Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Economy

Mongolian Mining Corporation

Монголиа Майнинг Корпораци (MMC) нь 2010 оны 10 дугаар сарын 13-нд Хонконгийн бирж дээр бүртгэгдсэн. Үүсгэн байгуулагчийн хувьд Монгол эзэмшигч нараас бүрдсэн уг бирж дээр бүртгэлтэй анхны компани юм. Компанийн хувьцаа нь 0975 кодтой арилжаалагдаж байна.

Бид тус компанийн хувьцааны үнэлгээний эхний судалгаагаа Та бүхэнд танилцуулж байгаа бөгөөд хувьцааны үнийг 13.18 хонконг доллар буюу одоогийн хаалтын ханшаас 26 хувиар өндөр үнэлж байна.

Компанийн тухай

MMC нь коксжих нүүрс олборлогч, экспортлогч Монголын хамгийн том хувийн компани юм.
Компанийн 44 хувийг эзэмшдэг MCS Mайнинг Групп нь тус компанийн  хамгийн том хувь нийлүүлэгч юм. Бусад томоохон хувь нийлүүлэгчдэд Петровис, Шунхлай Групп, EBRD, Керри Групп болон Анкора Капитал ордог. Олон нийт компанийн 22.3 хувийг эзэмшиж байна.
 

Нөөц ба үйл ажиллагаа

Тус компани нь Өмнөговь аймагт орших Ухаахудагийн нүүрсний ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Ухаахудаг нүүрсний орд нь 2010 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар 2,960 га газар бүхий талбайд олон улсын ЖОРК стандартын шаардлагыг хангасан нийт 499.9 сая тонн Хэмжигдсэн ба Тогтоогдсон нүүрсний нөөц баялагтай ба үүнээс 286 сая тонн нь Баттай ба Боломжтой нөөц юм. Нийт нөөц баялгийн 57 хувийг коксжих нүүрс гэж тогтоожээ.  


Тогтоогдсон нүүрсний нөөц (2010 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар)

Эх үүсвэр: Компани


Ухаахудагийн уурхай нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Тавантолгой нүүрсний ордоос 5 км зайд байрладаг. Компани 2009 оноос уурхайн үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд эхний жил 1.8 сая тн, 2010 онд төлөвлөж байсан 3.8 сая тн түүхий нүүрсээс илүү хэмжээгээр олборлосон байна.

Нүүрс олборлолт болон уурхайн сургалт, тоног төхөөрөмж хангах зэрэг ажлуудыг Leighton Asia компани гэрээгээр гүйцэтгэж байна. Одоогоор Хятадын хил рүү шороон замаар хүнд даацын ачааны тэргээр нүүрсээ тээвэрлэж байна. Нийт 900 гаруй ачааны тэрэг ашиглаж байгаагийн 107 нь ММС-ийн охин компани болох “Трансговь” ХХК-ийн эзэмшилд байдаг бөгөөд бусдыг нь гэрээгээр гүйцэтгэгч компаниуд хариуцаж байна. Нэг ачааны тэрэг нь 80-100 тонн даацтай ба уурхайгаас хил хүртэл 36-48 цагт тээвэрлэлт хийдэг.

Хилийн пост нь долоо хоногийн 6 өдөр, өдрийн 10 цаг нээлттэй байдаг ба Монгол болон Хятадын Засгийн газар 24 цаг болгох асуудлыг хэлэлцэж байгаа.

 

Ухаахудаг ил уурхай

Эх үүсвэр: MICC Уурхай дээр авсан зураг,
2011 оны  1 дүгээр сар

Гол худалдан авагчид
Худалдан авагчдын дийлэнх нь компанитай урт хугацааны гэрээтэй ба Винсвэй худалдааны компани; Чайна Газ, ӨвөрМонголын Шинхуа Групп болон гангийн томоохон үйлдвэрүүд болох Баоганг, Шуоганг болон Хятадын бусад үйлдвэрүүд байдаг. (Зураг 13)

 

MMC-ийн Худалдан авагчид

Эх үүсвэр: Компанийн мэдээлэл

 

Цаашдын төлөвлөлт

MMC 2011 онд нийт 7 сая тонн нүүрс олборлох ба 2013 он гэхэд уурхайн хүчин чадлыг 14.7 сая тонн хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Нүүрсний хувьд өндөр чанарын коксжих нүүрс бөгөөд 2011 оноос угаасан нүүрсээ экспортолж эхлэхээр төлөвлөж байна.
MMC нь одоо уурхайн дэд бүтцийг хөгжүүлэх үүднээс Ухаахудагаас Хятадын хил хүртэлх зам тавих, цахилгаан станц байгуулах зэрэг ажлыг эхлүүлээд байна. Мөн төмөр зам тавих лиценз авч, Монгол улсын Засгийн газраас ажил эхлэх зөвшөөрлийг хүлээж байна.

 

Цахилгаан станцын барилга байгууламж

 

Эх үүсвэр: MICC Уурхай дээр авсан зураг, 2011 оны 1 дүгээр сар

Тус компанийн нүүрс угааж  боловсруулан нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн барилгын ажил одоо ил явагдаж байгаа бөгөөд энэ чиглэлээр Монголд анхны үйлдвэр болох юм. Үйлдвэрийн барилгын ажлыг Sedgman компанитай хамтран гүйцэтгэж 2011 оны 3 дугаар сарын сүүлээр ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна.
 

