Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

ХЭЛЭЛЦЭЭР

Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох найрамдлын харилцааг бэхжүүлэн эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн Газар нь Наушка Тосгоны Район дахь Монгол Зөвлөлтийн хил дээр байгаа хязгаарын боомтоос Улаанбаатар хот хүртэл төмөр замын шугамыг тавих ба ашиглахын тулд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг дор дурдсан үндсэн дээр байгуулахаар ХЭЛЭЛЦЭН ТОХИРСОН НЬ:

Нэгдүгээр зүйл

Тус хэлэлцэн тохирч байгаа хоёр талаас төмөр замын шугамыг тавих ба ашиглахын тулд “Улаанбаатарын төмөр зам” гэдэг нэртэй Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулж Улаанбаатар хотод байрлуулна. Наушка тосгоны район дахь Монгол-Зөвлөлтийн хил дээр байгаа хязгаарын боомтоос Улаанбаатар хот хүртэл 1524 миллиметр өргөн хэмжээтэй ганц дан төмөр замыг энэхүү Хэлэлцээрт хавсаргасан бүдүүвч зураг (нэгдүгээр хавсралт)-д заасан чиглэлийн ёсоор үндсэн гол шугамаас салбарласан салаануудын хамтаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр дээр тавих ба ашиглах эрхийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газраас хувь нийлүүлсэн нийгэмлэгт олгоно.

Төмөр замыг тавих эцсийн чиглэлийг хэлэлцэн тохирч байгаа хоёр талын хэлэлцээрээр тогтооно. Хоёр талын урьдчилан хэлэлцсэнээр 1947 он 9 дүгээр сард эхэлсэн энэхүү төмөр замын барилгыг 1949 оны 12 дугаар сард дуусгаж бүх төмөр замын шугамын туушт галт тэрэгний хөдөлгөөнийг нээнэ. Ажлыг бүрэн дуусгах ба төмөр замын хэвийн ашиглалтыг эхлэх хугацааг хувь нийлүүлсэн нийгэмлэгээс тогтооно.

Хоёрдугаар зүйл

Хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулагсад бол Зөвлөлтийн талаас Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Зам Харилцааны Яам ба Монголын талаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Тээврийн яам болно.

Гуравдугаар зүйл

Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эрхийг барих газрууд бол:
а/ Ерөнхий хороо ба шалган байцаах комиссыг байгуулах, ерөнхий хороо ба шалган байцаах комиссын заавруудыг батлах, жилийн тайлангуудыг батлах, ашгийг хуваарилах зэргийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажил хэрэгт хамаарах бүхий л үндсэн асуудлыг эрхлэх хувь нийлүүлэгчдийн ерөнхий хурал.
б/ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өдөр тутмын ажиллагааг хянаж замын даргын эрх хэмжээнээс хэтэрсэн асуудлуудын талаар шийдвэрүүдийг гаргах ерөнхий хороо. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий Хороонд хоёр талыг тэгш тоотой гишүүд төлөөлөх. Үүнд: Аль аль талаас тус бүр 3 хүнийг оруулж Монголын талаас Ерөнхий хороонд багтсан гишүүдийн дотроос ерөнхий хорооны дарга ба Зөвлөлтийн талаас ерөнхий хороонд багтсан гишүүдийн дотроос ерөнхий хорооны даргын орлогчийг тус тус оруулна. Ерөнхий Хороо нь   Улаанбаатарт байна.
в/ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажил хэргийг тусгай итгэмжлэхгүйгээр эрхлэн хөтлөх үүрэг бүхий замын даргаар толгойлуулсан замын Хэрэг эрхлэх газар.
- Замын даргыг Зөвлөлтийн талаас, түүний орлогчийг Монголын талаас тус тус томилно. Замын даргын эрх хэмжээг хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмээр заан тодорхойлно. Замын даргын орлогч бол замын даргаас түүнд олгосон итгэмжлэхээр тодорхойлогдсон эрх хэмжээний дотор ажиллана. Энэхүү Хэлэлцээрт гарын үсгийг зурахын зэрэгцээгээр хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулагсадаас энэхүү Хэлэлцээрт хавсаргасан дүрэм (Хоёрдугаар хавсралт)-д гарын үсгийг зурна. Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш 15 хоногийн дотор уул дүрмийг зохистой журмаар бүртгүүлнэ.

