Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоо

БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар /цаашид Хэлэлцэн тохирогч талууд гэнэ/, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийг эрмэлзэн, БНМАУ далайд гарцгүй орны хувьд БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах болон буцах онцгой шаардлагатайг харгалзан, найрсгаар зөвлөлдөн, дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиров.

Нэгдүгээр зүйл

Энэхүү хэлэлцээрийн зорилгод нийцүүлэн:

1.    “Далайд гарцгүй улс” гэж Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг хэлнэ.
2.    “Дамжин өнгөрөх улс” гэж Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг хэлнэ.
3.    “Дамжин өнгөрөх тээвэр” гэж БНМАУ-ын иргэд, тээш, илгээлт, бараа, тээврийн хэрэгслийг БНХАУ-ын нутаг дэвсгэрээр /эх газар, дотоодын ус болон нутгийн тэнгис/ сэлгэн тээвэрлэх, хадгалах, нэгтгэх, хэсэглэх буюу тээврийн төрлийг өөрчлөх, эсхүл эдгээр үйлдлийг гүйцэтгэхгүйгээр дамжуулан өнгөрүүлэхийг хэлнэ.
4.    “Тээврийн хэрэгсэл” гэж төмөр замын хөд­лөх бүрэлдэхүүн, авто тээврийн хэрэгсэл, хөлөг онгоц, түүнчлэн Хэлэлцэн тохирогч талуудын харилцан тохирсон тээврийн бусад хэрэгслийг хэлнэ.
5.     “Дамжуулан өнгөрүүлэх журам” гэж дамжин өнгөрөх улсын гааль, хорио цээр болон хяналт шалгалтын байгууллагын ажиглалт, хяналтын дор далайд гарцгүй улсын бараа, тээш, илгээлтийг орох боомтоос гарах боомт хүртэл дамжуулан өнгөрүүлэх журмыг хэлнэ.
6.    “Импорт, экспортын болон бусад татвар” гэж дамжин өнгөрөх улсаас далайд гарцгүй улсад үзүүлж буй үйлчилгээний аливаа хураамжийг үл оролцуулан гаалийн болон бусад бүх төрлийн татвар, эсвэл тээш, илгээлт барааг дамжуулан тээвэрлэхтэй холбогдсон татвар хураамжийг хэлнэ.

Хоёрдугаар зүйл

1. Дамжин өнгөрөх улс өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироохгүйгээр далайд гарцгүй улсад дор дурдсан хөнгөлөлтийг олгоно.
а/ дамжин өнгөрөх улсын нэр заасан далайн боомтоор энэхүү Хэлэлцээрийн заалтын дагуу далайд гарах болон буцах, түүний нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх,
б/ өмнөх заалтад дурдсан нэр заасан далайн боомт гэж дамжин өнгөрөх улсын Тяньжин  хотын олон улсын Синьган боомтыг хэлнэ.
в/ энэхүү зүйлийн 1-ийн б-гийн заалт нь далайд гарцгүй улсаас олон улсын төмөр замын ачааны харилцааны тухай Хэлэлцээр болон олон улсын тогтсон заншлын дагуу ердийн нөхцөлөөр өмнөх заалтад тодорхойлсон далайн боомтоос өөр дамжин өнгөрөх улсын бусад далайн боомтыг ашиглахад саад болохгүй.
2.Далайд гарцгүй улс дээр дурдсан эрхийг хэрэгжүүлэхдээ  дамжин өнгөрөх улсын холбогдох хууль тогтомжийг мөрдөнө.

Гуравдугаар зүйл

1.    Далайд гарцгүй улсын төрийн далбааг мандуулсан хөлөг онгоц дамжин өнгөрөх улсын дотоодын ус болон нутгийн тэнгисээр дамжин өнгөрөхдөө дамжин өнгөрөх улсын холбогдох дүрэм журмыг мөрдөнө.
2.    Далайд гарцгүй улсын төрийн далбааг мандуулсан хөлөг онгоц дамжин өнгөрөх улсын далайн боомтуудад гадаадын бусад хөлөг онгоцонд олгодог нөхцөлтэй адил нөхцөл эдэлнэ.

Дөрөвдүгээр зүйл

1.    Далайд гарцгүй улсын барааг дамжуулан тээвэрлэхдээ дор дурдсан  хэлбэрээр гүйцэтгэнэ:
а/ авто замаар дамжуулан тээвэрлэх барааг дамжин өнгөрөх улсын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Шаардлагатай үед Хэлэлцэн тохи рогч талуудын холбогдох байгууллагууд дамжин өнгөрөх барааг тээвэрлэхэд далайд гарцгүй улсын тээврийн хэрэгслийг ашиглах боломж болон тодорхой хэлбэрийг зөвлөлдөж шийдвэрлэнэ.

