Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

Хямралын төгсгөлд хэн бэ?

Мэдээж уг уулзалт Хятад улс эдийн засгийн байр суурийн хувьд шат ахисан цаг үед болж буйгаараа онцлогтой. Учир нь хөрөнгийн захын багтаамжаараа Наран улсыг гүйцнэ гэдэгтээ итгэл дүүрэн байсан Хятад гүрэн долдугаар сарын дундуур хүссэндээ хүрлээ. Дөрвөн триллион юань буюу 585 тэрбум долларыг хямралыг анагаахад зориулан гаргаад буй тус улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 6.1 хувийн өсөлттэй байсан бол, хоёрдугаар улиралд 7.8 хувийн өсөлтийг үзүүлэв.

Уул нь экспортоос хараат тус улсын хувьд хямралын шуурга хүчтэйхэн дайрах тухай өнгөрсөн оны сүүлчээс яригдаж байсан. Гэвч Хятад гүрний нөөц бололцоог, эрсдэл болоод ашиг аль алиныг зөв тооцоолох нарийн ур ухааныг нь мэргэжилтнүүд дутуу үнэлжээ. Хэдийгээр тус улсын экспорт 20 орчим хувиар буурсан ч өдгөө энэ улсад байр сууриа алдсан Японы уналттай жишихэд хоёр дахин бага  юм. Хятад улсын эдийн засгийн өсөлт нь сүүлийн хоёр сарын туршид доогуур үзүүлэлттэй байсан Ази, Америкийн хувьцааны индексүүдийн өсөлтөд нөлөөг үзүүллээ. Эл өсөлтөөс өмнө Азийн хувьцааны нэгдсэн индекс MSCI сүүлийн найман долоо хоногийн хамгийн доод түвшиндээ ирээд байв. Мөн Токиогийн хөрөнгийн биржийн үндсэн үзүүлэлт болох Nikkei 225 индекс ч буурч байсан мэдээ байгаа билээ.

Түүнчлэн манай урд хөршийн аж  үйлдвэрийн салбарт оруулсан хөрөнгө нь энэ оны эхний таван сарын байдлаар 32.9, барилга орон сууцны салбарынх 6.8 хувиар тус тус өссөн үзүүлэлт байгаа. Зүй нь бол дэлхийн томоохон судалгааны байгууллагуудын үзэж буйгаар энэ жил дэлхийн эдийн засаг өсөх биш, харин бууралтаас болгоомжлоход л хамаг хүчээ дайчлах ёстой байтал, эсрэгээрээ Хятад улс нь Америк болон Өрнөдөөс хамааралгүй мэтээр урагшилж буй нь яах аргагүй судлаачдыг талцахад хүргэж байна. Мэдээж экспортдоо илүү итгэл өгдөг тус улс өрнөдөд “тайван“ цаг иртэл жинхэнэ утгаараа экспортынхоо шидийг үзэх боломжгүй. Гэхдээ Хятадын төр, засгийн тун оновчтой бодлого түүнээс улбаалан ард иргэд нь нэн шаардлагатай үед хурааж хумиснаараа дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа нь энэ мэт сайн үр дүн авчирав.

Өөр мэдээж Засгийн газрын аврах төлөвлөгөө болон банкуудын рекорд тогтоосон зээллэг нь Хятадын эдийн засгийг экспортын уналтын нөлөөллөөс хамгаалсан нь яах аргагүй үнэн. Тус улсын гадаад валютын нөөц анх удаа  2 триллионд хүрч зургадугаар сард мөнгөний нийлүүлэлт 28.5 хувьд хүрч дээд амжилт тогтоосон байгаа. “Темпельтен Ассет Менежмент“-ийн Гүйцэтгэх захирал Марк Мобиус “Ирэх 3 жилд Хятадын хөрөнгийн зах АНУ-ыг гүйцнэ“ гэж Bloomberg-т   ярилцлага өгөхдөө онцолсон. Тэгвэл эрхэм Мобиустай санал зөрөх судлаачид цөөнгүй. Тухайлбал Карнегийн хүрээлэнгийн судлаач Минзин Пей “Хямралын үр дүнд эрх мэдэл өрнөөс  дорно руу шилжих нь, Азийн зуун ирлээ“ гэж шаагилдаж буйг няцааж байна. Тэрбээр “Ази хүчирхэгжиж буй нь олон туйлт дэлхий рүү хөтлөхөөс бус нэг туйлт ертөнцийг бий болгож чадахгүй. Азийн эдийн засаг, цэрэг зэвсэг аль ч талаараа Өрнөдөд дөхөж очоогүй байна. Азийн хөгжлийн хурдац энэ хэвээрээ үргэлжилбэл 77 жилийн дараа Азийн дундаж иргэн өдгөөгийн АНУ-ын дундаж иргэнтэй  адил орлого олно. Улсаар нь авч үзвэл Хятадын дундаж иргэн 47 жилийн дараа, Энэтхэгийнх 123 жилийн дараа ийм хэмжээний орлоготой болно” гэж дүгнэжээ.

