Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийн томоохон төслүүдийн тухай

ТАНИЛЦУУЛГА

Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийн
томоохон төслүүдийн тухай

“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах тухай”  Монгол Улсын Засгийн газрын 2009 оны нэгдүгээр тогтоолын  3 дахь заалтад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.5.12-т заасан гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 2009 онд багтаан зарлах 200.0 сая.ам доллараас багагүй хөрөнгө шаардагдах төслүүдийг боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нарт үүрэг болгосон болно. 

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний Хөгжлийн цогц бодлого, тус хорооноос боловсруулж байгаа “Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүд” зэрэг баримт бичигтэй нягт уялдуулан “Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийн томоохон төслүүдийн жагсаалт”-ыг боловсрууллаа.
   
Төслүүдийг сонгон авахдаа Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан шалгуур үзүүлэлт болох 200.0 сая.ам.доллараас багагүй хөрөнгө оруулалт шаардагдах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өсөлтийг хангахад тэргүүлэх ач холбогдол өгч байгаа салбарууд, уул уурхайн ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэржүүлэлт, дэд бүтцийн байдал, төслүүдийн нийгэм, эдийн засгийн ач холбогдол, хэрэгжих боломж, нөгөө талаас эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, өндөр технологийн судалгаа, сургалт, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үзүүлсэн ач холбогдол зэрэг шалгуураар  төслүүдийг сонгон авсан болно.

Үүнд дараах тэргүүлэх чиглэл, төслүүд орсон болно:
Тэргүүлэх чиглэл 1. Ашигт малтмалын ордуудыг ашиглан уул уурхайн салбарыг хөгжүүлж, хүнд аж үйлдвэрийн суурийг тавих чиглэлийн хүрээнд уул уурхайн салбарыг хөгжүүлж, өнгөт болон хар металлурги, газрын тос боловсруулах зэрэг хүнд аж үйлдвэрийн суурийг тавих томоохон үйлдвэрүүдийн төслүүд;

Тэргүүлэх чиглэл 2. Эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, аж үйлдвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлийн хүрээнд өндөр технологийн үйлдвэр байгуулах, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг бүрэн хангах төслүүд;

Тэргүүлэх чиглэл 3. Дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлийн хүрээнд стратегийн холбогдолтой уул уурхайн ордуудыг ашиглалтанд оруулахтай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх, тухайлбал шинэ төмөр зам барих, одоогийн төмөр замын болон олон улсын транзит тээврийн тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ЦДС шинээр байгуулах, орон нутагт хатуу хучилттай авто зам барих  зэрэг төслүүд;

Тэргүүлэх чиглэл 4. Хүний хөгжлийг төлөвшүүлж, байгаль орчныг хамгаалан тогтвортой хөгжлийг хангах чиглэлийн хүрээнд байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, мэдээлэл, техно­логийн сургалт-үйлдвэрлэлийн хотхоныг байгуулах төслүүд;

Тэргүү­лэх чиглэл 5. Засаглалыг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих хүрээнд үндэс­­ний  хувийн хэвшлийн үйлдвэрлэгчдийг дэмжих, төр хувийн хэвшлийн  түнш­лэлийг    хөгжүүлж   дээр дурдсан дэд    бүтэц, тогтвортой хөгжлийн зарим төслүүдийг   хэрэг­жүүлэх зарчмыг   баримтлах   200 сая доллараас багагүй өртөг бүхий  26 төсөл  орсон юм.   

ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРОО

 




                  МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 9 дүгээр                                                                                                                                 Улаанбаатар
сарын 30-ны  өдөр                                                       Дугаар 299                                                                хот

 

Хөтөлбөр батлах тухай

Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 5.2.1, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгах, зээл, тусламж, төсөлд хамруулах, бусад хөрөнгийн эх үүсвэрийг ашиглаж хэрэгжүүлэхийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллан, үр дүнг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлж байхыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт үүрэг болгосугай.



    Монгол Улсын Тэргүүн  шадар сайд                 Н.АЛТАНХУЯГ

    Монгол  Улсын  сайд, 
    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга          Б.ДОЛГОР

 


 

 

Засгийн газрын 2009 оны 299 дүгээр
                        тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫГ ҮЙЛДВЭРЖҮҮЛЭХ
ХӨТӨЛБӨР

(2009-2016 ОН)

Нэг. Аж үйлдвэрийн хөгжлийн өнөөгийн байдал, бодлогын орчин, хөтөлбөр
боловсруулах үндэслэл

 

