Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын индекс гарлаа


Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын индекс (MIC Index – Mining Investment Competitiveness Index)-ийг 2008 онд анх удаа ийнхүү боловсруулан гаргаж байгаа бөгөөд дотроо ”эдийн засаг, улс төрийн төлөв байдал”, ”засаглалын чанар, үр бүтээлтэй байдал”, ”дэд бүтцийн хөгжил”, ”геологийн тоо мэдээллийн чанар”, ”уул уурхайн эрх зүйн орчны тогтвортой, оновчтой байдал”, ”уул уурхайн татварын ерөнхий түвшин”, ”байгаль орчны зохицуулалтууд”, ”орон нутгийн иргэдийн харилцаа”, ”аюулгүй байдал” зэрэг 15 үзүүлэлтээс бүрдэж байна. Цаашид жил бүр уг индексийг гаргаж, судалгааны тайлан болон бодлогын зөвлөмжүүдийг төр, засгийн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад хүргүүлнэ.

2008 оны Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын индекс (MIC Index) 0.34 гарч байгаа (дээд оноо 1.00 байх ёстой) нь харьцангуй доогуур үзүүлэлт бөгөөд дотоод бүрэлдэхүүн индексүүдээс ”ерөнхий эдийн засгийн төлөв байдал”, ”засаглалын чанар, үр бүтээлтэй байдал”, ”ажиллах хүчний хангамж, ур чадвар”, ”эдийн засаг дах засгийн газрын оролцоо”, ”хууль дүрэм журмуудын даган мөрдөлт”, ”уул уурхайн хууль эрх зүйн орчны тогтвортой, оновчтой байдал” гэсэн үзүүлэлтүүдийн үнэлгээ индекс маш доогуур буюу 0.19-0.24 гарсан нь ерөнхий индексийг доогуур түвшинд гарахад голлон нөлөөлжээ. Энэ нь уул уурхайн бодлого боловсруулагчдын хувьд тэдгээр 6 үзүүлэлтэд гол анхаарлаа нэн даруй хандуулан ажиллаж уул уурхайн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах боломжтой гэдгийг харуулж байгаа юм.
MIC Index 2008-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг МУУҮА-ийн Бодлогын судалгааны төвөөс авах боломжтой.