Mining Awards дэлхийд, олон улсад, бас манайд

2010-12-27 10:40

Монголд уул уурхайн салбарын үйл ажиллагааны тухай сайнаасаа саар мэдээлэл цацагдах нь түгээмэл. Гэвч энэ нь Монголд дэвшилтэт үйл ажиллагаатай уул уурхайн байгууллагууд байхгүй гэсэн үг биш юм. Харин тэдний талаарх мэдээлэл ихэвчлэн ард хоцордог. Хөгжлийг манлайлж, үлгэрлэж буй компаниуд бус түүнийг доош чангааж, харлуулагч үйл явдлын талаар түлхүү мэдээлдгээс салбарын суурь зарчим, жишиг тухайн байгууллага бүрт бат тогтох цаг хойшилсоор ч байж мэдэх юм.

Зохион байгуулалттай, дэвшилтэт, “ногоон” уул уурхайн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд үйл ажиллагаагаараа үлгэрлэж буй компаниудыг шалгаруулж, урамшуулах цаг ирснийг Mongolian Mining Journal зарлаж буйдаа нэн таатай байна. Уул уурхайн шилдэг компаниудад шагнал гардуулах “Mongolian Mining Journal Awards 2010” арга хэмжээ нь салбарын хөгжилд эерэг, идэвхтэй уур амьсгалыг бүрдүүлэх зорилготойг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Чухам энэ л зорилгын үүднээс дэлхийн улс орнууд болон салбарын сэтгүүлүүд уул уурхайн компаниудыг шалгаруулан шагнадаг уламжлал нэгэнт тогтжээ.

Тухайлбал 1909 онд байгуулагдсан сар тутмын Mining Magazine сэтгүүл  жил бүр шилдгүүдэд шагнал гардуулдаг. Энэ жилийн Mining Magazine Awards-ын далд уурхайн төрөлд буюу Underground Mining /Hard Rock/ - Ancillary and Analysis номинацид Peterstow Aquapower компанийн өрөмдлөгийн шинэ технологи шалгарсан байна. Тус компанийн Олон нийтийн харилцааны /PR/ ажлыг гүйцэтгэдэг Proof Communications байгууллагын ажилтан Дэвид Лэвисийн хэлснээр Peterstow-ын гүний өрөмдлөгийн шинэ төхөөрөмжийг 0.01 хувиас бага цахилгаан зарцуулалттай, ердийн технологийг бодвол 60 хувийн ус хэмнэлттэйгээр бүтээсэн тул хэрэглэгчдийн хөрөнгө, цагийг хэмнээд зогсохгүй байгаль дахь нөлөөллийг эрс багасгах боломжтой юм байна.

Тус сэтгүүлийн компаниудын амжилтыг шалгаруулдаг 15 номинацийн бас нэг төрөл болох Уурхай төлөвлөлтийн шилдэг шийдэл номинацид программ хангамжийн чиглэлд тэргүүлэгч Mincom компанийн MineScape 5 бүтээл шалгарчээ. Энэхүү бүтээлийг тус компанийн Дэд ерөнхийлөгч Жонн Жэссоп “Mincom MineScape 5  нь уурхай төлөвлөлтийн хамгийн сайн хэрэглээг танд хүргэх болно. Энэ нь төлөвлөлт болон модел загварчлалыг хийх ажлыг илүү ахицтай болгоход чиглэсэн бүтээгдэхүүн юм” гэжээ. Уг бүтээл нь Mincom-ын Intelligent Mining Solution иж бүрдлийн салшгүй нэг хэсэг нь юм. Mincom нь программ хангамжийн чиглэлд 30 гаруй жилийн туршлагатайн дээр Рио Тинто, BHP Billiton, Xstrata Copper гэх мэт уул уурхайн 17 томоохон компанийн сонголт юм.

