Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Монгол Улсын Их Хурлын тогтоол

2010 оны долдугаар                                               Дугаар 39                                                Төрийн ордон
сарын 7-ны өдөр                                                                                                                           Улаанбаатар хот



Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах
зарим асуудлын тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол улсын Их Хурлаас ТОГТООХ Нь:

1.Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан дараах  арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
1/ Тавантолгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс-Тавантолгой” охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх,
2/ Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаар дараах  арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх,
а/ Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх,
б/ хувьцааны 10 хувийг 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах,
в/ хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах,

3/ “Эрдэнэс-Тавантолгой” компанийн толгой компани болох “Эрдэнэс МГЛ” компанийг Монгол Улсын Үндсэн хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах асуудлыг судалж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах,
4/ Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх,
5/ дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн  талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани /консорциум/-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл