Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ

ТӨСӨЛ  (2009.09.18-НЫ  БАЙДЛААР)

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.    Энэ хуулийн зорилт нь улсын төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг тогтоох, түүний хэрэгжилтийг хангах, хяналт тавихад төрийн эрх бүхий байгууллагын эрх, үүрэг, хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль тогтоомж
2.1.    Төсвийн тогтвортой байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль болон энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.    Энэ хууль нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хамаарна.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо
4.1.    Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.    “төсвийн тусгай шаардлага” гэж улсын төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн, төсвийн богино, дунд, урт хугацааны бодлого, төсвийн хүрээг тодорхойлоход баримтлах энэ хуулиар тогтоосон зохистой үзүүлэлтийн түвшин, харьцаа, хязгаарлалтыг;
4.1.2.    “гол нэр төрлийн эрдэс баялаг” гэж төсвийн орлогын дүнд 0.05 хувь буюу түүнээс дээш хувийн орлогыг бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялагийг;
4.1.3.    “гол нэр төрлийн эрдэс баялгийн үнийн чиг хандлагын төсөөлөл” гэж өмнөх 2 жилийн хугацаанд мөрдөгдсөн болон тухайн төсвийн жил, түүний дараагийн 2 жилийн үнийн төлөв байдлыг хамааруулан тооцсоныг;
4.1.4.    “эрдэс баялагийн орлогыг дундажлан тооцох” гэж гол нэр төрлийн эрдэс баялагийн орлогыг түүний олон жилийн үнийн чиг хандлагын төсөөлөлд үндэслэн тооцохыг;
4.1.5.    “төсвийн суурь орлого” гэж гол нэр төрлийн эрдэс баялагийн орлогоос бусад орлогын эх үүсвэрийг;
4.1.6.    “төсвийн тэнцвэржүүлсэн орлого” гэж эрдэс баялагийн дундажлан тооцсон орлого болон төсвийн суурь орлогын нийлбэрийг;
4.1.7.    “төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл” гэж Монгол Улсын төсвийн
тэнцвэржүүлсэн орлого, төсвийн нийт зарлагын зөрүүг;

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Төсвийн удирдлагын зарчим, тусгай шаардлага

5 дугаар зүйл. Төсвийн удирдлагын зарчим
5.1.    Монгол  улсын төсвийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтлана:
5.1.1.    төсвийн богино, дунд хугацааны бодлого, стратеги зорилт, урт хугацааны чиг хандлагын төсөөлөл, тэдгээрийн агуулга, хэрэгжилт нь ил тод байх;
5.1.2.    төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчинг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх; 
5.1.3.    төсвийн тусгай шаардлагад нийцсэн дунд хугацааны төсвийн хүрээнд төсвийн бодлого тодорхойлогдсоны дараа түүнд үндэслэсэн төсвийн төлөвлөлт нь төсвийн дээд шатны байгууллагаас төсвийн нэгж байгууллага руу чиглэсэн байх;
5.1.4.    төсвийн бодлогын хүрээг тодорхойлохдоо олон улсад нийтлэг хэрэглэгддэг аргачлал, мэдээллийн эх сурвалжийг ашиглах замаар төсвийн тооцооны хараат бус, үнэн зөв байдлыг хангадаг байх;
5.1.5.    үндэсний баялагийг хүн ам, нийгмийн бүлэг болон одоо, ирээдүйн үе хооронд шударга, тэнцвэртэй хуваариладаг байх; 
5.1.6.    төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх;

6 дугаар зүйл. Төсвийн тусгай шаардлага
6.1.    Монгол  улсын төсөвт дараах тусгай шаардлага тавигдана:
6.1.1. Монгол улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тэг, эсхүл ашигтай байх;
6.1.2.    төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх;
6.1.3.    тухайн жилийн төсвийн нийт зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жингийн өсөлт нь 2 нэгж хувиас хэтрэхгүй байх;
6.1.4.    улсын өрийн өнөөгийн үеийн цэвэр үнэ цэнээр тооцсон үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх.  
6.1.5.   улсын тэтгэврийн санд төсвийн тогтворжуулалтын сангаас, төсвийн тогтворжуулалтын сангийн үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд улсын төсвөөс жил бүр ДНБ-ний 0.1 хувьтай тэнцэх дүнгээр мөнгөн хуримтлалын зузаатгал хийж байх. 
6.2.    Төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Засгийн газар баталж, нийтэд мэдээлнэ.

