МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААГ ЭДИЙН ЗАСАГЖУУЛАХ ХӨТӨЛБӨР

2012-03-07 17:27

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 10 дугаар                                                                                                              Улаанбаатар хот
сарын ..-ны өдөр                                                                                                                    Дугаар ..           


     Монгол Улсын гадаад харилцааг эдийн
 засагжуулах хөтөлбөр батлах тухай

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах” хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт ёсоор, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Гадаад харилцааны сайд, уг хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан эрхлэх хүрээний асуудлыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Гадаад харилцааны сайдад үүрэг болгосугай.

Гарын үсэг

Засгийн газрын 2009 оны .. дугаар
         тогтоолын 1 дүгээр хавсралт



МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААГ ЭДИЙН ЗАСАГЖУУЛАХ ХӨТӨЛБӨР

 

Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл

1. Монгол Улсын төрийн бодлого, үйл ажиллагаа нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичигт тусгасан улс орны хөгжлийг эрчимжүүлэхэд өөрийн орны харьцангуй давуу талыг ашиглаж, гадаад улс оронтой эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэж байна. Монгол Улсын Засгийн газар ашигт малтмал, түүхий эдээс хамааралтай эдийн засгийн өнөөгийн бүтцийг өөрчилж, нэмүү өртөг шингэсэн экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, тодорхой салбарт импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улмаар шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлов. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, улс орны хөгжлийн тогтвортой өсөлтийг хангахад гадаад улс төр, эдийн засгийн дипломат үйл ажиллагааг түлхүү чиглүүлж,  улмаар гадаад харилцааг эдийн засагжуулах, нэгдсэн бодлогоор төлөвлөх, хэрэгжилтийг хангах асуудал нэн чухал болоод байна. Түүнчлэн үндэсний аюулгүй байдал, ялангуяа эдийн засгийн аюулгүй байдалд учирч болзошгүй сөрөг нөлөөлөл, улс төр, эдийн засгийн өгөөжийг тооцсон эдийн засгийн бодит харилцааг гадаад улс орнуудтай оновчтой тодорхойлж хөгжүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг боловсруулав.

Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

2. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

2.1.Үндэсний хөгжлийн цогц бодлого, Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлах;
2.2.гадаад улс төрийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдмэл байдал, олон тулгуурт, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг хадгалах;
2.3.эдийн засгийн хамтын ажиллагааг улс орнуудтай хөгжүүлэхдээ тухайн улс орны дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг шалгуур болгох;
2.4.гадаад орнуудын Монгол дахь эдийн засгийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх бодлого баримтлах;
2.5.эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ харилцан ашигтай, ил тод байх.

Гурав. Хөтөлбөрийн зорилго

3. Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр нь эдийн засгийн өгөөжийг гадаад харилцааны арга хэрэгслээр дэмжихэд оршино.
4. Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн зорилго нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд гадаад бодлогын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, ерөнхий болон шууд үйлчлэлтэй болгох, Гадаад харилцааны сайдын төсвийн багцын нэгж төгрөгний өгөөж¬1-ийг нэмэгдүүлэх явдал мөн.

Дөрөв. Хөтөлбөрийн зорилт


5. Хөтөлбөрийн зорилгыг биелүүлэхийн тулд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
5.1.гадаад худалдааны эргэлтийг, ялангуяа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх;
5.2.гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих;
5.3.хоёр болон олон талт хамтын ажиллагаанаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх;
5.4.хөгжлийн зээл, тусламжийг оновчтой ашиглах;
5.5.эх орноо гадаад зах зээлд таниулах.

     Тав. Хөтөлбөрийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа


6. Хөтөлбөрийн 5.1 дэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
6.1.экспортыг дэмжих, төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндэсний стратегийг хэрэгжүүлэх;
6.2.худалдаан дахь тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдах, худалдааг хөнгөвчлөх, санхүүжилтийн тогтолцоог бий болгох;
6.3.худалдааны түнш орнуудтай чөлөөт худалдаа, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах;
6.4.далайд гарцгүй байдлаас үүдэлтэй үр дагаврыг саармагжуулах, далайд гарах гарц эрэлхийлэх.

1 Гадаад харилцааны сайдын жилийн төсвийн зарцуулалтаас олсон ашгийг өгөөж гэж үзнэ.

7. Хөтөлбөрийн 5.2 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагаа хэрэгжүүлнэ:

7.1.нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүний болон мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэл, дэд бүтэц зэрэг салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжих;
7.2. тэргүүний дэвшилтэт технологи, ноу-хауг нэвтрүүлэх, нутагшуулах, ажлын байр шинээр бий болгох;
7.3.хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт импорт орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх.


