Эко уурхай хамгийн гоё номинаци

2011-12-16 11:37

Mining Journal Awards-ын хамгийн гоё номинаци нь сэтгүүлч миний хувьд, эко уурхай. Уурхай гэхээр л тоос шороо бужигнан, газрын хөрсийг орвонгоор нь эргүүлээд хаячихсан юм шиг нүүгэлтсэн бараан газар байх мэт сэтгэдэг бидний төсөөллийг эвдсэн олон гоё эко уурхай эх оронд минь бий болоосой. Байгаль орчны доройтол, экологийн сүйрлээс алс ирээдүйгээ хамгаалсан бодлого, зорилтууд уул уурхайн салбарт бодитоор хэрэгжээсэй. Үр дүнд нь байгаль орчин, уул уурхай хоёрыг мөнхөд сөргөлдүүлэн, хар цагаанаар эрс зааглан туйлшруулдаг ойлголт эерэн зөөлрөөсэй гэсэн хүслээр энэ номинаци мэндэлсэн юм. Шүүгчдийн маань хувьд ч энэ номинацийн ач холбогдлыг их өргөн цар хүрээнд авч үздэг билээ. Н.Батбаяр шүүгч,  номинацийн ач холбогдлыг “Нийгэм харах хамгийн гол шагнал бол эко уурхай номинаци. Уул уурхайн салбарт байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр санал санаачилга хэр байгааг харуулах утгаараа их нэр хүндтэй шагнал” хэмээн тодорхойлсон юм.   

Тийм ч учраас уул уурхай байгаль орчныг сүйтгэгч гэсэн нийтэд түгээмэл ойлголтыг сөрж, энэ жил эл номинацид өмнөх жилийнхээс илүү олон компани хийж бүтээснээ мэдүүлжээ. Компаниудын хувьд хамгийн өрсөлдөөнтэй номинаци байсан нь ирүүлсэн тайлангуудаас тодорхой анзаарагдаж байв. Нөгөө талаар эко уурхай нь том жижгээс үл хамааран ямар ч уурхай өрсөлдөж болох сонирхолтой номинаци юм. Энд 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж, Монголын XX зууны бүтээн байгуулалт хэмээн өргөмжлөгдсөн “Эрдэнэт үйлдвэр”, залуу боловч жинтэй бүтээн байгуулалт өрнүүлж буй “Энержи ресурс”, дэлхийн хэмжээнд гарын таван хуруунд багтах зэсийн уурхайг бүтээн байгуулж байгаа “Оюутолгой” гээд уул уурхайн акулууд, “Монгол газар”, “Гацуурт”, “Монполимет” зэрэг хөлөө олсон үндэсний томоохон компаниуд, “Пибоди Винсвэй Ресорсез” шиг Монголын уул уурхайн талбарт дөнгөж орж ирж буй гадны хөрөнгө оруулалттай компани, “Мондулаан”, “Өрмөн-Уул” гээд уул уурхайд мөрөө гаргаж, жил ирэх бүр цар хүрээгээ тэлж яваа үндэсний компаниуд, улсынхаа нүүрсний хэрэглээний 50 хувийг дангаараа хангадаг “Багануур” төрийн өмчит компани гээд салбарынхаа бүхий л өнгө төрхийг илэрхийлж чадахуйц олон талтай компаниуд өрсөлдсөн юм.

“Шилдэг эко уурхай” номинацид нэр дэвшигчид

1.    Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Бага Хайлаастын уурхайд олборлолт явуулж байгаа “МОНДУЛААН” компани 2011 онд хийсэн нөхөн сэргээлтийн ажлаараа “Шилдэг эко уурхай” номинацид нэр дэвших эрхээ олж авчээ.
/Энэ онд байгаль орчны техникийн нөхөн сэргээлтэд 60.494310 төгрөг/1 га, биологийн нөхөн сэргээлтэд 62.09460 төгрөг/1 га тус тус зарцуулсан байна./

2.    Нийт ашигласан талбайнхаа 89 хувь буюу 477 га газарт  техникийн нөхөн сэргээлт, түүний 55 хувьд биологийн нөхөн сэргээлт, ургамалжуулалтын ажил хийсэн үзүүлэлтээрээ “МОНПОЛИМЕТ” компани.
/2011 онд 34 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 45 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэжээ./

3.    Нийт 37 га газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийснээс 2011 онд 12 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил хийсэн үзүүлэлтээрээ уулын баяжуулах “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” компани.
/Тоосжилтыг багасгахын тулд алсын зайн удирдлагатай нонель системийг тэсэлгээний ажилд нэвтрүүлсэн болон уурхайгаас гарч буй гүний усыг гадагш хаялгүйгээр технологийн усны хэрэгцээнд дахин ашиглаж байгаа зэрэг амжилтаараа нэр дэвшжээ./ 