7 дугаар зүйл. Төсвийн тусгай шаардлагыг мөрдөх
7.1.    Төсвийн тусгай шаардлагыг дараах үйл ажиллагаанд мөрдөнө:
7.1.1.    дунд хугацааны төсвийн хүрээ боловсруулах, батлах;
7.1.2.    төсвийн гүйцэтгэлийг гаргах, тайлагнах, батлах;
7.2.    Төсвийн төсөл боловсруулах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээнд нийцүүлнэ.
7.3.    Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төсвийн тусгай шаардлагыг мөрдөхгүйгээр дунд хугацааны төсвийн хүрээ боловсруулах, батлах болон дунд хугацааны төсвийн хүрээнд нийцүүлэхгүйгээр жилийн төсвийн төсөл боловсруулах, батлах, төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

8 дугаар зүйл. Төсвийн тусгай шаардлагыг түр баримтлахгүй байх тохиолдол
8.1.     Төсвийн тусгай шаардлагыг түр баримтлахгүй байх дараах тохиолдол байна:
8.1.1. төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний бууралтын улмаас төсвийн нийт орлого өмнөх гурван жилийн дунджаас 20 хувь, түүнээс дээш хувиар буурахаар бол;
8.1.2. байгалийн гамшиг, улс оронд онц байдал зарласанаас учирсан хохирлыг арилгахтай холбогдуулан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах зардлын хэмжээ нь Засгийн газрын нөөцийн сан болон эрсдлийн сангийн батлагдсан хөрөнгийн нийлбэр дүнгээс 5 дахин давахаар бол;

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Төрийн эрх бүхий байгууллагын төсвийн тогтвортой байдлыг хангах талаарх  бүрэн эрх

9 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
9.1.    Төсвийн тогтвортой байдлыг хангахад Улсын Их Хурал дараах бүрэн эрхтэй:
9.1.1. дунд хугацааны төсвийн хүрээг төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн хуульчлан батлах;
9.1.2.    жилийн төсөв батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээнд нийцүүлэх;
9.1.3. жилийн төсвийн гүйцэтгэлийг батлахдаа энэ хуулийн 12.1.2-д заасан аудитын дүгнэлтэд үндэслэн Засгийн газар дунд хугацааны төсвийн хүрээнд нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөх;
9.1.4. энэ хуулийн 10.1.4-д заасныг үндэслэлтэй гэж үзвэл төсвийн тусгай шаардлагыг түр баримтлахгүй байх зөвшөөрөл олгох;
9.2. Энэ хуулийн 9.1.2-т заасан төсвийг батлахдаа Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын нийт хэмжээг өөрчлөхгүйгээр төсвийн тэнцлийн ашгийг нэмэгдүүлэхээр өөрчлөлт оруулж болох.

10 дугаар бүлэг. Засгийн газрын чиг үүрэг
10.1.     Төсвийн тогтвортой байдлыг хангахад Засгийн газар дараах чиг үүрэгтэй:
10.1.1. Засгийн газар нь бүрэн эрхийнхээ хугацаанд энэ хуулийн 6.1.1-д заасан төсвийн тусгай шаардлагыг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар, жил бүрээр тооцож, Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгах;
10.1.2. дунд хугацааны төсвийн хүрээг боловсруулахдаа төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
10.1.3. жилийн төсвийн төсөл боловсруулах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа  дунд хугацааны төсвийн хүрээнд нийцүүлэх;
10.1.3. жилийн төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд тайлагнахдаа дунд хугацааны төсвийн хүрээнд нийцсэн тухай дүгнэлтийг хамт хүргүүлэх;
10.1.4. энэ хуулийн 8.1-д заасан аль нэг тохиолдол бий болсон бол Улсын Их Хуралд энэ тухай холбогдох үндэслэлийг танилцуулж төсвийн тусгай шаардлагыг түр баримтлахгүй байх зөвшөөрөл авах;
10.1.5. энэ хуулийн 8.1-д заасан аль нэг тохиолдол арилсны дараа, төсвийн тусгай шаардлагыг үргэлжлүүлэн дагаж мөрдөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