Одоогийн байдлаар   Ази дэлхийн эдийн засгийн 30 орчим хувийг дангаараа үйлдвэрлэж байгаа ч хүн ам хэт их учир, нэг хүнд 5800 доллар ногдож байхад, Америкт 48000 доллар байгаа билээ. Тэгэхээр хэрэв Азийн, тэр дундаа өнөөгийн эдийн засгийн замнал зөв хандлагаа даган явж л буй бол АНУ-ыг түрүүлэхэд даруй 18-40 жил шаардлагатай болохыг “Goldmаn Sachs“-ын судалгаанаас харж болохоор байгаа юм.

Тэгвэл энэ мэтээр дэлхийн тэргүүлэгч эдийн засгийн сэнтийгээсээ мөддөө буух шинжгүй, 10.8 триллион ам.долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том захын эзэн Америк гүрэнд үйл явдал хэрхэн өрнөж байна вэ. Хямралын үндэс суурь болсон Америкийн үл хөдлөх хөрөнгийн зах, ямар ч байсан энэ оны хоёрдугаар улиралд тогтворжиж, статистик үзүүлэлтүүд удаа дараа чихэнд чимэгтэй мэдээллийг өгч байв. Өдгөө ямар ч байсан эдийн засгийн хямрал дуусах шатандаа орж буйг дэлхий нийтээр ярьж эхлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ч “Манай улсын эдийн засгийн уналт зогслоо. АНУ-ын санхүүгийн систем хямралаас гарч, ажилгүй­дэл багасч байна. Бид олон мянган ажлын байрыг авч үлдсэн бөгөөд одоо төсвөөс гаргасан хөрөнгөө буцаан авч чадна гэж тооцоолж байгаа“ гэдгээ албан ёсоор мэдэгдэв. Үнэхээр ч Б.Обамагийн засаг захиргаа хямралын эсрэг төлөвлөгөөний хүрээнд эдийн засгаа их мөнгөөр “угжсан“. Тодруулбал Ж.Бушийн эрх мэдлийн үед баталсан 700 тэрбумын төслийн дараа, “Обамагийн төлөвлөгөө“ гэж тодотгогдсон 838 тэрбум долларын төслийг хоёрдугаар сард баталсан. Тэгэхдээ Б.Обама болж өгвөл энэ оны эхний хагас жилд холбооны төсвийг 100 тэрбум доллараар танах шаардлагыг Сайд нарын танхимаас шаардсан, танхим ч шаардлагын дагуу ажиллаж буй.