Дөрөвдүгээр зүйл

Нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь 800 сая төгрөгөөр тогтоогдох бөгөөд үүнээс 408 сая төгрөг нь Зөвлөлтийн талаас ба 392 сая төгрөг нь Монголын талаас тус тус төлөгдөнө. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажиллагааны хөгжилтийн байдлаас тус нийгэмлэгийн хувь нийлүүлсэн Хөрөнгийг хоёр талын хэлэлцэн тохирсноор нэмэгдүүлж болно. Нийгэмлэгийн ашгийг хувь нийлүүлэгчдийн хооронд хуваарилахдаа аль аль талаас хувь нийлүүлсэн хөрөнгөнд тэнцүүлэн гүйцэтгэнэ. Нийгэмлэгийн бүх акц нь нэртэй байна. Акцыг бусдад шилжүүлэх явдлыг гагцхүү хэлэлцэн тохирч байгаа хоёр талын хэлэлцээрээр гүйцэтгэж болно.

Тавдугаар зүйл

Тус нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг хоёр талаас дор дурдсан журмаар нөхөн гаргах. Үүнд:
Зөвлөлтийн тал нь нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгө болгох өөрийн хувийг рублээр төлөх үүнд тийнхүү төлөх төгрөгийн ханшаар төгрөгт оруулан бодож зохих мөнгийг Москва дахь СССР Улсын Банкнаа буй нийгэмлэгийн харилцах дансанд шилжүүлэх журмаар гүйцэтгэнэ. Монголын талаас хувь нийлүүлсэн хөрөнгөө төлөх журмыг тодорхойлбол:
а/ Замын барилгын хэргийг эрхлэх газрын хэрэгцээнд зориулж Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор адуу, морь, гэр, барилгын материал, хүнсний зүйл, хувцас хунар зэргийн бараа товарыг худалдан авахад зориулагдах 8 сая төгрөгийг Монголын Худалдаа аж үйлдвэрийн Банкин дахь нийгэмлэгийн дансанд шилжүүлнэ.
б/ Төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр шилжүүлэн хэрэглүүлнэ. Энэхүү газрыг хугацаагүйгээр хэрэглүүлсний хөлсийг ерөнхийд нь 4 сая төгрөгөөр үнэлнэ.
в/ Цахилгаан станц, гидростанц зэргийн техникийн барилга байшин ба тэдгээрт туслах чанарын байруудыг босгох, мөн мод зэрэг барилгын материалуудыг бэлтгэх, түүнчлэн чулуун нүүрс, нефть, төмөр замыг барихад ба түүнийг цаашид ашиглах явдалд хэрэглэгдэх хэмжээгээр ухаж гаргахад чухал хэрэглэгдэх хэсэг газруудыг дээр дурдсан зурвас газрын гадна талд гаргаж нийгэмлэгт хугацаагүйгээр шилжүүлэн хэрэглүүлнэ. Энэхүү зүйлд дурдсан газруудын ерөнхий талбай нь 10000 гектар болно. Эл газрыг хугацаагүйгээр хэрэглүүлсний хөлсийг ерөнхийд нь 12 сая төгрөгөөр үнэлнэ.
г/ 368 сая төгрөгтэй тэнцэх рублийг СССР улсын банкин дахь нийгэмлэгийн харилцах дансанд оруулна. Үүнийг төгрөг болгон бодохдоо тийнхүү төлөх өдрийн ханшаар гүйцэтгэнэ. Энэхүү зүйлд дурдсан хувь төлбөрийг энэхүү Хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан зээллэгээр төлнө. Нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд нийлүүлэх тус бүрийнхээ мөнгөн төлбөрийг аль аль тал нь улирал тутамд тэгш хувиар төлж нийлүүлнэ. Үүнд анхдугаар төлбөрийг аль аль талаас энэ хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс хойш 15 хоногийн хугацааны дотор төлж нийлүүлбэл зохих бөгөөд харин бусад хувь төлбөрийг дараагийн улирал тутмын эхний сарын дотор төлж нийлүүлнэ. Нийт төлбөрийг 1949 оны 10 дугаар сард дуусгасан байвал зохино.