11 дүгээр зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
11.1.     Төсвийн тогтвортой байдлыг хангахад Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүрэгтэй:
11.1.1. дунд хугацааны төсвийн хүрээг төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн боловсруулж, холбогдох тооцоо, дүн шинжилгээний хамт Засгийн газарт өргөн мэдүүлэх;
11.1.2. жилийн төсвийн төсөл болон батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээнд нийцүүлэх;
11.1.3. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд төсвийн тусгай  шаардлагын хүрээнд дунд хугацаанд төсвийн талаар дэвшүүлсэн зорилтуудыг хангах арга хэмжээний санал боловсруулах;
11.1.4. жилийн төсвийн гүйцэтгэл нь дунд хугацааны төсвийн хүрээнд хэрхэн нийцсэн байдалд дүн шинжилгээ хийх;
11.1.4. энэ хуулийн 10.1.5-д заасан арга хэмжээний санал боловсруулах;
11.2.     Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дунд хугацааны төсвийн хүрээ, жилийн төсвийн төсөл болон батлагдсан жилийн төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах, төсвийн гүйцэтгэлийг гаргахдаа төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг дараах байдлаар тооцно:
11.2.1.    төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дүнд  эрдэс баялгийн болон эрдэс баялгийн бус гол нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн хэвийн дундаж түвшнээс давсан түр зуурын огцом өсөлтөөс бий болсон, эсхүл ийм шалтгаанаар бий болох магадлалтай богино хугацааны тогтвортой бус орлогыг тооцохгүй.   
11.2.2.    төсвийн тусгай шаардлагын хүрээнд төсвийн тэнцвэржүүлсэн орлогын тооцоог жил бүр тодотгож болно.
11.2.3.    Монгол Улсын Засгийн газрын зээлийн дансуудад хамрагдвал зохих бүх зээлийг оролцуулж тооцсон дотоод, гадаад өрийн үндсэн үлдэгдэлийн нийлбэр дүнгээр улсын өрийн хэмжээг тооцно
11.2.4.    улсын өрийн бүрэлдэхүүнд Засгийн газрын гэрээ, хэлэлцээрээр авсан зээл болон гаргасан зээлийн баталгааг нэгэн адил хамааруулна.
11.2.5.    гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн салбарын хуулийн этгээдийн дүрмийн санд хувь оруулах зориулалттай тухайн хуулийн этгээдийн ирээдүйн ашгаас эргэж төлөгдөхөөр эрсдэл хуваалцах тусгай нөхцөлтэй гэрээ бүхий Засгийн газрын зээллэг, эсхүл энэхүү нөхцөл бүхий Засгийн газрын гаргасан зээлийн баталгааг энэ хуульд заасан улсын өрд хамааруулахгүй.
        
12 дугаар зүйл. Төсвийн тусгай шаардлагын хэрэгжилтэд тавих хяналт
12.1. Төсвийн тусгай шаардлагын хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдсон асуудлыг Аудитын тухай хуульд зааснаар зохицуулна.