1835 онд гараагаа эхэлсэн дэлхийн уул уурхайн долоо хоног тутмын хэвлэл Mining Journal сэтгүүл нь мөн жил бүр 5-7 номинацид хувь хүн, байгууллага, улс орнуудыг нэр дэвшүүлэн шалгаруулдаг байна. Энэ жил тус сэтгүүл Хайгуул судалгаа, Тогтвортой хөгжил, Хайгуул-Олборлолтын сан, Оны санхүүгийн тохироо /Deal of the Year/, Улс оронд олгох шагнал зэрэг таван номинацийн хүрээнд шилдгүүдийг шалгаруулахаар зарласан байна. Түүнчлэн тус арга хэмжээний Deal of the Year номинацид найман компани нэр дэвшсэний дотор Хонконгийн биржийн энэ жилийн хамгийн амжилттай IPO  гэж тооцогдож буй Mongolian Mining корпорацийн 680 сая ам.долларын хувьцааны арилжаа оржээ.

Улс оронд олгох шагналд энэ жил Египет, Гвиней, Мозамбик, Малави, Мали, Liberia, Sierra Leone зэрэг долоон улс хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчноо сайжруулсан үзүүлэлтээрээ нэр дэвшиж байна.
Харин Тогтвортой хөгжлийн шагнал номинацид гурван компани нэр дэвшсэний нэг нь Рио Тинто бөгөөд тус компани гурван жилийн хугацаанд Олон улсын байгаль хамгаалах холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж, байгаль орчны менежментээ сайжруулахаар зорьж байгаа юм.

Ийнхүү дэлхийн сэтгүүлүүд олон улсын хүрээнд шилдгүүдийг шалгаруулдаг байхад бүс нутгийн хэмжээний, тухайлбал Австралийн уул уурхайн сэтгүүл дотоодод үйл ажиллагаа явуулдаг компаниудын хүрээнд тэргүүлэгчдийг тодорхойлдог байна. Australian Mining  сэтгүүлийн энэ жилийн шагнал гардуулах долдугаар ёслолд 12 номинацид компаниуд нэрээ дэвшүүлсэн юм. Үүнд Оны уурхай, Уул уурхайн салбарын дэмжлэг, Оны уурхайн менежер, Оны нүүрсний болон металын агууламж бүхий түүхий эдийн уурхай, Оны боловсруулах үйлдвэр, Шинэ технологийн шийдэл, Оны хайгуул, Байгаль орчны менежментийг онц хэрэгжүүлэгч зэрэг номинациуд багтжээ. Энэ жилийн Оны уурхайн номинацид Рио Тинто Northparkes Mines  зэс алтны ордоороо шалгарсан байна. Харин Байгаль орчны менежментийг онц хэрэгжүүлэгчээр Pluton Resources компани Irvine Island уурхайнхаа хэсэгт хүрээлэн буй орчны үнэлгээг бүрэн хийсний дээр байгальд нөлөөлөл бага үзүүлдэг өрөмдлөгийн технологийг ашигласан тул уг номинацийн эзэн болжээ.

Уул уурхайн олон улсын зарим томоохон хурал чуулганы үеэр санаачлагатай ажилласан компаниудад шагнал гардуулдаг уламжлал ч бас байна. Asia Mining Congress буюу Азийн уул уурхайн хурлын үеэр зохион байгуулдаг Sustainability Awards-ын “Орон нутгийг хөгжүүлэх шилдэг санаачлага” номинацид энэ жил Австралийн PanAust компани “Амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлснээрээ шалгарч чаджээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Лаосын тухайн орон нутгийн иргэдэд цэцэрлэгжүүлэлт, газар тариалан, загасны аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр тосгоны хөгжлийн хороотой нь хамтран ажилласан байна. Мөн Лаос эмэгтэйчүүдийн холбоотой хамтран бичил санхүүгийн хоршоог байгуулсанд 150 хүн үүнд нэгдсэн нь элсэгчдийн гэр бүлийн 900 хүний амьдралд ач тусаа өгчээ. Хөтөлбөрийг 2008 оноос эхлүүлж, өргөжүүлсээр одоо тус компанийн “Phu Kham Ажиллагаа” хотхон нутгийн тариачдаас сард 8000 кг ногоо авч байна.

