Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

Уул уурхайн салбар дахь татварын бодлогын асуудал


Эх орныхоо эрдэс баялгийн үр өгөөжийг ард түмнийхээ хүртээл болгох гол механизм нь татварын тогтолцоо, түүгээр дамжин төвлөрсөн мөнгөн сан болох төрийн сан  төсөвт орж буй орлогын хэмжээгээр хэмжигдэх зүй тогтолтой нь гадаад орнуудын авч явуулж буй арга хэмжээнээс харагдах  боллоо. Эрдэс баялгийнхаа ашиглалтаас ард  түмэндээ  хүртээх ойлголт, хэлбэрүүд  эрдэс баялгийн нөөц бүхий ихэнх орнуудад байдаг. Үүний нэг тод жишээ бол Кувейт улс юм. Кувейт улс нефтийн баялаг ихтэй бөгөөд түүний олборлолт, борлуулалтаас олсон орлогын нэлээд хэсгийг ирээдүйн иргэддээ зориулан хуримтлал болгон үлдээдэг талаарх   мэдээллийг бид мэднэ.    

Эрдэс баялгийнхаа ашиглалтаас ард түмэндээ хүртээх асуудлыг   эдийн засаг нь хөгжилгүй, амиа аргацаасан шинжтэй, өрсөлдөх чадваргүй байх  татварын тогтолцооны гаж байдалтай холбон үздэг бөгөөд дээд зэргийн үр ашигтай үйлдвэрлэл явуулахад нөлөө үзүүлэхээр зохион байгуулагдсан үр ашигтай татварын тогтолцоо эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг хангадаг тул эрдэс баялгийн ашиглалтаас ард түмэнд хүртээх боломжийг нэмэгдүүлдгийг  улс орнуудын туршлага харуулж байна. Үр ашигтай татварын тогтолцоо бол эрдэс баялгийн салбарт ашигт малтмалын хайгуул хийх, ордыг үйлдвэрлэл, ашиглалтын эргэлтэд оруулах байгаль орчинд  сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нөхөн сэргээлтийг анхны хэлбэрт нь хүрсэн түвшинд хийх  боломж олгохын зэрэгцээ байгалийн баялгаа  ашигласны  төлөө улс орныхоо иргэдэд  үндэслэл нь тодорхой ойлгомжтой,  хуваарилалтын шударга зарчмыг хангахад чиглэгдэх учиртай.

Татвар нь макро-түвшинд эдийн засгийн харилцааг  зохицуулах үр ашиг бүхий арга хэрэгслүүдийн нэг бөгөөд татварын бодлогын үндсэн үүрэг бол төсвийн орлогын эх үүсвэрийг бий болгодог татварын орлогыг бүрдүүлэхэд чиглэгддэг. Гэхдээ энэ үүргийг хэрхэн биелүүлэх вэ гэдэг бол амин чухал асуудал. Эрдэс баялгийн үйлдвэрлэлд  хөрөнгө оруулагчдад татварын ихээхэн дарамт үзүүлэхээр бол хөрөнгө оруулалтын олдоц бага байх нь зүй ёсны хэрэг. Татвар дэндүү доогуур бол шавхагдах эрдэс баялгийн ашиглалтаас  төрийн санхүүгээр дамжин ард иргэдийн хүртэх орлого эрсдэлд орох талтай. Энэ хоёрын тэнцвэрийг бодлогоороо дамжуулан  төр, засаг маань олох ёстой ажээ. Үүнийг олоход туслах зорилгоор төр , засгаас авч явуулж байгаа бодлогын асуудлаарх  зарим судалгаа, мэдээлэлтэй танилцлаа.

Тухайлбал, эрдэс баялаг бүхий зарим орны татвар, хураамжуудын нийлбэр нь эрдэс баялгийн ашиглалтаас олж байгаа нийт ашгийн хэдэн хувийг эзэлдэг, ашиглалтад зориулан оруулсан хөрөнгө оруулалтаа хэдий хугацаанд нөхөж буй зэргийг судлан үзлээ. /Харьцуулалтыг  хүснэгт ¹1-д үзүүлэв./

Алт, зэсийн ордуудын ашиглалтад түшиглэсэн харьцуулалт     
                                                                                                                        


            
Эх сурвалж: Ж.Отто. Дэлхийн уур уурхайн татварын харьцуулсан судалгаа (2 дахь хэвлэл), Колорадогийн уул уурхайн сургууль

Хүснэгтээр харуулсан харьцуулалтаас  үзэхэд татварын дарамтаас хамааран  хөрөнгө оруулалтын үр ашиг янз бүрийн хэмжээтэй байгаа бөгөөд нийт ашгийн татвар 40-60 хувийн хооронд хэлбэлзэж байгаа ажээ.