4.     Булган аймгийн Бүрэгхангай суманд үйл ажиллагаа явуулдаг “ӨРМӨН-УУЛ” компани 2011 онд хийсэн биологийн нөхөн сэргээлтийн ажлаараа нэр дэвшжээ.
/Дотоод овоолгоор техникийн нөхөн сэргээлт хийсэн 2,2 га талбайд 2011 онд биологийн нөхөн сэргээлт хийж, 1,5 га талбайд 5 төрлийн 3400 ширхэг мод бут тарьсан байна./ 

5.    Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дахь Зүүн Сөдөтийн ордод олборлолт явуулж байгаа “ГАЦУУРТ” компани ашигласан блокууддаа хийж байгаа техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлаараа нэр дэвшлээ.
/Уулын ажилд хөндөгдсөн нийт талбайн 83,8 хувь буюу 239,6 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 82 хувь буюу 234,5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ./

6.    Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь шороон ордын нөхөн сэргээлтийн ажлаараа “МОНГОЛ ГАЗАР” компани “Шилдэг эко уурхай” номинацид нэр дэвшжээ.
/Олборлолтын явцад 519,3 га газар уулын ажилд өртөж хөндөгдсөнөөс 496,3 га талбайд нөхөн сэргээлт  хийжээ. Үүнээс 175,9 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн үзүүлэлтээр нэр дэвшсэн байна./

7.    Булган аймгийн Сайхан сумын нутагт байрлах Эрээний нүүрсний уурхайд 2009 онд техникийн нөхөн сэргээлт, 2010 онд биологийн нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийж дуусгаад, одоо хяналт шинжилгээний ажлыг гүйцэтгэж байгаа амжилтаараа “ПИБОДИ ВИНСВЭЙ РЕСОРСЕЗ” компани. 
/Уул уурхайн үйл ажиллагааны явцад эвдрэлд орсон газрыг хуучин төрхөөс нь илүүтэйгээр нөхөн сэргээсэн энэхүү ажиллагаа нь Монгол улсын хувьд нүүрсний уурхайн анхны иж бүрэн нөхөн сэргээлт болжээ./

8.    Монгол улсын өмнөд хэсэгт Оюутолгой зэс-алтны төсөл хэрэгжүүлж байгаа ОЮУТОЛГОЙ” компани.
/Байгаль орчны менежментийн шаардлага хангасан иж бүрэн төлөвлөгөө боловсруулан, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байгаа ажил хийгээд 2011 онд хийсэн нөхөн сэргээлтийн ажлуудаараа нэр дэвшиж  байна.

9.    1997 оноос өнөөг хүртэл нийт 137.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 129,2 га газарт биологийн нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэсэн үзүүлэлтээрээ “БАГАНУУР” хувьцаат компани.
/Тус компани нөхөн сэргээлт хийгдсэн 34,9 га талбайг цаашид өөрөө нөхөн сэргэх боломжтой гэж үзэн орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэн өгчээ./

10.    Хатуу хучилтат замын барилгын ажилтай холбоотойгоор 102 каррьерийг нөхөн сэргээсэн, 5 га талбайд ойн зурвас байгуулсан зэрэг ажлын үзүүлэлтээрээ “ЭНЕРЖИ РЕСУРС” компани “Шилдэг эко уурхай” номинацид дэвших эрхээ авлаа.
/Усны, эргэлтийн усан сангийн, хөрсний элэгдэл, эвдрэлийг бууруулах, хянах, дуу шуугианы зэргээр төрөлжсөн менежмент төлөвлөгөөнүүд боловсруулан хэрэгжүүлж байгаа тус компани 2011 онд байгаль хамгаалал болон нөхөн сэргээлтийн ажилд нийт 1 тэрбум төгрөг зарцуулсан байна./    

Шилдгийн шилдэг ганцыг тодруулахын тулд...

Энэ бүгдээс шилдгийн шилдэг ганцыг тодруулна гэдэг үнэхээр хэцүү. Шүүгчдийн хувьд тун ч амаргүй даваа байж таарна. Шүүгчдийн маань бүрэлдэхүүнд уул уурхайнханд хамгийн хатуу хяналт тавьж, стандарт журмыг шаарддаг хариуцлагатай хоёр эрхэм багтдагийг анзаарсан биз ээ. Тэд бол Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр нар. Тиймээс ч шилдэг эко уурхайд өрсөлдсөн компаниудад энэ хоёр шүүгч ямар дүгнэлт өгөхийг уул уурхайнхан анхааралтай ажигладаг билээ. 
Шилдэг эко уурхай номинацид нэрээ дэвшүүлсэн компаниудыг шүүхээс өмнө шүүгчдэд нэг асуудал тулгарав. Н.Батбаяр шүүгч, номинацийн эзнийг шалгаруулахын өмнө нэг зүйл тогтъё. Компаниудын ирүүлсэн материал дүгнэх шалгуур үзүүлэлттэй зөрөөд байна. Иймээс хийсэн ажлаар нь дүгнэх үү, эко уурхайг үнэлэх шалгуур үзүүлэлтийнхээ дагуу шалгаруулах уу гэдгээ эхлээд тогтмоор байна  гэсэн зарчмын санал тавьсан юм.

