Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Эрик де Сейз: Франц улс Монголд цөмийн цахилгаан станцын гуравдугаар үеийн технологийг санал болгож байгаа

Франц улсад цөмийн цахилгаан үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүний нэг нь монголчуудын сайн мэдэх “Areva” групп юм. Тус групп нь Монгол улсын Дорнод аймгийн нутагт судалгаа, шинжилгээний ажил явуулдаг. Өнгөрсөн жил “Areva” групп Франц улсыг төлөөлөн манай улсын цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Монгол улсын ураны нөөц нь  эрчим хүчний салбарыг хөгжүүлэх анхдагч нөхцөл  төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах стратегийн чухал давуу тал юм. “Aрева Монгол” компани ирэх арваннэгдүгээр сард туршилтын олборлолт хийх гэж буй талаар тус компанийн Ерөнхий захирал Эрик де Сейзтэй Э.Оджаргал ярилцлаа.

Одоогоос нэг жилийн өмнө Та манай сэтгүүлд ярилцлага өгч байсан билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Areva” групп хэр үр дүнтэй, амжилттай ажиллав. Мөн ямар ажил, төслүүдийг эхлүүлээд байна вэ?


2009 оны долдугаар сард Цөмийн эрчим хүчний тухай шинэ хууль батлагдсан. Шинэ гарсан хуультай холбогдуулаад ураны салбарт авсан лицензүүдээ дахин бүртгүүлэх ажил амжилттай хийгдлээ.  Мөн оны аравдугаар сард Монгол улс болон “Areva” группын  хооронд цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тус гэрээнд гарын үсэг зурахаар манай группын Ерөнхий захирал хатагтай  Анн Лувержан Монгол улсад хүрэлцэн ирсэн. Энэ хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан заалтын дагуу бид Монголын мэргэжилтнүүдийг дахин бэлтгэх үйл ажиллагааг Цөмийн энергийн газартай хамтран явуулж эхлээд байна. Энэ салбарт ажиллах мэргэжилтнүүдийг Франц болон Казахстан улсад давтан суралцуулж, бэлтгэж байгаа.

2009 оны арваннэгдүгээр сард Цөмийн энергийн газрын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч  Казахстанд айлчилж,  манай гурппын тус улс дахь салбарын үйл ажиллагаатай танилцсан. Уг айлчлалын гол зорилго нь яваандаа Монгол улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй  газар дор уусган баяжуулах технологитой танилцах явдал байсан юм. Түүнчлэн газар дор уусган баяжуулах технологитой танилцахаас гадна мэргэжлээ дээшлүүлэхээр өнгөрсөн сард Монголын дөрвөн инженер Казахстан явж, ажиллаад ирлээ. Цөмийн эрчим хүчний газрын ажилтан нэг жилийн хугацаатай суралцах, мэргэжлээ дээшлүүлэх зорилготой явсан. Тухайн хүн хамгийн гол нь байгаль орчны салбарт явуулж байгаа уул уурхайн үйл ажиллагааны талаар мэргэших ёстой.  Тэрбээр Монголд ирээд манай компанид ажиллаж байгаа, өмнө нь Франц улсад уул уурхайн салбарт мэргэжил эзэмшсэн мэргэжилтнүүдийн нэгэн адил эх орондоо ажиллах юм. Мэргэжил дээшлүүлэхээр явж байгаа бүх хүний зардлыг “Areva” групп, мөн түүнчлэн Францын Засгийн газраас гаргаж байгаа юм. 2009 оны аравдугаар сарын 5-ны өдөр зурсан хамтын ажиллагааны Гэрээнд дурдсаны дагуу хоёр улсын хооронд ураны салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын Гэрээний төслийг боловсруулах шатны ажлыг манай групп  одоогоор хийж байна.

