Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

Монгол улсын төсвийн зарлага Гэнэтийн ашгийн татварын хууль батлагдсан үеэс эхлэн огцом буюу жилд дунджаар 56 хувиар нэмэгджээ

Харамсалтай нь өнгөрсөн 2-3 жилд болж өнгөрсөн уул уурхайн салбарын бодлогын томоохон өөрчлөлтүүд нь салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж эхлээд байна.

2006 онд Монгол Улсын Их Хурлаас “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль“ буюу тодруулбал алт, зэсийн үнийн өсөлтийн 68 хувийн татварын хуулийг баталсан нь хөрөнгө оруулагчдыг цочролд оруулсан. Уг хуулийг батлахаас өмнө болон дараа тус хуулийн эдийн засгийн үндэслэл, үр нөлөөг тодорхойлох судалгаа огт хийгдээгүй байна. Иймд Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Сургалт-судалгааны алба энэхүү хуулийн эдийн засгийн нөлөө, үндэслэлийн судалгааг хийлээ. Энэхүү судалгаа нь бусад улс орнуудын ижил төстэй хуулиудын жишээ, сургамж, тус хуулийн талаарх гадаадын судлаачид, олон улсын байгууллагуудын өгсөн зөвлөмж, Монгол улсад алт олборлогчдын төлөөлөл болох компаниудын түүвэр судалгаан дээр боловсруулсан алтны нэгжийн өөрийн өртгийн шинжилгээ, алтны үйлдвэрлэлийн өртөг ба татварын ачааллын симуляци шинжилгээ, алт олборлогчдын голлох татваруудын ачаалал алтны дэлхийн зах зээлийн үнээс хэрхэн хамаарч байгааг харуулах үнийн мэдрэмжийн шинжилгээ, судалгааны үр дүнд суурилсан дүгнэлт, бодлогын зөвлөмжийг тус тус агууллаа.

Гэнэтийн ашгийн татварын хууль

Олон нийтийн дунд “Гэнэтийн ашгийн татварын хууль“ гэж нэрлэгдэж буй Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварын тухай хуулийг 2006 оны тавдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас баталжээ. “Зарим бүтээгдэхүүний“ хэмээх ерөнхий нэртэй боловч алт, зэсийн баяжмал гэсэн ердөө хоёрхон эрдэс түүхий эдийн хувьд хэрэглэгдэх эрх зүйн зохицуулалтын баримт бичиг юм. Хуулийн үндсэн зорилго нь дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнийн өсөлтөөс илүү их хувийг төсөвт оруулах, улмаар энэхүү төсөвт төвлөрсөн нэмэлт мөнгөн хөрөнгөөр Хөгжлийн сан хэмээх төсвөөс тусдаа санг бүрдүүлж, нийгмийн халамжийн хөтөлбөрүүд болон хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлэх явдал байсан болно.

Тус хуулийн дагуу алт борлуулагч аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс нэг унц алтны суурь үнэ болох 500 ам.доллар болон борлуулах үеийн зах зээлийн үнийн зөрүүгээс 68 хувийн татвар, зэсийн баяжмал борлуулагч нь нэг тонн зэсийн баяжмалын суурь үнэ болох 2600 ам.доллар болон зэсийн баяжмал борлуулах үеийн нэг тонн зэсийн зах зээлийн үнийн зөрүүгээс 68 хувийн татвар төлж байгаа. Монгол улсын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүдийн хувьд уг хууль хамаарахгүй бөгөөд татвар тооцох алт болон зэсийн баяжмалын суурь үнэ нь макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн өөрчлөлтөөс үл хамаарахаар тогтоогдсон болно. Мөн гэнэтийн ашгийн татварыг аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвар ногдох орлогоос хасч тооцохоор хуульчилсан байна.

Гэнэтийн ашгийн татварын бусад улс орон дахь хэрэгжилт

Гэнэтийн ашгийн татвар нь дэлхийн улс орнуудад өнгөрсөн хугацаанд бараг хэрэглэгдээгүй бөгөөд зарим нэг тохиолдол байсан боловч маш богино хугацаад үйлчилж байжээ. Тэдгээр цөөн хэдэн тохиолдлыг товч авч үзье.

АНУ-ын эдийн засгийн түүхэнд “гэнэтийн ашгийн” татвар нэлээд олон удаа хэрэглэгдсэн байдаг бөгөөд ихэнхдээ дэлхийн дайн болон дэлхий нийтийг хамарсан үнийн хямралын үеүдэд авч хэрэгжүүлсэн байдаг. 1978-1980 онд гэнэт бий болсон газрын тосны үнийн өсөлтөөс олж буй хэт их ашгаас татвар авах нь зүйтэй гэх үзэл тухайн үед нийтийг хамарч, Түүхий нефтийн гэнэтийн ашгийн татварын хуулийг ерөнхийлөгч Жеймс Картер 1980 онд баталсан байна. 1980 онд батлагдсан энэхүү хуулийн хүрээнд гэнэтийн ашгийн татвараас 10 жилийн хугацаанд нийт 320 тэрбум ам.долларын нэмэлт орлогыг Холбооны төсөвт оруулна гэж төлөвлөж байсан боловч жинхэнэ гүйцэтгэлээр ердөө 80 орчим тэрбум ам.долларын орлого л төсөвт оруулсан байна. 1981 оноос газрын тосны үнэ огцом буурснаас 1987, 1988  онуудад гэнэтийн ашгийн татвар нь Холбооны төсөвт татварын орлого бараг оруулаагүй байна. Энэ бүх бодит байдал, бусад сөрөг нөлөөллүүдээс үүдэн 1988 онд Түүхий нефтийн гэнэтийн ашгийн татварын хуулийг хүчингүй болгожээ. Конгрессийн Төсвийн хэлтсийн шинжээч Салватор Лаззари (1990)-ийн хийсэн судалгаагаар 1981 онд батлагдсан газрын тосны гэнэтийн ашгийн татвар нь дотоодын түүхий нефтийн үйлдвэрлэлийг 3-6 хувиар бууруулж, АНУ-ын түүхий нефтийн импортыг 8-16 хувиар нэмэгдүүлж, тус улсын түүхий нефтийн гаднаас хамаарах хамаарлыг нэмэгдүүлсэн байна.

Их Британийн дэд бүтцийн компаниудын хувьчлалын дараа Хувьцааны ханшийн өсөлтийн гэнэтийн ашгийн татварын хууль 1997 онд батлагдсан бөгөөд уг хуулийг батлуулах гол үндэслэл нь Их Британийн эдийн засагт чухал үүрэг нөлөөтэй байсан дэд бүтцийн томоохон компаниудыг бирж дээр хувьцаа худалдах замаар хувьчлахдаа нэгж хувьцааны үнийг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэж үзсэнтэй холбоотой юм. Тус хуулийг баталснаар зөвхөн 1997-1998 онд ус, цахилгаан хангамж, харилцаа холбоо, эрчим хүчний зэрэг хувьчлагдсан нийт 33 компанийн “хэт ашиг“-аас 5.2 тэрбум паундын нэмэлт орлого Засгийн газрын төсөвт оруулж, залуучуудын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор байгуулсан Ажил эрхлэлтийн санд төвлөрүүлсэн байна.

Дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Замби улсын Засгийн газраас саяхан буюу 2008 оны дөрөвдүгээр сард тус улсын зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулахаас гадна шинээр гэнэтийн ашгийн татварыг ногдуулахаар болсон. Ингэснээр тус улсын экспортын орлогын 70 орчим хувийг бүрдүүлдэг зэсийн үйлдвэрлэлийн хувьд татварын нийт хувь 31 байснаа 47 хувь болж нэмэгдээд байна. Одоогоор ийм татварын орчны өөрчлөлт тус улсын уул уурхайн салбарын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт болон эдийн засгийн бусад салбарт хэрхэн нөлөөлсөн талаар судалгаа хийгдээгүй байна.

Монгол улс дахь гэнэтийн ашгийн татварын талаар хийгдсэн судалгаанууд

Жеймс Оттогийн “Монгол улсын уул уурхайн татварын орчны өрсөлдөх чадварын судалгаа“-гаар гэнэтийн ашгийн 68 хувийн татвар нь хөрөнгө оруулагчдын хувьд дор хаяж 12 байхыг шаарддаг хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн хувийг 8.6 хувь, салбарын татварын ерөнхий түвшинг 67.9 хувьд хүргэж, судалгаанд харьцуулж буй 20 улс дотор Монгол улс хамгийн өндөр татвартайд тооцогдож, Монгол улсын уул уурхайн татварын системийн өрсөлдөх чадварыг эрс бууруулж байгааг харуулсан.

Мөн 2007 онд ОУВС-гийн шинжээчдийн хийсэн судалгаагаар Гэнэтийн ашгийн татварын хууль батлагдсанаар “Хүүхдийн мөнгө“ зэрэг нийгмийн халамжийн хөтөлбөрийн зарлагууд болон хөрөнгө оруулалтад зориулсан нь улсын төсвийг эрдэс баялгийн үнийн тогтворгүй байдалтай холбож байгаа бөгөөд тэр утгаараа урт хугацааны төсвийн алдагдлын эрсдэлийг нэмэгдүүлж байгааг онцолж байна.

Фрейзерийн хүрээлэнгийн уул уурхайн 2005 оны тайлангаар дэлхийн уул уурхайд голлох байр суурь эзэлдэг 64 улсыг бодлого зохицуулалтын чанараар эрэмбэлэхэд Монгол улс 33 дугаар байрт буюу дэлхийн уул уурхайн томоохон төлөөлөгчид болох Хойд Америк, Австрали улсын муж улсуудын дараа, Азидаа тэргүүлэгч улс байлаа. Гэвч 2006 онд хийгдсэн уул уурхайн салбарын хууль эрх зүйн зохицуулалтын гэнэтийн өөрчлөлтүүд (Ашигт малтмалын тухай шинэчилсэн хууль, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль буюу гэнэтийн ашгийн татварын хууль) нь Монгол улсын нэр хүнд, байр суурьт ихээхэн сөргөөр нөлөөлсөн байна. Фрейзерийн хүрээлэнгийн уул уурхайн тайлангийн 2007 оны эрэмбээр Монгол улс 68 улсаас 61 дүгээрт бичигдсэн нь уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалтад ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн гэсэн үг юм.

Гэнэтийн ашгийн татварын макро эдийн засгийн нөлөөллүүд

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар (ЗБҮӨАТ)-ын орлого нь 2006 онд Монгол улсын төвлөрсөн төсвийн татварын нийт орлогын 15.7 хувийг, ДНБ-ний 5.6 хувийг, 2007 онд төвлөрсөн төсвийн татварын нийт орлогын 23.6 хувийг, ДНБ-ний 7.8 хувийг тус тус бүрдүүлсэн байна. 2006 онд алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлсөн орлогын албан татвар нь татварын нийт орлогын ердөө 0.3 хувийг, орлогын албан татварын 0.7 хувийг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын 1.5 хувийг л бүрдүүлсэн байна. Мөн оны байдлаар алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудын төлсөн ЗБҮӨАТ нь татварын нийт орлогын 0.4 хувийг, орлогын албан татварын нэг хувийг, ЗБҮӨАТ-ын нийт орлогын ердөө 2.6 хувийг бүрдүүлсэн байна. Уг хууль батлагдахаас өмнө өсөх хандлага ажиглагдаж байсан алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварын хэмжээ буурсан байна. Учир нь алт зэсийн үнийн өсөлтийн албан татварыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасч тооцохоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд заасан байна. Ингэснээр хууль батлагдахаас өмнө тооцогдож байсан татвар ногдох орлогоос гэнэтийн ашгийн татварын хэмжээтэй тэнцэхүйц хэмжээний ихээхэн орлого хасагдаж тооцогдож байгаа болно. Жишээ нь, хууль батлагдахаас өмнөх жилүүдэд алт олборлогчдын төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 4.4-5.1 тэрбум төгрөг байсан бол хууль батлагдсаны дараа гурван тэрбум болж буурсан байна.
2001-2005 онуудад Монгол улсын төсвийн орлого дунджаар 19 хувь өсч байсан бол гэнэтийн ашгийн татвараас бий болсон нэмэлт орлого нь 2006 оноос 2008 оны наймдугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд Монгол улсын төсвийн орлого дунджаар 48 хувиар өсөхөд ихээхэн нөлөөлсөн байна. Тодруулбал, ЗБҮӨАТ-ын орлого нь 2005-2006 оны татварын орлогын өсөлтийн 41 хувь, төсвийн нийт орлогын 34 хувь, 2006-2007 оны татварын орлогын өсөлтийн 47 хувь, төсвийн нийт орлогын 35 хувийг тус тус бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 2005 оноос хойшх Монгол улсын төсвийн нийт орлогын өсөлтийн 1/3 гаруйг дан ганц ЗБҮӨАТ-ын орлого бүрдүүлсэн байна. Төсвийн нийт орлого ийнхүү огцом нэмэгдсэнтэй зэрэгцэн төсвийн нийт зарлага мөн огцом нэмэгдсэн байна. Монгол улсын төвлөрсөн төсвийн нийт зарлага 2004-2005 онд дунджаар 13 хувиар л өсч байсан бол 2006-2008 онуудад дунджаар 56 хувь өссөн байна. Гэнэтийн ашгийн татварын хууль болон түүнийг дагалдан гарсан бусад хууль, журмын үр дүнд Монгол улсын төсвийн зарлага гэнэтийн ашгийн татварын хууль батлагдсан үеэс эхлэн огцом буюу жилд дунджаар 56 хувиар нэмэгдсэн байна.