Дондов шүүгчийн хувьд шалгуур үзүүлэлтийн дагуу материалаа дүгнэх нь зөв гэсэн байр суурьтай байлаа. Тэрээр, нэр дэвшсэн 10 компанийн материалтай танилцаад ийн үнэлж цэгнэжээ. “Гацуурт”-ын материал шаардлага хангаагүй. “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэрийн материал шаардлага хангахгүй байна. “Пибоди Винсвэй Ресорсез” компани маш сонирхолтой ажил хийсэн боловч материал нь бас л шаардлага хангасангүй. Уул нь энд сонирхох юм их бий. Мондулааны материал мөн л дүгнэх боломжгүй.  Оюутолгойн ирүүлсэн материал тоо баримт дутмаг учраас дүгнэхэд хэцүү байлаа. “Өрмөн-Уул”-ын хувьд санаачилга их ч ажлын хэмжээ дэндүү бага байна. “Монгол газар” сайн муу хэлэгдэн Архангайн Цэнхэр суманд нэлээд ажил хийсэн. Гэвч материалын бүрдүүлэлт бас л хангалтгүй. “Монполимет” том нэртэй боловч ирүүлсэн материал муу. Ирүүлсэн материалд тулгуурлах юм бол миний бодлоор дүгнэж болох хоёр компани нь “Энержи ресурс”, “Багануур” ХК байна” гэв. Тэрээр, “Энержи ресурс”-ийг нэгдүгээрт, “Пибоди Винсвэй Ресорсез”-ийг хоёрт, гуравт “Багануур” ХК-ийг сонгожээ. “Пибоди Винсвэй Ресорсез”-ийн хувьд хаагдсан Эрээний нүүрсний  уурхайд нөхөн сэргээлт хийсэн. Олон талын бодлогын чанартайгаар нөхөн сэргээлт хийсэн ч тэр нь хамаагүй. Үр дүнд газар нь сайхан болсон. Хийсэн ажил их биш ч үр дүн маш сайн” хэмээн үнэлсэн юм.

Харин Н.Алгаа шүүгч, газар дээр нь очиж нүдээр харснаа үндэслэн дүгнэлтээ гаргажээ. Тэрбээр, хүмүүс уул уурхайнхан нөхөн сэргээлт огт хийдэггүй гэж шүүмжлээд байдаг. Гэтэл хамгийн их материал энэ номинацид ирсэн байна хэмээн хошигноод дүгнэлтээ танилцуулав. “Энэ зун Шархүү бид хоёр “Пибоди Винсвэй Ресорсез”-ийн нөхөн сэргээсэн талбайг очиж үзсэн. Жижиг талбай ч гэлээ нөхөн сэргээлт яаж хийдгийг бодитоор харуулж чадсан байна лээ. Тиймээс номинацийн нэгдүгээр байрт орууллаа. Хоёрдугаарт “Энержи Ресурс”-ыг хэлэх байна. Үйлдвэрийнх нь нээлтийн үеэр очихдоо нөхөн сэргээлтийн ажлыг газар дээр нь үзэж харсан. Ирээдүйн нөхөн сэргээлтээс гадна эргэн тойрондоо зүлэгжүүлэлт, ойжуулалт гээд нэлээд ажил хийсэн байна лээ. “Багануур” ХК-ийг гуравдугаар байрт орууллаа. Өнгөрсөн жил эко уурхайгаар шалгарсан. Тиймээс ажил нь үргэлж сайн байх ёстой. Өмнө хийсэн бүтээсэн нь үргэлжилж явах ёстой юм шүү” гэдгийг сануулаад авсан. 