Эрдэс баялгийн ашиглалтаас олж буй ашгаас иргэддээ хувь хүртээхэд   нэгдүгээрт  тухайн ордод оруулсан хөрөнгө оруулалтын нөхөлтийн хувь буюу Intегnаl гatе оf return IRR гэсэн шалгуурыг авч үздэг байна. Энэ шалгуурыг ашгийн дараах орлого буюу хуваарилагдах орлого, нэмэх нь үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэлийн сан хоёрын нийлбэрийг нийт хөрөнгө оруулалтын хэмжээнд харьцуулсан харьцуулалтаар, ирээдүйн өртгийн аргаар тооцон гаргадаг ажээ.

Хоёр дахь шалгуур нь нийт буюу бүх төрлийн татварын нийлбэр хувь /Еffесtive tах гаtе/ байдаг.  Нийт татварын хувь нь  бүх төрлийн татвар, хураамжийн хэмжээ юм .
Хөрөнгө оруулалтын нөхөлтийн хувь тогтоох үзүүлэлтээс харахад нийт татварын хэмжээ өндөр байх тусам хөрөнгө оруулалтын нөхөлтийн хувь бага байгаа нь харагдаж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад  тийм ч тааламжтай бус үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 15 хувиас өндөр гарах хэмжээний ашигт ажиллагааны түвшинтэй байвал гэнэтийн ашгийн татвартай адил төрлийн татвар авах нь байдаг. Хөрөнгө оруулагчдын зүгээс ч хэл ам гомдол гаргадаггүй байна.

Эрдэс баялаг шавхагддаг, бас тэгээд тухайн орны ард түмний нутагт заяасан өндөр ашигтай ордоос ард түмэн илүүтэй олз олох учиртай. Үнэхээр их ашигтай, чухал ордод хэрэглэдэг алтан дүрэм бол нийт ашгийн 55  хувиас доошгүйг тухайн улс авахаар тохирч болдог байна.
Эрдэс баялгийн ашиглалтаас иргэдэд хүртээхийн тулд бодлогын хүрээнд авч явуулдаг арга хэмжээнүүд байдаг. Эдгээр нь тодорхой урамшууллуудыг ашиглах явдлаар илэрдэг.
     
Уул уурхайн салбарт зориулсан тусгай урамшуулал:


Эрдэс баялгийг ашиглахад оруулж байгаа хөрөнгө оруулалтыг богино хугацаанд нөхөх, үйлдвэрлэгчдийн олох ашгийг бодит байдалд зохицуулах санхүүгийн хувьд  тогтвортой, найдвартай байхад  учрах  дарамтыг жигд хуваарилахын  тулд урамшууллын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авдаг.

•Хайгуулын зардал.
Эрдэс баялгийг ашиглахын тулд үйлдвэрлэл явуулах уурхай байгуулах нь  зайлшгүйн зэрэгцээ түүний   ашиглалт эхлэхийн өмнө удаан хугацаатай  ихээхэн хэмжээний хөрөнгө шаарддаг. Энэ нь татвар ногдуулах орлого бий болохоос өмнө ашиглалтын зардал гардагтай холбоотой нь ойлгомжтой.  Хайгуулд урьдчилан гарсан зардлыг  ирээдүйн татвар ногдох орлогоос суутгах замаар зохицуулалт хийдэг аргыг өргөн хэрэглэж байна. Манай улсын хувьд  Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 61.1-д “...хайгуулын ажлын зардал болон уурхайн эдэлбэрийг ашиглалтад бэлтгэсэн зардлыг үйлдвэрлэл эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд тогтмол хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулж, шимтгэлийн сан байгуулна”  гэж зааснаар зохицуулалт хийгддэг. Гэхдээ хайгуулын зардал, төсвийг сайтар хянаж, талууд харилцан тохирч байвал хэл ам маргаан гарах нь бага болно.

•Ашиглалт явуулах уурхай:
Ашиглалт явуулах уурхай нь капиталын багтаамж ихтэй, үйл ажиллагааг  эхлүүлэхийн тулд  олон төрлийн  тоног төхөөрөмж худалдан авах суурилуулах  шаардлагатай болдог. Энэхүү арга хэмжээг олонх орнууд  хүлээн зөвшөөрдөг бөгөөд  оруулсан хөрөнгийг түргэн хугацаанд нөхөн сэргээхэд чиглэсэн арга хэмжээ авдаг                                              ажээ. Нөхөн сэргээх арга хэмжээний гол хэлбэр бол түргэвчилсэн элэгдэл байгуулж, зардалд шингээн татвар ногдох орлогоос хасах  арга юм. Манай улсын хувьд Аж ахуй эрхлэгчдийн өмчлөлд байгаа үндсэн хөрөнгөнд түргэвчилсэн аргаар элэгдэл хорогдлын шимтгэл байгуулах асуудлыг 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдсөн  Аж ахуйн ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд тодорхой тусгаж өгсөн байна.

•Тоног төхөөрөмжийн импорт:
Засгийн газрууд уурхай барих хугацаанд нь гаалийн татварын чөлөөлөлт (  гаалийн татварын тэг хувь хэрэглэх, чөлөөлөх, нөхөн олгох)-ийн арга хэлбэрүүдийг  хэрэглэдэг. Ихэнх орнууд уурхайд зориулан тоног төхөөрөмж худалдан авахад шууд ба шууд бус татвараар ямар нэгэн хувь, хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг. Ийм хөнгөлөлтийг экспортын зориулалттай уурхайд илүүтэй олгодог ажээ.

•Экспортын худалдаа:
Эрдэс баялгийн ашиглалтаас олох орлогыг тогтвортой байлгах, нөхөн сэргээлтийг дэмжих бодлогын  хүрээнд ихэнх орнууд эрдэс түүхий эдийн экспортод гаалийн татвар  ногдуулахгүй байх, эсвэл бага хэмжээний экспортын гаалийн татвар ногдуулдаг байна. Манай улсын хувьд эрдэс баялгийг экспортлоход гаалийн татвар ногдуулдаггүй.

•Түүхий эдийн үнийн цикл:
Дэлхийн зах зээлийн хандлагаас харахад түүхий эд үнийн хайчинд орох тохиолдол тухайн үеийн эрэлт, хэрэглээнээс хамаарч   элбэг байдгийг өнөөдөр болж байгаа төдийгүй өмнө нь болж байсан хямралуудаас харагдсан.  Эрдэс баялгийн түүхий эдийн зах зээл, хэрэглээний нөхцөлөөс хамаарсан үнийн хэлбэлзлээс үүсэлтэй санхүүгийн хүндрэлийн үед зарим татвар, ялангуяа ашигт малтмалын нөөц ашигласны нөөцийн төлбөрөөс түр хугацаагаар чөлөөлөх аргыг хэрэглэдэг  байна.

•Үйлдвэрлэлийн дараах зардал:
Эрдэс баялгийн ашиглалтын нөөц дууссанаас уурхай зогсож  орлогогүй болох тохиолдолд   уурхайг хаах,  ашигласан талбайн нөхөн сэргээлтийг гүйцээхтэй  холбогдсон ихээхэн зардал шаардагдах төдийгүй гарах нь бий. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан, үүнд зориулсан сан байгуулах шаардлагатайг ихэнх улсын Засгийн газрууд
хүлээн зөвшөөрч, уурхай хаагдахаас өмнө тодорхой хөрөнгийг татварын
төлбөрөөс тооцож, цааш нь тусгай санд төвлөрүүлэхийг  дэмждэг болжээ. Өнөөдөр манай улсад мөрдөгдөж байгаа  Ашигт малтмалын тухай хуульд  олгогдсон талбайд хийсэн хайгуулын ажлын зардал болон уурхайн эдэлбэрийг ашиглалтад бэлтгэсэн зардлыг үйлдвэрлэл эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд тогтмол хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулж, шимтгэлийн сан  байгуулахаар заасан нь энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгож байна.

Тогтвортой байдал
: Удаан хугацаанд хэрэгжих магадлалтай эрдэс баялгийн төслүүдийг хэрэгжүүлэгч компаниуд татварын эрсдэлийг багасгахыг хичээдэг байна. Үүний тулд бүх татварыг, аль эсвэл зарим хэсгийг нь ажиллах бүх хугацаанд, наад зах нь нэг хэсэг хугацаанд тогтвортой байлгахыг хүсдэг байна.
Засгийн газрууд татварын ийм тогтвортой байдлыг дотоодын эрх зүйн горим, хууль тогтоомж болон хэлэлцээний аргаар зохицуулдаг ажээ.

Гэрээ хэлэлцээрийн арга:
Томоохон ордуудын хувьд Засгийн газар голчлон хэлэлцээр байгуулж, түүндээ татварын талаар тусгай зүйл оруулахын хамт уул уурхайн салбарын мөрдөх эрх зүйн үндсийг гаргаж өгдөг. Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтын татварын орчныг тогтвортой байлгах асуудлыг Засгийн газрыг төлөөлж татварын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний  хөрөнгө оруулагчтай байгуулсан  Тогтвортой байдлын гэрээний үндсэн дээр зохицуулж байна.

