ТАНИЛЦ. MINING JOURNAL AWARDS-ИЙН ШҮҮГЧИД

2011-01-21 16:17

Та бүхний сайн танилууд. Тэр тусмаа уул уурхайнхны хувьд энэ эрхмүүдийг танихгүй хүн ховор. Тиймээс хэн нь хэн бэ гэдгийг танилцуулах илүүц ч байж мэднэ. Салбартаа ажил мэргэжил болоод ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдсөн энэ эрхмүүд Mining Journal Awards-т нэр дэвшигчдийг үйл ажиллагаагаар нь шүүн тунгаах нүсэр ажлыг амжуулсан билээ. Тэдэн дунд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн гишүүн гээд салбарын нарийн ширийнийг гадарлах нь бүү хэл доторлодог эрхмүүд багтсан юм. Шүүгчдийн зөвлөл нэр хүндтэй байна гэдэг шүүлт бодитой, шударга байна гэсэн үг билээ.

 

Д.ДОНДОВ
(Маркшейдерийн холбооны тэргүүн,
аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, профессор.
ШУТИС-ийн зөвлөх багш)  

Нас сүүдэр 70 хүрч яваа энэ буурал багшийн ажил амьдралынх нь 50 шахам жилийн намтар уул уурхайтай салшгүй холбоотой. Ленинградын алдарт Уул уурхайн сургуулийн бүтээгдэхүүн. Маркшейдер хэмээх ховорхон мэргэжлийг энд эзэмшсэн. Гянт болд үйлдвэрлэдэг Бүрэнцогтын гүний уурхайгаас эхлээд социализмын үеэс угшилтай Налайх, Шарын гол, Багануурын уурхайнуудыг бүгдийг дамжсан уул уурхайн салбарын мэргэшсэн кадр. “Нүүрсний орд газруудын хаягдлыг багасгах арга зам, нормативын үнэлгээ тогтоох нь” сэдвээр судалгааны ажил хийсэн. Энэ нь тухайн үедээ манайд ажиллаж байсан 20 гаруй уурхайд хийсэн гучаад жилийн судалгаа юм. Энэ бүтээл нь монгол эрдэмтдийн 108 ботийн 102 дахь цувралд тавигдсан. Түүний хийсэн судалгаагаар манай улс сүүлийн 40 жилд зөвхөн нүүрснээс 6 сая тонн буюу мөнгөн дүнд шилжүүлж тооцвол 270 сая долларыг буцаагаад газарт булжээ. Үүн дээр алт, зэс, жоншийг оруулбал нийтдээ 4 тэрбум гэсэн тоо гардаг. Ашигт малтмалыг иж бүрнээр ашиглахын эдийн засгийн агуулга түүний   судалгаанаас тод харагдана.

Ер нь Дондов багшид уул уурхайн салбарт туулаагүй намтар гэж үгүй. Эрдэм судалгааны ч чиглэлээр ажиллаж, сайд дарга ч болж явжээ. Бас уурхайд ажиллаж байхдаа осолд орон ажил мэргэжлийнхээ хүнд хэцүүг бие сэтгэлээрээ мэдэрч, эдэлж явсан “ясны горняк”. Бүрэнцогтын уурхайд ерөнхий маркшейдер байхдаа нурангид дарагдан газрын гүнд ганцаараа 12 цаг байсан хүнд хэцүү мөч намтарт  нь бий. Энэ ослын дараа группт орж, далд уурхайд ажиллах эрхгүй болж байж. Ослоос авсан шарх нь эдгэхгүй 43 жил түүнийг зовоосон гэдэг.

Бямбасүрэнгийн гэгддэг 1991 оны Засгийн газарт Түлш эрчим хүчний яамны Орлогч сайдын алба хашиж явсан. Тэр үедээ Тавантолгойн ТЭЗҮ гэх 131 боть номыг Оросын эрдэмтдэд захиалан хийлгэж байжээ.
Одоо ч гэсэн тэр их ачаа үүрч яваа. Уул уурхайн салбартай хамааралтай хэд хэдэн сургуульд багшилж, судалгаа шинжилгээний ажил удирдахын хажуугаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай.


