Говийн ганц айл буюу өмнөд говийн усны хэрэглээ

2011-12-06 10:10

О.Хосцэцэг

Ангасан хүнд лусын хааных
Говийн ганц айл
Алсаас харахад үлгэрийн цагаан сувд
Говийн ганц айл...
Говийнхон яагаад үргэлж ганц гэрээр амьдардаг байнаа. Говийн амьдралыг сайн мэдэхгүй хүмүүс ийн гайхаж магадгүй. Зожигрох гэсэндээ тэд ганц гэрээр буудаггүй. Амьдралынх нь хэмнэлийг зохицуулж байдаг гол асуудал нь ус учраас түүндээ захирагдахаас өөр сонголт үгүй. Манай орны өмнөд говийн бүс угаас газрын гадаргын ус хомсхон, гүний усаар дийлэнх хэрэгцээгээ хангадаг. Малчид хоёр гурван гэрээрээ буучихвал худгийн жаахан ус нь хүрэлцэхгүй болчихно. Мал услах тоолондоо худгаа шавхаж, дахин ундрахыг нь бараг өдөржин хүлээх болдог. Тиймээс л говийнхон ганц гэрээрээ цөөн малтай амьдардаг юм. 
Хэсэгхэн зуур хур буухад сүйт бүсгүй мэт үзэсгэлэнтэй болчихдог говь нутаг ангаж хатахдаа бас амархан туйлын эмзэг эко системтэй.

Манай орны нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг тал хээр болон өнөөх эмзэг эко системтэй говь нутаг эзэлнэ. Энэ бүсэд жилд 100 орчим мм тунадас унадаг. Манай орны гадаргын усны нийт нөөцийн 20 хүрэхгүй хувь нь ногддог учир энд байгалийн чийгшил нэн дутмаг хуурай уур амьсгал зонхилдог. Учир иймээс говь нутгийн хүн ам, бэлчээрийн аж ахуй, орон нутгийн жижиг үйлдвэрүүдийн ус хангамжийг үндсэндээ газар доорх усаар хангадаг байлаа. Гэтэл өнөөдөр зэс, молибден, алт, мөнгө, өндөр чанартай нүүрсний асар их нөөц бүхий Оюутолгой, Тавантолгойн орд газрууд нээгдэж тэнд зам, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэр орон сууц, нийтийн аж ахуйн олон арван салбар цогцолборууд баригдахаар болж байна. Усны хэрэглээ асар өндөртэй эдгээр салбарын усан хангамжийг газрын гүний усаар хангана гэсэн урьдчилсан тооцоо гараад буй.

Одоогоор илрүүлээд байгаа газрын гүний усны судалгааг жагсаавал:

•    Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нийт газрын доорх усны 30 орд илрүүлсэн. Гурвантэс сумын нутагт орших Нарийнсухайт нүүрсний уурхай орчмын газар доорх усны нийт нөөц 8514м3/хоног.
•    Даланзадгад, Цогтцэций сумын ойр орчим, Тавантолгой нүүрсний ордын ойролцоох усны нийт нөөц 17611.32м3/хоног.
•    Баян-Овоо, Ханбогд сумын ойр орчим, Оюутолгой зэсийн ордын ойролцоох усны нийт нөөц 107135м3/хоног байна.
•    Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт нийт 12 газрын доорх усны орд илрүүлсэн. Цагаансуварга зэсийн орд газрын орчмын усны нийт нөөц 25920м3/хоног.
•    Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ойролцоох усны нийт нөөц 92000м3/хоног байгаа юм. /Зураг/
Одоогоор илрүүлсэн эдгээр усны ордуудын нөөц нь яг таг батлагдчихсан гэж хэлэхэд арай боломгүй. Цаашид сайтар судлах шаардлага буй. Бас нэг чухал асуудал нь гүний усыг ашиглахаар газрын гадарга дээрх ургамал, хөрсөнд нөлөөлөх үү, үгүй юү гэдгийг хэн ч хэлж чадахгүй байгаа явдал. “Гүний ус нь хөрсний өнгөн хэсгийн дээд давхаргын усан сангуудтай судлаар холбоотой байдаг учир хэчнээн болгоомжтой ашиглалаа ч байгаль экологид шууд сөргөөр нөлөөлнө. Улмаар гүний усны түвшин багасч шавхагдах үед газрын дээд давхарга аяндаа хатаж хүрээлэн буй орчин үхжиж эхлэх эрсдэлтэй” гэж сануулагсад цөөнгүй байдаг. Харин “Идэвхтэй солилцооны ус буюу нэгдүгээр давхаргын усыг бус хоёроос доош давхаргын гүнд оршиж байгаа даралттай усыг хэрэглэнэ. Газрын доор 150-270 метрийн гүнд орших усыг ашиглахад өнгөн хэсэгт нөлөөлж, малчдын худаг ширгэхгүй” гэж тайвшруулагсад ч бий. Хүнтэй зүйрлэвэл судсаар холбоотой юм чинь гүний усыг ховх сорчихвол дээрх орчин сүйрэхээс аргагүй гэдэгт итгэх үү, өчнөөн шавар лаг давхарган доор байгаа усыг авахад ямар ч муу нөлөө учрахгүй гэдэгт найдах уу. Яг таг бүгдийг урьдчилаад хэлэх хүн өнөөдөр алга. Маш нарийн судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр газрын гүний ус, гүехэн өнгөн хэсэгтэйгээ хүйн холбоотой юу, байгаль экологид нөлөөлөх үү гэдгийг мэдэж болох юм.  