Засгийн газраас байгуулсан Тогтвортой байдлын гэрээнээс гадна Монгол Улсын бусад орнуудтай байгуулсан  Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай   хоёр талын хэлэлцээрүүд ч төсөл хэрэгжүүлэгч компаниудад нь татварын тогтвортой орчныг бүрдүүлэх  боломжийг бий болгож өгдөг. Өнөөгийн байдлаар  манай улс дэлхийн 35 оронтой ийм хэлэлцээр байгуулаад байгаа бөгөөд үүний 30 оронтой   байгуулсан хэлэлцээр нь мөрдөгдөж байна. Мөрдөгдөж байгаа хэлэлцээр байгуулсан орнуудын дотор манай улсын эрдэс баялгийн салбарт  хөрөнгө оруулалт хийх орнууд ч багтаж байна. Жишээ нь ногдол ашгаас манай хуулийн дагуу 20 хувийн татвар төлсөн нөхцөлд хөрөнгө оруулагч өөрийн нутагтаа төлөх татвараас дээрх татварыг хасуулан тооцдогоороо татварыг давхардуулан ногдуулахгүй байх хэлэлцээрийн ач холбогдол оршино.

Байгалийн эрдэс баялгийг ашиглахад татварын орчны тогтвортой байдлыг  Тогтвортой байдлын гэрээгээр төдийгүй    Хөрөнгө оруулалтыг хангах гэрээ байгуулснаар  ажиллах нөхцөлийг тодорхой хугацаанд   тогтвортой байлгах боломжийг  бүрдүүлдэг.    Монгол Улсын  Ашигт малтмалын  тухай хуульд хөрөнгө оруулалтын хэмжээнээс нь хамруулан  гэрээ үйлчлэх хугацааг ялгавартай байхаар тогтоож өгсөн.

Гортьгон хязгаарлалт буюу ринглэн хаших ( ring fencing)
  Ихэнх орнууд татварын төлбөрийг тодорхойлохдоо тухайн компанийн бүх үйл ажиллагааны тайланг нэгтгэн тооцохыг зөвшөөрдөг байна. Гэвч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд олон улсын гэрээ, хэлэлцээрээр тухайлбал, татварын үүргийг зөвхөн тухайн ордын орлогоос тооцохоор хязгаарладаг байна. Татварын ерөнхий хууль тогтоомжоор ийм хязгаарлалт хийх тухай заалт байхгүй байсан ч гэсэн ийм хязгаарлалт хийдэг ажээ. Манай хувьд Оюутолгой болон Тавантолгойн ордын ашгаар өөр ордын буюу үйл ажиллагааны зардал, алдагдлыг хааж болохгүй гэж хязгаарлавал зохино.

Уул уурхайн татварын төрөл, урамшууллын хэлбэр


Улс орнуудаас уул уурхайн хөрөнгө оруулагч нарт ногдуулдаг, санал болгодог олон янзын татвар, урамшуулал байдаг ажээ. Тэдгээр нь тус тусдаа тодорхой зорилго, бодлого, чиглэлийг агуулдаг, өөр өөр аргачлалаар тооцогддог бөгөөд   эрдэс баялгийн ашиглалтаас олж байгаа орлого, хөрөнгө оруулалтын нөхөлтөд янз бүрийн түвшингээр нөлөө үзүүлдэг.

Эрдэс баялгийн ашиглалтаас олж байгаа орлогод  татварын төрлийн татваруудыг ногдуулж төсвийн орлого болгодог. Үүнд:
    1.Улс орон бүрт байдаг нийтлэг татвар буюу эрдэс баялгийн үйл ажиллагаанаас олж байгаа орлогод  нэг талаас тодорхой төрлийн зардлын хязгаарлалт бүхий хасагдахгүй зардлыг тодорхойлж өгсөн орлогын татвар , нөгөө талаас бодит хэмжээгээр тооцогдсон  ашигт нь ногдуулдаг ашгийн  татвар ;  

2. Импортын гаалийн татвар нь уурхайн ашиглалт явуулах тоног, төхөөрөмж, олборлолтын явцад ашиглах түүхий эдийн импорттой холбоотой байдаг бөгөөд  хязгаарлагдмал  хүрээнд хэрэглэгддэг төдийгүй  голчлон чөлөөлөлтөд хамруулсан байдаг.