Өнгөрсөн жил 2.17 триллион ам.долларын бараа худалдан авч импортлогч орнуудыг тэргүүлж, дэлхийн улс орнууд өөрөөс нь хэрхэн хамааралтай байгааг илтгэж байсан АНУ одоо ихээхэн “хэмнэж“ байгаа. Энэ нь өнгөрсөн гурван улиралд 14 хувиар өсөлттэй байсан Хятадын АНУ руу экспортолж байсан экспортын хэмжээ огцом буурснаас илэрхий. Шинжээчдийн үзэж буйгаар Америк, Япон болон Европын орнуудын эдийн засгийн хүндрэлтэй байдал мэдээж өргөс авчих дайны ажил биш. Тодорхой хугацаанд үргэлжлэх хандлагатай гэдгийг мэдэгдэж байна. Анхлан Нью-Йоркд байрлах “Lehman Brothers“ дампуурснаас хойш л сая нэг дэлхийн улсууд хямралтай тэмцэх тухай чангахан дуугарч эхэлсэн гэж болно. Улмаар тэргүүлэгч эдийн засаг Америк гүрэнд сая сая ажилгүйчүүд нь гудамжаар хөлхөж, Америкийн үндэсний бэлгэ тэмдэг болсон “General Motors“ дампуурлаа хүлээн зөвшөөрч…”GM“-ээс өмнө өөр олон ч компани үүдээ барьсан л даа.

Хэдийгээр АНУ Хямралын эсрэг багцын хүрээнд “Goldman Sachs“, “JPMorgan“ зэрэг нэр бүхий банкуудаа хангалттай дэмжиж, тэдгээр нь ч сайн ажиллаж эхнээсээ санхүүжилтийг буцаан төлсөн сайн мэдээ байгаа ч, нийтдээ он гарсаар АНУ-ын 64 банк дампуурсан мэдээ  бий. Нөгөө талаас банкууд Засгийн газраасаа улам хамааралтай болж, хувьцааных нь үнэ унаж байгаа нь тус салбарт эерэг үзүүлэлтүүд гарсан  хэдий ч  тэр нь    урт настай биш гэж харагдахаар байна.

Гэхдээ ХНС-ийн тэргүүн Б.Бернарке АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сэргэлтийн шинж тэмдэг, орон сууцны үнийн тогтворжилт, зээлийн хүүгийн бууралт зэрэгт ихэд баяртай байгаагаа хоёрдугаар улирлын хагаст мэдэгдэж байсан билээ. Мөн түүнчлэн долдугаар сарын 4 дэх долоо хоногт “Goldman Sachs“ болон Intel” корпорацийн шинжээчид үйлдвэрлэл болон жижиглэн худалдааны салбарт эдийн засгийн өсөлтийг харуулахуйц өөрчлөлтүүд гарч байгаа тухай мэдээлсэн нь АНУ-ын хувьцааны ханш өсөж, Standart and Poors-500-гийн индексийг өнгөрсөн гуравдугаар сараас хойш анх удаа долоо хоног дараалан өсгөлөө.

Тэгвэл АНУ-ын дэд ерөнхийлөгч долдугаар сарын эхээр хийсэн мэдэгдэлдээ “Обамагийн Засгийн газар эдийн засгийг буруу уншчихсан. Эдийн засгийн эхний бодлого боловсруулж байхдаа л Обамагийн Засгийн газар хямралын ноцтой байдлыг зохицуулахыг чармайсангүй“гэж зэмлэлээ. Мэдээж энэ муу үнэлгээ Б.Обама руу чиглэсэн эхний бөгөөд эцсийнх нь биш гэдэг нь ойлгомжтой. Ямар ч байсан одоо Орос, Энэтхэгийн зүгээс, бүр тодруулбал Оросын Ерөнхийлөгч Д.Медведев “Дэлхийн зах зээл доллараас хэт хамааралтай байна. ОУВС-гийн мөнгө гаргах тусгай эрх гэх мэт төлбөрийн нэг нэгжийн талаар бодох хэрэгтэй. Нэг улсын, АНУ-ын эдийн засагт барьцаалагдаж чадахгүй. Доллар болон Еврод суурилсан систем нь эмзэг хэврэг болохоо харууллаа” хэмээн хэвлэлд ярив. Энэтхэгийн Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх ч эл саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин Хятадын зүгээс тус улсын Гадаад харилцааны Орлогч сайд “АНУ-ын доллар ирээдүйд ч үүрэг ролио хэвээр хадгалсаар байна“ гэдэгт итгэж буйгаа хэлэв.

