Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

Эрдэс баялгийн эдийн засаг

Эрдэс баялгийн хөгжлийн төвийн захирал,  Монгол улсын уул уурхайн зөвлөх инженер, проф. Д.Галсандорж


Эрдэс баялгийн эдийн засаг гэж юу вэ?


Эрдэс баялгийн салбарт ажилладаг компани, пүүс болон хүмүүсийн хувьд “эрдэс баялгийн эдийн засаг” гэдэг нь инженерийн оновчтой арга барил юм. Өөрөөр хэлбэл дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх замаар геологи хайгуулын ажлыг оновчтой явуулах,  нөгөөтэйгүүр эрдсийн олборлолт, боловсруулалт болон үйлдвэрлэлийн бүх шатны ажлын өртөг зардлыг аль болох багасгах тухай ойлголт.

Зарим эдийн засагчид үүнийг шинээр нээгдэж буй аль нэг уурхай юмуу барихаар төлөвлөж байгаа үйлдвэр, аж ахуйн газар, хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрүүдийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулахтай холбоотой асуудал гэж хэлж  магадгүй.

Нөгөө хэсэг нь эрдэс түүхий эдийг олборлон боловсруулах, түүний үйлдвэрлэл, борлуулалтын олох орлого, цэвэр ашгийг тооцоход чиглэсэн үйл ажиллагаа  гэж тодорхойлж болох юм. Дээрхи гурван тайлбарын аль аль нь үнэний хувьтай боловч бүрэн гүйцэд ойлголтыг өгөхөд учир дутагдалтай.

Иймээс  “эрдэс баялгийн эдийн засаг” гэж юуг хэлэх, үүнээс үүдэн “эрдэс баялгийн салбарын эдийн засагч” гэж хэн болох, ямар чиглэлийн ажил эрхэлдэг, яагаад энэ сэдэв өнөө үед  чухал ач холбогдолтой хэвээр байгаа  вэ гэсэн асуулт  зүй ёсоор гарч ирнэ.

Түүх сөхөхүй:

Эдгээр асуултад хариулахын өмнө хэдэн арван жилийн өмнөх үе буюу өнгөрсөн зууны эхний хагасын түүхийг эргэн сөхье.

ХХ зууны эхэн үед дэлхийн олон улс оронд эрдсийн олборлолт, үйлдвэрлэлийн суурь тавигдаж, төрөл бүрийн эрдэс, баяжмал, хайлш, цэвэр металл болон хаягдал металлын олон улсын худалдаа эрчимтэй хөгжиж байв. Үүний зэрэгцээ түлш, тухайлбал нүүрс болон газрын тосны арилжаа ихээхэн өргөжсөн болно.

Уул уурхайн чиглэлээр ажиллаж байсан зарим эдийн засагч, онолчид дэлхийн эрдэс баялаг, ялангуяа газрын гүнд байгаа эрдэс баялгийн нөөц хязгаартай бөгөөд хэзээ нэгэн цагт энэ нь  шавхагдаж болох учраас эрдэс түүхий эдээр дэлхийн улс орон, хүмүүс дутагдах явдал гарч болно гэсэн дүгнэлт хийж байсан. Үнэхээр ч тийм. Үүнийг эрдэс баялгийн эдийн засаг талаас нь хэрхэн тооцож үзэх вэ? Энэ чиглэлээр судалгаа хийж, түүнээс урьдчилан сэргийлэх боломж байна уу?  Одоогоос 75 жилийн өмнө  энэ сэдэв ихээхэн яригдаж байсан. Энэ асуудлаар өнөөдөр  хүмүүс санал бодлоо илэрхийлсээр байна. Эрдэс баялгийн нөөц дуусах буюу хомсдох, улмаар дэлхийн бүс нутаг, улс орнуудын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг тасралтгүй хангах тухай асуудалд зарим хүмүүс ихээхэн санаа зовж байгаа нь мэдээж.

40-өөд жилийн өмнөхөн Ромын Клубээс эрдэс түүхий эдийн ордоо илрүүлэн бэлэн байгаа нөөцөд олон улсын хэмжээнд ерөнхий үнэлгээ өгч, улс орнууд ихэнх  металл, эрдэс түлшний нөөцөөр хомсдолтой байгаа талаар урьдчилсан таамаглал гаргажээ. Орчин үеийн техник технологи нэвтэрч, улмаар шинэ орд газар, бага агуулгатай хүдэр буюу орд газрын хаягдлыг бага зардлаар боловсруулж, баяжмал цэвэр металл гаргах боломжтой болж байна.