Г.Шархүү шүүгч компаниудын мэдүүлгийг шалгуур үзүүлэлтийн дагуу тун ч няхуур шүүжээ. Эко уурхай таван шалгуур үзүүлэлттэй. “Байгаль орчныг хамгаалах бодлогын менежментийн түвшин”, “Байгаль орчинд нөлөөлөл багатай дэвшилтэт технологийн хэрэгжилт”, “Байгаль орчны сан байгуулсан эсэх, сангийн хөрөнгө тогтвортой өссөн эсэх”, ”ISO 1400, ISO 1900  болон нөхөн сэргээлтийн дотоодын  стандартуудыг мөрддөг эсэх”, “Уурхайн хаалтын төлөвлөгөө, санхүүжилтийн эх үүсвэр” гэсэн шалгуураар компаниудын байгаль орчны чиглэлээр хийж буй ажлыг үнэлэх учиртай юм. Г.Шархүү шүүгч, сан байгуулах болон уурхайн хаалтын төлөвлөгөө гэсэн хоёр чухал ажлыг хийхгүйгээр уурхайн ажил хэзээ ч цааш явахгүй. Ийм үзүүлэлтгүйгээр эко уурхай гэж байхгүй гэдгийг хатуухан хэлж байлаа. Тэрээр, “Байгаль орчны сан байгуулсан эсэх, сангийн хөрөнгө тогтвортой өссөн эсэх” гэсэн үзүүлэлтэд “Пибоди Винсвэй Ресорсез”, “Оюутолгой” хоёр л компани сантай гээд мэдээллээ ирүүлжээ. Бусдад нь сан алга байна. “Уурхайн хаалтын төлөвлөгөө, санхүүжилтийн эх үүсвэр” гэдэг үзүүлэлт дээр “Энержи Ресурс” л гадны байгууллагаар төлөвлөгөө хийлгэж байгаагаа тайлагнажээ. Тиймээс бусад компанид эдгээр үзүүлэлт дээр 00 үнэлгээ өгсөн. Гэхдээ миний хувьд Алгаагийн адил ихэнх компаниар явж үзсэн учраас нүдээр үзэж харснаа шалгуур үзүүлэлтийн дагуух үнэлгээн дээр нэмж үнэллээ. Цаашид видео дүрс, бичлэгийг шалгаруулалтад хавсаргах хэрэгтэй юм байна. Нүдээр хараагүй хүмүүс мэдэхгүй шүү дээ. Миний үнэлгээгээр нөхөн сэргээлтийн хамгийн сайн ажил хийсэн компани бол “Пибоди Винсвэй Ресорсез”. Урьд нь ухаад авчихсан уурхайг нөхөн сэргээгээд уул болгочихоод байгаа. Хоёрдугаарт “Оюутолгой” компани. Тэд өнөөдөр уулын ашиглалт л хийж байгаа. Төлөвлөгөө сайтай, сайн ч хийж байна. Гуравдугаарт “Энержи ресурс”-ийг оруулж байна. Гэхдээ энэ компанийн хувьд би нэг зүйлд сэтгэл дундуур явдаг. Уулын машины дүрэм журам нь Монгол бус Австралийн стандартын зүүн гарын дүрмээр явдаг. Осол гарч, хүний амь эрсдэхэд Монголын хуулиар шүүх үү, эсвэл Австралийн хуулиар шийдвэрлэх юм уу? Санамсаргүй зүйлээс болж осол гардаг. Үүнийг залруулахгүй бол тун ч онцгүй зүйл. Мөн ирүүлсэн тайланг монгол хүн бичсэн үү, гадаад нөхөр бичсэн үү, ойлгомжгүй зүйл байна. Уулын ашиглалтын коэффициентыг хог хаягдал дээр тооцсон гэж бичжээ. Үүний улмаас оноо хассан. “Багануур” компанийг дөрөвт орууллаа. Нэг километр газарт суваг татан Бага гүн нуурыг уурхайн усаар тэжээж сэргээсэн нь тун чухал үзүүлэлт шүү” хэмээн дүгнэлтдээ тайлбар хийсэн юм.

Н.Батбаяр шүүгч ч гэсэн өөрийн дүгнэлтийг танилцуулахын өмнө нэлээд хатуу шүүмж хэлж байсныг анхаарахгүй орхиж боломгүй. “Компаниудаас ирүүлсэн материалыг үзэхэд үнэхээр харамсалтай санагдлаа. Уурхайн хаалт гэдэг зүйлийг хэн ч ойлгохгүй байна. Уурхайн хаалтыг ямар эх үүсвэрээс санхүүжүүлдэг юм бэ гэдгийг огтхон ч  төсөөлөхгүй байна. Жил бүр байгаль хамгаалах төлөвлөгөө гарган, зардалд тодорхой хэмжээний хөрөнгө төсөвлөөд явбал болчихно гэсэн байдлаар хандаж байгаа нь харамсалтай. Эко уурхайн хувьд байгаль орчныг хамгаалах бодлого ямар түвшинд явж байгаа нь нэн чухал үзүүлэлт. Гэтэл энэ чиглэлээр компаниудын ажилд үнэлгээ тавихад хүндрэлтэй байна. “Эрдэнэт”, “Багануур”, “Мондулаан”, “Энержи Ресурс”, “Оюутолгой” гэсэн цөөн хэдэн компани л бодлогоо тодорхойлж чаджээ. Ийм үндэслэлээр эдгээр компанид үнэлгээ өгвөл өрөөсгөл болчих талтай. Харин ерөнхий хийсэн ажлыг нь авч үзье гэвэл Дондов багш, Шархүү гуайтай санал нэг байна. “Пибоди Винсвэй Ресорсез”-ийн хийсэн ажил уурхайг үнэхээр хааж болдог, үүн дээрээ тодорхой хэмжээнд мониторинг хийгээд явж болдог, ISO стандарт болон дотоодын MNS 2008 зэрэг хэд хэдэн стандартыг хэрэгжүүлж, хангаж болдог юм гэдгийг харуулж чадсанаараа онцлог. Тиймээс  дэмжих нь зүйтэй болов уу гэж бодож байна. Дараагийн байрт “Энержи Ресурс”, “Оюутолгой”-г оруулж болмоор санагдаж байна. “Энержи Ресурс” уурхайн хаалтын төлөвлөгөөгөө боловсруулах шатандаа явж байгаа. Ер нь уурхайн хаалт гэдэг зүйлийг бусад компаниудаа бодвол харьцангуй ойлгож байгаа газар. Гуравдугаарт “Оюутолгой” байна. Хараад байхад ирээдүйд хийх ажлаа нэлээд ойлгодог болов уу гэж санагддаг. Тодорхой хэмжээнд туршилтын талбай байгуулан мод зүлэг тарьж, хүлэмж байгуулж байна. Түрүүн хэлсэнчлэн байгаль орчныг хамгаалах бодлогоо тодорхойлчихсон, түүнийгээ мөрдөөд хэрэгжүүлээд явах багтай болсон гэдэг утгаар “Оюутолгой”-г оруулж болох юм” хэмээн санал бодлоо хуваалцав.