Харин Япон улсын хувьд Азийн тэргүүлэх эдийн засаг болоод дэлхийн хоёрдогч том зах зээлийнхээ байр сууриас тус тус нэг алхам ухарлаа. Ерөнхийдөө тус улсын эдийн засгийн уруудал дөнгөж жил гаруйхны өмнөөс эхлээгүй, Хятад ч хэзээнээсээ араас нь нэхэж ирсэн. Наран улс хямралын эсрэг арга хэмжээнүүдийг авч, удалгүй ангижирна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан ч энэ оны эхний улиралд эдийн засаг нь 8.8 хувиар унасан билээ. Өнөөдрийн байдлаар ч тааруухан мэдээллүүд Токиогоос ирж байгаа. Улмаар наймдугаар сарын 30-нд болох Парламентын сонгуульд Ерөнхий сайд Таро Асогийн тэргүүлдэг Либерал ардчилсан нам амжилт олохгүй нь гэх мэдээлэл тараад байгаа юм. Хагас зуун жилийн хугацаанд ганц л удаа ялагдал амсаж үзсэн либералчуудад одоо Японы бизнес эрхлэгчид итгэл алдраад байна. Тэд санхүү, бизнесийн орчноо өөрчилж, боломжийг авчрах найдлагыг лав тэдэнд тавихгүй нь бололтой. Улмаар тус улсын хөрөнгийн биржийн үзүүлэлтүүд доошилж, томоохон үйлдвэрлэгчдийн эдийн засгийн ирээдүйн хандлагын талаарх хүлээлтийг харуулдаг. Tankan индекс ч доогуур байгаа юм. Түүнчлэн автомашины дэлхийн зах зээлийн эрэлт муу байгаагаас үүдэн “Toёото“ корпорацийн үнэлгээ   өнгөрсөн сард буурав.
 
Тэгвэл манай хойд хөршийн тухайд 2010 онд макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, ДНБ болон үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өсөх магадлалтай байгааг Ерөнхий сайд В.Путин хэлж байна. Энэ оны эхний 4 сард тус улсын эдийн засаг 9.8 хувиар буурсан байгаа. Тэрчлэн хоёрдугаар улиралд ч эдийн засаг нь хумигдсан үзүүлэлтээ хадгалж байна. Зургадугаар сарын байдлаар Оросын ДНБ өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.5 хувиар буурч гарсан. Тус улсын эдийн засаг В.Путинийг Ерөнхийлөгч байсан өнгөрсөн жилүүдэд 7-оос дээш хувиар өсч байсан ба өнгөрсөн онд 5.8 хувиар өсч байв.

Харин өнөөдөр Орос гүрний Засгийн газрын бодлого, үндэсний тэрбумтан бизнесмэнүүдээсээ тун муу үнэлгээг авч байгаа юм. Тухайлбал Оросын хамгийн том алтны компани болох “Польюс Гоулд“-ын захирал, 14 тэрбумын хөрөнгөөрөө Олег Дерипаскаг ардаа орхисон  Михаил Прохоровыг нэрлэж болно. Тэрбээр “Улс орноо дэлхийн эдийн засагт өрсөлдөхүйц болгохын тулд дэвшилтэт эдийн засаг бидэнд хэрэгтэй. Газрын тос, байгалийн хий, зэс, никель зэрэг байгалийн баялгаа ухаж аваад зараад байх биш, харин орчин  үеийн технологи ашиглан баялгаа дотооддоо боловсруулвал ашиг олно. Ерөнхийлөгч Д.Медведев, В.Путин нар энэ хэрэгцээг бизнесмэнүүдээс ч илүү мэдэж байгаа“ гэв. Дэлхийн эдийн засгийн хямралын үед үндсэрхэг үзэл тус болохгүй. Оросын томоохон компаниуд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадваргүй байна. Өрөнд орсон олон компани Засгийн газраас тусламж эрж, хувьцааг нь худалдаж авахыг хүсч байгаа ч бүтэлтэй хариу ер сонсоогүйгээ хэлж “Шпигель“ сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэгэхээр дэлхийн улс орнуудын хямралын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжихээ мэдэгдэж байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр дотооддоо   иймэрхүү “хатуу бодлого“ барьж байгаа ажээ.
Ямартай ч дэлхийн эдийн засгийн хямрал төгсгөлийн шатандаа яваатай тэргүүлэгч гүрнүүд санал бол нэгдэж байна. Өдгөө хямралын дараах сэргэлтийн үеийн улс гүрнүүдийн ололт болоод алдагдал, эдийн засгийн болоод улс төрийн орчинд хэрхэн яаж эрэмбэлэгдэхийг хүлээж байна. Одоогоор Орос гүрэнд хямрал “төмөр“ нүүрээ үзүүлэх шинжтэй. Эсрэгээрээ Хятад улс хоёр номерийн тоглогчийн байр суурьтай, улмаар тэргүүлэгч гүрэнтэй тун эвлэгхнээр найзархаж байгаа нь бас нэгийг бодогдуулж байгаа билээ.