8. Хөтөлбөрийн 5.3 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

8.1.Засгийн газар хоорондын комисс, зөвлөлдөх уулзалт, бизнес форум, өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр зохион байгуулах уулзалт, зөвлөлгөөнийг үр дүнтэй ашиглах;
8.2.гадаад эдийн засгийн чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах;
8.3.бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид нэгдэх, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох;
8.4.Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагууд болон Дэлхийн худалдааны байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ашиг сонирхлоо хамгаалах.

9. Хөтөлбөрийн 5.4 дэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

9.1.зээл,  тусламжийг эдийн засгийн тэргүүлэх салбарт илүүтэй ашиглах;
9.2.өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж, оюуны хөрөнгө оруулалтыг Монголд татах;
9.3.хэрэгжиж байгаа хөгжлийн төслүүдийг үргэлжлүүлэх, шинээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжүүлэх;
9.4.олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллах.

10. Хөтөлбөрийн 5.5 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

10.1.үндэсний үйлдвэрийн брэнд бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд таниулах;
10.2.газар зүйн заалттай бүтээгдэхүүн бий болгох;
10.3.олон улсын чуулга уулзалт, хурал зөвлөлгөөн, сургалт семинар, үзэсгэлэн, яармагт оролцох.

Зургаа. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үндсэн арга зам

11. Улс орны эдийн засагт хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрийг санаачлан хөрөнгө оруулалтыг татна.
12. Хувийн хэвшил, олон улсын болон банк, санхүүгийн байгууллага, тэдгээртэй адилтгах байгууллагатай хамтран хөгжлийн судалгаа хийж, төсөл, хөтөлбөр боловсруулна.
13. Хөгжлийн төслүүдэд гадаадын төрийн болон төрийн бус байгууллага, хөрөнгө оруулагчдын  дэмжлэгийг авч ажиллана.
14. Гадаад эдийн засгийн үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор хангана.
15. Хоёр талын хамтын ажиллагааны механизмыг үр дүнтэй ашиглана.

Долоо. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа, удирдлага, зохион байгуулалт

16. Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг 2009-2012 онд хэрэгжүүлнэ.
17. Гадаад харилцааны яам нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангана. 
18. Монгол Улсын хөгжлийн зорилтыг хангах, тухайн оронтой хөгжүүлж байгаа худалдаа, эдийн засгийн өнөөгийн харилцаа, хэтийн  төлөв байдлаас хамааруулан Монгол Улсаас гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын орон тоог зохицуулна.     
19. Хөтөлбөрийн явц, үр дүнг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

Найм. Хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилт
                                                    
20. Хөтөлбөрийг дараахь хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
20.1.улсын төсөв;
20.2.хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;
20.3.гадаадын зээл, тусламж.

Ес. Хөтөлбөрийн шалгуур, үр дүн

21. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:
21.1.гадаад худалдааны эргэлт, түүний дотор экспортын өсөлт;
21.2.гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өсөлт;
21.3.хөгжлийн зээл, тусламжийн ашиглалтад хийсэн  хөндлөнгийн үнэлгээ, дүгнэлт;
21.4.гадны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн байдал, үнэлгээ дүгнэлт;
21.5.ажлын байрны нэмэгдсэн байдал, тоон үзүүлэлт;
21.6.нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт;
21.7.гадаад улс оронд суралцан төгсөж ирсэн мэргэжилтэй ажилтан, ажилчдын тоо, тэдгээрийн үйлдвэрлэлд ажиллаж байгаа байдал;
21.8.гадаад зах зээлд Монголын брэнд бүтээгдэхүүнийг сурталчилж, нийлүүлсэн дүнгийн өсөлт;
 
