуулах
14.1.Зөвхөн дор дурдсан тохиолдолд шууд гэрээ байгуулах аргаар Концессийн эрхийг олгож болно:
14.1.1.уралдаант шалгаруулалт явуулснаар концессийн зүйлээр үзүүлэх үйлчилгээ зогсож болзошгүй гэж үзсэн бөгөөд уг нөхцөл байдлыг урьдчилан мэдэх боломжгүй байсан;
14.1.2.уралдаант шалгаруулалт явуулах нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэж эрх бүхий этгээд үзсэн;
14.1.3.концессийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт эд хөрөнгөтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа;
14.1.4.уралдаант шалгаруулалт зарласан боловч шаардлагад нийцсэн санал ирээгүй бөгөөд дахин уралдаант шалгаруулалт зарласан ч санал ирэхгүй гэж үзсэн.

14.2.Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад тохиолдолд концессийн эрхийг уралдаант шалгаруулалтын аргаар олгоно.
   

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

КОНЦЕССИЙН ГЭРЭЭ

15 дугаар зүйл. Гэрээний талууд

15.1.Төрийн өмчийн зүйлийн концессийн гэрээг Засгийн газар, орон нутгийн өмчийн зүйлийн концессийн гэрээг тухайн шатны Засаг дарга дараахь этгээдийн аль нэгтэй  байгуулна.
           
15.1.1.уралдаант шалгаруулалтын ялагч, эсхүл уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасан бол концессийн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор түүний Монгол Улсад үүсгэн байгуулсан хуулийн этгээдтэй;
15.1.2.шууд гэрээ ба йгуулах аргыг хэрэглэж  байгаа бол энэ хуульд заасан шууд гэрээ байгуулах шаардлага хангасан этгээдтэй.

16 дугаар зүйл. Гэрээний нөхцөл
16.1.Гэрээг Монгол Улсын хуулийн дагуу байгуулж, тайлбарлах бөгөөд  дараахь зүйлийг заавал тусгана:
16.1.1.концессийн эрх эзэмшигчийн гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний хамрах хүрээ хязгаар;
16.1.2.концессийн эрх хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу компани байгуулах бол өөрийн хөрөнгийн доод хэмжээ, компанид тавигдах шаардлага;
16.1.3.газар, түүний хэвлийг эзэмших, ашиглахтай холбоотойгоор  талуудын хүлээх эрх, үүрэг;
16.1.4.үнэ, төлбөр тогтоох, өөрчлөх аргачлал, түүнд хяналт тавих арга хэлбэр;
16.1.5.концессийн зүйлийг шалгах, турших, хүлээж авах, зөвшөөрөл олгох, концессийн эрх эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавих журам;
16.1.6.хэрэглэгчдэд ижил үнэ, нөхцөлөөр ажил, үйлчилгээ үзүүлэх үүрэг;
16.1.7.концессийн гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө концессийн зүйлийг эзэмших, ашиглах, түүнчлэн түүнийг ашиглан ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдон үүссэн өр төлбөр, авлага, тэдгээрийг шийдвэрлэх журам;
16.1.8.концессийн эрх эзэмшигчээс тайлан, мэдээлэл гаргаж өгөх үүрэг;
16.1.9.өндөр өртөгтэй, эсхүл сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх, түүнд төрийн эрх бүхий байгууллагаас хяналт тавих журам;
16.1.10.гэрээний хугацаа, давагдашгүй хүчин зүйл, гэрээ дуусгавар болох үндэслэл, маргаан шийдвэрлэх журам.

16.2.Концессийн загвар гэрээг Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

16.3.Концессийн гэрээний хугацааг тухайн салбарын онцлог, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнийг нөхөх хугацаа, олох ашиг, концессийн зүйлийн ашиглалтын хугацаа зэргийг харгалзан талууд тохиролцон тогтооно.

17 дугаар зүйл. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээ дуусгавар болох
17.1.Гэрээний талууд тохиролцон концессийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно.
17.2.Дараахь тохиолдолд концессийн гэрээ дуусгавар болно:
17.2.1.талууд харилцан тохиролцсон;
17.2.2. гэрээний хугацаа дууссан бөгөөд гэрээг сунгаагүй;
17.2.3. концессийн эрх эзэмшигч дампуурсан буюу татан буугдсан;
17.2.4.энэ хууль болон концессийн гэрээнд заасны дагуу гэрээг цуцалсан.

17.3.Концессийн гэрээг дараахь тохиолдолд эрх бүхий этгээдийн санаачлагаар цуцална:
17.3.1.концессийн эрх эзэмшигч нь уралдаант шалгаруулалтад оролцохдоо хууль зөрчсөн буюу хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
17.3.2.концессийн эрх эзэмшигч нь Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
17.3.3.концессийн эрх эзэмшигч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй;
17.3.4.үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессийн гэрээг цуцлахаар эрх бүхий этгээд шийдвэрлэсэн;
17.3.5.концессийн эрх эзэмшигчийн хяналтын багцыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн.

17.4.Гэрээнд өөрөөр заагаагүй эсхүл талууд өөрөөр тохиролцоогүй бол концессийн гэрээг цуцалснаас учирсан хохирлыг буруутай тал хариуцна.
   
17.5.Концессийн гэрээ дуусгавар болсноор концессийн зүйлийг эзэмших, ашиглах эрх Төрийн болон орон нутгийн өмчийн асуудал эрхэлсэн холбогдох этгээдэд шилжинэ.