Д.Энхбат: “Шилдэг эко уурхай” бол их хүнд номинаци. Уурхайтай холбоотой дагалдах бүтээн байгуулалтын ажлуудыг цогцоор нь аваад үзвэл их өргөн хүрээний асуудал. Ирүүлсэн материалуудыг уншихад энэ шалгаруулалтад тэнцэх аж ахуйн нэгж үнэндээ ганц хоёрхон л байна. “Пибоди Винсвэй Ресорсез”-ийн хувьд хөрөнгө оруулалт нь хаанаас гарсан юм? Үнэхээр тэдний хийх ёстой ажил мөн үү? Жижиг уурхайг зогсоогоод нөхөн сэргээлт хийж харуулж байгаа нь ямар утга учиртай юм бол? “Пибоди” Америкт маш олон том уурхайтай. Их ч нөхөн сэргээлт хийдэг. Үнэхээр сайн  хийдгийг нь нүдээр харсан. Эрээнд яах гэж нөхөн сэргээлт хийсэн юм гэхээр дараагийнхаа алхамдаа л бэлдсэн. Тэгэхдээ тэнд алдаа гарсан. Өнгөрсөн жил үерт урссан. Тооцоо дутуу хийснээс болсон хэрэг. Дээр нь “Оюутолгой” гэхэд хэчнээн том мөнгөн дүнгийн хөрөнгө оруулалттай билээ. Юу хийж байна вэ? Бас л алдаа гаргасан. Усан хангамжийн эх үүсвэрээс шугам хоолой татахдаа тэндхийн өвс ургамлыг сүйтгэсэн гэх мэтээр яривал бүгдээрээ л асуудалтай. Гэтэл манай үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, ялангуяа алтны компаниуд хэдийгээр менежментийн төлөвлөгөө байхгүй ч тодорхой хэмжээнд нөхөн сэргээлт хийж байгаа. Байгаль орчны сан байгуулах, хаалтын төлөвлөгөө боловсруулах талаар дөнгөж эхэлж байгаа уурхайнууд дээр ярихад хүнд асуудлууд бий. Гэхдээ сайн хөрөнгө оруулалттай, сайн менежменттэй багууд бол хийж байгаа. Би энэ номинаци дээр ганц “Энержи Ресурс”-ыг л  сонгоно. Яагаад гэвэл эко талаасаа тэд усан хангамжийн асуудлаа бүрэн шийдсэн. Усны эргэлтийн циклийг зөв зохицуулан говийн бүсэд ус хангамжийн эх үүсвэрийг маш зөв шийдвэрлэж, хоёр том усан сан байгуулж чадлаа. Энэ бол нэгдүгээр үзүүлэлт. Аль ч уурхай, ямар ч аж ахуйн нэгж ингэж чадаагүй. Хоёрдугаарт, дулааны цахилгаан станц нь агаарын хөргөлттэй, ус хамгийн багаар хэрэглэдэг. Нүүрс баяжуулахаас гарч байгаа түлшний нүүрсийг дулааны цахилгаан станцдаа хэрэглэнэ. Боловсруулалтад оруулах нүүрсээ тохируулахын тулд Баруун Наранг худалдаж авсан. Тэндээс баяжуулах үйлдвэртээ оруулах нүүрсний холимогийг маш сайн тохируулж, технологидоо бариулж чадаж байгаа. Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт ямар хэмжээтэй байна, явуулж буй үйл ажиллагаа нь аль түвшинд байна, ажлын үр дүн ямар түвшинд гарч ирж байна вэ гээд бүхэлд нь аваад үзэхэд ганц “Энержи Ресурс”-ыг л үнэлэхээр байна. Шилдэг эко уурхайн шалгуурт нэгдүгээрт биш юм аа гэхэд гуравдугаарт зогсож болох юм. Ер нь уул уурхайн үйл ажиллагааг бүхэлд нь аваад үзвэл эцсийн үр дүнгээ хүртэл юү хийх гээд байгаа юм гэсэн тодорхой зураглалууд гарчихсан байх ёстой. Энэ зураглал “Энержи Ресурс” дээр л харагдаад байгаа. “Оюутолгой” бол дутуу, бас л болоогүй байна. 