Б.ПҮРЭВТОГТОХ
(Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа
Уул уурхайн хүрээлэнгийн захирал, доктор, профессор.
Монгол улсын зөвлөх инженер)  


Б.Пүрэвтогтох доктор уул уурхайн ашиглалтын технологи  инженер мэргэжилтэй. МУИС-ийн геологи уул уурхайн факультетийг дүүргэжээ. Уул уурхайн хүрээлэнгийн захирлаар   долоо дахь жилдээ ажиллаж байгаа. Тавь гаруй жилийн түүхтэй энэ хүрээлэн эрдэс баялгийн салбарын эрдэм шинжилгээний зураг төслийн ажлыг гүйцэтгэх, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гол түшиц газар нь. Түүнээс гадна уулын үйлдвэрүүдийн захиалгын дагуу судалгаа, зураг төслийн ажил хийж гүйцэтгэдэг шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдсэн төв болдог юм. Тэгэхээр энэ хүрээлэнг олон жил зангидаж  ажилласан хүнд ямар их мэдээлэл, дадлага, туршлага хуримтлагдахыг цөөн үгээр илэрхийлэх аргагүй. Олон үг нуршихаас сэргийлэн энэ эрхмийн салбартаа хэн болохыг авсан хоёр өргөмжлөлөөр нь тодорхойлж болох юм. Тэрбээр уул уурхайн салбартаа Монголын төдийгүй дэлхийн цараатай эрдэмтэн билээ.

Америкийн Намтар судлалын хүрээлэнгээс бүтээсэн “XXI зууны их ухаантнууд” хэмээх 1000 эрдэмтний тухай ном болон Английн Кембридж хотод үйл ажиллагаа явуулдаг Олон улсын намтар судлалын төвөөс гаргадаг “ТОП 100 эрдэмтэн” номын 2008 оны цувралд Б.Пүрэвтогтох докторын намтар, бүтээл нь багтсан байдаг.  Олон улсын энэ байгууллагууд зууны болон оны шилдэг бүтээл гаргасан, бусдаас ялгарч хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтдийг шалгаруулан намтар бүтээлээр нь жагсаадаг байна. Шалгаруулалтыг хийхдээ глобал сүлжээ бүхий тусгай хүрээлэн ажиллуулдаг гэхээр ямар нарийн шүүлт, шалгуураар эрдэмтдийн бүтээл ордог нь ойлгомжтой юм. Сонирхуулахад, Альберт Эйнштейн, Марк Твейн, Мартин Лютер Кинг, Маргарет Тетчер, Жон Кеннеди зэрэг суут хүмүүс эдгээр жагсаалтад багтаж байжээ. Энэ шалгуурт багтсан хүн Монголоос хуруу дарам цөөхөн. Уул уурхайн салбараас гэвэл ганцхан Б.Пүрэвтогтох доктор. Тэрбээр ШУТИС-ийн 2006 оны “Шилдэг эрдэмтэн багш” юм. МУИС, ТИС-д олон жил багшилж,  Уул уурхайн инженерийн сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай эрхэм. “Уул уурхайн хүнд даацын авто самосволуудын хөдөлгөөний процессын загварчлал” сэдвээр 1992 онд докторын зэрэг хамгаалжээ.


Х.НАРАНХҮҮ
(УИХ-ын гишүүн)


Киевийн их сургууль, АНУ-ын Мерилиний их сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Сургууль төгссөн цагаасаа л төр улсын хариуцлагатай албыг хашиж ирсэн түүнийг олон улсын эдийн засгийн өндөр мэдлэгтэй боловсон хүчнүүдийн нэг гэдэг.