б/ төмөр замаар дамжуулан тээвэрлэх барааг 1990 оны долдугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсон Олон улсын төмөр замын ачааны харилцааны тухай Хэлэлцээрийн дагуу тээвэрлэнэ.

в/ далай тэнгисээр дамжуулан тээвэрлэх барааг аль болохоор дамжин өнгөрөх улсын буюу далайд гарцгүй улсын төрийн далбааг мандуулсан хөлөг онгоцоор тээвэрлэнэ.
г/ дамжуулан өнгөрүүлэх барааны тоо хэмжээг Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагууд дамжин өнгөрөх улсын тээвэрлэх болон далайн боомтын хадгалах хүчин чадлыг харгалзан тохиролцоно.

2.    1987 оны долдугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсон Олон улсын зорчигчдын  харилцааны тухай хэлэлцээр болон дамжин өнгөрөх улсын дотоодын дүрэм журмын дагуу дамжуулан өнгөрүүлэх тээш, илгээлтийг олон улсын төмөр замын зорчигч тээврийн холбох өртөөдийн хооронд болон дамжин өнгөрөх улсын олон улсын төмөр замын зорчигч тээврийн холбох өртөө, далайн боомт байгаа хотын төмөр замын өртөөний хооронд зорчигч өөрөө буюу түүний төлөөлөгч тээвэрлэнэ.

Орох, гарах боомт дахь олон улсын шуудан солилцох цэгүүдийн хооронд олон улсын шуудан илгээлтийг дамжуулан тээвэрлэхэд дамжин өнгөрөх улс тээврийн хэрэгсэл олгох бөгөөд дамжин өнгөрөх улсын нутаг дэвсгэрээр олон улсын шуудан, илгээм­жийг Олон улсын шуудангийн холбооны холбогдох Хэлэлцээрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх зааврын дагуу дамжуулан өнгөрүүлнэ.

3.    Дамжуулан өнгөрүүлэх бараа, тээш, илгээлтийг  дамжин өнгөрөх улсын гааль, хо­рио цээр, хяналт шалгалтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр дамжин өнгөрөх улсын нутагт үлдээхийг хориглоно.

Тавдугаар зүйл

1.    Аюултай, идэмхий, түргэн мууддаг бараа, түүнчлэн тээвэрлэлтийн ердийн нөхцөлөөс хэтэрсэн барааг Хэлэлцэн тохирогч талуудын байгуулсан буюу нэгдэн орсон олон улсын холбогдох гэрээ, хэлэлцээр, дамжин өнгөрөх улсын холбогдох хууль тогтоомжид заасан тусгай шаардлагуудын дагуу дамжуулан тээвэрлэнэ. Тусгай шаардлагыг хангалгүйгээр дамжуулан тээвэрлэсэн дээрх төрлийн барааг Хэлэлцэн тохирогч талуудын байгуулсан буюу нэгдэн орсон олон улсын холбогдох гэрээ, хэлэлцээр, дамжин өнгөрөх улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу дамжин өнгөрөх улс саатуулж шийдвэрлэнэ.
2.    Дамжин өнгөрөх улсын хууль тогтоомж, Хэлэлцэн тохирогч талуудын байгуулсан буюу нэгдэн орсон олон улсын холбогдох гэрээ, хэлэлцээрээр дамжуулан өнгөрүүлэхийг зөвшөөрдөггүй бараа, түүний дотор мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, өвчин үүсгэгч бичил биетэн /вирус, бактер/, биологийн бүтээгдэхүүн, мөн түүнчлэн ердийн барааны хэлбэрээр зэвсэг болон галт хэрэгслийг дамжуулан тээвэрлэхийг хориглоно.

Онцгой тохиолдолд далайд гарцгүй улсын дээр дурдсан барааг зөвхөн дамжин өнгөрөх улсын тусгайлан олгосон зөвшөөрлөөр тусгай нөхцөлийн дор дамжин өнгөрөх улсын нутгаар тээвэрлэж болно.

Далайд гарцгүй улсын дээр дурдсан хориглосон бараа, тээш, илгээлтийг дамжин өнгөрөх улсаас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр дамжин өнгөрөх улсын нутгаар тээвэрлэсэн нь илэрвэл Хэлэлцэн тохирогч талуудын байгуулсан буюу нэгдэн орсон холбогдох гэрээ, хэлэлцээр, дамжин өнгөрөх улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Ийм тохиолдолд гарсан хохирлыг далайд гарцгүй улс бүрэн хариуцах бөгөөд дамжин өнгөрөх улсад учруулсан алдагдал хохирлыг далайд гарцгүй улс мөн нөхөн төлнө.