 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Төсвийн тогтворжилтыг хангах

13 дугаар зүйл. Төсвийн тогтворжуулалтын сан
13.1.    Төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагад нийцсэн улсын төсвийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Монгол Улсын Төсвийн тогтворжуулалтын сантай байна.
13.2.    Төсвийн тогтворжуулалтын сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

   

ТАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

14 дүгээр зүйл. Хариуцлага тооцох үндэслэл
14.1.    Энэ хуулийн 7 дугаар зүйлийг зөрчсөн нь холбогдох төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хуульд заасны дагуу хариуцлага тооцох үндэслэл болно.
14.2.    Засгийн газраас өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээ, тухайн жилийн төсвийн төсөл болон төсвийн гүйцэтгэл төсвийн тусгай шаардлагыг хангаагүй нь Засгийн газрыг огцруулах тухай санал гаргах үндэслэл болно.
14.3.    Улсын Их Хурал дунд хугацааны төсвийн хүрээ, жилийн төсөв батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа төсвийн тусгай шаардлагад нийцүүлээгүй тохиолдолд:
14.3.1.    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уг хуульд Үндсэн хуулийн 33.1.1-т заасан бүрэн эрхийнхээ дагуу хориг тавих үндэслэл болно.
14.3.2.    Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж Засгийн газрын тухай хуулийн 22.2-т заасны дагуу Ерөнхий сайд албан тушаалаасаа буюу Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай хүсэлтийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.
14.3.3.    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн 22.2.2-т заасны дагуу Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн, Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж, тараах санал гаргах үндэслэл болно.

15 дугаар зүйл.  Хууль хүчин төгөлдөр болох

15.1.    Энэхүү хуулийг 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн  дагаж  мөрдөнө.
15.2.    Энэхүү хуулийн 6.1.1 дэх хэсэгт заасан төсвийн тусгай шаардлагыг 2013 оны төсвийн жилээс эхлэн  дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ
 

 

БАТЛАВ.                                                                                                                  БАТЛАВ.
   
САНГИЙН САЙД                                                                                                     ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙД

С. БАЯРЦОГТ                                                                                                          Ц. НЯМДОРЖ


ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

 

Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага
Монгол Улсад төсөв зохиох, батлах, санхүүжүүлэх, гүйцэтгэлийг хангахтай холбогдсон асуудлыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар, төсвийн орлого, зарлагын ангилал, төсвийн гүйцэтгэлийг тайлагнах, төсвийн нягтлан бодох бүртгэлтэй холбогдсон харилцааг Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулиар тус тус зохицуулж байна.
Гэвч төсвийн бодлого, стратеги, төсвийн тогтвортой байдлын удирдлага, түүнийг хангах хэрэгсэл, төсвийн удирдлагын үндсэн зарчим, төсвийн тусгай шаардлагыг олон улсын жишгээр тогтоох, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагын түвшинд төсвийн тогтвортой байдлыг хангах талаарх эрх, үүрэг, хэм хэмжээ, хариуцлага нь бүрэн хэмжээнд хуульчлагдаагүй байна.

Үүнээс шалтгаалан улсын төсвийг зохиоход Засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг тодорхойлж төсвийн хүрээний мэдэгдлийг Улсын Их Хурлаас зөвшөөрдөг боловч улсын төсвийн төслийг боловсруулах, төсвийг батлахдаа баримтлахгүй байх, хууль тогтоох байгууллага улсын төсвийн төслийг хэлэлцэх явцдаа Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд тусгагдсан эдийн засгийн өсөлт, төсвийн нийт орлого, түүний дотор татварын орлого, төсвийн нийт зарлага зэрэг суурь үзүүлэлтүүдийг өөрчлөх, санхүү, эдийн засгийн гадаад, дотоод түр зуурын хүчин зүйлийн улмаас бий болсон тогтворгүй орлогыг төсвийн санхүүжилтэд зориулж төсвийг хэт тэлэх шийдвэр гаргадаг. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд оролцогч улс төрийн нам улс орны эдийн засаг, санхүү, төсвийн бодит боломжоос хэтэрсэн мөнгө хуваарилах амлалтыг олон нийтэд сонгуулийн хөтөлбөрөөр амлах замаар иргэдийн саналыг авах буруу зуршил тогтож болзошгүй байгаа юм. Эдгээр байдлууд нь дараагийн жилүүдэд тодорхой шалтгаанаар төсвийн орлого буурах үед төсвийн санхүүжилтийг өмнөх түвшингээр нь уламжлан санхүүжүүлэх бодит боломжгүй болгож байна.

