Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

МОНГОЛ БАНК ХЯТАДТАЙ ГЭРЭЭЛЭВ

Хятадын Төв банк юаниар хийгдэх худалдааг нэмэгдүүлэх бодлогынхоо хүрээнд Монгол банктай Своп хэлцлийн /валют солилцооны/ гэрээ байгуулав. Харин Монгол банкны зүгээс энэхүү гэрээг үзэглэснээр төгрөгийн ханшийг тогтвортойгоор барихад сайнаар нөлөөлнө гэж үзэж байна.

Хятадын тал гадаад  худалдаа, санхүүгийн үйл ажиллагаагаа америк доллар бус юаньд суурилдаг болгох бодлого барьж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд Хятадын Төв банк Хонконг, Өмнөд Солонгос, Малайз, Индонез, Беларус, Аргентины Төв банктай гэрээ хийсэн бөгөөд хамгийн сүүлд Монгол, Шинэ Зеланд, Узбекстаны талтай своп хэлцлийн гэрээ байгуулаад байна.  

2011 оны эхний улирлын байдлаар Хятадын гадаад худалдааны 7 хувийг юань эзэлсэн нь оны нэгдүгээр сарынхтай харьцуулахад 0.5 хувийн өсөлттэй гарч буй ажээ.
Юаны ханш дөрөвдүгээр сарын 29-нд сүүлийн 17 жил дэх дээд үзүүлэлтэд хүрч, 6.4892 юань нэг ам.доллартай тэнцсэн байна.

Гэхдээ валютын ханшийн өсөлтийг хянах бодлого явуулж буй Хятадын Төв банк бусад банкуудаас америк доллар татан төвлөрүүлсээр байгаа юм. Энэ хэрээр тус улсын гадаад валютын нөөцийн хэмжээ өсч, эхний улирлын байдлаар 3 триллион долларт хүрсэн байна.

Гэхдээ зарим мэргэжилтэн өөр байр суурьтай байна. Хятадын Төв банкны ахлах зөвлөх Юү Ёндин “Юанийн чангарал нь Хятадын эдийн засагт сөрөг гэхээсээ илүүтэй ашиг авчирна. Хятадын төв банк гадаад валютын зах зээлд хийж буй интервенцээ багасгах хэрэгтэй. Инфляцийн хэмжээ өсч буйд хэт зовних шаардлагагүй. Инфляцийн дарамт их байгаа ч үүнийг энэ жил хянах боломжтой” гэжээ.
Гуравдугаар сард Хятадын хэрэглээний үнийн өсөлт сүүлийн гурван жил шахамын хугацаанд байгаагүйгээр буюу 5.4 хувиар өсөлттэй гарсан байна. Харин Засгийн газар инфляцийг 4 хувьд барихыг зорьж буйгаа биелүүлж чадахгүй байгаа ажээ.


Б. Төгсбилэгт