Уул уурхайн чиглэлд үйлчилгээ явуулдаг бусад салбарынхан ч шалгаруулалтаас хасагдахгүй. Тухайлбал хуулийн байгууллага. Энэ жил Who’s Who Legal байгууллага Global Mining Firm of the Year буюу Уул уурхайн салбарын энэ оны дэлхийн байгууллага шагналын эзнээр Macleod Dixon компанийг шалгаруулжээ. Macleod нь хамгийн олон улс оронд хуульчдын хамгийн өргөн баг ажиллуулдаг гэдгээрээ шалгарсан байна.  Who’s Who Legal байгууллага нь жил бүр бүхий л салбарын оны шилдгийг зарлан, урамшуулдаг юм.

Нөхөн сэргээлт, аюулгүй ажиллагааны хүрээнд шилдгүүдийг шалгаруулдаг тусдаа арга хэмжээг  АНУ, Австрали, Канад гэх мэт улс орнууд дотоодын байгууллагуудын хүрээнд зохион байгуулдаг байна.

Үүнээс гадна зөвхөн хайгуулч, судлаачдад олгох шагнал ч бас байна. Үүний нэг “The PDAC Thayer Lindsley” эрдэс баялгийн нээлтийг шалгаруулах олон улсын арга хэмжээнд онцгой орд, нөөцийг илрүүлсэн хувь хүн болон судалгаа хайгуулын багийн амжилтыг танилцуулж, урамшуулдаг юм. Канадын хайгуулч, олборлогчдын ассоциациас /PDAC/ шилдэг хайгуулч агсан Thayer Lindsley-ийн дурсгалд зориулан зохиодог уг арга хэмжээний энэ жилийнхэд La Cuesta International  байгууллагын үүсгэн байгуулагчид Perry Durning, Frank Hillemeyer нь өөрсдийн нээсэн дөрвөн голлох ордоороо шалгарчээ. Үүнд тэдний Мексикийн Дуранго муж дахь San Sebastian, San Agustin болон бусад хэсэгт нээсэн Pitarrilla, Camino Rojo орд багтаж байна. Хоёр хайгуулч эдгээр ордыг 16 жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд илрүүлсэн нээлтүүдийнхээ хамгийн үлэмжид тооцон, нэрээ дэвшүүлсэн байна.

San Sebastian орд нь 11.2 сая унци мөнгө, 156 мянган унци алтны нөөцтэй бол San Agustin  орд нь 1.6 сая унци алтны нөөцийн үзүүлэлттэй ч 1.1 сая унциар баялгийн хэмжээ нь өргөжсөн байна. Мөн тус орд нь 47.9 сая унци мөнгөний сантай болохыг эзэмшигч компани нь мэдэгджээ. Дараагийн хоёр орд болох Pitarrilla  нь 726 сая унци мөнгөний нөөцтэй, Camino нь 3.4 сая унци алт, 60.7 сая унци мөнгөний агуулгатай баялаг хэсэг юм байна.

Уул уурхайн шагнал цаашлаад мэргэжлийн болон төрийн байгууллага, ассоциаци, их сургууль, судалгааны хүрээлэнгээс олгодог зэрэг олон төрөл байна. Банк, санхүүгийн байгууллага ч өөрсдийн чиглэлийн хүрээнд шагнал олгодгийн жишээ бол Өмнөд Африкийн NedBank-ны байгаль орчны хамгааллыг хэрэгжүүлэгч компанид олгодог Green Mining шагнал юм. Африкт үйл ажиллагаагаа явуулдаг уул уурхайн компаниудыг хамардаг энэхүү шагналыг нүүрсхүчлийн хийн ялгарлаа бууруулах, биологийн төрөл зүйлийг хамгаалах гэх мэт санал санаачлагатай ажилласан байгууллагууд гарддаг байна.