Уул уурхайн хүрээлэнгийн дэд захирал Б.Энхбаатар:
“Пибоди Винсвэй”-г энэ удаад шалгаруулъя гэсэн бодолтой байна. Түрүүний хэлснээр бодлогын чанартай Монголд орж ирсэн ч зүгээр нэг лоббигоор хөөцөлдөөгүй. Монголчуудад ингэж нөхөн сэргээж болдог юм гэдгийг харуулсан. Дээр нь эдний хийсэн нэг зүйл бол байгаль орчны чиглэлийн бүх хүмүүсийг сургалтад хамруулж, хийснээ бодитоор нь үзүүлсэн. Хүмүүст үзүүлэх, сургах ажлыг давхар хийсэн. Гэтэл “Сентерра гоулд” “Бороо гоулд” дээр яасныг та бүхэн мэдэж байгаа. Гэрээгээ байгуулангуутаа бүгдийг цөлмөчихөөд, нөөц нь дуусахаар буцаагаад нөхөн сэргээлт эхлүүллээ. Бодлого нь эсрэгээрээ яваад байгаа биз. Ийм буруу жишиг юманд хүрдэггүйг монголчууд “Бороо гоулд” дээр харлаа. “Пибоди Винсвэй”-гийн хувьд лоббигоо зөв хийж, монголчуудад зөвөөр танигдаж байна гэдэг утгаараа  эко шагналыг өгөх нь зөв болов уу.
Шүүгчид ийнхүү өөр өөрсдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн юм.  Д.Галсандорж шүүгч, “Оюутолгой”-д хамгийн өндөр оноо өгч, “Энержи Ресурс”-ийг удаалуулан “Эрдэнэт үйлдвэр” болон “Багануур” ХК-ийг гуравдугаар байрт оруулжээ. Харин Х.Наранхүү шүүгчийн сонголт нь “Монполимет” байсан бөгөөд “Оюутолгой”-г хоёрт, “Эрдэнэт үйлдвэр”-ийг гуравдугаарт жагсаасан байлаа.

Бусад нэр дэвшсэн компаниудын тухайд шүүгчид хэрхэн хэлэлцсэнийг уншигчдадаа хүргэе.   

Н.Алгаа: “Бороо гоулд” материал ирүүлээгүй юм уу?
Н.Батбаяр: Ирүүлээгүй байна. Тэдний хувьд хийсэн юм нэлээд бий шүү. Сайн сайн үзүүлэлтүүд байгаа. 
Г.Шархүү: Уулыг их сайхан болгож байгаа юм билээ. Харин хоцорч хийгээд байх шиг санагддаг юм.
Н.Батбаяр: Тийм тал бий. 
Г.Шархүү: “Гацуурт” компани онцлохоор ажил хийсэн байна лээ. Уулын ажилд хөндөгдсөн нийт талбайнхаа 80 гаруй хувьд биологийн нөхөн сэргээлт хийсэн байгаа юм. Гэвч хэмжээ нь бага, мөн байгаль орчны сан болон уурхайн хаалтын төлөвлөгөө байхгүй учир олигтой оноо авсангүй.
Н.Батбаяр: Гэхдээ “Гацуурт”-ын стандартууд нь 2000 оныхоор байсан. Стандартуудыг 2008 он болгож шинэчлээд удаж байна шүү дээ.
Г.Шархүү: “Монполимет”, “Өрмөн-Уул” зэрэг компани Заамарт нэлээд ажил хийсэн.
Н.Батбаяр: Хийсэн. Гэхдээ ямар ч бодлого, менежмент байхгүй. Зүгээр л хийх ёстой гээд ямар нэгэн бодлого, менежментгүйгээр хийгээд байгаа юм.
Д.Дондов: Надад энэ номинацид том компаниудаасаа илүүтэй тодорхой үр дүнд хүрсэн, санаачилгатай жижиг байгууллагууд гарч ирээсэй гэсэн бодол байна.
Д.Цэрэнжав: Ер нь байгаль орчин, нөхөн сэргээлт, экологийн асуудал их түвэгтэй, хэл амтай зүйл. Компаниудын хувьд мэдээж сайн уурхайгаа, бүтэлтэй болсон ажлаа л нэр дэвшүүлэхээс хэл амтайгаа дэвшүүлэхгүй. Тиймээс бид ирүүлсэн материалд үндэслэн шүүх ёстой байх. “Монгол газар”-ын ирүүлсэн материалыг үзэж байхад гайгүй ажил нэлээд хийсэн байна. Гэхдээ хэл ам таталсан өөр асуудлууд бийг бид мэднэ. “Энержи Ресурс”, “Оюутолгой”-н хувьд ажлууд ном ёсоороо эхэлж байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ үр дүн гараагүй, процесс дөнгөж л эхэлж байгаа учраас шалгаруулах нь хэр оновчтой юм бол гэж бодогдож байна. Харин “Пибоди Винсвэй Ресорсез” үнэхээр шилдэг байна. Бусдын хувьд дүгнэлт хийхэд жаахан хэцүү санагдлаа. 