3. Экспортын гаалийн татвар нь ашигт малтмалын бүтээгдэхүүнд  гүнзгий боловсруулалт хийх сонирхлыг нэмэгдүүлэх, зарим тохиолдолд дотоодын хэрэгцээг хангах , зах зээлийг хамгаалах үүднээс ногдуулдаг татвар юм. Энэ татвар импортын гаалийн татварын адил хязгаарлагдмал хүрээнд үйлчилдэг төдийгүй  ихээхэн  хүрээний  чөлөөлөлтөд хамруулдаг.

4. Ашигт малтмалын ашиглалтад ногдуулан хураадаг татварын нэг төрөл нь ашигт малтмалын нөөц ашигласны  төлбөр байдаг.  Эрдэс баялгийн ашиглалт явуулж буй орнуудын нийтлэг чиг хандлагаас харахад  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг  тоо, хэмжээнээс хамааралтай, ашгаас хамааралтай гэсэн хоёр төрөлд хуваан үзэж болохоор байна. Манай улсын хувьд бүтээгдэхүүнийг экспортод гаргасан, олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлах ,  дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний адил төстэй дотоодын зах зээлийн үнийг үндэслэдэг тул тоо хэмжээнээс хамааралтай төлбөрийн хэлбэр ашиглагдаж байна  гэж үзэхээр байгаа юм.  Өндөр хөгжилтэй, бүртгэл, үйл ажиллагаа нь цэгцтэй Австрали, Канад зэрэг орнуудад нөөцийн төлбөрийг ашгаас хамааруулан тооцдог. Заримдаа тэд ашгийн түвшин их өндөр байвал нөөцийн төлбөрийг нэмэгдүүлэн авах аргачлалтай.

  5.Ашигт малтмал ашиглах, ашигт малтмал хайх лицензийг бүртгэх , лиценз  шинээр авах  хугацааг нь сунгах, шилжүүлэх , үрэгдүүлсэн лицензийг нөхөн олгох өргөдөл  зэргийг хянах тохиолдлуудад мэдүүлгийн, бүртгэлийн хураамж авдаг. Ийм хураамжууд нийтлэг байдаг бөгөөд  ихэнхдээ багахан  хэмжээтэй байна.

6. Хөрсний рент ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын талбай нь нийтийн хэрэгцээнд ашиглагдахгүй тул  үүнд зориулан газрын төлбөр тогтоон нийт талбайн хэмжээнд ногдуулан төлөх ба энэхүү төлбөр нь   нийтлэг шинжийг агуулах  ба ихэнхдээ багахан хэмжээтэй байдаг.

7. Суутган татвар ( WithhoIding tах, ). Ашигт малтмал ашиглаж байгаа болон  хайгуул явуулж буй компаниуд нь өөрийн үйл ажиллагааны явцад нийтлэг мөрдөгддөг үйл ажиллагаа болох  зээлийн хүү, дивиденд төлөх , үйлчилгээний хөлс төлөхдөө татварыг суутган авах үүргийг хүлээсэн байдаг.
Манайд энэ татварыг өндөр байна гэж шүүмжлэх нь бий.

8.Нэмэгдсэн  өртгийн татвар.  Борлуулалтын орлогын хэмжээнээс  хамаарч тухайн орны татварын хуульд заасан доод хязгаарыг давсан бол нэмэгдсэн өртгийн албан татварт хамрагддаг. Улс орнуудын татварын хуулиудаас харахад энэ  нь нийтлэг шинжийг агуулсан байдаг ба нэлэнхүйдээ  чөлөөлөлт,  хөнгөлөлтийг  илүүтэй авч үзсэн байна.Экспортлогчдын хувьд нэмэгдсэн өртгийн албан татварын авлага буюу буцаан авалт үүсдэг бөгөөд буцаан авалтаа авснаар санхүүгийн чадавхийн хувьд ихээхэн нааштай нөлөөлөл үүсгэдэг талтай. “Бороо гоулд” дээр буцаан олголт гардаг ажээ. Гол нь дотоодын зах зээлээс бараа, үйлчилгээ их авч буй нөхцөлд буцаалт нэлээд гарах байх. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын өртөг зардалд Монголоос гаралтай элементүүд их байвал маш чухал агаад үүнийг урамшуулж буй нэгэн хэлбэр гэж үзнж болно.   

9.Төрийн байгууллагаас хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлснийхээ төлөө тэмдэгтийн хураамж  хураадаг. Ийм төлбөрт ч ашиглалт, хайгуулын ажил явуулж байгаа компаниуд мөн адил хамрагддаг. Хураамжийн тухайд ялгаварлал байдаггүй бөгөөд нийтлэг хувь,   багахан хэмжээтэй байдаг.