Тэгвэл дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн өсөлт, бууралтыг даган хэлбэлзсэн эдийн засагтай манай улсын хувьд дотоодын эдийн засгийн уналтын удаашралтай байдлаас үүдэн импортын хэмжээ үргэлжлэн буурч, гадаад худалдааны тэнцэл сайжирсан мэдээ байна. Дэлхийн банкны шинжээчдийн таамаглалаас харж байхад эдийн засгийн сааралтын нөлөөлөл мэдрэгдэж, уналтын хурдац нь олон салбарт саарч байгаа нь ажиглагдаж буй ч тайвширч болохгүй. Цаашдаа манай улсын банкны салбарт эрсдэл учирч болзошгүйг анхааруулж байгаа юм. Одоогоор манай улсад 16 банк үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд  тэдгээрээс гайгүй нь байхад төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болсон, нөөцөө шавхсан банкууд ч байгаа тухай эх сурвалжууд хэлж байгаа.

Түүнчлэн хямралын эсрэг арга хэмжээний хүрээнд арилжааны банкуудаа дэмжих асуудал дээр албан ёсны шийдвэр гарсан ч, тэр нь тун муу хэрэгжиж байгааг Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ хэллээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар зэсийн үнийн өсөлтөд согтож, тэрүүхэндээ бялуурсан бид мөнгийг их хэмжээгээр гаргасныхаа горыг одоо амсаж суугаа. Үнэхээр ч үйлдвэрлэл үйлчилгээгээ, эдийн засгийн бодит чадвараа нэмэгдүүлээгүй цагт мөнгөний замбараагүй нийлүүлэлт сайн үр дүнг хэзээ ч харуулахгүй билээ. Гэхдээ бидэнд саар болоод сайн мэдээ аль аль нь байна. Нэг үе 34 хувьд хүрч биднийг бажгадуулсан инфляци өдгөө өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12.6 хувиас 7.4 болж буурсан нь эдийн засгийн уналтыг баталж байна.

Харин оны хагас жилийн байдлаар хасаж танах гэж байдгаараа хичээсэн төсвийн тэнцэл 261.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Ерөөс манай эдийн засаг зэсээс хараат нь ойлгомжтой. Тухайлбал  үйлдвэрлэлийн нийт хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 7.9 хувиар буурсны 1.6 хувь нь уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл эзэлж байна. Мэдээж манай улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий ордууд дахь хөрөнгө оруулагчидтай хийх эцсийн тохиролцооноос, эдийн засгаа тэтгэх үү, үгүй юү гэдэг нь хамаарах билээ.
Дэлхийн тэргүүлэгч эдийн засаг бүхий улс орнууд болоод манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгааг хүргэлээ.

Тэгвэл хямралын өрнөл төгсгөл хэсэг рүүгээ “мөлхөж“ яваа гэх энэ үед дэлхийн уул уурхайн бизнест ямар үйл явдал өрнөө бол? Манай уул уурхайн салбарт голлож ирсэн түүхий эдүүдийн зах зээлийн төлөв энэ оны эхний хагаст ямар байв?
Хятадын төрийн өмчит “Чайналко“ өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр уул уурхайн салбарт 3-рт бичигдэх “Рио Тинто“-д 19.5 тэрбум долларын хөрөнгө оруулах санал тавьж байв. Улмаар тэр үеэс “Чайналко“, “Рио Тинто“ хоёр хүч нийлбэл дэлхийд тэргүүлэгч BHP Billiton-ы ноёрхлыг үгүй хийх нь гэсэн “хар“ байсан. Гэсэн ч хувьцаа эзэмшигчид болон Австралийн Засгийн газрын хүчтэй эсэргүүцэл  хятадуудад боломж олгоогүй нь уул уурхайн салбарт багагүй дуулиан тарьсан. Ер нь бол “Чайналко“-гийн томрох санаархал анхнаасаа дуулиан байсан гэж болно. Тэдний салалтын дараа гоморхож үлдсэн тал байхад нөгөө талд “Рио“-д ашигтай боломж нээгдсэн гэж харагдаж байлаа.