Хариуцсан ажилдаа тун ч чамбай ханддаг тэрбээр ашигт малтмал хариуцсан салбарын яамыг цөөнгүй жил удирдсан туршлагатай. Монгол улсын XX зууны бүтээн байгуулалт хэмээгддэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын албан тушаалыг 2000-2007 онд харьцангуй удаан хугацаанд тогтвортой хашсан. “Эрдэнэт”-ийн захирлаар ажилласан он жилүүдийг нь салбарынхан чамгүй үр дүнтэй гэж тодорхойлдог юм билээ.  2008 онд УИХ-д сонгогдон ажиллаж байгаа Х.Наранхүү гишүүн гаднаас нь харахад үг дуу цөөтэй ч улс төрийн хүрээндээ “хатуу самар” гэгддэг.  

Уул уурхайн салбарт түүний үзэл бодол, байр суурь жинтэйд тооцогддог юм. УИХ-ын гишүүдийн дотроос энэ салбарын талаар үнэ цэнтэй үг хэлдэг цөөн хэдэн гишүүний  нэг. Америкт Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр Монголдоо ирээд уул уурхайн чиглэлээр судалгаа, зөвлөгөө өгөх чиглэлээр хоёр жил гаруйн хугацаанд ажилласан байдаг. Мөн ашигт малтмал хариуцсан салбарын яам болох Үйлдвэр худалдааны яаманд газрын даргаас эхлээд орлогч сайд, сайдын албан тушаалыг хашсан олон жилийн туршлагаараа Монголын уул уурхайн чадавхийн талаар дэлхийн олон оронд лекц уншиж байжээ. С.Баярын Засгийн газрын танхимд Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан тэрбээр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын Ажлын хэсэгтэй хамгийн нягт харилцаатай байсан нь.    
Одоо Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн анхны айлчлалаар байгуулагдсан Монгол ОХУ-ын бизнесийн зөвлөлд сонгуульт ажил эрхэлж байгаа.  


Ц.ДАВААЦЭРЭН
(Ашигт малтмалын газрын
Уул уурхай судалгааны хэлтсийн дарга)

Ашигт малтмалын газрын Уул уурхай судалгааны хэлтсийн дарга Ц.Даваацэрэнг Монголын уул уурхайн салбарт танихгүй хүн бараг үгүй биз ээ. Эрдэс баялгийн салбарт хорь гаруй жил зүтгэж яваа нэр хүндтэй энэ эрхмийг    “Mining Journal Awards 2010” анхдугаар шалгаруулалтын Шүүгчдийн бүрэлдэхүүний гишүүнээр урьж, оролцуулсандаа олзуурхаж байна.  1986-1997 онд “Монголросцветмет” нэгдлийн харьяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт инженерээс авахуулаад  цехийн дарга, үйлдвэрийн орлогч дарга хүртлээ дэвшин ажиллажээ. Улмаар  1997-2001 онд  “Бэрхийн уулын үйлдвэр” төрийн өмчийн улсын үйлдвэрийн газрын захирлын албыг хашиж байгаад Дарханы төмөрлөгийн үйлдвэр УҮГ-ын /2001-2006/ захирлаар ажилласан аж. Ц.Даваацэрэн дарга тухайн үедээ алдагдалтай ажиллаж байсан төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд олон дорвитой, зоримог ажил өрнүүлсэн учир Монгол улсын “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр  шагнуулж байжээ.  
Тэрээр  2006-2009 онд “Өргөө менежмент” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2009 оны гуравдугаар сараас Ашигт малтмалын газрын Уул уурхай судалгааны хэлтсийн даргаар томилогдсон юм. Дашрамд дурьдахад, Ц.Даваацэрэн дарга аймгийн заан цолтой, чөлөөт бөхийн спортын дэд мастер ажээ.