/График 1. /


Эдийн засгийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдээгүй үед төсвийн тэлэх бодлого хэрэгжүүлэхэд нийт эрэлт нэмэгдэж үр дүнд нь эдийн засаг дахь ерөнхий үнийн түвшин нэмэгддэг билээ. Энэхүү онол Монголын амьдралд батлагдсан юм. Монгол улсын санхүүгийн зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт маш өндөр хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулах аюултайг олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол улсын Засгийн газарт анхааруулж байсан билээ.
Нийт мөнгөний тэрхүү өндөр өсөлтийн зэрэгцээ Монгол улсын төсвийн нийт зарлага урьд хожид байгаагүй өндөр хурдацтайгаар өссөний үр дүнд эдийн засаг хэт халалтын байдалд орж улмаар инфляцийн түвшинг эрс нэмэгдүүлэхэд хүргэсэн юм. 2008 оны наймдугаар сарын эцсийн байдлаар Монгол улсад шилжилтийн хямралын үеэс хойш анх удаа инфляцийн түвшин хамгийн өндөр буюу 25 хувь (өнгөрсөн оны мөн үеэс 34 хувь)-д хүрээд байна.

Алтны үйлдвэрлэл, экспортод үзүүлсэн нөлөөллүүд

Гэнэтийн ашгийн татварын хууль батлагдахаас өмнө буюу 2005 онд Монгол улсад алт олборлогч аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс 24.1 тонн алт олборлож байсан бол энэ тоо хэмжээ 2006 онд 22.5 тонн, 2007 онд 17.4 тонн болж буурсан байна. Мөн Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр 2005 онд Монгол улс 23.8 тонн алт экспортолсон бол уг тоо хэмжээ 2007 онд 11.5 тонн болж огцом буурсан байна.
Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ногдуулсан үеэс хойш Монгол улсын эрдэнэсийн санд тушаагдах алтны хэмжээ эрс буурсан, мөн Монгол улсын экспортын орлогыг бүрдүүлэгч гол эх үүсвэрүүдийн нэг болох алтны экспорт хоёр дахин буурсан нь энэ хэмжээгээр Монгол улсын албан секторын хэмжээ хумигдаж албан бус буюу далд эдийн засгийн хэмжээ нэмэгдсэнийг харуулж байгаа юм. Хэрэв алтны үйлдвэрлэл, экспорт 2005 оны түвшиндээ байх байсан гэж үзвэл Монгол улс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 20.6 тонн алт буюу 565 сая ам.доллар (нэг унц алтны дундаж үнэ 850 ам.доллар гэж үзвэл)-ын үйлдвэрлэл, экспортын боломжийг алдсан байна гэсэн үг юм.