1. Үйлдвэрлэлийн нэмүү өртгийн дүн шинжилгээ

Эрдэм шинжилгээний байгууллагын судалгаагаар нийт үйлдвэрлэлийн нэмүү өртгийн дүн 2004 онд (оны үнээр) 1,028 их наяд төгрөг байсан бол 2007 онд 2.2 дахин өссөн байна. Нийт үйлдвэрлэлд аж үйлдвэрийн салбарын хувийн жин 2007 онд 2004 оныхоос 2.8 дахин өссөн байна. Мөн хугацаанд үйлдвэрлэсэн нэмүү өртгийн бүтцийн 2007 оны үзүүлэлтийг 2004 онтой харьцуулахад түүхий эдэд тулгуурласан үйлдвэрлэл 61.2 хувиас 64.6 хувь, нам технологид тулгуурласан үйлдвэрлэл 37.2 хувиас 28.8 хувь, дунд технологийн үйлдвэрлэл 1.6 хувиас 6.6 хувь болж, нэг хүнд ногдох нэмүү өртгийн хэмжээ мөн хоёр дахин өссөн байна. Сүүлийн жилүүдэд дотоодын нийт бүтээгдэхүүнд боловсруулах аж үйлдвэрийн салбарын хувийн жин нэмэгдэх хандлагатай байгаа ч 2008 оны дотоодын нийт бүтээгдэхүүний урьдчилсан гүйцэтгэлээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын нэмүү өртгийн эзлэх хувийн жин 6.3 хувь байгаа нь дэлхийн дундаж болон бага орлоготой орнуудын дунджаас даруй 3-4 дахин доогуур байна.

Дотоод зах зээлийн багтаамж бага, далайд гарцгүй, худалдааны гол түнш орнуудын гаалийн татвар өндөр, мөн татварын бус хязгаарлалттай байдаг, дэд бүтцийн хөгжил сул, тээврийн зардал өндөр, боловсон хүчний мэдлэг чадвар хангалттай бус, санхүүгийн нөөц хязгаарлагдмал, техник, технологийн хөгжил сул зэрэг хүчин зүйлүүд нь Монгол Улсын дотоодын аж үйлдвэрийн хөгжилд саад болж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын хийсэн судалгаагаар манай орны экспортын бүтээгдэхүүний 85 орчим хувь нь анхан шатны боловсруулалт хийсэн түүхий эд байгаа нь аливаа улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс болсон нэмүү өртгийн бодит үйлдвэрлэл аж үйлдвэрийн салбарт маш доогуур байгааг харуулж байна.


2. Аж үйлдвэрийн салбарын бүтэц,  экспортын байдал

Аж үйлдвэрийн салбар 2008 онд 3524.2 тэрбум төгрөг (оны үнээр)-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын нийт бүтээгдэхүүний 36 хувийг эзэлж байна. Үүний 59.7 хувь нь уул уурхай, олборлох аж үйлдвэрт, 31.4 хувь нь боловсруулах аж үйлдвэрт, 8.9 хувь нь цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамжийн салбарт тус тус ногдож байна.

    Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2008 онд 2005 оны зэрэгцүүлэх үнээр 1823.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 49.8 тэрбум төгрөгөөр буюу 2.7 хувиар нэмэгдсэний дотор уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 0.2 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт 5.9 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж 6.9 хувиар тус тус өсчээ. 2004-2008 оны дунджаар боловсруулах үйлдвэрлэлийн салбар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 6 орчим хувийг үйлдвэрлэж байсан нь дэлхийн дундаж болон бага орлоготой орнуудаас даруй 3-4 дахин доогуур байна.
   
    Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа нь түүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, олон тулгуурт бүтэцтэй болгох шаардлагатайг харуулж байна.

    Экспортод гаргасан бараа, бүтээгдэхүүний хэмжээ   2009 онд 2301.7 сая ам.доллар болж 2008 оноос 9.2 хувиар буюу 232.8 сая ам.доллараар буурахаар байна. Нийт экспортод гаргасан бараа, бүтээгдэхүүний бүтцийг авч үзвэл 80.6 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн болон алтны экспорт бүрдүүлж байна. Эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын 60.0 хувийг зэс, молибден, цайрын баяжмал, хайлуур жонш, түүхий нефть болон чулуун нүүрс эзэлж байгаагаас 21.0 хувийг зөвхөн зэсийн баяжмалын экспорт эзэлж байна. 2004 оноос нүүрс экспортлох хэмжээ тасралтгүй нэмэгдсэн байна.

    Манай улс цөөн нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн дээр төвлөрсөн экспортын бүтэцтэй байна. Нийт экспортын ихэнх хэсгийг эрдэс, түүхий эд эзэлж байгаагаас үзэхэд экспортын нэр төрлийг олшруулах, түүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэх шаардлагатай байна.