Ялангуяа эдийн засагчдын анхаарах ёстой нэг зүйл бол эрдсийн түүхий эдийн нөөцийг авч ашиглахдаа байгалийн унаган төрхийг нь алдагдуулахгүйн тулд аливаа хөрөнгө оруулалтыг оновчтойгоор   ирээдүйгээ харж хийх, орчин үеийн техник технологи ашиглах шаардлагатай. Дэлхий дээр олборлож байгаа ямар ч эрдэс, түүхий эдийг дуустал нь шавхаж ашиглана гэж байхгүй, аль нэг байршилд байгаа тухайн орд, тухайлбал том ба жижиг ордын ч гэсэн илрүүлсэн нөөцийг нь олборлон боловсруулахдаа эдийн засгийн үр ашиг багатай болох үед нь хаах хэрэгтэй. Хаалтын орчин үеийн менежментыг нэвтрүүлж байх нь чухал юм.Шинэ орд газрыг илрүүлж ашиглах замаар шинэ хүч чадал, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь зүйтэй байна.

Англи Улсад эдийн засгийн шинжлэх ухаан онолын хувьд анхлан биеэ дааж гарч ирж байсан 18 дугаар зууны сүүлчээр “Үйлдвэрийн хувьсгал” дөнгөж эхний шатандаа байв. Английн тэр үеийн нэрт эдийн засагчид, тухайлбал Давид Рикорда, Давид Хьюмс болон Адам Смит нар эрдэс баялгийн эдийн засгийг хөдөө аж ахуйгаас ялган зааглаж, энэ чиглэлээр нэлээд ажлыг хийсэн байна. Хөдөө аж ахуйн эдийн засаг, эрдэс баялгийн эдийн засаг хоёр хоорондоо ижил төстэй, нийтлэг зүйл нэлээд байдаг. 20 дугаар зуун хүртэл эрдэс түүхий эд болон байгалийн баялгийг төдийлөн тусгайлан авч үзэхгүй байлаа.

Эхний үе шат:

Байгалийн баялгийн сэргээгдэшгүй нөөц, түүнийг дахин боловсруулах чиглэлийн эдийн засгийг бие даасан салбар болгон авч үзэж байсан анхны эдийн засагчдын нэг нь Америкийн эдийн засагч Харолд Хотеллинг. Тэрээр 1895 онд Миннесота хотод төржээ. Төрөлхийн тооны авьяастай тэрээр  /1972 оны Нобелийн шагналт Кеннет Эрроуг оролцуулан/ олон эдийн засагчийг  сургаж хүмүүжүүлжээ.

Нью-Йорк хотын Колумбын Их сургуулийн профессор байхдаа эрдэс баялгийн эдийн засгийн анхны шинжилгээ гэж үзэж болохуйц “шавхагдах нөөцийн эдийн засаг” өгүүлэл бичиж,”Улс төр, эдийн засгийн ухаан” сэтгүүлийн 1931 оны 4 дүгээр сарын дугаарт хэвлүүлсэн нь тэр үедээ нэг их анхаарал татаагүй юм. Гэвч Хотеллингийн үзэл бодлын үндэслэл цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэтэй болж үнэлэгдэж дүгнэгдэх болно.

Дээд боловсролын эхлэл:

Зарим талаар Хотеллинг цаг үеэсээ түрүүлж байсан боловч аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд эрдэс түүхий эдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах, зах зээлийн үнийг тогтвортой байлгах, үндэсний эдийн засгаа хангах тодорхой хэмжээний түүхий эдийн нөөц, удаан хугацааны нийлүүлэлттэй байх зэрэг асуудлыг иж бүрнээр авч үзэхэд 1930-аад оны дэлхий нийтийн хямрал болон дэлхийн хоёрдугаар дайн чухал нөлөө үзүүлсэн байна. Эрдэс баялгийн эдийн засагч мэргэжлээр дээд боловсрол олгох сургалт 1940-өөд оны сүүлч хүртэл албан ёсны бус явагдаж байгаад анх АНУ-д Пенсельванийн Улсын их Сургуульд уг программыг оруулсан байна.1950-иад оны үед Пени Штатын нэрт геологич, эдийн засагч Жон Д.Риже уг программыг удирдах болсноос хойш анхны зэрэг цолтой мэргэжилтэн, судлаачид төржээ. Тус Тэнхимийн анхны гишүүдийн нэг нь Жон Жэй Шанз  юм. Тэрээр Вашингтон хотод цол хамгаалж, АНУ-ын Засгийн газрын Ирээдүйн нөөцийн газрын ахлах эксперт, судлаач байснаа хожим нь Америкийн Конгрессын судалгааны албанд ажиллаж байжээ.

Эрдэс баялгийн эдийн засаг:

Геологийн эдийн засагч, эрдэс баялгийн эдийн засагч хоёрыг харьцуулъя. Энэ хоёр бараг  адилхан сонсогдох ч тэс өөр зүйл юм.

