Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

ТӨВ БАНК МОНГОЛБАНК-НЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 1 дүгээр зүйл. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй.

1/“91 дүгээр зүйл. Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэхтэй тэмцэх

1.Мөнгөн тэмдэгтийн хуурамч эсэхийг Монголбанк тогтооно.



2.Хуурамч мөнгөн тэмдэгтийг Монголбанк устгана.

3.Монголбанк мөнгөн тэмдэгтийн хуурамч эсэхийг тогтоох, хуурамч буюу хуурамч байж болзошгүй мөнгөн тэмдэгтийн талаарх мэдээллийг бусдаас хүлээн авах, устгахтай холбогдсон харилцааг Монголбанкны журмаар зохицуулна.

2/ “13 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д  дурьдсан Монголбанкны хүлээн зөвшөөрөх активын жагсаалтыг Монголбанк баталж, нийтэд ил тод мэдээлнэ.”

3/”252 дугаар зүйл. Монголбанкны хянан шалгагч, хянагчийн хянан шалгалт хийхээс татгалзах үндэслэл

1.Монголбанкнаас томилсон хянан шалгагч, хянагч нь дараахь нөхцөлд хяналт шалгалт хийхээс татгалзана:

1/тухайн банкинд сүүлийн 2 жилийн дотор ажиллаж байсан; 
2/өөрийн төрөл, садан /эцэг, эх, нөхөр, эхнэр, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, хүргэн, бэр/ удирдах албан тушаал /хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, захирал, түүний орлогч, ерөнхий нягтлан бодогч ба түүнтэй адилтгах албан тушаалтан/-д ажилладаг банкинд”


4/ 311 дүгээр зүйл. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл


1.Монгол Улсын санхүүгийн тогтолцоо, түүний тогтвортой байдлыг хангах чиг үүрэг бүхий Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулна.

2.Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл нь Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, санхүүгийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнээс бүрдэнэ.

3.Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл нь санхүүгийн асуудлаар зөвлөмж, дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд хүргүүлж болно. Шаардлагатай гэж үзвэл гаргасан шийдвэр, зөвлөмж болон дүгнэлтээ олон нийтэд мэдээлнэ.

4.Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг гишүүд хамтран батална. 

5. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл нь ажлын албатай байна.   
5/ 381 дүгээр зүйл. Монголбанкны алдагдлыг нөхөх

1.Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

6/ 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
3.Монголбанк энэ зүйлийн 1-д заасан албадлагын арга хэмжээний хүрээнд онцгой дэглэм тогтоосон үед санхүү, банкны системийг эрсдэлээс хамгаалах зорилгоор зээл олгож болно.

7/ 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалт:

8/”банкны санхүүгийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмж, програм хангамжид нэвтрэх, тэдгээрээс банкны үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээ, мэдээллийг цахим болон бусад хэлбэрээр хувилан авах”
   
8/ 25 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3.Монголбанкны хянан шалгагчийг үүргээ биелүүлэхэд дараахь баталгаагаар хангана:

1/Хянан шалгагчаас эрх хэмжээнийхээ хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл түүнийг биелүүлснээс  банк,  гуравдагч этгээдэд учирсан хохирлыг Монголбанк, түүний хянан шалгагч хариуцахгүй. Энэ заалтад дурьдсан асуудлаарх маргааныг шүүх хүлээн авч шийдвэрлэхгүй;

2/Хянан шалгагчийг хуулиар хүлээлгэсэн албан үүрэгтэй нь холбоотойгоор заналхийлэх, сүрдүүлэх, амь бие, эрүүл мэндэд нь халдах аливаа хууль бус үйлдлээс хянан шалгагч, түүний гэр бүлийн гишүүдийг төр хамгаална;

3/Хянан шалгагч үүргээ гүйцэтгэх үедээ эрүүл мэнд нь хохирсон буюу амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний гэр бүлд Монголбанкны журмын дагуу тэтгэвэр, тэтгэмж, зардлыг олгоно”.

9/ 26 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

8.Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарын бүрэн эрхийн хугацаа тэдгээрийг томилсон өдрөөс эхэлж, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг Улсын Их Хурлаас шинээр томилсноор дуусгавар болно.   

10/ 29 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг:   
3.Монголбанкны Зөвлөлийн гишүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 1 жилийн дотор банкны удирдах албан тушаалд ажиллахыг хориглоно.