3. Аж үйлдвэрийг хөгжүүлэх концепци, төрийн үүрэг

    Манай улсад аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөн 70 гаруй жилийн хугацаанд тодорхой амжилтад хүрсэн нь Монгол орны эдийн засгийн байр суурийг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүн амын амьжиргааны түвшинг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс эхлэн аж үйлдвэрийн салбар дахь төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийн бүтээлч ажиллагаа, санаачилгыг дэмжих бодлого баримталж ирсэн. Гэхдээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нь томоохон дэд бүтцийн асуудлыг бие даан шийдвэрлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийн цогцолборуудыг байгуулах санхүүгийн нөөц боломж, туршлага дутмаг, түүнчлэн бусад орнууд дотоодын зах зээлээ хамгаалах, экспортоо нэмэгдүүлэх, дотоодын аж үйлдвэрийн салбараа дэмжих бодлого явуулж байгаа нь манай аж үйлдвэрийн салбарын хөгжил, өрсөлдөөний нөхцөлийг ихээхэн хүндрүүлж байна.

    Ийм нөхцөлд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хувийн хэвшлийг дэмжсэн төрийн оролцоо чухал бөгөөд дараахь зорилгыг тавьж хэрэгжүүлэх шаардлагатай байна:

    -Аж үйлдвэрийн санхүүжилтийг сайжруулах. Энэ зорилгын хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зээлийн баталгаа гаргах, лизингийн тогтолцоо хөгжүүлэх, Хөгжлийн банк байгуулах, гадаадын зээл, тусламжийг нэмэгдүүлэх;

    -Аж үйлдвэрийн салбарт ажиллах боловсон хүчин, мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд онцгой анхаарах. Энэ зорилгын хүрээнд мэргэжлийн сургалтыг аж үйлдвэрийн салбарын хөгжлийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, их, дээд сургуулийн аж үйлдвэр, технологийн сургалтыг бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийн чадавхийг дээшлүүлэх, давтан сургах;

    -Аж үйлдвэрийг дэмжих дэд бүтцийн хөгжлийг түргэсгэх. Дэд бүтцийн салбарт төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн хэрэгжүүлж байгаа дэд бүтцийн обьектын бүтээн байгуулалтын ажлыг төрөөс тууштай дэмжих;

    -Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын зах зээлийг нэмэгдүүлэх. Худалдааны гол түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, экспортын зах зээлийг өргөтгөх бодлого хэрэгжүүлэх, эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх, транзит тээврийн нөхцөлийг сайжруулах.

4. Аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх  чадварын хүчин зүйлс

    Аж үйлдвэрийн салбарын хөгжлийн гол шалгуур нь түүний өрсөлдөх чадвар юм. Аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварт үйлдвэрлэлийн зардал, тээврийн зардал, дизайн, маркетинг, боловсон хүчин, ложистик сүлжээ онцгой нөлөө үзүүлдэг. Аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд экспортод чиглэсэн томоохон үйлдвэрүүд байгуулах асуудлыг дотоодын зах зээлийг хангах зориулалт бүхий импортыг орлуулах, бүс нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих бодлоготой нягт уялдуулах шаардлагатай.

    Дотоодын түүхий эдийг түшиглэх нь аж үйлдвэржүүлэх бодлогын чухал хүчин зүйл юм. Манай улс хөдөө аж ахуйн гаралтай болон уул уурхайн түүхий эдийг дотооддоо боловсруулснаар аж үйлдвэрийг хөгжүүлэх, экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэн нэр, төрлийг олшруулах, ажлын байр олноор бий болгох, бүтээмж нэмэгдүүлэх, нэмүү өртөг бий болгож үндэсний орлогыг өсгөх, татварын суурийг өргөтгөх, ядуурлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ. 

    Тээврийн зардлын хувьд дотоодын тээвэр болон гуравдагч орнууд руу чиглэсэн тээврийн зардал харьцангуй өндөр, хөрш орнууд руу экспортлох зардал доогуур байгаа тул юуны өмнө хөрш орнуудын зах зээл рүү аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг экспортлох, аж үйлдвэрийн байршлыг түүхий эдийн гарцын байршил, зорилтот экспортын зах зээлтэй нь уялдуулан шийдэж, ложистик сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Технологийн хувьд өндөр хөгжилтэй орнуудын технологийн шийдлийг цогцоор нь нутагшуулах нь бүтээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чухал хүчин зүйл болно.
     
5. Аж үйлдвэрийн бодлого, бүсчилсэн хөгжил

    Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтын 2004-2008 оны жилийн дунджийг авч үзвэл баруун бүсэд зүүн бүсээс  9.4 дахин, төвийн бүсээс 12.2 дахин, Улаанбаатараас      69 дахин, хангайн бүсээс 75 дахин бага байгаа нь манай орны үйлдвэржүүлэлтийн байршлын тархалт жигд бус байгааг илэрхийлж байна. Иймээс өргөн уудам нутагтай манай орны хувьд аж үйлдвэрийн хөгжлийн асуудлыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан тухайн орон нутгийн түүхий эд, харьцангуй давуу талд тулгуурлан үйлдвэрлэлийн чиглэлийг тогтоох, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогцолборыг зохион байгуулалттай хөгжүүлэх замаар үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийг хангаж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах нь тулгамдсан зорилт болж байна.

