Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

Монголын нүүрсний үнэ ямар зарчмаар тогтдог вэ?

2011 онд Монгол улсын экспортын 40 гаруй хувийг нүүрсний салбар бүрдүүлж эхэлсэн. Тодруулбал, оны эхний арван сарын байдлаар Монгол улсын нийт экспорт 3.78 тэрбум ам.долларт хүрсний 1.6 тэрбумыг нь нүүрсний экспорт эзэлжээ. Нүүрсний экспортын энэхүү өсөлт 2010 оноос эхэлсэн юм. Өнгөрсөн оны сүүлийн байдлаар 16 сая тонн нүүрс экспортолж, 878.4 сая ам.долларын орлого олсон гэсэн үзүүлэлт гарсан билээ. Цаашид ч нүүрсний экспорт нэмэгдэх нь гарцаагүй бөгөөд Монгол улс ирэх жил доод тал нь 40 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй байгаа юм.

Экспортын энэ их өсөлтийн үед Засгийн газар нүүрс, төмрийн хүдрийн экспортоос  5 хувийн татвар авахаар санал боловсруулсан удаатай. Гэхдээ уг саналаа УИХ-аар хэлэлцүүлэхээс өмнө татаад авчихсан. Нэр бүхий УИХ-ын гишүүд уг татварын асуудлыг дахин сэргээж, хэлэлцүүлэн, улмаар татвар тогтоолгоно гэсэн байр суурьтай байгаа юм. Ийм санал зүтгүүлж буй цөөн гишүүнийг эс тооцвол эл санаачлага өргөн дэмжлэг төдийлөн хүлээлгүйгээр экспортын 5 хувийн татварын тухай яриа хэсэгтээ намжаад байна. Засгийн газар ч саналаа буцааж татсан шалтгаанаа “экспортыг дэмжихгүйгээр улс орны эдийн засаг сайжрахгүй” гэсэн нийгмийн олонхийн санал бодол, түүний дотор Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүдийн  байр суурийг сонсож , түдгэлзэв бололтой.

Үнэхээр ч Монголын нүүрсний салбарт дүн шинжилгээ хийвэл уг салбар дөнгөж хөл дээрээ тогтох гэж явна хэмээн дүгнэж болно. Өнгөц харахад асар их нүүрс экспортолж буй мэт боловч олдог ашиг нь тийм ч их биш. Технологи шингэсэн үйлдвэрлэлийн хувьд  ганц нэг компанийн Нүүрс угаах үйлдвэрийг эс тооцвол нэмээд хэлэх хүч цөөн, одоохондоо тун чамлалттай гэж  болно. МАК, SGS компаниуд нь нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа хэдий ч бүрэн ашиглалтад оруултал хугацаа шаардагдах юм.

Нэг талаас, ийм эхлэлийн шатандаа яваа үед нь хувийн компаниудаас нүүрсний экспортын 5 хувийн татвар авбал үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрнэ гэж МҮХАҮТ болон Нүүрс ассоциацийн гишүүд үзэж байна.

Монгол ба Австрали нүүрсний “ялгаа”

Дэлхийн нүүрсний зах зээлд тэргүүлэх байр суурийг хэдийнэ эзэлсэн Австралийн тухайд тус улс нь коксжих болоод эрчим хүчний нүүрсний зах зээлийн үнийг Хятадад дангаараа тогтоох тэргүүн индэрт хэдийнэ гарч чаджээ. Хятад нь түүхий эдийн зах зээлийн үнийг тогтоож буй гол хэрэглэгч боловч үндсэн нийлүүлэгч нь Австрали улс учир тэд ч мөн зах зээлийг тодорхойлогч нэг хүчирхэг дуу хоолой мөн.

Харин манай улсын хувьд дөнгөж Хятадын зах зээл, тэр дундаа хамгийн хямд нүүрсний бүс нутаг болох Өвөрмонголын мужуудад нүүрс нийлүүлж байгаа юм. Австралийн нүүрс байр сууриа эзэлсэн Хятадын гангийн үйлдвэрийн гол бүс нутаг болох далайн эргийн мужуудад монголчууд одоогоор хүрч чадахгүй байна. Эргийн мужуудад нүүрс үнэтэй, хойд хэсгийн мужид нүүрс маш хямд. Тиймээс манай улсын нүүрс хямдхан байгаа нь Хятадын зөвхөн хойд хэсгийн зах зээлд одоохондоо нэвтэрч чадаж байгаатай холбоотой.