Гэвч “Рио Тинто“ “Чайналко“ хоёр ер нь л ойр байх ёстой нь батлагдаад авав. Учир нь “BHP“-тэй ойртсоноороо уурхайнуудынхаа бонд болон хувиа “Чайналко“-д заралгүйгээр салах боломжтой гэдгээ мэдэгдэж байсан тэд өөр үр дүнг үзэв. Рио Тинто Лондон болон Австралийн бирж дээр компанийн өрийг төлөхийн тулд 15.2 сая хувьцаа худалдаж “Чайналко“ 1.5 тэрбум долларын хувьцаа  авахаар боллоо. Улмаар “Чайналко“   цаашдаа тус компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана гэдгээ өнгөрсөн сарын эхээр мэдэгдсэн. Тэгэхдээ “Рио“  гандан буурахгүй “BHP Billiton“-той хамтарсан төмрийн орд газар дахь хөрөнгө оруулалтын төсөл рүүгээ “дайрч“ байна.

Дэлхийн улс орнуудын хямралаас гарахын тулд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа бүх төрлийн таваарын эрэлтэд эергээр нөлөөлж байна. Мэдээж энэ нь уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдэд, дэлхийн эдийн засагт үр өгөөжөө өгч байна. Тухайлбал Олон улсын эрчим хүчний агентлагаас газрын тосны эрэлт өсөх хандлагатай байгааг хоёрдугаар улирлын сүүлээр зарласан нь уг бүтээгдэхүүн Нью Йоркийн хөрөнгийн биржийн арилжаанд нэг баррель нь 2.6 хувиар өсч, 73.01 долларт хүргэж байв. Уг нь Санхүүгийн хямрал эхэлсэн 2008 оны аравдугаар сараас хойш газрын тосны үнэ зогсолтгүй унасаар, нэг баррель нь 32 ам доллар дээр ч ирж байлаа.

Нэг ёсондоо газрын тосны үнийн уналт, тухайн үеийн эдийн засгийн шууд тусгал байсныг мэргэжилтнүүд хэлж байгаа. Тэгэхээр “Сидней дэх “Комоди Варантс Австрали“-ийн гүйцэтгэх захирал Петер МакГуир “Газрын тосны үнийн одоогийн дүр зураг цаашид ч үргэлжилнэ гэдэг тодорхой байна. Цаашид 80-81 ам.долларт хүргэх шинэ зорилготой“ байгаагаа ярьсан нь хямрал дуусч байгаа юм байна гэх найдварыг бас нэг талаас харуулсан хэрэг боллоо. Гэхдээ АНУ-ын эрх баригчид таваарын зах дээр спекуляц хийж, таваарын захын хөдөлгөөнийг идэвхжүүлэн, улмаар газрын тосны ханшийг бууруулах төлөвлөгөөтэй байгаагаа өнгөрсөн сарын дундуур илэрхийлсэн. Учир нь АНУ газрын тосны хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг ба дэлхийн бүх улс орны өдөрт дунджаар хэрэглэдэг ная гаруй сая баррель тосны 25 хувийг тус улс дангаараа хэрэглэдэг учраас тэр юм.


Алт

Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш өсөлт нь саарч байсан алтны ханшид 2009 он нэлээд ээлтэй байгаа гэж болно. Хэдийгээр энэ оны эхний өдрүүдэд 800 доллар дөнгөж гарч байсан ч, дэлхийн эдийн засагт нүүрлэсэн хямрал улам бүр даамжрах сургаар хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл суларч, түүнтэй холбоотойгоор хөрөнгийн зах зээлийн гол индексүүд унах болсон нь эсрэгээрээ алтны ханшийг өсөхөд нөлөөлөх хүчин зүйл байв. Мэдээж энэ бол нэг хүчин зүйл.