 
6. Хөтөлбөр боловсруулах эрх зүйн үндэслэл
 
    Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Монгол Улсын бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги зэрэг баримт бичгийг үндэслэн энэхүү хөтөлбөрийг боловсруулсан болно. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод экспортын баримжаатай, хувийн хэвшилд түшиглэсэн өндөр технологит, үүний дотор мэдээлэл, харилцаа, био, нанотехнологи, транзит тээвэр, ложистик сүлжээ, санхүүгийн зуучлалын үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүн боловсруулахад суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, тогтвортой, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон.

    Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ” гэж заасан, Монгол Улсын Засгийн газар 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” болгон зарласан, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарч байгаа зэрэг нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

   
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, баримтлах  зарчим, зорилт

   
    7. Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийн зорилго нь дотоодын түүхий эд, нөөц боломжид тулгуурласан, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэн, олон тулгуурт эдийн засгийг бий болгож, улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршино.

         8. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд дараахь зарчим баримтална:

    8.1. хувийн хэвшлийн бүтээлч санал, санаачилгыг төрөөс дэмжих, ил тод байдлыг эрхэмлэх;

    8.2. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Үндэсний хөгжлийн цогц бодлого, хөгжлийн стратегитай уялдуулах;

    8.3. үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нэр, төрлийг нэмэгдүүлэх;

    8.4. үйлдвэржүүлэлтэд зориулсан санхүүгийн эх үүсвэрийг тодорхой чиглэл, зорилготойгоор үр өгөөжтэй зарцуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэгийн үр ашигтай хэлбэрүүд нэвтрүүлэх;

    8.5. үйлдвэрлэлийг цогцолбороор зохицуулалттай хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.

      9. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилт дэвшүүлж байна:

    9.1. үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн болон бизнесийн таатай орчин бүрдүүлэх;

    9.2. үйлдвэржүүлэлтийг хөрөнгө оруулалт, санхүү, зээлийн бодлогоор дэмжих;

    9.3. инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчид бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх болон үйлдвэрлэл эрхлэгчдэд удирдлагын дадлага, ур чадвар эзэмшүүлэх тогтолцоог бий болгох, бэхжүүлэх замаар үйлдвэрлэл явуулахад шаардагдах хүний нөөц бүрдүүлэх;

    9.4. тэргүүлэх чиглэлийн хүрээнд аж үйлдвэрийн судалгаа, инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх замаар аж үйлдвэрийн салбарт техник, технологийн шинэчлэл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээмжийг өсгөх;

    9.5. түүхий эд боловсруулах түвшинг ахиулах замаар эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг цогцолбороор, зохицуулалттай хөгжүүлэх;

    9.6. экспортод чиглэсэн, өрсөлдөх чадвартай бараа, бүтээгдэхүүнийг худалдааны бодлогоор дэмжин гадаад зах зээлд нэвтрүүлэх.


Гурав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ


    10. “Үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн болон бизнесийн таатай орчин бүрдүүлэх” зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

    10.1. үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдал, бирж, инноваци, худалдааны зохицуулалт, зээлийн баталгаа, хөрөнгө оруулалтын сан, даатгалын сан, цахим гарын үсэг, концессийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

    10.2. Технологи дамжуулах тухай, Хүнсний тухай, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай, Ашигт малтмалын тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудад үйлдвэрлэл эрхлэх орчныг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах;

    10.3. татварын бүсчилсэн бодлого хэрэгжүүлэх, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд шинээр байгуулагдаж байгаа үйлдвэрүүдийг тодорхой хугацаанд татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх, үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжид элэгдэл хорогдлыг түргэвчилсэн нормоор тооцох асуудлыг судалж, санал боловсруулах;

    10.4. үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа тоног төхөөрөмж болон Монгол Улсад орлуулах боломжгүй түүхий эд, тухайн түүхий эдээр хийсэн эцсийн бүтээгдэхүүний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг тодорхой хугацааны дараа буюу уг тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрсэн үед авч байх асуудлыг судлах;

    10.5. цөм технологийн үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, татварыг дараа тооцох эрх зүйн үндсийг бүрдүүлэх асуудлыг судлах;

    10.6. үндэсний стандартыг боловсронгуй болгох хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, олон улсын дэвшилтэт стандартуудыг (GMP, GLP, ISO, GCP зэрэг) нутагшуулан нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэх;

    10.7. бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, худалдаа, хэрэглээний эрүүл ахуй, аюулгүй байдлыг зохицуулсан эрх зүйн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх;

    10.8. дэвшилтэт технологиор (био, нано, химийн, мэдээллийн технологи зэрэг) үйлдвэрлэл эрхлэх, бүтээгдэхүүн экспортод гаргахыг дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлэх;

