Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

БАЯЛГИЙН ЭЗЭН ШУДАРГА ҮР ӨГӨӨЖ ХҮРТЭХ ЁСТОЙ

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай танилцуулга

Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ ханш нэлээдгүй өсч, энэ хэрээр  Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарт оруулах гадаад,дотоодын хөрөнгө оруулалт ч өссөөр ирсэн билээ. Мөн ойрын жилүүдэд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж, Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэл цаашид нэлээдгүй өсөхөөр байна. Энэ нөхцөл байдлаас харахад манай улсын эдийн засаг, төсөв уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай болохоор байна. Иймээс уул уурхайн үйлдвэрлэлээс бий болсон ашгаас хөрөнгө оруулагчдад татварын дарамт учруулахгүйгээр, нөгөө талаас Монгол Улс баялгийн эзний хувьд уул уурхайн үйлдвэрлэлийн ашгийн боломжийн, шударга үр өгөөжийг хүртэх асуудал зүй ёсоор тавигдаж байгаа юм.

Уул уурхайн үйлдвэрлэлийн ашигт ажиллагааны түвшин, хөрөнгө оруулалтын үр өгөөж нь хөрөнгө оруулагчийн үйлдвэрлэж буй ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ ханшаас шууд хамааралтай байдаг. Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ ханш өсөхийн хэрээр хөрөнгө оруулагчийн ашиг орлого үнийн өсөлттэй уялдан огцом нэмэгддэг боловч энэхүү үнийн өсөлтөөс бий болсон нэмэлт ашгаас Монгол Улсын хүртэх үр өгөөж хөрөнгө оруулагчтай харьцуулахад харьцангуй бага байхаар байна.

Уул уурхай, газрын тосны үйлдвэрлэл  хөгжсөн улс орны туршлагаас харахад ашигт малтмал, газрын тосны үнийн өсөлтөөс бий болсон нэмэгдэл ашигт хувьсах орлогын албан татвар, нөөцийн ашгийн татвар, өсөн  нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг татварыг ногдуулж үнийн өсөлтөөс бий болсон нэмэлт ашгийн тодорхой хэсгээс тухайн улс хувь хүртэж байна. Тухайлбал Намиби, Уганда, Өмнөд Африк, Замби зэрэг улс  ашигт малтмалын үнийн өсөлтөд хувьсах орлогын албан татварыг, Либер, Гана зэрэг улс нөөцийн ашгийн татварыг ногдуулдаг бол Австрали улсын Queensland мужид ашигт малтмалын үнийн өсөлтөөс шалтгаалан өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулдаг байна.

Хувьсах орлогын албан татварын хувь хэмжээ нь тухайн хөрөнгө оруулагчийн ашигт ажиллагааны түвшинд суурилсан байдаг. Гэтэл хөрөнгө оруулагчийн ашигт ажиллагааны түвшин нь зөвхөн үнийн өсөлтөөс хамаардаггүй бөгөөд түүний удирдлага менежментээс ихээхэн хамаарч байдаг тул хувьсах орлогын албан татварыг ногдуулах нь зөвхөн ашигт малтмалын үнийн өсөлтөөс бий болсон нэмэгдэл орлогод татвар ногдуулахгүй байх нөхцөл бүрдэх эрсдэлтэй. Нөгөө талаас, хувьсах орлогын албан татвар нь ашигт ажиллагааны түвшинд суурилсан тул хөрөнгө оруулагчийн зүгээс ашигт ажиллагаагаа бууруулах сонирхлыг нэмэгдүүлдэг сөрөг талтай тул орлогын найдвартай эх үүсвэр болж чадахгүй байх талтай.

Нөөцийн ашгийн татвар нь хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн түвшин, ашигт  ажиллагаанд суурилдаг тул хувьсах орлогын албан татварын бүх сул талыг агуулсан байдаг. Түүнчлэн хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн түвшинтэй уялддаг татварын төрөл тул хөрөнгө оруулагчийг оруулсан хөрөнгө оруулалтаа тодорхой хувийн өгөөжийг нөхөх хүртэл төсөвт орлого төвлөрдөггүй. Энэ утгаараа нөөцийн ашгийн татвар нь орлогын тогтвортой эх үүсвэр биш бөгөөд төслийн эхний жилүүдэд төсөвт орлого төвлөрүүлэхгүй байхаас гадна хэрэгжүүлэхэд нэлээд хүндрэлтэй татварын төрөл юм.