Н.БАТБАЯР (Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын
Байгаль орчин, Аялал жуулчлал, Геологи, Уул уурхайн хяналтын газрын дарга)

Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтыг хэрэгжүүлэгч чухал газрын судсыг атгаж буй эрхэм бол Н.Батбаяр дарга.  Ашигт малтмалын газарт хайгуулын лиценз авсан 1100 орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Үүний 270 нь ашигт малтмалын орд ашиглах үйл ажиллагаа эрхэлдэг гэдэг. Энэ аж ахуйн нэгжүүд уулын ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааны тайлангаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, Аялал жуулчлал, Геологи, Уул уурхайн хяналтын газарт тайлагнадаг юм. Тиймээс ч эдгээр компаниудын үйл ажиллагааны талаар хамгийн нарийн мэдээлэлтэй албан тушаалтнуудын нэг нь. Тэр хэрээрээ уул уурхайнхны үйл ажиллагаа, зөрчил, сайн мууг андахгүй мэднэ.

Мэргэжлийг нь эзэмшиж, дунд нь ажиллаж, жаргал зовлонг нь биеэр туулж ирсэн туршлага бас түүнд бий. Тэрээр Монгол улсын Техникийн их сургуулийг төгсчээ. Уулын ашиглалтын технологи инженер мэргэжилтэй. “Бэрх-Уул” ХК, Дэлгэрхааны жоншны далд уурхайд газрын дор дагалдан мастер, Тохойбулгийн алтны уурхайн уулын мастер, чанарын хэлтсийн хяналтын дарга, уурхайн даргаар ажиллаж байсан. АМГТХЭГ-т Бичил уурхайн хэлтсийн дарга, Уул уурхайн газрын дарга, АМГ-т Үйлдвэржилт, хэтийн төлөвийн тасгийн даргаар ажиллаж байгаад 2009 оноос МХЕГ руу томилолт авчээ.

Өнгөрсөн 2010 онд улсын хэмжээнд уул уурхайн салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй цараатай шалгалт хийгдсэн билээ. Шалгалтыг биечлэн удирдсаны хувьд салбарын үйл ажиллагааг ерөнхийд нь тоймлосон дүгнэлт энэ эрхэмд бий. Тиймээс ч хариуцлага ногдуулах зарчимд сэтгэл дундуур яваа. Хууль зөрчсөн байгууллагыг торгох буюу үйл ажиллагааг нь түр зогсоох арга хэмжээ авдгийг таашаадаггүй ч илэрхийлж байсан. Зөрчлийг арилгах хүртэл өдөрт хэдэн мянгаар үргэлжлүүлэн торгодог системийг Монголд нэвтрүүлэх хэрэгтэй гэж үздэг нэгэн.


Н.ЭНХБАЯР
(Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх)


2006 оноос өнөөг хүртэл Монгол улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг сайтар шинжлэн судалж, голтой дүгнэлт хийдэг манай улсын нэр хүндтэй эдийн засагчдын нэгэн. Тийм ч учраас М.Энхболд, С.Баяр, С.Батболд гээд гурван ч Ерөнхий сайдын нүүр үзэхдээ “суудлаасаа ховхролгүй” тогтвортой зөвлөж буй биз ээ.

Хөдөө аж ахуйн их сургууль, Японы Бодлого судлалын их сургуулийг төгссөн. Бизнесийн удирдлагын мастер. Сангийн яаманд мэргэжилтнээс газрын дарга хүртэл арваад жил ажилласан туршлагатай.
Түүний одоо хашиж буй алба нь Ерөнхий сайдыг эдийн засгийн онцгой чухал асуудлаар тодорхой шийдвэр гаргахад зөвлөгөө өгдөг статустай. Эдийн засгийн чиглэлийн олон чухал Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд түүний нэр ёс юм шиг явдаг. Тэрбээр аливаад тун ч нухацтай нямбай ханддаг. Эдийн засгийн хямрал Монголыг тойрно, огт падлийгүй хэмээн манай нэртэй эдийн засагчид, банк санхүүгийн мэргэжилтнүүд том дуугарч байхад Монголын эдийн засагт эрсдэл учирч болох нь гэдгийг бодлогын баримт бичгүүдээр удаа дараа сануулж байсан мэргэжилтнүүдийн нэг. Харамсалтай нь манай улсад Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн зөвлөхийн хэлсэн үг, дүгнэлт, байр суурь нь бусад орных шиг эдийн засгийн хэмжүүр болдог статус үгүй юм. Элдэв амбицгүй энэ даруухан шинжээчийн дүгнэлт тун ч голтой байдаг. Тиймээс ч хэвлэл мэдээллийнхэн эдийн засгийн томоохон арга хэмжээ, шийдвэр гарах үед түүний үгийг сонсохыг эрмэлздэг нь аргагүй юм.        