    10.9. өндөр технологийн аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого, өндөр технологийн аж үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

    10.10. үндэсний үйлдвэрийг бүх талаар чадавхижуулах, дэмжих дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

    11. “Үйлдвэржүүлэлтийг хөрөнгө оруулалт, санхүү, зээлийн бодлогоор дэмжих” зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

    11.1. улсын болон орон нутгийн төсвөөс аймаг, бүсийн хөгжлийг дэмжих чиглэлээр зарцуулж байгаа хөрөнгө оруулалт, зээлийн эх үүсвэрийг энэхүү хөтөлбөрийн хэрэгжилттэй нягт уялдуулан төлөвлөж, зарцуулах;

    11.2. экспортын баримжаатай болон импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг санхүү, зээлийн бодлогоор дэмжих;

    11.3. зээлийн баталгааны сангууд, хөрөнгө оруулалт- хөгжлийн банк байгуулах;

    11.4. цөм технологи бүхий үйлдвэр, аж ахуйн нэгжид Монгол Улсыг хөгжүүлэх сан, хөгжлийн банк болон бусад хөгжлийн сангуудаас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох тогтолцоог бүрдүүлэх;

    11.5. хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, тодорхой үйлдвэр, цогцолбор байгуулах төсөл, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулж, зохион байгуулалтын арга хэмжээ авах.
   
    12.      “Инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчид бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх болон үйлдвэрлэл эрхлэгчдэд удирдлагын дадлага, ур чадвар эзэмшүүлэх тогтолцоог бий болгох, бэхжүүлэх замаар үйлдвэрлэл явуулахад шаардагдах хүний нөөц бүрдүүлэх” зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

    12.1. ажлын байран дээрх болон чадавхид суурилсан сургалтаар мэргэжилтэй ажилчид сургаж бэлтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

    12.2. мэргэжилтэй ажилчин болон инженер, техникийн ажилтан бэлтгэх мэргэжлийн сургалтын тогтолцоог боловсронгуй болгох;

    12.3. ерөнхий боловсролын ахлах ангид мэргэжлийн чиг баримжаа болон бизнесийн талаар мэдлэг олгох сургалт явуулах, сургалтын хөтөлбөрт Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнестэй танилц” сургалтын модулийг нэвтрүүлэх;

    12.4. үйлдвэржүүлэх хөтөлбөрийн зорилтуудыг мэргэжлийн боловсролын сургалттай холбох, оюутнуудыг ажиллах хүчний нөөцөд бүртгэж, цагаар ажиллах эрх зүйн орчин нөхцөл бий болгох;

    12.5. хувийн хэвшил, ажил олгогчийн эрэлт, технологийн тэргүүлэх чиглэл, өндөр технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн захиалгыг тэргүүн ээлжинд харгалзан үзэж, төрийн сангийн хөрөнгөөр боловсон хүчин бэлтгэх;

    12.6. үйлдвэрийн удирдлага, инженер, техникийн ажилтнуудыг дахин сургах, мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, компанийн засаглалыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

    12.7. бизнесийг тогтвортой эрхлэх дадлага, ур чадварыг үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох бизнесийн сургалтын тогтолцоо бүрдүүлэн хөгжүүлэх;

    12.8. мал аж ахуй эрхлэгчдийн бизнесийн болон технологийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр богино хугацааны сургалт, үзүүлэх сургууль тогтмол зохион байгуулах;

    12.9. үйлдвэрлэлийн үндсэн салбаруудаар цалин хөлс, нийгмийн даатгал, норм, норматив, цагийн ажлын үнэлгээний доод хэмжээ, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг тусгасан тарифын талаар салбарын төрийн захиргааны төв байгууллага, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллага хооронд хэлэлцээр байгуулж хэвших;

    12.10. өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт шаардагдах хүний нөөцийн хөгжлийн бодлого боловсруулах.

    13.     “Тэргүүлэх чиглэлийн хүрээнд аж үйлдвэрийн судалгаа, инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх замаар аж үйлдвэрийн салбарт техник, технологийн шинэчлэл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээмжийг өсгөх” зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

    13.1. улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийн эрхийг хамгаалах, ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, судалгааны ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах механизм бүрдүүлэх;

    13.2. дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсыг хөгжүүлэх сан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан, хөгжлийн банк болон бусад сангуудаас тэргүүн ээлжинд зээл олгох, хөрөнгө оруулалт хийж байх талаар холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах;

    13.3. Инноваци дэмжих сан байгуулан, инновацийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх механизм бий болгох;

    13.4. шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлдэг төслийн санхүүжилтийг шинжлэх ухаан, технологийн болон аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэл, цөм технологи, инновацийн бүтээгдэхүүний судалгаанд тэргүүн ээлжинд олгодог болох талаар холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах;