10.Худалдааны татвар. Олон улсын байгуулагуудаас гаргасан судалгаанаас үзэхэд ихэнх улс  төсвийн орлогын бүрдүүлэлтэд нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэх  явдал түгээмэл болжээ. Гэвч зарим оронд худалдааны татварыг хэрэглэсээр байна. Энэхүү татварыг хэрэглэж байгаа орнууд эрдэс баялгийн ашиглалтын компаниудыг үүнд хамааруулж байна.  Худалдааны татварт хамруулдаг цөөн орон байгаа ба хамруулсан ч гэсэн  голчлон чөлөөлөлтийг хэрэглэж байна.

11. Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй бусад компаниудын адил эрдэс баялгийн ашиглалт явуулж байгаа компаниудын хувьд ч гэсэн ажиллагсдын албан журмын нийгмийн даатгалын шимтгэл / Mandatory, payroll/ эрүүл мэндийн даатгалын зарим хэсгийг төлөх замаар ирээдүйн орлогыг бүрдүүлэх , эрүүл мэндийг нь сахин хамгаалах асуудалд оролцоотой байдаг нь нийтлэг асуудал юм.
 
12. Эрдэс баялгийн ашиглалтаас олж байгаа орлогоос иргэд төдийгүй Орон нутгийн засаг, захиргаа хүртэх сонирхолтой байдаг ба үүнийг харгалзан үзэхгүй байх нь төдийлөн сайн үр дагаварт хүргэдэггүй.  Орон нутгийн засаг захиргааны төсөвт ордог татвар нь газрын татвар буюу нийтлэг хэллэгээр бол  ихэнхдээ өмчийн татвар байдаг.

13.Төрийн мэдлийн хувьцаа (Government equity ) . Иргэддээ хувь хүртээхийн тулд төрийн мэдлийн хувьцаагаар дамжуулан ногдол ашиг авах замаар хуваарилалт хийх аргыг хэрэглэх боловч энэ аргыг хэрэглэх нь маш ховор гэхдээ Баруун Африкт хэрэглэх нь бий. Эрсдэл өндөртэй.

Бусад салбарт хэрэглэдэг урамшууллын түгээмэл хэлбэрүүдийг ч эрдэс баялгийн салбарт хэрэглэдэг.  Урамшууллын ийм түгээмэл хэлбэрүүдэд:   
    
•Урамшууллын өөр нэг хэлбэр нь үнэ буурсны тэтгэлэг ( depIetion aIIowance) олгох арга байдаг.
Энэ хэлбэр нь ховорхон хэрэглэгддэг  төдийгүй урамшууллын бусад хэлбэрт багтаан авч үзэх үндэстэй.  Тухайлбал алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, алдагдлыг буцаан тооцох хэлбэрүүдийг хэрэглэснээр энэ хэлбэрийг хэрэглэх шаардлага үүсэхгүй байж болох талтай.
•Эрдэс баялгийн ашиглалтын явцад байгаль орчинд ихээхэн хэмжээний өөрчлөлт ордог төдийгүй түүнийг унаган төрхөнд нь ойртуулан нөхөн сэргээх ажил зайлшгүй хийгддэг ба үүнд үлэмж хэмжээний зардал шаардагддаг. Мөн нөөцийг ашиглаж дууссанаар уурхайг хаахад ч зардал гарна. Эдгээр зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг бий болгох, гарсан зардлыг эргүүлэн олж авах боломж нөхцөлийг үйлдвэрлэгчдэд олгохын тулд гарсан зардлуудыг татвар ногдох орлогоос суутган тооцох аргаар бүрдүүлэх нийтлэг аргыг хэрэглэдэг. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож байгаль орчныг хамгаалах , нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан тухайн жил гарах зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний  мөнгөн хөрөнгийг тусгай дансанд төвлөрүүлэх үүрэгтэй. Тусгай дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгөөр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн арга хэмжээ явуулснаар гарсан зардлыг тухайн үйлдвэрлэгчийн татвар ногдох орлогоос хасах замаар урамшуулал үзүүлж байна. Урамшууллын энэ хэлбэр нь улс орнуудын хувьд нийтлэг хэрэглэгддэг.
•Эрдэс баялгийн салбарт үйлдвэрлэл явуулагчдын хувьд тэдний сонирхлыг өргөн хүрээтэй татварын урамшууллын хэлбэр нь татварын хөнгөлөлт байдаг. Татварын хөнгөлөлт нь үйлдвэрлэлийг өргөтгөх , ажлын нэмэгдэл байр бий болгох, техникийн шинэчлэл хийх боломжийг нэмэгдүүлэх ,  хөрөнгө оруулалтын зардлын нөхөлтийн хугацааг богиносгож, татварын дарамтыг ачааллыг жигдрүүлэх зорилготой байдаг.   
•Эрдэс баялгийн ашиглалтын эхний шатанд  төдийгүй  зах зээлийн хандлагаас үүдэлтэйгээр түүхий эд үнийн хайчинд орох тохиолдол тухайн үеийн эрэлт, хэрэглээнээс хамаарч   элбэг байдаг нь үр ашигт нь зохих нөлөө үзүүлдэг. Үр ашгийг нь дээшлүүлэх, санхүүгийн чадавхид  эерэг нөлөөлөл бий болгох үүднээс алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хэлбэрээр урамшуулал үзүүлдэг. Бусад орны жишээнээс харахад  энэ нь урамшууллын нийтлэг хэлбэрт багтаж байна.