2010 оны тавдугаар сард Францын Гадаад яамны төлөөлөгчид Монгол улсад айлчилж, цөмийн эрчим хүчний салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны гэрээний төслийг Монголын талд гардуулсан. Энэхүү гэрээний төслийг Монголын тал холбогдох журмын дагуу судлан үзэж, ажиллаж байгаа. Мөн манай групп Францын цөмийн эрчим хүчний комиссерат болон Монголын Цөмийн эрчим хүчний газрын хооронд хамтран ажиллах үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.  Тус хамтын ажиллагааны гол зорилго бол энэ салбарт цаашид хамтран ажиллах бүх төлөвлөгөөг тодорхойлох юм. Цөмийн эрчим хүчний хуульд заасны дагуу бид цаашдаа Монголын талаас албан ёсны байгууллагууд болох “МонАтом” компани, Цөмийн энергийн газартай нягт холбоотой  ажиллаж байна. “Aрева Монгол” компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Японы “Mitsubishi” корпорацитай хамтран ажиллахаар Гэрээнд гарын үсэг зурсан. Тус корпораци нь манай  компанид хувь нийлүүлж орох сонирхолтой байгаа юм.  Хайгуулын үйл ажиллагааны хувьд гэж ярих юм бол яг одоогоор Сайншандын сав газарт хайгуулын үйл ажиллагаа явуулж, тэндээс тодорхой хэмжээний ураны нөөцтэй газрыг илрүүлээд байгаа. Тус газар дахь Дулаан-Уулын ойролцоо байдаг уурхай маань арав орчим мянган тонн уран нөөцтэй болохыг Франц дахь манай лабораториуд тогтоосон. Энэ онд хийсэн хайгуулын ажиллагааны үр дүнгээс харж байхад энэ тоо улмаар өсч, 30 мянган тонн хүрэх бололцоотой юм билээ.  

“Areva Монгол” компанийн явуулах гэж буй туршилтын олборлолт багагүй анхаарал татаж байгаа. Энэхүү олборлолт нь Монголын ураны салбарт анх удаа хийгдэж байна уу? Энэ үйл ажиллагаанд хэр хугацаанд бэлтгэсэн бэ?


Өнөөдрийн байдлаар туршилтын олборолтын бэлтгэл ажил явагдаж байгаа. Монголын холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсны дараа туршилтын олборлолтын ажиллагаа эхлэх юм. 2010 оны сүүл, 2011 оны эхний улирал гэхэд энэ туршилтын олборлолт хийгдэж дуусах төлөвлөгөөтэй. Тиймээс олборлолтын үр дүн 2011 онд тодорхой болно. Томоохон олборлолт явуулахаасаа өмнө бид туршилт хийж, болох юм байна гэдгийг харуулж, нотлох ёстой. Туршилтын олборлолтоо хэрэгжүүлэхийн  тулд Дулаан-Уулд газар дор уусган баяжуулах технолгио ашиглан энэ оны намар тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Үүний тулд бид юуны өмнө хүрээлэн буй орчны судалгаагаа гаргасан. Газар дор уусган баяжуулах арга, технологийг ашиглан гаргаж авах ураны туршилтын олборлолтыг явуулахын тулд энэ зуны эхээр холбогдох Яаманд хүсэлтээ гаргасан байгаа. Туршилтын олборлолтыг явуулсны үр дүнд Сайншандын сав газарт ураны олборлолт явуулж болно гэдгийг  тогтоохын зэрэгцээ ураны нөөцийг эдийн  засгийн эргэлтэд оруулах  ач холбогдолтой  юм. Бид жилд 2000-2500 тонн уран олборлохоор төлөвлөж байгаа.

Техник , эдийн засгийн үндэслэлээ боловсруулсан уу?


Бид бизнес төлөвлөгөөгөө гаргачихаад байгаа. Мөн ямар үйлдвэр барихаа ч тогтсон. Гэхдээ үйлдвэр барихаас өмнө олборлох уран маань үйлдвэрлэл явуулах хэмжээний чанартай байгаа эсэх талаар туршиж тогтоосон байх ёстой юм.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.