“Пибоди Винсвэй” тэргүүлж, “Энержи ресурс” удаалан, “Оюутолгой” гуравт давхижээ

Ийнхүү нэр дэвшигчид маань Шүүгчдийн зөвлөлийн хатуухан шалгуураар шүүгдэн тунгаагдлаа. Гэхдээ тэднийг бас  олон нийт болон мэргэжлийн байгууллагынхны дунд явуулсан санал асуулгын дүн хүлээж байгаа. Үндсэн үнэлгээний 80 хувийг шүүгчдийн оноо шийдэх ч олон нийт үйл ажиллагааг нь хэрхэн үнэлж байгааг 20 хувьд нь харгалзаж үзэх юм.    
Олон нийтийн 13.80 хувь нь “Энержи Ресурс”-т саналаа өгсөн бол 12.84 хувь нь “Эрдэнэт”, 11,61 хувь нь “Мондулаан”, 7.79 нь “Бороо гоулд”, 5.74 нь “Пибоди Винсвэй”, 5.46 нь “Багануур”, 4.78 “Оюутолгой”, 3.69 нь “Монполимет”, 3.14 нь “Гацуурт”, 2.87 хувь нь МАК-т саналаа өгчээ.    
“Шилдэг эко уурхай” номинацид шүүгчдийн онооны нийлбэр, санал асуулгын хувиар “Пибоди Винсвэй” тэргүүлж, “Энержи ресурс” удаалан, “Оюутолгой” гуравт давхижээ. Нэг нь түрүүлж бусад нь удаалдаг нь уралдаан, шалгаруулалт бүхний жам. Тэгэвч хамгийн гол нь энэ номинацид өрсөлдсөн бүхэн нүүр бардам хийж бүтээсэн зүйлтэй байсан юм. Тиймээс ч тэд нийгмийн хатуу шүүмжлэлийн хариуд хийж бүтээснээ зоригтойгоор өргөн мэдүүлжээ. Та бүгдийн гараар тарьж ургуулсан, нөхөн сэргээсэн бүхэн эх дэлхийгээсээ авсны хариуд буцаан барьж буй хамгийн том бэлэг билээ. Дараа дараагийн жилүүдэд энэ бэлгээ улам томруулж, эко уурхай гэсэн гоё өргөмжлөлийг та нар минь бүгдээрээ аваарай гэж хүсье. 
Mining Journal Awards-ын шагнал гардуулах хүндэтгэлийн тайзан дээрээс “Шилдэг эко уурхай” номинацийн эзнийг ХАС банкны Гүйцэтгэх захирал Д.Бат-Очир тодруулан нийтэд зарласан юм. Байгаль дээрх унаган төрхийг нь хадгалан урласан Цэнхэр мана цом “Пибоди Винсвэй Ресорсез” компанид хадгалагдан үлдлээ. Эко номинацийн эзнийг ХАС банк тодруулан зарласан нь учиртай. ХАС банк нь байгаль дэлхийд ээлтэй бүхий л үйл ажиллагааг дэмждэг сайхан хамт олон билээ. Тэр ч утгаараа Mining Journal Awards-ын “Шилдэг эко уурхай” номинацийн ивээн тэтгэгчээр ажилласан юм.   
“Пибоди Винсвэй Ресорсез” компанийн Гүйцэтгэх захирал Б.Баатар шагналаа гардан аваад сэтгэгдлээ ийн хуваалцлаа. “Манай компани АНУ-ын “Пибоди Энержи” компанийн Монгол дахь охин компани. “Пибоди Энержи”-ийн хувьд 125 жилийн туршлагатай, дэлхийн хувийн хэвшлийн нүүрсний хамгийн том компани. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болоод байгаль орчны нөхөн сэргээлтийн үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт явдаг. Энэ компанийн туршлага, технологийг Монголд нэвтрүүлэхийн тулд 100 гаруй монгол ажилчин залуус маань хичээл зүтгэл гарган ажиллалаа. Анх удаа нүүрсний уурхайг хоёр жилийн хугацаанд иж бүрнээр нь нөхөн сэргээлээ. 2011 онд нөхөн сэргээсэн талбайдаа мониторинг, хяналт шинжилгээний ажил хийж гүйцэтгэлээ. Одоо нөхөн сэргээсэн талбайд ургасан өвсөөр хадлан бэлтгэхүйц болсон. Орчны ус нь орон нутагтаа хамгийн цэвэрт тооцогдож байна. Худгийн ус болон тэндхийн байгаль орчны бусад үзүүлэлтүүд амьтад, байгальд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй гэсэн үр дүнтэй гарч байна. Энэ бол хамгийн том амжилт юм. Нөхөн сэргээлт эргээд орчиндоо нийцэж байгаа нь хамгийн гол үр дүн. Энэ туршлагыг бусад уул уурхайн компаниуддаа нэвтрүүлэх нь манай улсын хувьд чухал юм. Бидний хичээл зүтгэлийг үнэлсэн  Mining Journal Awards-ын шүүгчид болоод зохион байгуулсан сэтгүүлийн хамт олондоо баярлалаа. 