Зургаадугаар зүйл 

Энэхүү Хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн “Г”-д дурдсан хувийг төлөхөд зориулж Монголын талаас хувь нийлүүлэх хөрөнгөнд оруулахаар Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн Газраас тусгай Хэлэлцээрийн журмаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газарт 368 сая төгрөгтэй тэнцэх зээллэгээг рублээр олгоно.

Долоодугаар зүйл

Хайгуул шинжилгээний ажил болон төмөр замын барилгыг Зөвлөлтийн барилгын Хэрэг эрхлэх газар ба Хувь нийлүүлсэн нийгэмлэг хоёрын хооронд байгуулагдах тусгай хэлэлцээрийн үндсэн дээр мөнхүү барилгын хэргийг эрхлэх газраас гүйцэтгэхийг хэлэлцэн тохирч байгаа хоёр талаас тус тус харилцан зөвшөөрөлдөв. Барилгын хэрэг эрхлэх газар нь өөрийн салбар байгууллагуудын хамтаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын  дэвсгэр нутагт байрлан байх болно.

Наймдугаар зүйл

Нэгдүгээр зүйлд дурдсан төмөр замын барилга ба ашиглалтыг хангахын тулд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар нь дор дурдсан үүргийг хүлээх. Үүнд:
а/ Замын барилгын хэргийг эрхлэх газар буюу хувь нийлүүлсэн нийгэмлэгээс томилогдсон хүмүүст төмөр замын чиглэлийг тогтоох ба мөнхүү замыг тавих ба ашиглах явдалд чухал хэрэглэгдэх нүүрс байгаа газрыг илрүүлэн олохын тулд зураг шинжилгээ ба агаарын зураг авах  болон шинжилгээний ажлуудыг хийх эрхийг олгоно.
б/ Энэхүү хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн “В”-д дурдсан ёсоор нийгэмлэгт шилжүүлэн өгөх газрууд ба гол замын шугам хоёрын хооронд харилцах замуудыг тавих эрхийг нийгэмлэгт олгох ба эдгээр замуудыг тавих газруудыг олгоно.
в/ Барилгын хэрэг эрхлэх газраас хайгуул шинжилгээ ба барилгын ажлыг хийлгэхээр мөн нийгэмлэгээс төмөр замыг ашиглахад хэрэглэхээр томилогдсон бүх инженер-техникийн  ажилтан ба ажилчин албан хаагчид болон тэдний гэр бүлийн хүмүүсийг Зөвлөлт Монголын хилээр хоёр тийш нь саадгүй нэвтрүүлж байхыг зөвшөөрнө.
г/ Замын барилга ба ашиглалтад ажиллах төмөр замын тээвэр ба авто машин болон ердийн хөсөг тээврийг хилээр 2 тийш нь чөлөөтэй нэвтрүүлж байхыг зөвшөөрнө.
д/ Замын барилга ба ашиглалтад чухал хэрэглэгдэх ачаа болон хүмүүсийг тээвэрлэх, түүнчлэн мод материалуудыг урсгахын тулд Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө голууд болон эдгээрийн салаануудаар Зөвлөлтийн усан онгоц ба хувь нийлүүлсэн нийгэмлэгийн худалдан авсан усан онгоцуудыг чөлөөтэйгөөр явуулж байхыг зөвшөөрнө.
е/ Хувь нийлүүлсэн нийгэмлэг ба барилгын хэрэг эрхлэх газрын тээврийн болон агаараас зураг авах нисэх онгоцуудыг хилээр хоёр тийш нь нэвтрүүлж байх ба мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутагт   буудлын талбайнуудыг байгуулах газрыг гарган өгөхийг зөвшөөрнө.