Эдгээр арга хэмжээ нь уул уурхайн хөгжлийг эрчимжүүлэх, компаниудын санаачлагыг урамшуулах зорилготой байдаг. Компаниудын хувьд ч үүнд оролцох нь тэдний нэр хүндийн асуудал болдог. Уул уурхайн салбарын хөгжил нь нийгэм, эдийн засгийн дэвшил, тэр ч байтугай байгаль орчны хамгааллын асуудалд чухал ач холбогдолтой байдаг учир шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулах арга хэмжээ зохион байгуулах зүй ёсны шаардлага улс орнуудад урган гардаг гэж хэлж болох юм. Монголд ч энэ цаг үе нэгэнт иржээ.

Уул уурхайн салбар манай улсад хөгжиж эхэлж байна гэж ерөнхий ярьдаг цаг үе ард хоцорч, шинэ эринтэй золгож байна. Одоо бид тодорхой зүйл ярьж, аюулгүй, дэвшилтэт технологи бүхий уул уурхайн хөгжлийн суурь үндсийг бүтээж байна. Шинэ эрин цаг ирсэн нь хэд хэдэн шалтгаанаар нотлогдож буйг дэлхийн хөгжингүй улс орнууд Монголд санал тавих болсон, эсрэгээр Монгол компани өөрийн хүчин зүтгэлээр зах зээлд нэвтрэх эхлэлээ тавьсан зэргээс харж болно. Австрали, Канад зэрэг улс оронтой уул уурхайн салбарын хэмжээгээрээ бус хөгжлөөрөө зэрэгцэх цаг үеийг компаниудын удирдлага, мэргэжилтнүүдийн хүчин зүтгэл, итгэл найдвар авчрах болно гэдэгт итгэлтэй байна.

Mongolian Mining Journal Awards үүний нэг гэрч, хөшүүрэг нь байх болно.

Á.Òºãñáèëýãò

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2 цаг 23 минутын өмнө
    Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт  өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татварыг ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг зарлах үлдээд байгаа юм.
  • 4 цаг 26 минутын өмнө
    МАН эрдсийн экспортын өсөлтөөр нөхцөлдсөн боломжийг алдахыг хүссэнгүй. Энэ удаагийн төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгож болно. Эдийн засагчдын тооцоолж байсанчлан энэ төсөв сонгуулийн жилийг угтсан, зардал өндөртэй халгисан төсөв болсонд гайхах зүйлгүй.  Сонгууль дөхөөд сэтгэл хөдлөлдөө автуузай, төсвийн сахилга батыг бүү сулруулаарай хэмээн ОУВС эрх баригчдад анхааруулсаар ирсэн ч Сангийн сайд ирэх оны төсвийн орлогыг өөдрөг төсөөллөөр төсвийн зардлын хэт өсөлтийг эвтэйхэн тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг хуулийн хүрээнд тогтоосон тул бүх зүйл гаднаасаа сайхан харагдана. 
  • Өчигдөр 11 цаг 27 минутад
    Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29%, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1%-тай тэнцүү байхаар тооцжээ.
  • Уржигдар 17 цаг 11 минутад
    2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон  нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.
  • Уржигдар 14 цаг 55 минутад
    Шанхай хотноо үргэлжилж буй Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) үеэр Оросын коксжих нүүрсний “Колмар” компани Хятадын төрийн “Baowu” корпорацитай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, “Колмар” нь коксжих нүүрс Хятадын компанид экспортлох ба Хятадын талаас уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх аж. Оросын компанийн хувьд, Хятадын AVIC корпорацитай хамтран “Инаглинская 2” үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Жилд 12 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.