Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Монгол улс, Оросын холбооны улсын нутгаар дамжин тээвэр хийж, далайд гарах тухай Монгол улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газар хооро

Монгол улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газар /цаашид Хэлэлцэн тохирогч талууд гэж нэрлэнэ/, хоёр орны уламжлалт нөхөрсөг харилцаа, итгэлцэл, төрөл бүрийн хамтын ажиллагааг үндэс болгон,
далайд гарцгүй улсын онцгой эрх ашиг, хэрэгцээг харгалзан үзэх ёстойг хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг эрхэмлэдгээ нотлон, олон улсын худалдааг өргөтгөн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэн, дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиров. Үүнд:

Нэгдүгээр зүйл

Энэхүү хэлэлцээрийн хувьд
а/ “далайд гарцгүй улс” гэж Монгол улсыг хэлнэ,
б/ “дамжин өнгөрөх улс” гэж Оросын холбооны улсыг хэлнэ.
в/ “дамжин өнгөрөх хөдөлгөөн” гэж далайд гарцгүй улсын хүмүүс, тээш, ачаа, түүнчлэн бараа, илгээлт, шууданг далайд гаргах зорилгоор дамжин өнгөрөх улсын нутгаар дамжуулан өнгөрүүлэхийг хэлэх бөгөөд ачааг шилжүүлэн ачих, хадгалах, хэсэглэх, нэгтгэх буюу тээврийн хэрэгслийг сэлгэх эсхүл эдгээр ажиллагааг гүйцэтгэхгүйгээр дамжин өнгөрөх нь далайн гарцгүй улсын нутаг дэвсгэрт эхэлж, дуусах нийт замын зөвхөн хэсэг байна.
г/ “тээврийн хэрэгсэл” гэж төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, авто тээврийн хэрэгсэл, далайн болон гол мөрний хөлөг онгоцыг хэлнэ. Хэлэлцэн тохирогч талууд харилцан тохиролцож тээврийн бусад төрлийг тээврийн хэрэгсэлд хамруулж болно.

Хоёрдугаар зүйл

Дамжин өнгөрөх  улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмуудад тулгуурлан тухайн улсаас тогтоосон журмын дагуу далайд гарцгүй улсад дор дурдсан эрх олгоно:
а/ далай руу болон далайгаас дамжин өнгөрөх улсын нутгаар энэхүү Хэлэлцээрийн заалтуудын дагуу дамжин өнгөрөх хөдөлгөөнийг чөлөөтэй гүйцэтгэх,
б/ далайн боомтуудыг ашиглах, дамжин өнгөрөх улсын дотоодын болон нутгийн усаар далайн гарцгүй улсын далбааг мандуулсан хөлөг онгоц нэвтрэн өнгөрөх,
в/ ачаагаа хадгалах, шилжүүлэн ачих, хэсэглэх, нэгтгэх.
Гуравдугаар зүйл
Далайд гарцгүй улсын далбааг мандуулсан хөлөг онгоцууд дамжин өнгөрөгч улсын далайн боомтуудад гуравдагч улсын хөлөг онгоцонд олгодогтой адил эрх эдэлнэ.

Дөрөвдүгээр зүйл

Далайд гарцгүй энэхүү Хэлэлцээрийн хоёр­дугаар зүйлд заасанчлан дамжин өнгөрөх хөдөлгөөнийг тухайн хоёр орны тээврийн хэрэгсэл, түүнчлэн Хэлэлцээр тохирогч талуудын эрх бүхий байгууллагуудын тохиролцсоны дагуу гуравдагч улсын тээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.

Тавдугаар зүйл

1.    Далайд гарцгүй улс дамжин өнгөрөх улсын нутгаар хүмүүс, тээш, ачаагаа дамжуулан өнгөрүүлэхтэй холбогдсон тээврийн зардлыг хариуцна.
2.    Дамжин өнгөрөх улс өөрийн нутаг дэвсгэрээр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аль болох дөт замыг тогтоож өгөх бөгөөд дамжин өнгөрөх улсад тийнхүү үзүүлж буй туслалцаа, үйлчилгээтэй холбогдсон зардлыг далайд гарцгүй улс өөрөө хариуцна.
3.    Дамжин өнгөрөх хөдөлгөөнд дамжин өнгөрөх улсаас үзүүлж буй үйлчилгээ дамжин өнгөрөх улсын дотоодын тээврийн тариф, хураамж болон хоёр улсын нэгдэн орсон олон улсын хэлэлцээрээр тогтоосон тариф хураамжаас илүүгүй  хөнгөлөлттэй тариф тогтоож, хураамж ногдуулна.
4.    Монголын болон Оросын холбогдох байгууллагууд энэхүү Хэлэлцээрт холбогдсон бүх төлбөр тооцоог чөлөөтэй хөрвөх валютаар гүйцэтгэнэ. Хоёр улсын холбогдох байгууллагууд төлбөр тооцоог өөр валютаар буюу өөр хэлбэрээр хийх талаар тохиролцож болно.