/График 2/


График 3 дахь алтны үйлдвэрлэлийн динамикаас харахад 1990-2007 онуудад алтны үйлдвэрлэлд хоёр удаагийн     л уналт ажиглагдсан бөгөөд   хоёуланд нь алтны дэлхийн зах зээлийн үнэ бус, харин алтны салбартай холбоотой бодлого, зохицуулалтын өөрчлөлт болон геологи, технологийн нөхцөлийн өөрчлөлт гэсэн хоёр хүчин зүйл л нөлөөлсөн байна. Тодруулбал, 2001-2003 онуудад болсон алтны үйлдвэрлэлийн уналтад алтны шороон ордуудын тоо болон нөөц багассан нь нөлөөлсөн байхад 2006-2007 онуудын уналтад алтны салбартай холбоотой бодлого, зохицуулалт буюу тодруулбал, алтны Үнийн өсөлтийн албан татварын тухай хууль нөлөөлсөн нь тодорхой байна.

/График 3/


Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын 2006 оны тайланд дурдснаар алт олборлолтыг тэргүүлж буй 10 аж ахуйн нэгжийн олборлосон алтны хэмжээ нь нийт алт олборлолтын 82 хувийг, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалттай хоёр аж ахуйн нэгж (Бороо Гоулд, Алтан Дорнод)-ийн олборлосон алтны хэмжээ нийт дүнгийн 61 хувийг эзэлж байна. 2005-2007 онуудад тус хоёр аж ахуйн нэгжийн алт олборлолт харьцангуй тогтвортой байсан байхад алтны  нийт үйлдвэрлэлийн хэмжээ 6.7 тонноор буурсан байна.

Нөгөө талаар, хэдийгээр “Бороо Гоулд“ компанийн алт олборлолт 2007 онд бага зэрэг буурсан ч энэ нь алтны үнийн өсөлтийн татвартай холбоогүй юм. Учир нь Монгол улсын Засгийн газрын тус компанитай хийсэн Тогтвортой байдлын гэрээний дагуу тус компани нь гэнэтийн ашгийн татвараас чөлөөлөгдөж байгаа юм. Эндээс харахад, мөн алт үйлдвэрлэгч хоёр том аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн нийт дүнд эзлэх хувь өсч байгаагаас харахад алтны үнийн өсөлтийн татварын хууль нь Монгол улсад алт олборлож буй дотоодын жижиг, дунд аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст сөргөөр нөлөөлсөн нь тодорхой байна. Тус хууль батлагдахаас өмнө буюу 2005 онд “Бороо Гоулд“, “Алтан Дорнод“-оос бусад аж ахуйн нэгж 12.1 тонн буюу нийт алт олборлолтын тал хувийг олборлож байсан бол 2007 оны байдлаар 5.6 тонн болж хоёр гаруй дахин буурч,нийт алт олборлолтын дөнгөж 32 хувийг эзлэх болсон байна.

Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ногдуулсан үеэс хойш Монгол улсын эрдэнэсийн санд тушаагдах алтны хэмжээ эрс буурсан, мөн Монгол улсын экспортын орлогыг бүрдүүлэгч гол эх үүсвэрүүдийн нэг болох алтны экспорт 2 дахин буурсан нь энэ хэмжээгээр Монгол улсын албан секторын хэмжээ хумигдаж албан бус буюу далд эдийн засгийн хэмжээ нэмэгдсэнийг харуулж байгаа юм. Хэрэв алтны үйлдвэрлэл, экспорт 2005 оны түвшиндээ байх байсан гэж үзвэл Монгол улс өнгөрсөн 2 жилийн хугацаанд 20.6 тонн алт буюу 565 сая ам.доллар (нэг унц алтны дундаж үнэ 850 ам.доллар гэж үзвэл)-ын үйлдвэрлэл, экспортын боломжийг алдсан байна гэсэн үг юм.


/үргэлжлэлийг дараагийн дугаараас уншина уу./