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal сэтгүүлийн № 12 дугаараас уншина уу.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 12 цаг 31 минутын өмнө
    Нүүрс нэгэн цагт хүн төрөлхтний хөгжлийн гол суурь байсан. Тэр “баатар” одоо харин хамгийн их бохирдуулагч түлшээр өргөмжлөгдөв. Нүүрс бол хүн төрөлхтний хувьд “маш эртний найз”. Тиймээс “салах ёслол” хийхэд тийм ч хялбар байхгүй нь мэдээж хэрэг. Тэр дундаа эрс тэс уур амьсгалтай Монгол Улсын хувьд нүүрсгүйгээр амьдралаа төсөөлөхийн ч аргагүй. Бас болоогүй 2010 оноос коксжих нүүрс Монголын экспортод голлох үүрэгтэй болж эхэлсэн төдийгүй экспортод эзлэх байр сууриа одоо улам бүр бэхжүүлэн байна. Үүний зэрэгцээ Монголд асар олон нүүрсний цахилгаан станцын төслүүд хэрэгжихээр яригдан байна. Нүүрс рүү тэмүүлэх үйл явц Монголд ийн өрнөж байх зуур нөгөө талд дэлхий нүүрснээс татгалзах үйл явц хурдацтайгаар явагдаад эхэлжээ. 
  • Өчигдөр 18 цаг 22 минутад
    Дорноговь аймгийн Даланжаргалан суманд дөрөвдүгээр сарын 14-нд “Эко хэлхээ” компанийн жонш Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далан сэтэрч химийн хорт бодистой ус алдагдсан билээ. Уг явдлаас хойш хоёр сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд нөлөөллийн бүсийн ус, хөрсний дээжээс авсан шинжилгээний хариу хоёр төрлөөр гарсан байна.   
  • Өчигдөр 10 цаг 36 минутад
    Эрин зууны түлш гэж тодорхойлдог метан хийг дэлхийн томоохон хотууд “шүтэж”, энэ салбарын хөгжилд хөрөнгө хүч хаяж эхэллээ. Хүн төрөлхтөнд хамгийн тулгамдсан асуудал цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлт. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий бол метан хий. Нүүрс олборлож байгаа уурхайнуудаас их хэмжээний метан хий ялгарч байгаль орчинд хор хөнөөл учруулдаг байна. Өндөр хөгжилтэй орнууд түүхий нүүрснээс татгалзаж метан хийг хэрэглэж агаарын бохирдлоо бууруулж эхэлжээ. Өмнөговь аймагт метан хийн хайгуул, судалгаа хийж буй “Жи Өү Эйч” ХХК-ийн Ахлах зөвлөх, Монгол Улсын  зөвлөх инженер З. Төмөрбаатартай ярилцлаа.
  • Өчигдөр 00 цаг 00 минутад
  • 2019-06-21 15:38
    Дорнод аймгийн удирдлага, Ашигт малтмал, газрын тосны газар, “Петрочайна Дачин тамсаг” компанийн хамтран байгуулсан гурван талт хэлцлийн үр дүн гарч эхэллээ. Тодруулбал тус компани хэлцэлд тусгасны дагуу тендер сонгон шалгаруулалтаа анх удаа ил тод зарлалаа.  Энэ онд тус компани 1 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий байгаль орчныг хамгаалах төслийн тендерийг 12 багцад хуваан нээлттэй зарласан байна. Мөн тендер сонгон шалгаруулахдаа гурван талт хэлцэлд тусгагдсаны дагуу орон нутгийн аж ахуйн нэгжид давуу эрх олгох юм. Уг тендер шалгаруулалт энэ сарын 17-нд болсон төдийгүй 12 ажилд нийт 15 аж ахуй нэгж оролцсоны 10 нь орон нутгийнх байв.