Ийнхүү төсвийн тогтворгүй байдал үүссэн нөхцөлд төсөв тогтворжуулах үндэсний санхүүгийн хуримтлалгүйгээс төсвийн алдагдал нэмэгдэх, нийгэм, эдийн засгийн салбар, улсын хөрөнгө оруулалтын зэрэг уламжлалт санхүүжилтийг огцом хасах шаардлага гарч, энэ нь иргэдийн амжиргаанд сөргөөр нөлөөлөх, улмаар макро эдийн засаг, санхүүгийн тогтворгүй байдал үүсгэж, улсын төсөв санхүүгийн  эрсдэл бий болгох магадлалтай юм.

Дээр дурьдсан нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Олон Улсын Валютын Сантай 2009 онд байгуулсан Тогтворжуулалтын хөтөлбөрийн хүрээнд төсвийн удирдлагын хууль эрх зүйн шинэчлэл хийх, үүний дотор Төсвийн хариуцлагын тухай хуулийн төслийг  боловсруулж батлуулахаар тусгагдсан.

Иймд улсын төсөв, түүний бодлого, стратегийн талаар шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн түвшинд төсвийн тогтвортой байдлын удирдлага, төсвийн зохистой хязгаарлалтуудыг баримтлах, хэрэгжүүлэх, хяналт тавих харилцааг зохицуулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зориулалт бүхий хуримтлал бий болгох зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг төслийг боловсруулах шаардлагатай байна.

Хоёр. Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Хуулийн төсөл нь 5 бүлэгтэй байна.

Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, үйлчлэх хүрээ, нэр томьёо зэрэг нийтлэг асуудлыг тусгана.

Хоёрдугаар бүлэгт төсвийн удирдлагад баримтлах зарчим, төсвийн тусгай шаардлага, тэдгээрийг баримтлах үйл ажиллагааг тодорхойлохтой холбогдсон зохицуулалтыг тусгана.

Гуравдугаар бүлэгт төсвийн тусгай шаардлагыг дагаж мөрдөхтэй холбогдосон Улсын Их Хурлын бүрэн эрх, Засгийн газар, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг, тэдгээрээс хэрэгжүүлэн арга хэмжээний талаарх асуудлыг тусгана.

Дөрөвдүгээр бүлэгт төсвийн тогтвортой байдлыг хангах зориулалт бүхий хуримтлал бий болгох зорилгоор төсвийн тогтворжуулалтын сан байгуулах, түүний эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон  харилцааны зохицуулалтыг тусгана.

Тавдугаар бүлэгт төсвийн тусгай шаардлагыг зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг болон  хууль хүчин төгөлдөр болох хугацааг заана.

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсэх нийгэм, эдийн засаг, эрх зүйн үр дагавар

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг батлан мөрдүүлснээр төсвийн бодлого, стратегийг тодорхойлоход төсвийн удирдлагын зарчим ба төсвийн тусгай шаардлагыг тогтоож, дунд, урт хугацааны төсвийн тогтвортой байдлыг хангахад хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагын үүрэг хариуцлага өндөрсөж, төсвийн тусгай шаардлагад суурилсан төсвийн удирдлагын эрх зүйн шинэ орчин бүрдэнэ.
 
Дөрөв. Хуулийн төслийн бусад хууль, тогтоомжтой хэрхэн уялдах тухай


Монгол улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуультай бүрэн уялдах бөгөөд тус хуулийн төслийг батлахтай холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийг хүчингүй болгох шаардлагатай болно.

 


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

200  оны   сарын   өдөр                                                                                                                     Улаанбаатар хот

 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл . Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар бүлэгт дор дурдсан агуулгатай  зүйл нэмсүгэй:

1/ 231 дугаар зүйл.Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтыг хэрэгжүүлэх зардлыг тооцооны үнэлгээ гаргах, олон нийтэд мэдээлэх

“231.1.    Нам, эвсэл энэ хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ирүүлэхдээ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд  хэрэгжүүлэх амлалтын үндсэн зорилго, хүрэх үр дүн, нэгдсэн төсвөөс шаардагдах зардлын тооцоог тусгана.

