Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 06 дугаар сарын 08-ны өдөр


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Соёлын өвийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах тогтолцоо


17 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж, хамгаалах


17.1. Түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтад соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тухайн аймаг, нийслэл, баг, сум, дүүргийн Засаг дарга хяналт тавина.
/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
17.2. Түүх, соёлын дурсгалт зүйлийг тухайн орон нутагт нь хадгалах зарчим баримтална. Тухайн түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр улсын музейд шилжүүлэн хадгалж болно.
17.3. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн эрх зүйн хамгаалалтыг улсын, орон нутгийн, байгууллагын гэж ангилна. Улс, орон нутгийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн жагсаалтыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
17.4. Төрийн өмчид байгаа үнэт металл, эрдэнийн үнэт чулуугаар хийсэн хосгүй үнэт дурсгалт зүйлийн жинхэнэ эхийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр эрдэнэсийн санд хадгална.
17.5. Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа хосгүй үнэт дурсгалт зүйлийн хуулбарыг улсын болон тухайн аймаг, нийслэл, сумын музейд, бусад хосгүй үнэт дурсгалт зүйлийн жинхэнэ эхийг улсын музейд тус тус хадгална.
17.6. Эртний хот суурины үлдэгдэл, байшин барилга, археологи, палеонтологи болон уран барилгын цогцолбор зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын болон түүх, соёлын дурсгалт цогцолбор газрын бүсийг Засгийн газар тогтооно. /Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
17.7. Хамгаалалтын бүсэд байшин барилга барих, түүх, соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
17.8. Энэ хуулийн 17.6-д зааснаас бусад түүх, соёлын дурсгалт зүйл, археологийн дурсгал хадгалагдаж байгаа газар түүний хэвлийг хамгаалалтын бүсэд хамааруулж болно.
17.9. Соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга нь устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг боловсруулж улсын буюу орон нутгийн төсөв, сан, хандивын хөрөнгийн үндсэн дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
17.10. Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгоход түүх, археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, түүнээс зөвшөөрөл авна. Урьдчилан хайгуул хийлгэх, илэрсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг авран хамгаалах ажилд шаардагдах зардлыг барилга байгууламжийн захиалагч хариуцна.
17.11. Иргэн түүх, соёлын дурсгалт зүйлд аюул учирч байгаа, эсхүл учирч болзошгүй байдал олж илрүүлсэн бол энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх, боломжтой бол хамгаалах арга хэмжээ авах үүрэгтэй.
17.12. Газрын хэвлийг ашиглах явцад түүх, соёлын дүрсгалт зүйл илэрвэл газрын хэвлийг ашиглагч нь ажлаа зогсоож энэ тухай сум, дүүргийн Засаг дарга, цагдаагийн болон уг асуудлыг эрхэлсэн эрдэм шинжилгээний байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
17.13. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлгөхийг хориглоно.
17.14. Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг өмчлөгч нь уг зүйлийг хадгалж, хамгаалах хэвийн нөхцөлийг хангана. Уг нөхцөлийг хангах боломжгүй бол эрдэнэсийн сан, улсын музейд хадгалуулж болно. Энэ тохиолдолд тэдгээрийг өмчлөгчтэй хийсэн гэрээний дагуу улсын даатгалд авна.
17.15. Сум, дүүргийн Засаг дарга түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах үүргийг гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно. /Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/