 21.9.Гадаад харилцааны сайдын төсвийн багцын өгөөжийн өсөлт.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Э.Б.Үүлэнцэцэг
    баярлала дотоод бодлогын талаар мэдээлэл байгаа болуу
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 1 цаг 58 минутын өмнө
    Далд уурхайн хүдрийг тээвэрлэх Үйлдвэрлэлийн амыг барьж дууссаныг (хуучнаар Босоо ам 2) “Оюутолгой” компани арванхоёрдугаар сарын 13-нд тэмдэглэлээ. Ийнхүү Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад томоохон шат ахиж байна. Уг байгууламж нь гүний уурхайн ажилтнуудаас гадна уурхайгаас олборлосон хүдрийг тээвэрлэх, бараа материал зөөвөрлөх чухал ач холбогдолтой. Тиймээс гүний уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх гол “зүтгүүр” бэлэн болсон гэсэн үг. Одоо Үйлдвэрлэлийн амны байгууламжийг Улсын комисс хүлээж авсны дараа ажиллаж эхлэх үлдэж байна.
  • 4 цаг 24 минутын өмнө
    Далд уурхайн хүдрийг тээвэрлэх Үйлдвэрлэлийн амыг барьж дууссаныг (хуучнаар Босоо ам 2) “Оюутолгой” компани арванхоёрдугаар сарын 13-нд тэмдэглэлээ. Ийнхүү Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад томоохон шат ахиж байна. Уг байгууламж нь гүний уурхайн ажилтнуудаас гадна уурхайгаас олборлосон хүдрийг тээвэрлэх, бараа материал зөөвөрлөх чухал ач холбогдолтой. Тиймээс гүний уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх гол “зүтгүүр” бэлэн болсон гэсэн үг. Одоо Үйлдвэрлэлийн амны байгууламжийг Улсын комисс хүлээж авсны дараа ажиллаж эхлэх үлдэж байна.
  • 4 цаг 26 минутын өмнө
    Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяртай MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа. Хариуцлагатай уул уурхайг бий болгох талаар өнөөдөр төрийн, хувийн хэвшлийн, иргэний нийгмийн байгууллагууд маш их ярьдаг. Гэвч өнөө “муу нэртэй” салбараа хүссэн хэмжээндээ хариуцлагатай байлгаж чадаж байна уу гэвэл дутмаг зүйлүүд нэлээд гарч ирэх байх. Мэргэжлийн агентлагт ажилладаг хариуцлагатай албан тушаалтны хувьд Та ямар байр суурьтай байдаг вэ? Хариуцлагын тухайд уул уурхай гэж зөвхөн нэг салбарыг онцолж ярих нь миний хувьд өрөөсгөл санагддаг юм. Мэдээж, уул уурхайн талаар ярьж байгаа болохоор үүнийг хөндөж ярих нь аргагүй байх. Компанийн бодлого, үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай байх ёстойг илүүтэй онцлох нь зүйтэй болов уу. Үйлдвэрлэлийн бүхий л салбарт хариуцлагатай үйл ажиллагаа яригдах ёстой.
  • 2019-12-13 11:27
    Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) буюу роялти 2020 оны төсвийг батлахаас өмнө цуцлагдаж (2019.10.30), төсөв батлагдсаны дараа эргэн сэргэсэн (2019.11.22) сонин үйл явдал олон нийтийн анхаарлын төвд байлаа. Төсөв батлагдах мөчид (2019.11.13) АМНАТ-ийг хэрхэх тухай шийдэж амжаагүй байсан нь тухайн үед Сангийн сайд ихээхэн баргар царайлах гол асуудал байв. Учир нь АМНАТ цуцлагдсан өдрөөс Монгол Улсын төсвийн орлого өдөрт 4.6 тэрбумаар тасалдаж, 2020 оны төсөв даруй 1.3 их наяд төгрөгөөр “хохирол” хүлээх болоод байсан юм. Үндсэн хуулийн цэц энэ бүхнийг төдийлөн тооцолгүй зүгээр л Үндсэн хуулийн нэрийг барин цуцалчихсан хэрэг үү гэдэг асуулт бий. Гэхдээ салбарын зарим төлөөлөл роялтийг давхардуулан авах зохицуулалттай заалт байсныг хүчингүй болгосон нь нүдээ олсон хэрэг гэж тайлбарлаж байна. 
  • 2019-12-12 16:38
    Манай улсын уул уурхай болон бусад хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарууд техник тоног төхөөрөмжүүдэд хийдэг техникийн урсгал засвар үйлчилгээний төлөвлөлт, хуваарилалт, тэдгээртэй холбогдох сэлбэг хэрэгслүүдийн бэлэн байдлын бүртгэл зэргийг ихэнхдээ уламжлалт аргаар буюу цаасан дээр эсвэл Microsoft Excel ашиглан хөтөлж нэлээдгүй олон жилийн нүүр үзэж байна. Энэхүү уламжлалт арга нь одоо үед гар ажиллагаа ихтэй, цаг шаардсан, ажлын бүтээмж муутай, мэдээлэл алдагдах өндөр эрсдэлтэй зэрэг сөрөг үр дагавруудтай ба төдийлөн оновчтой бус арга болоод байна. Тэгвэл энэхүү хүндрэлтэй асуудлыг барууны өндөр хөгжилтэй ихэнх орнууд Enterprise Asset Management (EAM) буюу Байгууллагын Хөрөнгийн Удирдлага (БХУ) болон Computerized Maintenance Management System (CMMS) буюу Цахим Засварын Удирдлагын Систем (ЦЗУС) гэгдэх компьютер программуудын тусламжтайгаар амар хялбар, маш өндөр бүтээмжтэйгээр шийдсэн байдаг.