ж/ Төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж материалуудыг шалган үзэх ба гааль татвар хураахгүйгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэн оруулж байх түүнчлэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсад оруулсан хогшил хөрөнгийг СССР улсад саадгүй эргүүлэн гаргахыг зөвшөөрнө. Замын хайгуул шинжилгээ ба барилгыг явуулж байгаа үед мөнхүү барилгын ажилчин албан хаагчдад хэрэглүүлэх хүнсний болон аж үйлдвэрийн хийгээд бусад бараа товарыг гааль татвар хураахгүйгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэн оруулж байхыг зөвшөөрнө.
з/ Хувь нийлүүлсэн нийгэмлэг ба замын барилгын хэргийг эрхлэх газраас холбоо харилцааны байгаа бүх хэрэгслийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тарифаар хэрэглэх эрхийг болон түүнчлэн СССР-ийн төмөр замуудын телеграфи ба телефон шугамуудтай залгасан өөрийн телеграфи телефон шугамуудыг байгуулах хийгээд хайгуул шинжилгээ, барилга ашиглалтын хэрэгцээнд зориулж өөрийн радио станцуудыг байгуулах ба тэдгээрийг ашиглах эрхийг олгоно. Нийгэмлэг ба барилгын хэргийг эрхлэх газрын албан бичгүүдийг шалган үзэхгүйгээр ба саатуулахгүйгээр хил нэвтрүүлж байна.
и/ Нийгэмлэг ба барилгын хэргийг эрхлэх газруудтай хэлэлцээрүүдийг хийх үндсэн дээр төмөр замын шугамын районд сул байгаа орон барилгуудыг мөнхүү нийгэмлэг ба барилгын хэргийг эрхлэх газрын мэдэлд шилжүүлнэ.
к/ Төмөр замын хайгуул шинжилгээ, барилга ба ашиглалтад чухал хэрэглэгдэх ажилчны хүч болон мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Харьяат нарын ердийн хөсгийг хөлслөх, түүнчлэн бусад бүх хэрэглэгдэх зүйлийг худалдан авах явдалд нийгэмлэг ба барилгын хэргийг эрхлэх газарт туслалцааг үзүүлнэ.
л/ Нийгэмлэгт хэрэглүүлэхээр шилжүүлэн өгсөн газруудыг хагалж боловсруулах явдалд саадыг үл учруулна.
м/ Хэрэв 5 дугаар зүйлийн “в”-д заагдсан зурвас газруудад байгалийн баялаг ба ой модыг ашиглах хэрэг тохиолдвол газар ба ой модыг хувь нийлүүлсэн нийгэмлэгт тусгай хэлэлцээрүүдээр гарган өгнө.
и/ Барилга ба замын ажилчин, албан хаагчдын хэрэгцээнд зориулсан хоршоо худалдааны газар, клуб, ариун цэвэр, эмнэлгийн зэрэг бусад албан үйлдвэрийн газруудыг байгуулах, түүнчлэн сонин сэтгүүл, ном дэвтрүүдийг орос, монгол ба бусад хэл дээр хэвлэн гаргаж байхыг хувь нийлүүлсэн нийгэмлэг ба барилгын хэргийг эрхлэх газарт зөвшөөрнө.

Есдүгээр зүйл

Хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр дээр өөрийн ажил явуулагыг мөнхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хуульд тохируулан гүйцэтгэх бөгөөд Монгол улсын үйлдвэр, байгууллагуудын эдэлдэг эрх хөнгөлтүүдийг эдэлнэ.