    13.5. бүсийн тулгуур төвүүдэд технологи дамжуулах, нэвтрүүлэх төвүүдийг төрийн оролцоотой байгуулж ажиллуулах;

    13.6. бүс нутгийн хөгжлийн стратегитай уялдуулан өндөр технологийн чиглэлээр сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хөгжүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй шинжлэх ухаан технологийн парк байгуулж хөгжүүлэх;

    13.7. экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг урамшуулан дэмжиж, тэдгээрийг үндэсний болон олон улсын түвшинд Монголын газар зүйн заалттай бүтээгдэхүүнд бүртгүүлэх;

    13.8. аж үйлдвэрийн технологи шинээр бий болгох, боловсронгуй болгоход чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимтэй явуулж, судалгаа-туршилт-үйлдвэрлэлийн загвар сүлжээ бий болгох;

    13.9. үйлдвэрлэлийн бүх салбарт технологийн түвшний үнэлгээний систем нэвтрүүлэх;

    13.10. үндэсний судалгааны төвүүдийн үйл ажиллагаанд нээлттэй инновацийн зарчим буюу төр, хувийн хэвшлийн болон олон нийтийн байгууллага, хувь хүн тэгш эрхтэй оролцох нөхцөл бүрдүүлэх;

    13.11. их, дээд сургуулийн судалгааны лабораторийг нээлттэй зарчмаар ажиллах тогтолцоонд шилжүүлэх замаар корпорацийн баримжаатай болон судалгааны их сургуулийг дэмжин хөгжүүлэх.

    14.     “Түүхий эдийг боловсруулах түвшинг ахиулах замаар эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг цогцолбороор, зохицуулалттай хөгжүүлэх” зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

    14.1. аж үйлдвэрийн цогцолборын дэд бүтцийг шинээр байгуулах, өргөтгөх асуудлыг үйлдвэржүүлэлтийн бодлого, бүс нутгийн хөгжлийн хэрэгцээтэй уялдуулан төр-хувийн хэвшлийн түншлэлд түшиглэн хөрөнгө оруулалт хийх замаар байгуулах;

    14.2. жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, бизнес инкубаторыг аймаг бүрт байгуулж, үйл ажиллагааг өргөжүүлэх;

    14.3. аймгийн төв, нийслэлийн дүүрэгт ахуйн үйлчилгээний цогцолбор байгуулах төсөл шалгаруулж, хэрэгжүүлэх;

    14.4. хаягдалгүй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, түүхий эдийн ашиглалт, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх;

    14.5. шинээр бизнес эрхлэх сонирхолтой иргэдийн бизнес төлөвлөгөөг нэгтгэн, хөрөнгө оруулалтын мэдээллийн сан байгуулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангах тогтолцоо бий болгох;

    14.6. хүнсний болон өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлийг хөгжүүлж, импортоос хараат байдлыг багасгах;

    14.7. үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсээр хүн амыг хангах хөдөө аж ахуйн цогцолборуудыг байгуулах;

    14.8. хүлэмжийн аж ахуй, механикжсан зоорь, агуулах бий болгох замаар хүн амын хүнсний хангамжийг баталгаажуулах;

    14.9. бүсийн онцлогийг харгалзан малын тэжээлийн үйлдвэр байгуулах;

    14.10. хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэх, угсрах, тэдгээрийн эд анги, сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэл бий болгох;

    14.11. ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврийг будах, самнах, ээрэх, нэхэх үйлдвэрлэлийн суурилуулсан хүчин чадлыг нэмэгдүүлэх;

    14.12. монгол хонины ноосыг гүн боловсруулж, онцлог ширхэгтэй, өрсөлдөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи нэвтрүүлэх;

    14.13. мод боловсруулах салбарын үйлдвэрлэлд хаягдалгүй технологи нэвтрүүлж, модон түүхий эдийн ашиглалт, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх;

    14.14. орон нутагт хэвлэлийн үйлдвэр байгуулах, технологийн шинэчлэл хийх төсөл шалгаруулж, хэрэгжүүлэх, ном, хэвлэлийн бүтээгдэхүүн, түүхий эд, материалыг орон нутагт хүргэх, түгээх сүлжээ байгуулах;

    14.15. шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлж бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэх замаар био, нанотехнологийн үйлдвэрлэлийг кластер хэлбэрээр хөгжүүлэх;

    14.16. стратегийн ач холбогдол бүхий нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц барьж, уул уурхайн үйлдвэр болон бүс нутгийн цахилгаан, дулааны хэрэглээг хангах;

    14.17. зэсийн баяжмалаас гидро-коппер (эсхүл пиро-металлургийн) технологиор цэвэр зэс ялгах цогцолбор барьж байгуулах;