Н.АЛГАА
(Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн
Гүйцэтгэх захирал)


Монгол улс уул уурхайн хөгжлийн шинэ шатанд  дэвшин орж буй энэ цаг үед төр засаг болоод олон нийтэд дуу хоолойгоо хамгийн идэвхтэй, эр зоригтой хүргэдэг төрийн бус байгууллага бол яах аргагүй  Монголын уул уурхайн үндэсний ассоциаци. Тэр тусмаа Н.Алгаа захиралтай хэвлэл мэдээллийнхэн илүү ойр дотно ажиллаж, ашигт малтмалын салбарт гарч буй алдаа онооны талаар түүний үнэн зөв дүгнэлт, байр суурийг идэвхтэй хүргэдэг юм.

ОХУ-ын Свердловск хотын /хуучнаар/ Уралын Политехникийн дээд сургуулийг 1980 онд инженер металлург мэргэжлээр дүүргэсэн тэр цагаас хойш Монголын уул уурхайн салбарт өнөөг хүртэл ажиллаж байгаа “ахмад дайчид”-ын нэг. Түүний намтрыг товч дурьдахад, Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Засварын цехэд хөдөлмөрийн эдийн засагч, мастер /1980-1990/,   Геологи, уул уурхайн яаманд металлург инженер /1991-1994/, Монгол-Солонгосын хамтарсан “Эрдсам” үйлдвэрт худалдааны менежер /1994-1995/, Монгол-Канадын хамтарсан алтны үйлдвэрт Ерөнхий захирлын орлогч /1995-1998/, ЖАЙКА-гийн “Хөрөнгө оруулалт, хөгжлийн стратегийг дэмжих хөтөлбөр”-ийн уул уурхайн салбарын судалгааны шинжээч, орчуулагч /1998-1999/, “Хайлааст” алтны үйлдвэрийн гүйцэтгэх захиралаар /1999-2000/ тус тус ажиллаж байсан бөгөөд 2001 оноос өнөөг хүртэл Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн /МУУҮА/ Гүйцэтгэх захирлын албыг хашиж байна.

2000 онд МУУҮА-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Ш.Отгонбилэг агсан Н.Алгаад тус ассоциацийн Гүйцэтгэх захирлаар ажиллах саналыг тавьсан гэдэг.


Д.ЭНХБАТ
(Байгаль орчин, аялал жуулчлалын яамны
Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга
)

“Mining Journal Awards 2010” шалгаруулалтын үнэ цэнийг тодорхойлогч бас нэгэн шүүгч бол Д.Энхбат. Уул уурхайн үйлдвэрлэл эрчээ аван буй энэ цаг үеийн шилдэг компани аж ахуйн нэгжийг тодруулахдаа бид тэдгээрийн байгаль экологид хэрхэн ханддаг, хариуцлагатай ажилладаг эсэхэд нухацтай дүн шинжилгээ хийж тодруулахыг эрхэм болгосон юм. Тиймдээ ч олны зүгээс таашаал хүлээсэн “Шилдэг эко уурхай” шагналыг жинхэнэ эзэнд нь хүртээхээр хичээсний маань илрэл бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбатыг шүүгчдийн бүрэлдэхүүндээ урьсан явдал байлаа. Тухайн компанийн байгаль орчны хамгаалал, сүйтгэснийхээ хэрээр нөхөн сэргээж чаддаг, үгүйд хамгийн бодитой, шударга үнэлгээ өгч, “Mining Journal Awards”-ын шүүгчдийн бүрэлдэхүүнд энэ чиглэлийн гол ноён нуруу нь байж чадна гэсэн итгэлээр түүнийг сонгосон юм.

