Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

Бизнесийн орчны судалгаа хийж эхэллээ

Дэлхийн хөрөнгийн биржүүдийн 2008 оны төлөвлөгөө дандаа буурсан дүнтэй байгаа. Манай улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн алт, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр хэлбэлзэлтэй байгаа. Алтны үнэ Лондонгийн хөрөнгийн бирж дээр 2008 оны зургадугаар сард 889.9 ам.доллар байсан бол 2009 оны нэгдүгээр сарын 21-ний байдлаар 849 ам.доллар болоод байна. Зэсийн үнэ бас их бууралттай байгаа. Энэ хямралын эсрэг дэлхийн улс орнууд бодлогын хүүгээ бууруулах, иргэдийн зээлийг зааглах зэргээр төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Гэсэн хэдий ч төдийлөн бодитой үр дүн гарч байгаа зүйл ажиглагдахгүй байна. Манай орны хувьд байдал ямар байна гэдгийг гол гол үзүүлэлтүүдээр тайлбарлая.

 Манай орны хувьд хамгийн эхлээд дэлхийн судлаачид, судалгааны байгууллагууд тогтоогоод байгаа хөгжлийн гол үзүүлэлт болсон ДНБ-ийг аваад үзэхэд улирлаар гаргасан мэдээллээс харахад огцом өсөлт буурсан байгаа. Эдийн засгийн өсөлт 8.9 хувьтай буюу 2006,2007 оныхоос нэлээд буурсан байдал ажиглагдаж байгаа.
Гадаад худалдааны алдагдлыг авч үзье. Одоогийн байдлаар гадаад худалдааны алдагдал 1.1 тэрбумаар нэмэгдсэн. Үүнд тодорхой хүчин зүйлүүдийн нөлөөлөл байна. Төсвийн орлогын төлөвлөгөөг 2008 онд 354,5 тэрбум төгрөгөөр буюу 50 хувиар багасгасан. Энэ дотор татварын орлогын гол төлөвлөгөөнүүд тасарсан. Зэс, алтны дэлхийн зах зээлийн үнэ буурсан, аж ахуй нэгжүүдийн орлогын албан татвар багасаж байгаа. Нөгөө талаас Монголбанкны төгрөгийн хадгаламж буурч, валютын хадгаламж нэмэгдсэн. Энэ нь ханшны доголдолтой холбоотой. Мөн төгрөгийн ам.доллартай, евротой, юаньтай харьцах ханш суларсан.  Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн тоо хувь буурсан. Гүйлгээний хэмжээ буурч гадаадын хөрөнгө оруулалт багассан.

Монгол улсын импортын барааны өртөг өндөр байгаа. Ийм нөхцөлд инфляцийг барьж ажиллах хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ манайд зардлын инфляцийг бүрдүүлж байна. Дэлхийн зах зээл дээр  түлшний бүтээгдэхүүний хомсдол үүсч, нефть бүтээгдэхүүний үнэ өссөнөөр манай гол хоёр импортлогч ОХУ, БНХАУ-д инфляци үүсэхэд нөлөөлж байна. ОХУ-д 2008 онд инфляци 23 хувь орчим, БНХАУ-д бол хүнсний барааны үнэ 15 хувиар өсч, эдгээр орны инфляци импортын худалдааны аргаар манайд нөлөөлж байна.

Статистикийн байгууллагын гаргаж байгаа мэдээлэл хэр үнэн бодитой байх нь хямралаас богино хугацаанд гарахад нөлөөлнө. Тийм учраас статистикийн байгууллага 2009 онд чанарын хяналтын тал дээр нэлээн анхаарна. Статистикийн байгууллагын үйл ажиллагааны бүтэц маш өргөн хүрээнд байх ёстой. Дэлхийн эдийн засгийн хямралын энэ үед улирлаар гаргадаг зарим статистик мэдээллүүдийг сар сараар гаргах, мэдээлэл гаргахаас гадна өөрсдийн боловсруулсан материал дээр тулгуурлаад ДНБ, инфляци зэрэг зарим үзүүлэлтийг улирал, жилээр урьдчилан таамаглаж прогнозлох хэрэгтэй байна. Мөн 2009 ондоо статистикийн салбарын хувьд шинээр нэг зүйлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бизнесийн орчны өөрчлөлтийн жилийн хандлагыг урьдчилан прогнозлох. Бусад улсын хувьд ийм туршлага байдаг. Өнөөдөр ялангуяа санхүү эдийн засгийн энэ хямралтай үед бизнесийн салбарынханд ойрын ирээдүйд бизнесийн орчны төлөв байдал хэрхэн өөрчлөгдөж болох вэ гэдэг ийм мэдээлэл  чухал хэрэгтэй гэж ойлгож байгаа. Ингэснээр өөрсдийнхөө бизнест зөв мэдээлэл ашигласнаар бага хохирол амсана. Тийм учраас бизнесийн орчны хандлагын түүвэр судалгааг хийж эхлэх зорилт тавьж байна.

“Дэлхийн эдийн засгийн хямрал ба Монгол Улс“ зөвлөлдөх уулзалт дээр тавьсан илтгэлүүдээс ММJ уншигчдадаа хүргэж байна.