Нүүрс угаах үйлдвэрийн барилга байгууламж

 Эх үүсвэр: MICC Уурхай дээр авсан зураг, 2011 оны 1 дүгээр сар

 

Эрсдэл

Компанийн цаашдын үйл ажиллагаа болон хувьцааны үнэ цэнд сөргөөр нөлөөлөх учирч болзошгүй гол эрсдэлүүд нь уурхайн болон дэд бүтцийн өргөтгөлийн зардал нэмэгдэх, уг төсөл удаашрах буюу төлөвлөсөн хугацаанаас хойшлогдох, Хятадын гангийн үйлдвэрлэл буурах, түүхий эдийн бааз суурийн хувьд нэг ордоос хэт хамаарах, хуулийн өөрчлөлт буюу улс төрийн тогтворгүй байдал ба валютын ханшийн хэлбэлзэл зэрэг байх болно.


Төсөл удаашрах

Компани уурхайн дэд бүтцийг сайжруулах замаар тээвэрлэх хэмжээгээ нэмэгдүүлж зардлаа багасгахаар төлөвлөж байгаа. Одоогоор нүүрсээ шороон замаар тээвэрлэж байгаа ба 2011 оны хоёр дахь хагаст засмал замыг ашиглалтад оруулна. Эдгээр төслөөс гадна цахилгаан станц болон 2011 оны 3 дугаар сарын сүүлээр ашиглалтад орох угаах үйлдвэрийн барилгын ажлууд удааширсан тохиолдолд компани нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж зардлаа хэмнэх боломжийг хойшлуулах юм. Үүнээс гадна төлөвлөгдөөгүй зардал бий болох, зардал хэтрэх нь борлуулалтын орлогод сөргөөр нөлөөлөх болно.

 

Уурхайн кемпийн барилга байгууламж

Эх үүсвэр: MICC Уурхай дээр авсан зураг, 2011 оны 1 дүгээр сар

 

2010 оны 12 дугаар сарын 14-нд усан хангамжийн байгууламж баригдаж дууссан ба бусад зам, цахилгаан станц, угаах үйлдвэрийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

 

Ус хадгалах байгууламжууд

  Эх үүсвэр: MICC Уурхай дээр авсан зураг, 2011 оны 1 дүгээр сар

 

Хятадын гангийн үйлдвэрлэл

Хятад улс нь дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч бөгөөд коксжих нүүрсний үнийг тодорхойлж байдаг. Хятадын эдийн засаг удааширснаар гангийн үйлдвэрлэл буурах бөгөөд энэ нь коксжих нүүрсний эрэлтийг багасгахад нөлөөлнө. Ингэснээр нүүрсний үнэ унах эрсдэлтэй ба компанийн санхүүд муугаар нөлөөлөх юм.

Нэг орд буюу нөөцийн хамаарал

MMC одоогооор Ухаахудагаас өөр нүүрсний орд газар эзэмшээгүй тул уг ордын лиценз, түүний ашиглалттай холбоотой аливаа асуудал компанийн үйл ажиллагаанд нөлөөлнө.

Төмөр зам байгуулах ажил

Уурхай өргөтгөлийг дэмжин, тээврийн зардлыг багасгаж, ашигт ажиллагааг сайжруулах зорилгоор 2011-2012 онд төмөр замын барилгын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Уурхайгаас Хятад улсын хил хүртэл төмөр зам тавихтай холбоотой гол лицензүүдийг авсан ч Монголын Засгийн газраас энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байна. Уг төмөр зам нь Ухаахудагаас Гашуунсухайт хүртэл 236 км үргэлжлэх бөгөөд жилд 15 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай байх юм.Төмөр замтай холбоотой зардал хэтрэх, хугацаанаасаа хоцрох зэрэг асуудал нь компанийн санхүүгийн зорилтот үзүүлэлтүүд биелэхэд сөргөөр нөлөөлнө.

Улс төр, хууль эрх зүйн орчин

Монголын уул уурхай, ашигт малтмалтай холбоотой хуулиуд сүүлийн хэдэн жил хэд хэдэн удаа өөрчлөгдсөн билээ. Ирээдүйд уг хуульд өөрчлөлт орж болзошгүй юм.
Ухаахудагийн ордын хувьд Монгол улсын Засгийн газрын Ашигт малтмалын лиценз шилжүүлэх гэрээгээр уг ордын лицензийг цуцлах эсвэл төрийн хувь эзэмшил оруулах байдлаар нэмж өөрчлөлт оруулахгүй гэж заасан байдаг. Тус компани уул уурхайн  6 лицензтэй байсан нь бүгд стратегийн ач холбогдол бүхий ордын тоонд орсон ба 5 лицензийг нь Засгийн газарт шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, харин Ухаахудагийн лицензийг хэвээр үлдээсэн.

Валютын ханшийн эрсдэл

Компани Хятад руу нүүрсээ экспортолдог нь валютын ханшийн эрсдэлийг бий болгож байгаа. 2009 онд компанийн борлуулалтын өртгийн 79 хувь, үйл ажиллагааны зардлын 13 хувь, капитал зардлын 88 хувь нь долларын гүйлгээ байсан ба үлдсэн хувь нь төгрөгийн гүйлгээ байсан. 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт борлуулалтын 77 хувь нь доллараар хийгдэж үлдсэн хувь нь юанаар хийгдсэн байна.

Одоогийн байдлаар гадаад валютын эрсдэлийг удирдах ямар нэгэн дериватив хэрэгслүүдийг компани ашиглаагүй байгаа ч ирээдүйд хэджинг хийх замаар уг эрсдэлээс сэргийлж болох юм.


Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.