Аравдугаар зүйл

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар нь хувь нийлүүлсэн нийгэмлэгийг ба түүний салбар контор төлөөлөгчдийн газруудыг байгуулах ба бүртгэх явдалтай хамаарагдсан ямар нэгэн албан татваруудыг үл хураана. Түүнчлэн төмөр замын орлого хийгээд  мөн замаар болон 8 дугаар зүйлийн “д”-д заасан гол мөрнүүдээр ачаа тээш ба хүмүүсийг тээвэрлэх явдал болон төмөр замын өмчид буюу ашиглалтад байгаа газруудын хийгээд төлбөрийн эд хогшил Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор  байгаа буюу ирээдүйд бий болж болох ямар нэгэн албан татварыг үл ноогдуулна. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замын ашиглалтаас олсон мөнгийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр дээр ба түүнээс гадагш саадгүй гуйвуулах замаар алив төлбөр ба зардалд чөлөөтэйгээр хэрэглэж болно. Хувь нийлүүлсэн нийгэмлэг нь гадаадын валютыг  Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банкинд худалдах хийгээд түүнээс худалдан авахдаа банкнаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ямар нэгэн бусад нийгэмлэг ба улсын үйлдвэрийн газруудад хэрэглүүлэн буй ихээхэн тохиромжтой нөхцөлүүдийг эдлэх болно. Нийгэмлэгийн акцаар Зөвлөлтийн талд олгогдох  ашгийн ноогдол хувьд ямар нэгэн албан татвар ногдуулахгүй бөгөөд мөн Зөвлөлтийн хувь нийлүүлэгчид нь уул ашгийн мөнгөөр Зөвлөлт холбоот улсад саадгүй, гааль татварыг хураалгахгүйгээр нэвтрэхүйц чухал хэрэгтэй бараа товарыг худалдан авахад чөлөөтэйгээр хэрэглэх эрхтэй болно.

Арваннэгдүгээр зүйл

Энэхүү Хэлэлцээрийн хүчин төгөлдөр байх хугацааны дотор ачааг тээвэрлэх болон хүмүүсийг ба тэдний тээшийг тээвэрлэх мөн түүнчлэн бараа товарыг ачих буулгах явдлын тарифыг хувь нийлүүлсэн нийгэмлэгээс тогтооно. Хүмүүс ба ачааны эздэд зориулсан дүрэм хийгээд тушаалыг нийгэмлэгээс орос, монгол хэл дээр нийтэлж байна.


Арванхоёрдугаар зүйл

Төмөр замд ажиллах хүмүүсийг Зөвлөлтийн ба Монголын харьяат нарын дотроос элсүүлнэ. Төмөр замын кадр хүчнийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харьяат нарын дотроос бэлтгэх зорилгоор хувь нийлүүлсэн нийгэмлэг нь зохих курс сургуулиуд ба бусад суралцах газруудыг байгуулна.

Арвангуравдугаар зүйл

Төмөр замын барьж байгаа ба мөн түүнийг ашиглаж байгаа үед замыг ба түүний харьяа газрууд ба албан үйлдвэрийн байгууллагуудыг    харж хамгаалах ажлыг мөнхүү замын нийгэмлэгээс байгуулсан зэвсэгт харуул манаагаар гүйцэтгэнэ. Харуул манааны зардалд хэрэглэгдэх хөрөнгийг хувь нийлүүлсэн нийгэмлэгээс гаргана. Харуул манааны тоог барилгын хэргийг эрхлэх газрын даргаас ба мөн түүний ашиглалтын үед замын даргаас тус тус тогтооно.

Арвандөрөвдүгээр зүйл

Нийгэмлэгийн үргэлжлэн ажиллах явдлыг ямар нэгэн хугацаагаар үл хязгаарлана. Тус нийгэмлэгийг гагцхүү хэлэлцэн тохирч байгаа хоёр талын хэлэлцээрээр татан буулгаж болно.

Арвантавдугаар зүйл

Энэхүү хэлэлцээр нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд түүнийг тусгайлан батлах явдалгүй болно. Хэлэлцээрийг хоёр хувь тус бүр монгол ба орос хэл дээр үйлдсэн бөгөөд үүнд энэхүү хоёр эх нь адил хүчинтэй болно. Улаанбаатар хотод 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдөр үйлдэв.

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ                            ЗӨВЛӨЛИЙН ЗАСАГТ НИЙГЭМ
АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ                          ЖУРАМТ БҮГД НАЙРАМДАХ
ТӨЛӨӨЛЖ                                                                   ХОЛБООТ УЛСЫН ЗАСГИЙН
                  ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ   

    ЧОЙБАЛСАН                                                                                          ПРИХОДОВ