Геологийн эдийн засаг гэдэг нь геологийн хайгуулд ашиглах техник технологийн өнөөгийн түвшин болоод уурхай, шинэ орд газраас хүдэр олборлож, үр ашигтайгаар боловсруулах   асуудлыг геологи талаас нь судлахыг хэлдэг. Геологийн эдийн засаг нь геологийн ухааны нэг хэсэг юм.

Харин “эрдэс баялгийн эдийн засаг” гэдэг нь өргөн хүрээтэй ойлголт. Зөвхөн геологи, уул уурхай болон металлургийн салбарын бүрэлдэхүүн ч биш, энэ нь уул уурхайн салбар юмуу, бусад шинжлэх ухаан, инженерийн салбарын чиглэлүүдийг хамаарч байна. Гэхдээ эрдэс баялгийн эдийн засаг чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс  хоорондоо уялдаа холбоотой дээрх олон салбаруудын талаар тодорхой боловсрол, ойлголттой байхыг зүй ёсоор шаардаж байна.

Эрдэс баялгийн эдийн засаг гэдэг нь эдийн засгийн салбарын шинжлэх ухаан.  Товчоор тодорхойлбол: эрдэс баялгийн эдийн засаг гэдэг нь металл болоод металл бус эрдэс түүхий эд болон түлш зэргийг хамгийн бага зардлаар олборлох, боловсруулах, олон улсын зах зээлд борлуулах, эцсийн үйлдвэрлэлд хэрэглэх, дахин боловсруулах, уул уурхайн шинэ төслийг санхүүжүүлэх зэрэг асуудлыг хамарсан эдийн засгийн онол, практикийн асуудал юм. Энэ нь аж ахуй хөтлөх арга бөгөөд эрдсийн салбарын оновчтой бодлогыг тодорхойлох, хувийн секторт зохистой шийдвэр гаргах чухал хөшүүрэг болж байна.

Эрдэс баялгийн эдийн засагчдыг хаана бэлддэг вэ?

Эрдэс баялгийн эдийн засагчдыг барууны нэлээд олон оронд бэлтгэж, бие даасан тусгай программын дагуу сургадаг байна.

Анх Америкийн Ренн Штат-д анхны программаар сургалт эхэлж, түүнээс хойш байгалийн шинжлэх ухаан болон уул уурхайн инженерийн томоохон тэнхимтэй Англи, Америк, Канадын болон Австралийн хэд хэдэн дээд сургуульд эрдэс баялгийн эдийн засагчдыг бэлтгэх болжээ. Нөгөөтэйгүүр энэ чиглэлээр зэрэг цолыг олгодог юм байна.

Мк.Гилл-ийн дээд сургууль, Канадын Бритиш Колумбын дээд сургууль, Колорадогийн уул уурхайн сургууль, Колумбын их сургууль болон Аризонагийн их сургууль, Америкийн Вест Виржинагийн их сургууль, Англи болон Австралийн хэд хэдэн их, дээд сургуульд зэрэг цол олгодог курс, сургалт явагддаг байна. Эхний үед хичээлийг ихэвчлэн байгалийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн доктор, профессор багш нар заадаг байжээ. 1960-аад оноос мэргэшсэн эдийн засагч багш нар хичээл зааж эхэлсэн бөгөөд өнөөдөр сургуулиудын тэнхимүүд төрөл бүрийн мэргэжлийн багш, гишүүдээс бүрдэж байна.

Эрдэс баялгийн эдийн засагчид юу судалдаг вэ?

20 дугаар зууны гурав дахь хагаст эрдэс баялгийн эдийн засаг онолын хувьд бэхжихийн хамт хүрээ нь өргөжиж эхэлжээ  Гол нэр төрлийн эрдэс түүхий эд, металлын сэдвүүдээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийгдэж байв.

Эрдэс баялгийн эдийн засгийн докторын зэргийг анх Пенн Штат-д олгосон бөгөөд цол хамгаалагчдын нэг нэрт эрдэмтэн Джон Жэй Шанз бөгөөд цагаан тугалганы олон улсын гэрээ, контрактын асуудлаар эрдэм шинжилгээний ажил хийж, тэр нь уг металлын эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн үнийг олон жил тогтвортой байлгахад зохицуулалт хийжээ.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal сэтгүүлийн № 001 дугаараас уншина уу.
 

  • сурагч 11 ангид сурдаг 2015 оны 04 14 нд хариу (103.242.47.66)
    юу вэ монгол орны эдийн засагийн томоохон уул уурхай эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ талаар хариулт өг нүү
    2015 оны 04 сарын 14 | Хариулах