Зургадугаар зүйл

1. Дамжин өнгөрөх улс далайн гарцгүй улсын дамжин өнгөрөх хөдөлгөөнийг саатуулахгүй байх, техникийн чанартай бусад бэрхшээл гаргахгүй байх талаар шаардлагатай бүх арга хэмжээг авна.
2.Энэхүү зүйлийн 1-д дурдсан саатал, бэрхшээл гарвал тэдгээрийг даруй арилгах зорилгоор Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагууд шуурхай зөвлөлдөж, хамтран ажиллана.

Долдугаар зүйл

1.Далайд гарцгүй улсын дамжин өнгөрөх хөдөлгөөнд тавих гаалийн болон бусад төрлийн хяналтыг дамжин өнгөрөх улсын гаалийн болон хяналтын бусад байгууллага хууль тогтоомжийнхоо дагуу зохион байгуулж хэрэгжүүлнэ.
2.Далайд гарцгүй улсын ачаа, тээврийн хэрэгсэлд ер нь бол зөвхөн гаалийн гадаад үзлэгийг хийнэ. Харин нийгмийн дэг журам, тухайлбал нийгмийн аюулгүй байдал, ёс суртахуун, эрүүлийг хамгаалахтай холбогдсон учир шалтгаанаар, эсвэл байгаль орчин, соёлын өв, үйлдвэр, худалдаа, оюуны өмчийг хамгаалах үүднээс шаардлага гарвал бүрэн буюу хэсэгчилсэн дотоод үзлэг хийж болно.
3.Далайд гарцгүй улсын ачаа тээшинд гаалийн бүрдүүлэлт хийхтэй холбогдсон хураамжаас өөр гаалийн болон бусад ямарваа татвар хураамж ногдуулахгүй.

Наймдугаар зүйл

1.Далайд гарцгүй улс ачаагаа хадгалах, шилжүүлэн ачих, хэсэглэх, нэгтгэх зорилгоор дамжин өнгөрөх улсын далайн боомтуудад тусгай бүстэй байж болно.
Энэхүү боломжийг хэрэгжүүлэх талаар хоёр улсын эрх бүхий байгууллагууд тусгайлан тохиролцож байна.
2.Далайд гарцгүй улс дамжин өнгөрөх улсын нутаг дэвсгэрт өөрийн тээврийн байгууллагын төлөөлөгчийн газруудтай байж болно.

Есдүгээр зүйл

Дамжин өнгөрөх улс өөрийн нутаг дэвсгэрт бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ энэхүү Хэлэлцээрээр далайд гарцгүй улсад олгосон эрх, бололцоо нь дамжин өнгөрөх улсын хууль ёсны эрх ашгийг ямар нэгэн байдлаар хохироохгүй байхад чиглэсэн шаардлагатай бүх арга хэмжээг авах эрхтэй.

Аравдугаар зүйл

Энэхүү хэлэлцээрийн тайлбарлах, хэрэгжүүлэх талаар хэлэлцэн тохирогч талуудын хооронд гарсан маргааныг хэлэлцээний замаар зохицуулна.

Арваннэгдүгээр зүйл

Энэхүү хэлэлцээрт оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг Хэлэлцэн тохирогч талууд тохиролцох бөгөөд тэдгээрийг бичгээр үйлдвэл зохино.

Арванхоёрдугаар зүйл

Энэхүү хэлэлцээрийг 10 жилийн хугацаагаар байгуулж байгаа бөгөөд Хэлэлцэн тохирогч аль нэг тал Хэлэлцээрийн зохих хугацаа дуусахаас 12 сарын өмнө түүний үйлчлэлийг зогсоох тухай хүсэлтээ Хэлэлцэн тохирогч нөгөө талд бичгээр эс  мэдэгдвэл энэхүү Хэлэлцээрийн хугацаа тав таван жилээр аяндаа сунгагдаж   болно.

Арвангуравдугаар зүйл

Энэхүү Хэлэлцээр түүнд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно.
Энэхүү Хэлэлцээрийг 1992 оны аравдугаар сарын 19-ний өдөр монгол, орос хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд хоёр эх бичвэр нь адил хүчинтэй байна.

 

Монгол улсын                    Оросын холбооны
Засгийн газрыг                         улсын Засгийн
төлөөлөн                               газрыг төлөөлөн