Манай өнөөгийн нөхцөлд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайд хийсэн хайгуулын ажлын зардал болон уурхайн эдэлбэрийг ашиглалтад бэлтгэсэн зардлыг үйлдвэрлэл эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд тогтмол хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулж  шимтгэлийн сан байгуулах хэлбэрээр энэ урамшууллыг авч байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохдоо уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 2 жилийн татвар ногдох орлогоос хасаж тооцдог.
•Эрдэс баялгийн салбарт үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд үзүүлдэг урамшууллын өөр нэг хэлбэр нь гарсан алдагдлыг гарсан цаг хугацаанд хамааруулан  буцааж тооцдог арга байдаг.  Урамшууллын энэ хэлбэрийг түгээмэл биш  хүрээнд хэрэглэсэн тохиолдол байдаг.

Эрдэс баялгийн салбар хамаарал бүхий зарим түгээмэл татварын талаар товч авч үзье.

Нэг. Орлогын татвар


ХХ зууны эхний үед уул уурхайн салбараас  авдаг татварын  үндсэн хэлбэрт  үйлдвэрлэлд ногдуулдаг нөөцийн буюу роялти маягийн татвар зонхилж байжээ.
Сүүлийн үед ихэнх орнууд ашиг, орлогоос хамааран төлөгддөг орлогын татварын хэлбэрт  шилжиж буй ажээ.

Орлогын татварын бодлогыг боловсруулахдаа нэгд татварын хувь, хоёрт татвар ногдуулах орлогын бааз гэсэн хоёр чухал элементийг харгалзан үздэг. Татварын хувь хэмжээ ихэнх орнуудад нэг хувьтай болсон бөгөөд цөөн  улс өсгөн нэмэгдүүлэх  хувьтай шатлал бүхий татварыг хэрэглэх болжээ. Татварын хэмжээ хөгжиж буй орнуудад 35 хувиас хэтрэхгүй болсон.
Монгол улсад 3.0 тэрбум хүртэлх ашгаас 10 хувь, түүнээс дээш бол 25 хувь (Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 17.1)-иар татвар авахаар байгаа нь харьцангуй доогуур гэж тооцогдож болохоор байна. Үүнийг доорх хүснэгтээс харж болно.


Зарим улсын уурхайн төслүүдэд хамаардаг ашгийн татварын хувь


Энэ байдлаас харахад ашгаас авах татварын хэмжээнд нэг хувь хэрэглэх болсон орнууд зонхилох хэсгийг эзэлж байгаа төдийгүй  үүний үр дүнд  өөрт нь үлдэх ашгийн хэмжээ тодорхой болж санхүүгийн чадавхаа нэмэгдүүлэх боломж олгохын зэрэгцээ хувьцааа эзэмшигчдэд  ногдол ашиг олгох замаар болон бусад хэлбэрээр хувь хүртэх нөхцөлийг бий болгож байна.

Хоёр.Нэмэгдсэн өртгийн албан татвар


Нэмэгдсэн өртгийн албан татвар нь үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үе шат бүхэнд бий болж буй нэмэгдсэн өртөгт ногдуулдаг шууд бус  татвар юм.  Татварын энэ хэлбэрийг дэлхийн 100 гаруй оронд хэрэглэж байгаа билээ. Манай улс нэмэгдсэн өртгийн албан татварыг 1998 оны нэгдүгээр сард бий болгож, хуулийг 1998 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм. Энэхүү хуулиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үндсэн хувь хэмжээг 15 хувиар, экспортол-сон бараа,  ажил,үйлчилгээ болон хуульд заасан тодорхой төрлийн бараа, ажил,  үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ  “0” хувь байхаар заасан.