231.2.    Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуульд оролцох нэр дэвшигчийг улсын бүртгэлд албан ёсоор бүртгэснээс хойш ажлын 3 хоногийн дотор энэ хуулийн 231.3-д заасан үнэлгээг хийлгүүлэхээр сонгуулийн  мөрийн хөтөлбөрийг  нь холбогдох материалын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  албан бичгээр хүргүүлнэ.   

231.3.    Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хамтран сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтыг хэрэгжүүлэх зардлын тооцооны үнэлгээ хийнэ.

231.4.    Энэ хуулийн 231.3-д заасан зардлын тооцооны үнэлгээнд дараахь зүйлийг тусгана:

231.4.1.    сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан амлалтуудыг хэрэгжүүлэх эдийн засгийн боломж ба нэгдсэн төсвөөс шаардагдах зардлын хэмжээ, эх үүсвэрийг тооцоо;

231.4.2.    сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтыг хэрэгжүүлэх зардал нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хэрхэн хангах, төсвийн тэнцвэртэй, тогтвортой байдалд нөлөөлөх мэдрэмжийн шинжилгээ; 

231.5.    Үнэлгээ хийхэд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол үнэлгээ хийх эрх бүхий төрийн байгууллага энэ тухай хүсэлтэй нэм, эвслийн  даргад  албан бичгээр мэдэгдэнэ.

231.6.    Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулллага нь энэ хуулийн 231.3-д заасан үнэлгээг, түүнд хэрэглэсэн арга зүйн тайлбарын хамт сонгууль болохоос 15-аас доошгүй  хоногийн өинө олон нийтэд хэвлэн, мэдээлнэ.

231.7.    Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь үнэлгээг хийж, олон нийтэд мэдээлснээс хойш цаашид ямарваа нэгэн нэмэлт үүрэг хүлээхгүй.” 
 
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

Гарын үсэг
 




МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

200  оны   сарын   өдөр                                                                                                                  Улаанбаатар хот
 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


1 дүгээр зүйл . Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт дор дурдсан агуулгатай  зүйл нэмсүгэй:

1/  361 дугаар зүйл. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтыг хэрэгжүүлэх зардлыг  тооцооны үнэлгээ гаргах,  олон нийтэд мэдээлэх

“361.1.    Нам, эвсэл энэ хуулийн 24.4.3-т заасан сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ирүүлэхдээ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд  хэрэгжүүлэх амлалтын үндсэн зорилго, хүрэх үр дүн, нэгдсэн төсвөөс шаардагдах зардлын тооцоог тусгана.

361.2.    Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуульд оролцох нам, эвслийг улсын бүртгэлд албан ёсоор бүртгэснээс хойш ажлын 3 хоногийн дотор энэ хуулийн 361.3-д заасан үнэлгээг хийлгүүлэхээр сонгуулийн мөрийн хөтөлбөрийг холбогдох зардлын тооцооны хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  албан бичгээр  хүргүүлнэ.   

361.3.     Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн  захиргааны байгууллагатай хамтран энэ хуулийн 361.1-д заасан баримт бичгийг үндэслэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтыг хэрэгжүүлэх зардлын тооцооны үнэлгээг хийнэ.

361.4. Энэ хуулийн 361.3-д заасан зардлын тооцооны үнэлгээнд дараахь зүйлийг хамруулна:

361.4.1.    сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан амлалтуудыг хэрэгжүүлэх эдийн засгийн боломж ба нэгдсэн төсвөөс шаардагдах зардлын хэмжээ, эх үүсвэрийн тооцоо;

361.4.2.    сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтыг хэрэгжүүлэх зардал нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хэрхэн хангах, төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх мэдрэмжийн шинжилгээ. 