    14.18. жоншны хүдрийн бүсийг түшиглүүлэн баяжуулах болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр барих;

    14.19. фосфорын бордооны үйлдвэр байгуулах;

    14.20. Дархан-Сэлэнгийн бүс нутагт ган хайлах хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулж, өөрийн орны дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, экспортын шинэ эх үүсвэр бий болгох;

    14.21. газрын тосны хэрэгцээг дотоодоос хангах бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
   
    14.22. барилгын шинэ материал болон импорт орлох орон нутгийн түүхий эдэд тулгуурласан барилгын материалын жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх;

    14.23. арматур, төмөр хийцийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэл хийх, энэ төрлийн үйлдвэрүүд шинээр байгуулах;

    14.24. Дархан-Уул, Дорноговь аймаг, Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүрэгт аж үйлдвэрийн парк байгуулах;

    14.25. цацраг идэвхт ашигт малтмалын хүдрийг олборлох, баяжуулах үйлдвэр байгуулах;

    14.26. мэдээллийн технологи, аутсорсингийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төвлөрөл үүсгэх;
    14.27. бичил схем, батарейн үйлдвэрлэл, электроникийн үйлдвэрлэлийг төрийн дэмжлэгтэй байгуулах.

    15. “Экспортод чиглэсэн, өрсөлдөх чадвартай бараа бүтээгдэхүүнийг худалдааны бодлогоор дэмжин гадаад зах зээлд нэвтрүүлэх” зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

    15.1. худалдааг хөнгөвчлөх талаар хоёр болон олон талт хэлэлцээр байгуулж, хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдах замаар худалдааны тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгаж, гадаад зах зээлд нэвтрэх таатай боломжийг хангах;

    15.2. Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Америкийн Нэгдсэн Улс, Европын Холбоо, Япон, Канад зэрэг худалдааны гол түншүүдтэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах;

    15.3. Европын Холбооны болон Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсын хөнгөлөлтийн системд үргэлжлүүлэн хамрагдаж, бараа бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ, хөнгөлөлтөд хамрагдсан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх;

    15.4. газар зүйн заалттай үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бий болгож, дэлхий нийтэд сурталчлах, таниулах;

    15.5. худалдааны болон эдийн засгийн чөлөөт бүсүүдэд экспортод чиглэсэн өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

    15.6. хөрш орнуудтай хийх дамжин өнгөрөх тээврийн тухай гурван талт хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллах;

    15.7. хөрш орнуудын далайн боомтуудыг ашиглах, түрээслэх боломж бүрдүүлж, гадаад худалдааны урсгалыг түргэтгэх;

    15.8. бүс нутгийн худалдаа, эдийн засгийн нэгдэлд гишүүнээр элсэн, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, ашиг сонирхлоо хамгаалах.

    
Дөрөв. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах


    16. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт:

    16.1. хөтөлбөрийн хэрэгжилтийг уялдуулан зохион байгуулах “Үйлдвэржүүлэлтийн бодлогын зөвлөл”-ийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд ахлах бөгөөд орлогч даргаар нь хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, бүрэлдэхүүнд нь сангийн, зам, тээвэр, барилга, хот байгуулалтын, эрдэс баялаг, эрчим хүч болон гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, шинжлэх ухааны болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид багтана. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд батална;

    16.2. Үйлдвэржүүлэлтийн бодлогын зөвлөлийн салбар зөвлөл аймаг, нийслэлд ажиллах бөгөөд тухайн шатны Засаг дарга ахална. Гишүүдэд орон нутгийн төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөлөл орно. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга батална;

    16.3. хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр тодотгон боловсруулж Үйлдвэржүүлэлтийн бодлогын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн Монгол Улсын Тэргүүн шадар сайд баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна;
   
    16.4. хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдамжаар хангах, үр дүнд нь хяналт-шинжилгээ хийх үүргийг хөнгөн үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, сангийн, зам, тээвэр, барилга, хот байгуулалтын, эрдэс баялаг, эрчим хүч болон гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, үндэсний хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аж үйлдвэрийн холбоодтой хамтран хэрэгжүүлнэ;
   
    16.5. хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд жил бүр хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээнд түшиглэн хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсронгуй болгох санал боловсруулж, Монгол Улсын Тэргүүн шадар сайдаар баталгаажуулахыг Үйлдвэржүүлэлтийн бодлогын зөвлөлийн нарийн бичгийн дарга холбогдох бусад яам, байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

    17. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа, үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэр:

    17.1. “Монгол Улсыг үйлдвэржүүлэх” хөтөлбөрөөр дэвшүүлсэн зорилтуудыг 2009-2016 онд хэрэгжүүлнэ;
   
    17.2. “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр” болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссан үйл ажиллагааг дараахь хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

    17.2.1. иргэдийн өөрийн хөрөнгө;
    17.2.2. аж ахуйн нэгжийн хөрөнгө ;
    17.2.3. улсын болон орон нутгийн төсөв;
    17.2.4. банкны зээл;
    17.2.5. гадаад орон, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл;
    17.2.6. гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж;
    17.2.7. хөрөнгийн бирж дээр босгосон хөрөнгө;
    17.2.8. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэр;
    17.2.9. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэр;
    17.2.10. Хөрөнгө оруулалт хөгжлийн сангийн эх үүсвэр;
    17.2.11. бусад.