Татварын бодлогын өөрчлөлтийн хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг шинэчилсэн найруулгаар баталж, 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Шинэчлэн баталсан нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг 10 хувь болгож 5 пунктээр бууруулсан. Эрдэс баялгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд ч энэ татварт хамаарагддаг.

2008 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар нэмэгдсэн өртгийн албан татвар нэвтрүүлсэн орнуудаас  Япон, Панама, Тайвань, Канад зэрэг орнууд хамгийн бага  хувь хэмжээтэй буюу нэмэгдсэн өртгийн албан татварын үндсэн хувь хэмжээ 5 хувь байна. Хамгийн өндөр хувь хэмжээтэй оронд Дани, Швед, Норвеги улсууд багтаж буй бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын үндсэн хувь хэмжээ нь 25 хувь байна.  Судалгаагаар авч үзсэн нийт 88 орны нэмэгдсэн өртгийн албан татварын дундаж нь 2008 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар авч үзэхэд 15.68 хувь байна. Үүнээс Ази, Номхон далайн орнуудын нэмэгдсэн өртгийн албан татварынхувь хэмжээний дундаж нь 2004 , 2005 онд 10.83 хувь , 2006 онд 10.64 хувь, 2007 онд 10.75 хувь, 2008 онд 11.14 хувь тус тус байгаа нь нийт нэмэгдсэн албан татвартай орнуудын хэмжээнд хамгийн бага хувь хэмжээтэй байна.
Европын холбооны орнуудын  түвшинд авч үзвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын дундаж хувь хэмжээ 2004 онд 19.56, 2005 онд 19.45, 2006 онд 18.65, 2007,2008 онд 19.49 хувь тус тус байгаа хамгийн өндөр хувь хэмжээтэйд тооцогдож байна.
Монгол Улс нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээний хувьд Австрали, БНСУ, Малайз, Вьетнам  зэрэг Ази, Номхон далайн орнуудтай ижил түвшинд байна. Энэ нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд   энэ төрлийн татварын хувьд бага хэмжээгээр  татвар төлөх боломжийг бий болгож байгаа билээ.

Гурав. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр


Эрдэс баялгийн салбарт үйлдвэрлэл эрхлэгчдэд ногдуулдаг түгээмэл хэрэглэгддэг татварын гол төрөл нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр байдаг.   Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг  тоо, хэмжээнээс хамааралтай, ашгаас хамааралтай гэсэн 2 төрөлд хуваан үздэг талаар өмнө дурьдсан билээ.  Манай улсын хувьд олборлолтын хэмжээнээс нь хамааруулан бүтээгдэхүүнийг экспортод гаргасан тохиолдолд олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлах ,  дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний адил төстэй дотоодын зах зээлийн үнийг үндэслэдэг тул тоо хэмжээнээс хамааралтай төлбөрийн хэлбэр ашиглагдаж байна  гэж үзэхээр байгаа юм. Ашигт малтамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцогдож байгаа нь дээд дурьдсан хэлбэрийг ашиглаж байгааг харуулж байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт дор дурьдсан хувь хэмжээг хэрэглэж байна.
1.    Дотоодод борлуулж байгаа нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалд тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувиар;
2.    1 дэх хэсэгт зааснаас бусад ашигт малтмалын хувьд тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5 хувиар тус тус ногдуулдаг.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улс, орон нутгийн төсөвт төлдөг.


Уул уурхайн салбарт тусгайлан хэрэглэдэг татвар бол байгалийн баялгийн нөөцийн төлбөр. Энэхүү татвар нь эдийн засгийн агуулгаараа тухайн үндэстний нутагт хувь заяагаар байрлаж буй эрдэс баялгийг олборлосны төлөө ард түмэн нь олгож буй нөхөн төлбөр. Ихэнх орнуудад нөөцийн төлбөр нь хөдөлгөөнгүй баталгаат орлогын эх үүсвэр болдог. Үүнээс гадна сүүлийн үед нөөцийн төлбөрийг зарим орнуудад хөрөнгө оруулагчид, олон нийт-ард түмний хоорондын эрх ашгийг зохицуулах хэрэгсэл болгон ашиглаж байна. Тухайлбал, нөөцийн төлбөрийг  нэн ашигтай төслөөс илүү хувиар, үр ашиг муутай төслөөс бага авах зэргээр зохицуулах механизм тогтоосон байдаг.

УИХ-ын даргын Зөвлөх, Олон улсын харилцааны эдийн засагч Д.Даваасамбуу