Алт  нь хеж буюу валютын ханшийн өөрчлөлтийг эрсдэлээс хамгаалах гол хэрэгслийн хувьд яах аргагүй энэ цаг үеийн “эзэн“ долларын ханшийн өөрчлөлтөөс ирээдүй нь хамаардаг жамтай. Нэг ёсондоо АНУ-ын долларын гол валютуудтай харьцах ханш хаданд гарах тусам алт хэцүүддэг гэсэн үг. Хэдийгээр хөрөнгө оруулалтын банкууд болон шинжээчдийн үзэж байснаар энэ оны эхний хоёр улирлын төгсгөлд алтны ханш 1000 долларт хүрнэ гэж байсан ч, бодит байдал дээр хараахан тийм биш байлаа. Гэхдээ ямар ч байсан “Goldman Saсhs“ гуравдугаар сард гарсан ойрын гурван сарын прогнозоо 700 ам.доллараас 1000-д хүргээд байсан нь, өдгөө 950 ам.доллар дээр хүрсэнтэй нь  харьцуулахад боломжийн байгаа юм. Ер нь бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алтны эрэлт 3.8 хувиар өсөж, 3658.6 тоннд хүрээд байгаа бөгөөд  цаашид одоогийн байгаа ханш тогтвортой байна гэж шинжээчид хэлж байгаа. Статистикийн мэдээллээс харахад өнгөрсөн жил Энэтхэг улс хамгийн их алт хэрэглэжээ. Тэгвэл алтны нөөцийн хэмжээгээ сүүлийн 6 жилийн хугацаанд 76 хувиар нэмэгдүүлсэн  Хятад улс энэ жил алтны хэрэглээгээр   тэргүүлэх шинжтэй  байна.


Зэс

Хямралын тухай “таамаг“ байхгүй байсан өнгөрсөн оны эхний хагаст эрдэс түүхий эдийн эрэлт хэрэгцээ тун боломжийн  байсан тэр өдрүүд, манайхны хувьд бараг л “алтан“ үсгээр бичигдэж үлдэхээ шахсан. Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ тэнгэрт хадаж, хэсэгтээ л тогтвортой байсан нь биднийг тийнхүү пологтоход нөлөөлж байв. Улмаар хямралын гайгаар эрдэс түүхий эдийн ханш огцом унаж, 9000-д хүрэхээ шахаж байсан тонн зэсийн үнэ өнгөрсөн оны сүүлч гэхэд дунджаар 2800 доллар дээр ирж билээ.

Тэгвэл оны эхээр чуулсан “Их -20“-ийн тэргүүлэгчдийн уулзалтаар “хямралын эсрэг үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, гацаанд ороод байгаа эрэлтийг өсгөхөд чиглэсэн бодлогыг барихыг чухалчилсан нь” өдгөө нөлөөллөө өгч, сүүлийн хоёр сард дэлхийн зах зээл дээрх таваарын түүхий эдүүдийн үнийг өсгөхөд нөлөөлөв. Тухайлбал он гараад зэсийн үнэ 81 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Харин эл улаан өнгөт металлын үнийн өсөлтөд Хятад улс зэсийн импортынхоо хэмжээг нэмэгдүүлсэн нь онцгой нөлөөллөө. Ерөөс хямран буй дэлхийн эдийн засгуудаас өдгөө дангаараа хүчирхэг байгаа нь Хятад улс. Улмаар тус улсын зэсийн хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж ирлээ. Гэхдээ одоо тус улс зэсийн импортынхоо хэмжээг тогтвортой түвшинд барих бодлогыг хэрэгжүүлж эхлээд байгаа. Учир нь сүүлийн 10 сарын хугацаан дахь хамгийн өндөр түвшин буюу 6600 ам.доллараас даваад байгаа зэсийн үнийн өсөлтийг тогтвортой байлгахын тулд ингэх юм.