Анхлан бид шүүгчдийн бүрэлдэхүүнээ сонгохоор хуралдаж байхдаа уул уурхайн үйлдвэрлэл дэх байгаль орчны асуудалд хяналттай ажилладаг иргэний нийгмийн төлөөллөөс урих төлөвлөгөөтэй байлаа. Гэвч манайд уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа гадна, дотны компаниуд иргэний нийгмийн байгууллагуудаас илүүтэйгээр Д.Энхбат эрхмээс айдаг сурагтай. “Монгол улсад нөхөн сэргээлтийг ном горимынх нь дагуу хийж гүйцэтгэсэн нэг ч компани байхгүй” гэж хээв нэг хэлдэг түүний сэтгэлд таарах, хариуцан ажилладаг газрынх нь шалгуурыг давах уул уурхайн компани барагтай бол байдаггүй юм билээ. Тиймдээ ч салбарын хэмжээний мэргэжилтнүүд болон уул уурхайн компани, тэр ч байтугай төрийн байгууллагын сайд, дарга нарын зүгээс “Хатуу самар” гэх нэрийг хэдийнэ зүүсэн эрхэм юмсанж.

Д.Энхбат нь Монгол улсын их сургуулийн Биологи, биофизикийн факультетыг бакалавр зэрэгтэй дүүргэж, удаад нь мөн тус сургуулийн Биологийн тэнхимд магистрын зэрэг хамгаалсан байна. Их сургууль дүүргэсэн жил буюу 1989 ондоо тэрбээр оюутны ширээнээс эрдэмтний өрөөнд шилжжээ. Монгол улсын чадварлаг гэсэн бүхий л эрдэмтний талбар болсон Шинжлэх ухааны академийн залуу судлаач болсон нь энэ байв. Улмаар 1994-2001 онд Ус, цаг уурын хүрээлэнд мөн л судлаач эрдэмтэн, дараагаар нь МУИС-ийн Физик, электроникийн сургуулийн тэнхимийн эрхлэгчээр есөн жилийн турш ажилласан сурган хүмүүжүүлэгч юм. Харин 2009 оноос өнөөг хүртэл Монгол улсын байгаль орчны бодлогын асуудалд анхаарал хандуулж, салбарын яамны гол газрыг толгойлон ажиллаж байна. Өнөөг хүртэл нөхөн сэргээлтийн ерөнхий нэг стандартаар явж ирсэн уул уурхайн үйлдвэрлэлд хатуу чанга зарчим байх ёстой гэж тэрбээр үздэг. Тиймдээ ч бодлогыг хамаарах эрх бүхий энэ албан тушаалыг хаших хугацаандаа Монгол орны нутаг дэвсгэрээс олборлолт явуулдаг ашигт малтмал тус бүрт зориулсан нөхөн сэргээлтийн стандарт боловсруулахаар зорьж,  ажилдаа ороод буй.

