Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

“ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдөр болж
дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Засгийн газрын хуралдаанаар Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернейшнл Холдингс Лимитед” компани хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын явцтай танилцав.

Гэрээ байгуулснаас хойш хугацаанд төслийн санхүүжилтийн хүүг бууруулах, санхүүжилтийн арга хэлбэр, нөхцөлийг монголын талд үр ашигтайгаар шийдвэрлэх талаар компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, Хувь нийлүүлэгчдийн хурал болон яриа хэлэлцээний үеэр удаа дараа ярилцсаар ирсэн. Үүний дүнд хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцоонд хүрсэн гэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэв.

Оюутолгой төслийн санхүүжилтийн хүүг LIBOR нэмэх нь 6,5 хувь болгон бууруулах, Монголын тал санхүүжилт хийх, төслийн санхүүжилтэд оролцох эрхтэй байх, төслийн санхүүжилтийг гуравдагч этгээдээс тэргүүн ээлжинд авах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбарыг ашиглах, өмнө нь гэрээнд тусгагдсан байсан давуу эрхийн хувьцааны асуудлыг өөрчлөх, Монголын талын эзэмшлийн 34 хувь ямар ч тохиолдолд буурахгүй байх зэргийг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцжээ.

Энэ дагуу:
1. Санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ: Яриа хэлэлцээний үр дүнд төслийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ 9,9 хувь нэмэх нь АНУ-ын инфляци байсныг өөрчлөн Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6,5 хувиар тооцохоор хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцлоо. Санхүүжилт болон зээлийн шинээр тохиролцсон хувь, хэмжээ нь олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн газрын болон төрийн өмчийн оролцоот аж ахуйн нэгжүүдэд олгодог санхүүжилтийн урт хугацааны зээлийн хувь, хэмжээтэй дүйцэхүйц одоогийн санхүүжилтийн нөхцөлөөс манай талд илүү үр өгөөжтэй юм. Энэ тохиролцоог 2011 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр болжээ.

2. Монголын талын санхүүжилт хийх эрх:  Монголын тал төсөлд шаардлагатай нийт мөнгөн хөрөнгийн өөрт ноогдох хэсгийг ямар ч үед гаргах эрхтэй байхаар тохиролцсон байна. Мөн манай талын санхүүжилт хийх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс компани нь жил бүр үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийг батлахдаа ирэх 12 сарын хугацаанд шаардлагатай мөнгөн хөрөнгийн хэрэгцээ шаардлагын төлөвлөгөө, танилцуулгыг Төлөөлөн Удирдах Зөвлөл болон болон хувь нийлүүлэгч талуудад танилцуулахаар боллоо.

3. Санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбар: /Funding hedging options/: Төслийн нийт санхүүжилт болон зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6,5 хувь байна. Хэрвээ дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдлаас шалтгаалан Лондонгийн банк хоорондох зээлийн хүү нь компани болон хувь нийлүүлэгч талуудад өндөр өртөгтэй болох тохиолдолд компани санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбаруудыг судалж, шаардлагатай арга хэмжээ авна. Мөн Хөрөнгө оруулагч талтай 7 жил тутам санхүүжилт болон зээлийн хүүгээ дахин судалж хэлэлцэхээр болжээ.

4. Гуравдагч этгээдээс авах төслийн санхүүжилт: Компани нь олон улсын банкны зах зээлээс Оюутолгой төслийн хувьд үр өгөөжтэй, зохистой гуравдагч этгээдийн төслийн санхүүжилтийг тэргүүн ээлжинд авч ашиглана. Төсөлд зориулан хувь нийлүүлэгч талууд гуравдагч этгээдээс авах төслийн санхүүжилтийг компанид санал болгохдоо уг санхүүжилтийн өртөг зардалд аливаа хураамж ногдуулах, нэмэлт ашиг хийхгүй байх юм. 

5. Монголын талын эзэмшлийн 34 буурахгүй байх: Монголын талын эзэмших 34 хувь буурахгүй байхаар өмнө нь гэрээнд тусгасан байсан.  Харин манай талаас шаардсан мөнгөн хөрөнгийг компанид нийлүүлэхээр шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран монголын талын хувь эзэмшил (34%)-ийг түүний зөвшөөрөлгүйгээр бууруулахгүй байхыг баталгаажууллаа.