Дунджаар авч үзвэл 2010 онд Монголын нүүрсний компаниудын экспортын үнэ 52 ам.доллар/тонн байжээ. 2011 онд Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр экспортын нүүрсний үнэ дунджаар 90 гаруй ам.доллар байгаа ч уг үнээс ч доогуур хэвээрээ байна. Тухайлбал “жижиг” Тавантолгойн нүүрсний үнэ нэг тонн нь 38 ам.доллар /уурхайн аман дээрх үнэ/, “SouthGobi Sands” компанийнх 60 гаруй ам.доллар, “Энержи Ресурс”-ынх 90 гаруй ам.доллар, харин тус компанийн боловсруулсан нүүрс 150 ам.долларын үнэтэй байна. Ирэх жилийн эхээр олон улсын Хөрөнгийн биржүүдэд санхүүжилт босгохоор зэхэж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд өнгөрсөн долдугаар сард Хятадын төрийн өмчийн “Чалко” компанитай 5 жилийн хугацаатай нүүрсний Экспортын гэрээ байгуулж, 70 ам.доллараар бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр болсон юм.

Гэхдээ нүүрсний компаниудын борлуулалтын үнэлгээ доогуур байгаа ч тэдний төлж буй татвар арай өөр үнэлгээгээр тогтоогддог ажээ. Нүүрсний компаниуд Засгийн газрын хооронд нэгэн үл ойлголцох асуудал үргэлжилсээр байдаг нь жишиг үнийн тухай маргаан юм. Жишиг үнийн зарчмаар бол нүүрсний компаниуд татварт нэг тонн нүүрс тутамд 6-9 ам.доллар илүү төлж байна гэж тайлбарладаг. Засгийн газрын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу жишиг үнэ тооцох аргачлалыг батлан мөрдүүлэх үүргийг Татварын ерөнхий газарт даалгажээ. Энэхүү аргачлалын дагуу бол нүүрсний жишиг үнийг Хятадын www.coalworld.net цахим хуудас дахь үнийг баримтлан шийдвэрлэхээр болжээ. Уг сайтад өнгөрсөн тавдугаар сард Өвөрмонголын Баотоу, Ухай-д нэг тонн коксжих нүүрсийг 178-202 ам.доллар гэж тэмдэглэсэн байжээ. Үүнд үндэслэн Татварын ерөнхий газар нүүрсний жишиг үнийг боловсруулалтын 30 хувийн хорогдлыг хасч тооцон, 119 ам.долларын жишиг үнийг гаргаж, татвар тооцно.  Гэвч энэхүү үнэлгээ нь компаниудын борлуулалт хийж буй үнээс харьцангуй өндөр үзүүлэлт болох нь харагдаж байна. Уг үнэлгээнд боловсруулалтын хорогдлыг хасч тооцсон ч, Хятадын агаар бохирдуулсны татвар, НӨАТ-аас гадна тээврийн зардал багтжээ. Компаниуд энэхүү аргачлалыг баримталснаар өөр улсад татвар нэмж төлж хэмээн гэж гомдоллосоор байгаа юм. Үүнээс гадна энэхүү coalworld.net  цахим хуудас дахь үнийн мэдээллийг олж авах нэг жилийн эрх олж авахын тулд 2800 ам.доллар төлөх шаардлагатай байдаг ажээ.


Австрали “брэнд”-ийн нүүрс

Манай улсын нүүрсний экспортын үнэлгээнээс хоёроос гурав дахин, үүнээс ч илүү үнэтэй Австрали “брэнд”-ийн нүүрсний үнийг манайхан “хадсан” ханшаар нь сайн мэднэ. Австралийн эдийн засгийн гол хөшүүрэг болсон нүүрсний салбар нь 2008-2009 онд улсдаа 50 тэрбум гаруй ам.долларын орлого оруулжээ. Тус улс нь жилдээ 250 орчим сая тонн нүүрс экспортолдог бөгөөд гол зах зээл нь Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Хятад, Энэтхэг, Европын улс орнууд юм.

Дээрх тоо баримтаас харахад Австрали нь манай улсаас доод тал нь 10 дахин их хэмжээний нүүрс экспортолдог. 2008-2009 онд коксжих нүүрсний үнэ 300 ам.доллараас давсан учир тус улсын нүүрсний салбарын орлого ийм өндөр түвшинд хүрчээ. Харин 2007-2008 онд тус улсын нүүрсний салбарын орлого 24 тэрбум ам.долларт хүрсэн байна. Коксжих нүүрсний үнэлгээ зах зээлд сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр ирсэн ч, 2007 оны байдлаар одоогийнхоос хавьгүй доогуур буюу 98 ам.доллар/тонн байжээ. Улмаар 2008 оны дөрөвдүгээр сард 300 ам.доллар/тонн болтлоо өссөн юм. Зах зээлийн савлагаа энэ салбарт өндөр эрсдэл авчирсаар байгааг дээрх статистикуудаас харж болно. Австрали улсыг эдийн засгийн хямралаас аюулгүй авч гарсан зүйл нь нүүрсний салбар ч гэж хэлдэг нь ийм учиртай билээ.

Австралийн нүүрсний салбарын орлого 54 тэрбум австрали долларт хүрсэн 2008 онд  нүүрсний компаниуд улсад роялти, орлогын татвартайгаа нийлээд 12.9 тэрбум доллар төлжээ. Тодруулбал роялти-д 4.5 тэрбум австрали доллар, 8.4 тэрбум долларыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлжээ.