“Эрдэнэс Тавантолгой” компани ТУЗ-ийн есөн гишүүнийхээ нэгээр Д.Энхбатыг сонгожээ.  Ил тод, цэвэр тунгалаг үйл ажиллагаа явуулах замаар дэлхийд данстай болох зорилго нь тус компанийг Монголдоо шударга гэсэн эрхмүүдээр ТУЗ-өө бүрдүүлэхэд хүргэлээ хэмээн дүгнэх хүн олон байна. “Mining Journal Awards” шалгаруулалтын хүндэт шүүгч, уул уурхайн салбар дахь хатуу хяналтын үүргийг олон жилийн турш гүйцэтгэх ноён Д.Энхбатыг уншигч Танд товч танилцуулахад ийм байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 14 цаг 21 минутад
    Оюутолгой төслийг удирдан хэрэгжүүлж буй “Рио Тинто” групп далд уурхайг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны тавдугаар сараас 2023 оны дунд үеийн хооронд болсон тухай өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь анх тооцоолж байснаас 16-30 сараар хойшлуулж байна гэсэн үг. Уг шалтгаан нь уул хөрсний нөхцөл ихээхэн хүндрэлтэй байгаагаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Гэхдээ төслийн ашиглалтад орох хугацаа, зардлын талаарх эцсийн тооцооллыг ирэх оны хоёрдугаар хагаст гаргах юм байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллараас давж 6.5 -7.2 тэрбум ам.долларт хэлбэлзэх бөгөөд өргөтгөл шатны төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж мэдэгдэв.
  • Уржигдар 10 цаг 08 минутад
    Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн монголчуудын халуун мэтгэлцээн нарлаг  зуны  аагим халуун өдрүүдэд хөвөрч  байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлаа зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэнээ зарлав. Хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүд ч тойрогтоо ажиллан, олон нийтийн санаа бодлыг сонсож, төслийн талаар амаа цангатал ярьж буй.  2020 оны долдугаар сарын 1-ний  12.00 цагаас эхлэн улс даяар мөрдөх цаг хугацааны товтой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юу тусгагдсан бэ гэдэг мэдээж олны анхаарал татсан сэдэв. УИХ-д олонхийн суудалтай МАН  сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан  улс төрийн амлалтуудын  нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.  Өмнө нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого хэдэнтээ гарч байсан ч янз бүрийн шалтгаанаар “бүтэлгүйтэж” байсан билээ. 
  • 2019-07-09 12:20
    Н.Алтанхуягийн Засгийн газрын үед  Австралийн “Golden Horde” компани Таван толгой ордод метаны нөөцийн судалгаа хийсэн байдаг. Урьдчилсан таамгаар зөвхөн нүүрсээр зогсохгүй метан хийн нөөц арвин байх магадлалтайг тогтоосон юм. Тэдний  судалгаагаар Тавантолгой уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ, хийн чанарын үзүүлэлт “маш сайн” гэж гарчээ.  Тиймээс Тавантолгойн бүлэг орд тэр чигээрээ метан хийн асар их хэмжээний нөөцтэй байх магадлалтайг судлаачид тооцоолж байна.
  • 2019-07-08 12:27
    Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ЗДТГ-т “Нуклер Энержи Монголиа” ХХК-иас хоёр удаа бичиг ирүүлжээ. Хамгийн сүүлд, сумын Засаг дарга болон Байгаль орчны улсын байцаагчид доорх бичгийг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд ирүүлсэн байна. Уг бичгийн хариуд сумын Өндөр-Улаан сумын Засаг дарга доорх албан бичгийг дөрөвдүгээр сарын 22-нд өгчээ. “Нуклер Энержи Монголиа” ХХК-иас ирүүлсэн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”- г аймгийн БОАЖГ-ын дарга мөн батлаагүй байна.Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумдын удирдлагууд тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байдгийг сумын Засаг дарга Б.Эрдэнэхүү онцолж буй. Аймгийн БОАЖГ-аас  мөн ямар нэгэн зөвшөөрөл өгөхгүй гэж тэрээр хэлж байна.
  • 2019-07-05 14:19
    Хоёр сарын өмнө тээвэрлэлтийн замыг хучих боломжгүй хэмээн хэлэлцээрийн үеэр мэдэгдэж байсан “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-тай Сүхбаатар аймгийн удирдлагууд цөөнгүй удаагийн уулзалт хийснээр 100 км замыг хатуу хучилттай болгох тохиролцоонд хүрчээ. Зам хучих ажлыг 2020-2022 онд багтаан гүйцэтгэхээр болсон байна. Тус компанийн тээвэрлэлт хийдэг замын 100 километр нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг юм.