6. Давуу эрхийн хувьцаа: Хувь нийлүүлэгчдийн гэрээний 11 дүгээр бүлэгт өмнө нь тусгагдсан байсан давуу эрхийн хувьцаатай холбоотой аливаа асуудлыг бүрэн өөрчлөх үүднээс гэрээнээс хасахаар болжээ. Үүний оронд зээлийн эрхийн бичгээр санхүүжүүлэх юм. 

7. Бусад асуудал: “Айвенхоу Майнз Лимитед” болон “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компани гэрээний дагуу "Оюу толгой" ХХК-д эзэмшиж буй аливаа хувьцаагаа төрийн өмчийн оролцоот этгээдэд, эсвэл “Оюутолгой” ХХК-ийн шууд буюу шууд бус хамааралтай этгээдэд худалдах, шилжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газартай урьдчилан зөвшилцөж, бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хийхээр тохиролцов. Ийнхүү хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан асуудлаар Хөрөнгө оруулалтын гэрээний талууд тусдаа гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулахаар болжээ.


ЗАСГИЙН ГАЗАР 800 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНД ГАРГАНА

Засгийн газрын хуралдаанаар үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар шийдвэрлэв. 
Санхүүгийнх нь эх үүсвэрийг бүрдүүлэхэд зориулж Монгол Улсын Хөгжлийн банкны 250 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 5 жил, 250 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 10 жил, 300 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 15 жилийн хугацаатай дотоодын зах зээлд гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ч.Хашчулуунд, үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайдад зөвшөөрсөн байна.

Баталгаажсан үнэт цаасны эх үүсвэрээс Улсын Их Хурлын 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолд заасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж эхлэх юм. 
Мөн хуралдаанаас Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаасны эх үүсвэрийг хямдруулах, иргэдэд олгох боломжийн хямд үнэтэй орон сууцны зээлийн хүүг жилийн 6 хувиас хэтрүүлэхгүй байлгах саналыг Монголбанктай хамтран  боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.  
Уг арга хэмжээг авахдаа мөнгөний бодлоготой уялдуулж хийхийг холбогдох газруудад Засгийн газрын хуралдаанаас зөвлөмж болголоо. 


“САЙНШАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН
ЗӨВЛӨХ КОМПАНИЙГ ШАЛГАРУУЛНА

“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн олон улсын болон дотоодын хамтарсан хуулийн зөвлөх үйлчилгээний компанийн сонгон шалгаруулалтад “Liberty partners LLC”, ”BNP Paribas”, ”McKinsey and Company”, “Pillsbury” компанийн нэгдэл болон “Hogan Lovells”, ”GT’s advocate” консерциум оролцсон байна.
Эдгээрээс Hogan Lovells”, ”GT’s advocate” консерциум хамгийн сайн үнэлгээ авчээ. Гэхдээ дээрх компаниуд төслийн бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, санхүүжилтийн бүтэц боловсруулах болон эрсдлийг хүлээх зэрэгт учир дутагдалтай  байгаа тул үүнийг  “Liberty partners LLC”, ”BNP Paribas”, ”McKinsey and Company”, “Pillsbury” компанийн нэгдэлд хариуцуулан хамтарсан баг байгуулж шийдвэрлэх боломжтой гэж Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо үзэж байна.

Төслийн ерөнхий зөвлөх үйлчилгээний компанийн сонгон шалгаруулалтад 4 компани өрсөлдсөнөөс техникийн босго оноог “Bechtel”, ”Worley Parsons” компани хангажээ. Нэгдсэн дүнгээр “Bechtel” компанийн санал хамгийн сайн үнэлэгдсэн учир хэлэлцээрт орж, өмнө хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний бодит үр дүнтэй танилцсаны үндсэн дээр гэрээ байгуулах боломжтой гэсэн дүгнэлт гараад байна.

Үнэлгээ дуусч, шалгарсан компаниудтай гэрээ байгуулах ажил эхэлж байгаатай холбогдуулан талууд санхүүжилтийн хэлэлцээрт орно. Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол удаах оноо авсан зөвлөх компанитай хэлэлцээ хийж  тендерийн хүчинтэй байх хугацаанд /2011.03.26/ зөвлөхүүдийг сонгон шалгаруулна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.