Зургадугаар зүйл

1.    Дамжин өнгөрөх улсын нутгаар ачаа, тээш, илгээлт дамжуулан тээвэрлэхэд гарсан тээврийн зардлыг далайд гарцгүй улс хариуцна.
2.    Дамжин өнгөрөх улсын далайн боомтын талбай болон байгууламжийг бараа, тээш, илгээлт хадгалахад ашигласны түрээсийн зардлыг далайд гарцгүй улс дамжин өнгөрөх улсын дүрэм журмын дагуу хариуцна.
3.    Дамжин өнгөрөх улсаас дамжуулан тээвэрлэлтэд үзүүлсэн үйлчилгээний зардлыг далайд гарцгүй улс хариуцна.
4.    Дээр дурдсан зардал нь шударга, оновчтой бөгөөд Хэлэлцэн тохирогч талуудын байгуулсан буюу нэгдэн орсон олон улсын холбогдох хэлэлцээрүүдэд нийцсэн байх, мөн Монгол Улс далайд гарцгүй орны хувьд Хятад улсын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах болон буцах онцгой шаардлагатайг харгалзсан байна гэж Хэлэлцэн тохирогч талууд тохиролцов.

Долдугаар зүйл

1.    Дамжин өнгөрөх улсын хууль тогтоомж болон Хэлэлцэн тохирогч талуудын байгуулсан буюу нэгдэн орсон олон улсын холбогдох гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол дамжин өнгөрөх улс нь өөрийн нутаг дэвсгэрээр өнгөрч буй далайд гарцгүй улсын бараа, тээш, илгээлтийг дамжуулан тээвэрлэх болон гаалийн бүрдүүлэлт хийхэд нь хөнгөлөлт үзүүлнэ.

Далайд гарцгүй улс дамжин өнгөрөх улсын нэр заасан далайн боомтод гаалийн баталгаат бүс, агуулах ашиглаж болно.

2.    Хэрэв дамжин өнгөрөх улсын гааль болон хорио цээр, хяналт шалгалтын холбогдох байгууллагууд далайд гарцгүй улсын дамжин өнгөрч буй бараа, тээш, илгээлт дамжин өнгөрөх журмын шаардлагыг хангаж байна гэж үзвэл замд явахад нь ерөнхийдөө шалгалт хийхгүй.
3.    Хэрэв дамжин өнгөрөх улсын гааль болон хорио цээр, хяналт шалгалтын холбогдох байгууллагууд дамжин өнгөрөх журмын шаардлагууд хангагдаж байна гэж үзвэл дамжин өнгөрч буй бараа, тээш, илгээлтийг экспорт, импортын татвар болон бусад татвар буюу эдгээр татварын урьдчилгаанаас чөлөөлнө.
4.    Дээрх заалт нь дамжин өнгөрөх улсаас өөрийн дүрэм журмын дагуу хүн амын аюулгүй байдал, нийтийн эрүүл ахуйн эрх ашгийн үүднээс ногдуулдаг хураамж болон бусад үйлчилгээний хураамжид хамаарахгүй.

Наймдугаар зүйл

1.    Дамжин өнгөрөх тээвэрт гарах ёсгүй саад учирвал түүнийг аль болох богино хугацаанд арилгана.
2.    Энэхүү Хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар санал зөрвөл Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагууд зөвлөлдөж шийдвэрлэнэ.

Есдүгээр зүйл

Хэлэлцэн тохирогч талуудын холбогдох бай­гууллагууд энэхүү хэлэлцээрт дурдсан асуудлуудыг хэрэгжүүлэх талаар зохих тодорхой хэлэлцээрүүдийг байгуулна.
Аравдугаар зүйл

Хэлэлцэн тохирогч талууд тохиролцооны үндсэн дээр энэхүү Хэлэлцээрт өөрчлөлт оруулж болно.

Арваннэгдүгээр зүйл

Энэхүү Хэлэлцээр батлагдах бөгөөд баталсан тухай мэдэгдлийг солилцсон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Энэхүү Хэлэлцээр арван жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд хэрэв Хэлэлцэн тохирогч аль нэг Тал нь түүнийг цуцалсан тухайгаа Хэлэлцээрийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас нэг жилийн өмнө бичгээр нөгөө талдаа мэдэгдээгүй бол тав таван жилээр аяндаа сунгагдана.

Энэхүү хэлэлцээрийг Улаанбаатар хотноо 1991 оны наймдугаар сарын 26-ны өдөр монгол, хятад, англи хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд бүх эх бичвэр нь адил хүчинтэй байна.

Энэхүү Хэлэлцээрийг тайлбарлах талаар санал зөрвөл англи хэлээрх эх бичвэр шийдвэрлэх хүчинтэй.

Бүгд Найрамдах Монгол Ард улсын
Засгийн газрын өмнөөс

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын
Засгийн газрын өмнөөс

  • Зочин (202.170.68.130)
    яагаад БНМАУ гэж бичээд байгаа юм бэ Одоо Монгол улс гэж албан ёсоор нэрлэж байгаа
    2013 оны 11 сарын 15 | Хариулах