4.Монголбанкны ажилтны ёс зүйн журмыг  Монголбанкны Ерөнхийлөгч батална.
11/ 34 дүгээр зүйлийн 5, 6, 7 дахь хэсэг:

5.Монголбанк Засгийн газартай байгуулсан гэрээ, хэлцлийн талаархи мэдээллийг хуульд өөрөөр заагаагүй бол тухай бүр нийтэд мэдээлнэ.

6. Монголбанкны Ерөнхийлөгчийн нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан эрх зүйн акт болон Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг нийтэд мэдээлнэ.

7.Монголбанкны удирдлага /Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч/-ын цалингийн хэмжээ нийтэд ил тод байна.”.

2 дугаар зүйл. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын “дагуу” гэсний дараа “орон сууцны зээл олгох”, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “асуудлаар банкны”, “тухай банкны” гэсний дараа “Төлөөлөн удирдах зөвлөлийн”, 30 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “тайлангаа” гэсний дараа “аудитын санал, дүгнэлт болон Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийн хамт”, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монголбанк” гэсний дараа “олон улсын” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт:
“2/Монголбанкнаас дараагийн жилд баримтлах мөнгөний бодлогын зорилт, мөнгөний бодлогод нөлөөлж болох төгрөгийн ханшийн өөрчлөгдөх хандлага, санхүүгийн зах зээлд нөлөөлж болох хүчин зүйлсийн талаарх төсөөлөл”,

2/ 11 дүгээр зүйлийн 2 дахь заалт:
“2.банкинд зээл олгох”,

3/ 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2.Монголбанк банкны заавал байлгах нөөцийн хувь хэмжээг гучин хувиас дээшгүй байхаар тогтоох бөгөөд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн хугацаа, төрлөөс хамааруулан ялгаатай тогтоож болно.

4/ 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:

1/зээл нь Засгийн газрын үнэт цаас,  Монголбанкны үнэт цаас, Монголбанкин дахь тухайн банкны харилцах данс, хадгаламж, Монголбанк хүлээн зөвшөөрөх активаар баталгаажсан;

5/ “15 дугаар зүйл:
1/Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ үнэт цаас гаргах, түүнийг худалдан авах, худалдах, Засгийн газрын үнэт цаас, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, Монголбанкнаас зөвшөөрсөн бусад үнэт цаасыг мөнгөний зах дээр худалдах, худалдаж авах замаар нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй.”
6/24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Монголбанк банкны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд банкны үйл ажиллагааг хянан шалгах, банкинд албадлагын арга хэмжээ авах эрхтэй”,

7/37 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
“4. Актив, пассивыг дахин үнэлэхэд гарсан үнэлгээний цэвэр зөрүүг Монголбанкны цэвэр орлогын тооцоонд хамааруулахгүй”. 

4 дүгээр зүйл. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар
зүйлийн 6 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн гарчиг, 1 дэх хэсгийн “зохицуулна” гэснийг “удирдана” гэж, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын “эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт,” гэснийг “тайлант оны төрийн мөнгөний бодлогын хэрэгжилтийн явц,” гэж, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “мөнгөний нийлүүлэлтийн зорилтот үзүүлэлтийн дагуу” гэснийг “мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ” гэж, 17 дугаар зүйлийн 1, 3 дахь заалтын “улсын төсвийн” гэснийг “төрийн сангийн”, 17 дугаар зүйлийн 2 дахь заалтын “өрийн бичиг” гэснийг “үнэт цаасыг Засгийн газрын хүсэлтээр” гэж, 18 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын “өрийн бичиг” гэснийг “үнэт цаас” гэж, 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “зохицуулахдаа” гэснийг “удирдахдаа” гэж, 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хөндлөнгийн хяналтын байгууллагаар баталгаажуулан Улсын Их Хуралд танилцуулна” гэснийг “баталгаажуулна” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар
зүйлийн 2 дахь заалтаас “эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах замаар” гэснийг, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах зорилгоор” гэснийг, 16 дугаар зүйлийн “нийлүүлэлтийг зохицуулах”, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “2” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл. Энэ хуулийг 2009 оны ... дугаар сарын ...-ний өдрөөс дагаж мөрдөнө.

 

ГАРЫН ҮСЭГ