361.6.    Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 11.1 дэх хэсэгт заасан үнэлгээг, түүнд хэрэглсэн арга зүйн тайлбарын хамт сонгууль болохоос 15-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд хэвлэн, мэдээлнэ.

361.7.    Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь үнэлгээг хийж, олон нийтэд мэдээлснээс хойш цаашид ямарваа нэгэн нэмэлт үүрэг хүлээхгүй.”  
 
2 дугаар зүйл. Энэ хуулийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


Гарын үсэг



МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ



200  оны   сарын   өдөр                                                                                                             Улаанбаатар хот

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 

1 дүгээр зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3 дугаар бүлэгт дор дурдсан зүйл, хэсэг нэмсүгэй:

1/ 91 дүгээр зүйл. Төсвийн тогтворжуулалтын сан”

“91.1.    Төсвийн тогтворжуулалтын сан нь төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг мөрдөж улсын төсвийн дунд, урт хугацааны тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлсэн горимыг хэрэгжүүлэхэд санхүүгийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ. 

91.2.    Төсвийн тогтворжуулалтын санг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

91.2.1.    төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан нөхцлөөр тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан төсвийн бодит орлого;  

91.2.2.    төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.1. дэх хэсэгт заасны дагуу засгийн газраас тодорхойлсон нэгдсэн төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлтийн дагуу бий болсон төсвийн ашиг;

91.2.3.    Засгийн газрын нөөц сангийн болон эрсдлийн сангийн тухайн төсвийн жилийн зарцуулагдаагүй чөлөөт эх үүсвэр;

91.2.4.    төсвийн тогтворжуулалтын сангийн санхүүгийн үйл ажиллагаанаас олсон орлого;

91.3.    Энэ хуулийн 91.1-д заасан сангийн хөрөнгө зөвхөн дор дурьдсан төсвийн алдагдлыг тухайн жилийн төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулсаны үндсэн дээр санхүүжүүлэхэд зарцуулагдана:

91.3.1.    тухайн жилийн төсвийн тэнцвэржүүлсэн төлөвлөгөөт орлогын тасалдал;

91.3.2.    Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан тохиолдлын улмаас үүссэн төсвийн алдагдал; 

91.3.3.    Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.5-д заасны дагуу Улсын тэтгэврийн санд хийх  мөнгөн хуримтлалын  зузаатгал.

91.4.    Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 91.3 дахь хэсэгт заасан төсвийн алдагдлыг бүрэн санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд уг алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.6 дахь хэсэгт заасан улсын өрийн хязгаарт багтааж зээл авч болно.

91.5.    Хуульд өөрөөр заагаагүй бол Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг Монголбанкинд тусгай дансанд байршуулж энэ хуулийн 91.3-т заасан зориулалтаар санхүүжилт хийхэд цаг ямагт хөрвөх чадвартай байлгах арга хэмжээг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Монголбанктай гэрээний үндсэн дээр  хэрэгжүүлнэ.”

91.6. Энэхүү хуулийн 6.1.5-д заасан улсын тэтгэврийн сангийн зузаатгалын хөрөнгө нь төсвийн тогтворжуулалтын сангийн бүрэлдэхүүн хэсэг байна. 

2 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хуулийн 2.1 дэх хэсгийн “хууль тогтоомж нь” гэсний дараа “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль,” гэж нэмсүгэй.

3  дугаар зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.9, 6.2.5 дахь хэсгийн “Монгол улсыг хөгжүүлэх сан” гэснийг “Төсвийн тогтворжуулалтын сан”  гэж өөрчилсүгэй.

4  дүгээр зүйл. Энэ хуулийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

Гарын үсэг


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ



200  оны   сарын   өдөр                                                                                                           Улаанбаатар хот


МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ
ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хүчигүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл. Энэ хууль хүчин төгөлдөр болоход Монгол улсыг хөгжүүлэх санд төвлөрүүлсэн орлогын үлдэгдэлийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Тогтворжуулалтын санд шилжүүлэн төвлөрүүлнэ.  

Гарын үсэг