Австрали улсын хувьд нүүрсний экспортын хэмжээгээ жил бүр 5 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эрчим хүчний нүүрсний экспортыг жилд 6.7 хувиар, коксжих нүүрсний экспортыг 3.5 хувиар өсгөх юм. Энэ хэрээр тус улсын нүүрсний салбарын эдийн засагт эзлэх хувь хэмжээ жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.

Австрали “брэнд”-ийн нүүрс нь Монголын коксжих нүүрснээс хоёр, гурав дахин илүү үнэлгээтэй байгаа ч ямар нэг хэмжээгээр тухайн худалдан авагч талын хэрэглээнд тохируулан боловсруулагдсан байдаг тул илүү өндөр үнэ хүрдэг. Дээр нь Австрали улс нь урт хугацаанд үнэ тогтоогч монополь байр сууринд хүрч чадсан нь бүтээгдэхүүнээ бүс нутагтаа өндөр үнэлгээтэй болгох бас нэг хүчин зүйл болдог. Далайн тээвэрлэлтийн хямд зардал, орон нутагтаа дэд бүтцийн сүлжээтэй зэрэг нүүрсний үнэ ханшид нөлөөлөх гол хүчин зүйлүүдээ тус улс шийдвэрлэж чаджээ.

Энэ сарын байдлаар дэлхийн эдийн засаг тогтворгүй байгаагаас үүдэн Австралийн коксжих нүүрсний үнэ өнгөрсөн сараас эхлэн бага багаар унасаар одоо 230 ам.доллар/тонн болж доошлоод байна. Ийнхүү жилийн эхний улиралд 330 ам.доллар/тонн болж үнийн дээд амжилт тогтоогоод байсан коксжих нүүрсний үнэ өдгөө бууж эхлээд байгаа билээ.

Олон улсын зах зээлийн зарим судлаачид Австралийн коксжих нүүрсний үнэ ийнхүү буурч байгаа нь Хятадын Монголоос оруулж ирэх харьцангуй хямд үнэтэй коксжих нүүрсний импорт нэмэгдсэнтэй холбоотой гэж бас тайлбарлаж буй юм.


Монголын нүүрсний салбарын зах зээл

Өвөрмонголын Баотоу эсвэл Ухай орчимд одоогоор боловсруулсан коксжих нүүрсний үнэ 1000 юань/тонн байгаа бол ган үйлдвэрлэлийн мужууд болох Хэбэй, Шианси, Таншан-д 1400-1500 юань/тонн байна. Харин Монголын нүүрс 600 орчим юань/тонн үнэтэйгээр Сэхэ боомтод худалдаалагдаж байна. Хятадын хойд бүс нутагт коксжих нүүрсний үнэ бусад хэсгийнхээсээ 50 орчим хувиар хямд байгаа нь илт байна. Эрчим хүчний нүүрсний хувьд ч мөн адил Өвөрмонголын Баотоу-д 464 юань/тонн байгаа бол эргийн Чинхуандао боомтод 900 юань/тонн байгаа юм.

Хэрэв Монголын компаниуд Баотоу, Ухай руу нүүрсээ зөөж зарвал тээвэрлэлтийн зардал багагүй хэмжээгээр нэмэгдэж, тухайн хэсгийн уурхайн бүтээгдэхүүнтэй үнээрээ лав өрсөлдөж чадахгүй. Түүнчлэн түүхий нүүрсний үнэлгээг боловсруулсан нүүрсний тухайн бүсэд мөрдөж буй үнэлгээнд үндэслэн 35-40 хувиар хорогдуулж тооцдог учир Монголын нүүрс төдийлөн өндөр үнэлэгдэж чадахгүй юм.

Эндээс манай улсын нүүрсний үнийг Австрали брэндийн нүүрсний үнэтэй харьцуулахад өнөөдөр хэтэрхий эрт байгаа нь харагддаг. Монголын нүүрсний салбар Австралийн түвшин рүү ойртоход транзит тээвэр, бүтээгдэхүүнээ боловсруулах, дэд бүтэц, зах зээлд брэнд болох, олон хэрэглэгч улстай болох зэрэг асуудал тулгамдах нь тодорхой.

Монголын нүүрс одоогоор Хятадын бараг хамгийн хямд зах зээлд үнээрээ өрсөлдөж байна. Газарзүйн байршлын энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Тиймээс монгол брэндийн нүүрсийг бүс нутагтаа хүчтэй өрсөлдүүлэхийн тулд зөвхөн компаниудын хүчин чармайлтаас гадна Төрийн хэмжээнд хэлэлцэх тээвэр, ложистикийн тохиролцоогоор зах зээлээ өргөтгөх, нэвтрэх гарц гаргах  нь манай улсын нүүрсний салбарын хөл дээрээ зогсох суурь алхам болно.


                                                                                                                                                                                                                                 Б. Төгсбилэгт