ТАВДУГААР БҮЛЭГ

КОНЦЕССИЙН ЭРХ ЭЗЭМШИГЧ

18 дугаар зүйл. Концессийн эрх эзэмшигчийн эрх, үүрэг
18.1.Концессийн эрх эзэмшигч нь дараахь нийтлэг эрхтэй:
18.1.1.гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнийхээ үнэ төлбөрийн хэмжээг эрх бүхий байгууллагатай зөвшилцөн тогтоох, өөрчлөх;
    18.1.2.гэрээгээр зөвшөөрсөн хэлбэрээр санхүүжилт олж авах.
   
18.2.Концессийн эрх эзэмшигч нь дараахь нийтлэг үүрэгтэй:

18.2.1.Монгол Улсын хууль тогтоомж болон концессийн гэрээнд заасан үйл ажиллагаа эрхлэх;
18.2.2.хэрэглэгчдэд адил тэгш нөхцлөөр үйлчлэх;
18.2.3.концессийн төлбөрийг тогтоосон журмын дагуу төлөх;
18.2.4.гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний чанар, тоо, хэмжээг гэрээнд заасан хэмжээнээс бууруулахгүй байх;
18.2.5.концессийн зүйлийг зориулалтын дагуу эзэмших, ашиглах, засвар, үйлчилгээ хийх;
    18.2.6.хуулиар ногдуулсан татвар, хураамж төлөх;

18.3.Концессийн зүйлийг эзэмшиж ашиглах хугацаанд бий болсон бизнесийн эрсдэл, алдагдал, бусдад учруулсан хохирол, гэм хор, гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргийг концессийн  эрх эзэмшигч бүрэн хариуцна.

19 дүгээр зүйл. Концессийн эрх эзэмшигчид хориглох зүйл
19.1.Концессийн эрх эзэмшигчид дараахь зүйлийг хориглоно:
19.1.1.хууль болон  гэрээнд зааснаас бусад тохиолдолд эрх, үүргээ бусдад шилжүүлэх;
19.1.2.концессийн зүйл, түүний эд анги, тоног төхөөрөмжийг барьцаалах, бэлэглэх, арилжих, худалдах зэргээр бусдад шилжүүлэх;
19.1.3.концессийн гэрээгээр гүйцэтгэхээр тохиролцсон ажил, үйлчилгээг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр тасалдуулах буюу зогсоох;
19.1.4.эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хөрөнгийн хяналтын багцыг барьцаалах, худалдах зэргээр бусдад шилжүүлэх.


ЗУРГААДУГААР БҮЛЭГ

КОНЦЕССИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАТАЛГАА
       
20 дугаар зүйл. Эрх зүйн баталгаа
20.1.Гэрээний хугацаанд Иргэний хууль тогтоомжид өөрчлөлт орсон нь концессийн эрх эзэмшигчийн эрх ашиг, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр байвал гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна.
20.2.Концессийн эрх эзэмшигчид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж болох бөгөөд үүнтэй холбоотой харилцааг татварын хууль тогтоомжоор зохицуулна.

21 дүгээр зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл

21.1.Концессийн уралдаант шалгаруулалтад оролцогч нь тухайн ажлыг гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй нь түүнийг сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах үндэслэл болохгүй.

21.2.Концессийн эрх эзэмшигчийн гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаа бол концессийн гэрээ байгуулснаас хойш холбогдох тусгай зөвшөөрлийг авахад эрх бүхий этгээд бүхий л талаар дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

22 дугаар зүйл. Нөхөн төлөх зардал

22.1.Талууд концессийн гэрээний дагуу гүйцэтгэх ажил, үйлчилгээний үнэ, төлбөрийг бодит зардлаас бага байхаар тогтоосон бол зөрүүг улсын, эсхүл орон нутгийн төсвөөс нөхөн төлүүлэхээр харилцан тохиролцож болно.

22.2.Тухайн салбарын болон концессийн эд хөрөнгийн онцлогыг харгалзан уг концессийн эрх эзэмшигч санхүүгийн хувьд алдагдалгүй ажиллах хүртэлх хугацаанд энэ хуулийн 23.1-д заасан нөхөн төлбөрийг олгож болно.


ДОЛООДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

23 дугаар зүйл. Концессийн санхүүжүүлэгчийн  эрх
23.1.Эрх бүхий этгээд нь хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа концессийн гэрээний хүрээнд концессийн эрх эзэмшигчийг өөрчлөхөөр тухайн концессийг санхүүжүүлэгч болон концессийн эрх эзэмшигчтэй харилцан тохиролцож болно.

23.2.Концессийн санхүүжүүлэгч нь дараахь эрхийг эдэлнэ:
23.2.1.концессийн эрх олж авсан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих;
23.2.2.энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор концессийн зүйл, түүний барилга, байгууламжид нэвтрэх;
23.2.3.концессийн эрх эзэмшигчийн барьцаалсан эд хөрөнгө, эрхийг зохих журмын дагуу өөртөө шилжүүлэн авах;
23.2.4.концессийн эрх эзэмшигч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр концессийн эд хөрөнгийг удирдах, өөр этгээдэд концессийн эд хөрөнгийг шилжүүлэх саналыг эрх бүхий этгээдэд тавих.


24 дүгээр зүйл. Маргаан шийдвэрлэх
24.1.Концессийн эрх олгох ажиллагаатай холбогдсон гомдлыг тухайн ажиллагаа явагдсанаас хойш ажлын 10 хоногийн дотор эрх бүхий этгээдэд гаргах бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.
24.2.Гэрээний талуудын хооронд үүссэн аливаа маргааныг талууд концессийн гэрээнд харилцан тохиролцсон аргаар шийдвэрлэнэ.


25 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

25.1.Энэ хуулийг батлагдсан өдрөөс буюу 2009 оны ... дугаар сарын... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

  • хахр (202.179.11.170)
    ёй
    2013 оны 04 сарын 18 | Хариулах