    17.3. улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийг үйлдвэржүүлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон Засгийн газрын бусад гишүүний төсвийн багцад жил бүр тусгана.

    18. Хөтөлбөрийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүд:

    18.1. хөтөлбөрт тусгагдсан эрх зүй, эдийн засгийн орчны хэрэгжилтийн үнэлгээ;

    18.2. мэргэжил эзэмшсэн болон урт, богино хугацааны сургалтанд хамрагдаж мэргэжил эзэмшсэн хүний тоо;

    18.3. хөтөлбөрийн хүрээнд бий болсон үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, тоо хэмжээ, борлуулсан бүтээгдэхүүний орлогын өсөлт;

    18.4. бий болгосон нэмүү өртгийн хэмжээ, нэг хүнд ногдох нэмүү өртгийн хэмжээ;

    18.5. нийт болон шинээр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрийн тоо, тэдгээрт ажиллаж байгаа ажиллах хүчний тоо;

    18.6. импорт орлох болон экспортод гаргасан бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ, борлуулсан орлогын өсөлт;

    18.7. үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварын өсөлт.

    19. Хөтөлбөрийн үр дүнг үнэлэхдээ тухайн жилийн байгаль, цаг уурын болон эдийн засгийн макро, микро орчин, зах зээлийн төлөв байдал зэргийг харгалзана.

  • Paola (156.0.212.39)
    ҮНДСЭН ЗӨВЛӨЛИЙН ГЭРЭЭ Хэд хэдэн хайлт хийсний дараа би хүндрэл бэрхшээлтэй хүмүүст зээл зээл олгодог банкны бүтэцийг олж илрүүллээ Энэ нь банкны салбартай хамтран ажилладаг зээлийн бүтэц юм Тэдний ачаар би үсчин засварын цехийн ажлыг нээж чадсан Та над шиг надтай адил байх хүмүүсийг хаяг хаяхыг хүсэхгүй байгаагаа хэзээ ч мэдэхгүй энд тэдний хаяг paolamarisellavirgilioit
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Paola (156.0.212.39)
    Жинхэнэ зээлийн санал бүрэн аюулгүй байдлыг хангах Сайн шөнө төсөл болон бусад үйл ажиллагаа нь цалин хөлс урамшуулал би барьцааг хийх амьдрах орчныг сайжруулах болон ертөнцийг зөвшөөрөх асуудал дээр компани зээлийн санал бүхий ямар нэгэн хэмжээгээр эсвэл ямар нэгэн ашигтай төсөл төсөл эд хөрөнгө санхүүгийн хувьд туслах нь таныг дагалдан байна аливаа худалдан авах зочид буудал төсөл зардал-үр дүнтэй та бүрэн өөрийн төслийг хэрэгжүүлэх та бусад санал байгаа бол бидэнд илгээнэ үү энэ нь ямар ч асуудал бид маш мөн ч хийхэд бэлэн байдаг гэдгийг мэдэх мөнгө зээл бол туслах болно үүрэг хариуцлага эсвэл урьдчилан баталсан Энэ хаягаар холбоо барина уу paolamarisellavirgilioit
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Paola (156.0.212.39)
    Ноцтой хурдан хоорондох зээлийн санал Бид үүнийг шаарддаг ноцтой шударга хүнд зориулж зээл хөрөнгө оруулалт хийдэг Илүү их мэдээлэл авахыг хүсвэл манай саналыг бидэнтэй холбоо бариарай paolamarisellavirgilioit
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Paola (156.0.212.39)
    24 цагийн дотор 3 -ийн хүүтэй түргэн шуурхай зээлийг санал болгож байна Сайн уу нүүдэлчин Бид 3-аас дээш хувийн хүүтэй зээлийн хүүг санал болгож буй түнш нь 24 цагийн турш сэтгэл ханамжтай байдаг Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу email paolamarisellavirgilioit
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Paola (156.0.212.39)
    24 цагийн дотор 3 -ийн хүүтэй түргэн шуурхай зээлийг санал болгож байна Сайн уу нүүдэлчин Бид 3-аас дээш хувийн хүүтэй зээлийн хүүг санал болгож буй түнш нь 24 цагийн турш сэтгэл ханамжтай байдаг Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу email paolamarisellavirgilioit
    2017 оны 09 сарын 22 | Хариулах