Харин өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр нь зөвхөн үнийн өсөлтөд суурилсан тул зөвхөн ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ ханш өсөлтөд татвар ногдуулах бөгөөд хэрэгжүүлэхэд хялбар, төсвийн орлогын найдвартай эх үүсвэр болдгоороо бусад төрлийн татвараас давуу байдаг.
Уул уурхайн салбар эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлдэг  Монгол Улсын хувьд бусад улс оронтой адил хөрөнгө оруулагчийн өөрийн үйл ажиллагаанаас үл хамаарсан, гадаад зах зээл дээрх тааламжтай нөхцөл байдлын улмаас бий болсон нэмэгдэл ашгаас тодорхой хувийг хүртэх шаардлагатай байна. Иймд ашигт малтмалын үнийн өсөлтөөс бий болох нэмэгдэл ашгаас Монгол Улс тодорхой хэсгийг хүртэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэвтрүүлэхээр хуулийн төсөл боловсрууллаа.

Уул уурхайн үйлдвэрлэл хөгжсөн улс орнуудад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл, үнэ ханш зэргээс хамааруулан ялгавартай тогтоодог ба төлбөрийн хувь хэмжээг тогтоохдоо орлогын албан татварын хувь хэмжээ, орчин зэрэг уул уурхайн салбарын татварын ачааллыг цогцоор нь авч үздэг. Уул уурхайн үйл ажиллагаа идэвхтэй явагддаг улс орны туршлагаас харахад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 0-12 хувиар ногдуулдаг байна. Гол төлөв алт болон үнэт чулуунд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ бусад ашигт малтмалд ногдуулдаг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээнээс харьцангуй өндөр байдаг байна. Уул уурхайн өндөр үйлдвэрлэл хөгжсөн бусад улс орны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, орлогын албан татварын орчин, мөн Монгол Улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээ, орчин зэргийг харгалзан, ашигт малтмалын үнийн өсөлттэй уялдуулан өсөн нэмэгдэх ашигт малтмалын төлбөрийн дээд хэмжээг 5 хувиар тогтоож /үндсэн хувьтай нийт 10 хувь/, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан өсөн нэмэгдэх  нөөцийн төлбөр ногдуулахаар төсөлд тусгалаа.

Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүн болох зэс, зэсийн баяжмал, цайр, цайрын баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, хайлуур жоншны баяжмал зэрэг 10 төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнд эдгээр бүтээгдэхүүнийг хамруулахаар тусгасан.

Өнөөгийн мөрдөгдөж буй Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар нь зөвхөн алт, зэсийн үнийн өсөлтөд ногддог бол өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр нь 12  төрлийн ашигт малтмалын үнийн өсөлтөд ногдохоор байна. Гэхдээ өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь өнөөгийн мөрдөгдөж буй зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвартай харьцуулахад харьцангуй татварын дарамт багатай татварын төрөл юм. Тухайлбал, дэлхийн зах зээл дээрх нэг тонн цэвэр зэсийн үнэ  7000.0 ам.долларт хэлбэлзэж байх тохиолдолд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нэг тонн цэвэр зэсэнд 2448.0 ам.долларын зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг төсөвт төлөх бол өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн шатлалын дагуу нэмэлт 4 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 280.0 ам.долларыг төлөхөөр байна. Эндээс харахад зэсэнд ногдох өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвараас даруй 8.7 дахин бага татварын ачааллыг өгч байгаа юм.
Хэрэв дэлхийн зах зээл дээрх нэг унци алтны үнэ 1100.0 ам.долларт хэлбэлзэж байвал нэг унци алтанд ногдох алтны үнийн өсөлтийн албан татвар 170.0 орчим ам.доллар байхад өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн шатлалын дагуу нэмэлт 3 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 33.0 орчим ам.долларыг төлөхөөр байгаа бөгөөд алтанд ногдох өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь алтны үнийн өсөлтийн албан татвараас даруй 5.2 дахин бага татварын дарамтыг татвар төлөгчид өгч байна.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэвтрүүлснээр төсөвт нийт 95.0 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрөхөөр байна.
Ийнхүү Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ашигт малтмалын өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг ногдуулах нь уул уурхайн салбарын үйл ажиллагаа эрхэлж буй хөрөнгө оруулагчийн өөрийн үйл ажиллагаанаас үл хамаарсан, зөвхөн гадаад зах зээл дээрх ашигт малтмалын үнийн өсөлтөөс бий болсон  нэмэгдэл орлогын тодорхой хэсгээс Монгол Улс хувь хүртэх хууль, эрх зүйн орчин бүрдэх бөгөөд ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ ханш өндөр байх үед төсвийн орлогын тодорхой эх үүсвэрийг бүрдүүлэх болно.

Сангийн яам