Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

Монгол улс 71 улсаас 55 дугаарт жагсчээ

Уул уурхайн хөрөнгө оруулагчдын байнга үзэж танилцдаг нэр хүндтэй уг судалгаа нь 1997 оноос хийгдэж эхэлсэн бөгөөд ашигт малтмалын хайгуулын хөрөнгө оруулалтад ашигт малтмалын илэрсэн нөөц болон төр засгуудын бодлого, зохицуулалт хэрхэн нөлөөлж байгааг судлан тогтоох зорилготой юм. Энэ жилийн хувьд уг судалгаа хайгуул, олборлолт болон уул уурхайтай холбогдох бизнесийн үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 652 компанийг хамарсан байна. Судалгааны гол үзүүлэлт болох Бодлогын чадавхийн индексээр 71 улсыг эрэмбэлэхэд эхний 10 байрт Канад улсын Кюбек муж, АНУ-ын Уаёоминг, Невада мужууд, Канадын Алберта, Нью Фаунд Лабрадор, Нью Брүнсвик мужууд, Чили улс, Канадын Манитоба, Саскачеван мужууд орсон бол сүүлийн 10 байранд Индонези, Ардчилсан Конго, Киргизстан, Зимбабве, Болив, Энэтхэг, Гондурас, Гуатемал, Эквадор, Венесуэл улсууд оржээ.

2007 оны эрэмбэтэй харьцуулахад Мали, Панам, Канадын Нью Фаунд Лабрадор муж, АНУ-ын Аляска, Өмнөд Дакота муж, Хятад, Испани, Коломбиа улсууд  10-25 байраар урагшилсан бол АНУ, Австрали улсын зарим муж болон Замби, Финлянд, Гана, Ардчилсан Конго, Венесуэл, Аргентин, Ирланд зэрэг улс 10-32 байраар ухарчээ.

2005 онд 33-р байрт жагсч байсан Монгол улсын хувьд уул уурхайн хууль эрх зүйн орчинд нь орсон томоохон өөрчлөлтүүдээс шалтгаалан 2006 онд 68 улсаас 62-р байрт, 2007 онд 68 улсаас 61-р байрт орж байсан бөгөөд хамгийн сүүлийн буюу 2008 оны судалгаагаар 71 улсаас 55 дугаар байрт орсон байна.

Монгол улсын Бодлогын чадавхийн оноо 2005 онд хамгийн дээд буюу 54 байсан бол 2006 онд хамгийн доод буюу 11.5 болж, 2008 оны байдлаар 34.5 болж өссөн байна.