Оюутолгойн ТЭЗҮ-д усны асуудлыг хэрхэн тусгасан бэ?

“Айвенхоу майнз Монголиа инк” компани 2003-2007 онд судалгаа явуулсан бөгөөд усны нөөцийг анх 1122 л/сек байхаар тусгаж байжээ. Харин Усны газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүд, шүүмжлэгч нар судалгааг хэлэлцээд 870л/секундээр, 40 жилийн хугацаатай гэж баталсан аж. Энэ нь хоногт 100.000 тонн хүдэр олборлоход хүрэлцэх тооцоо юм. Усан хангамжийн 33 гүний цооног, ус дамжуулах 150 гаруй километр урт гол болон салбар хоолой, 750,000 куб метрийн багтаамжтай усан сан, цөөрөм, түүнчлэн нийлбэр дүнгээрээ 900л/сек усны зарцуулгын хүчин чадалтай насосын станц, хэрэглээний усны үйлдвэр зэрэг усан хангамжийн байгууламж барихаар төлөвлөөд буй. Оюу толгойн нийт усны хэрэглээний 84 хувийг эргүүлж дахин ашиглана. Харин үлдсэн 16 хувийг нь газрын доорх уснаас авч ашиглахаар төлөвлөсөн аж. Дэлхийн улс орнууд ашигласан усныхаа 60-70 хувийг дахин ашигладаг бол Оюутолгойн уурхай түүнээс даруй 10-24 хувь илүүгээр усыг эргүүлж ашиглахаар төлөвлөн ажиллаж байгаа нь усаар гачигдмал орчиндоо зохицсон зөв санаа болжээ.

Балгасын улаан нуурын усны орд маш цэнгэг

Улс орны төдийгүй дэлхийн анхаарлын төвд ирээд байгаа Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахад 920 л/секунд буюу 82.166м3/хоног ус шаардагдана. Тус орд газрын 200 км радиуст байгаа нийт ордын хэмжээ 760л/секунд буюу 68.000м3/хоног нөөцтэй гэж Усны газраас мэдээлсэн. Тэгэхээр 14.000м3/хоног ус дутаж таарах нь. Тэр хэрэгцээг хаанаас хэрхэн шийдэх вэ гэдгээ тодорхой болгоогүй л байна.
Тавантолгой орчмын гол нөөц болох Балгасын улаан нуур нь цэнгэг усны орд тул үйлдвэрлэлийн ашиглалтаас хасагдах магадлалтай. Учир нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.1.4-т зааснаар “Газрын доорх цэнгэг усны томоохон ордууд, гол мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтад авах, цэвэр усны нөөц бүхий томоохон нуурын сав газарт аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах замаар усны нөөцийг хамгаална” гэсэн байдаг. Хэрвээ Балгасын улаан нуур  ашиглалтаас хасагдвал Тавантолгой ордын үйл ажиллагаа зогсоход хүрэх нь дамжиггүй. Цэнгэг усыг үйлдвэрлэлд хэрэглэх нь  дэндүү тансагласан хэрэг болохыг хэн хүнгүй мэднэ. Тиймээс Балгасын нуурын цэнгэгхэн усаа гамтай ашиглаж, усны өөр эх сурвалж хайхыг илүүд үзэх болжээ.

“Өмнөд говийн бүсийн уул уурхайн ашиглалт 2012 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ гэж тооцвол 2018 он гэхэд газрын доорх усны судлагдсан нөөц хомсдох магадлалтай” гэж Усны газрын ахлах мэргэжилтэн М.Чойсүрэн мэдэгдсэн. Сайншанд-Замын-Үүдийн бүс нутгийн усны хэрэглээ ойрын 20 орчим жилд 554.000м3/хоног байна гэж үзэж байгаа бол газрын доорх усны тогтоогдсон нөөц 409.000м3/хоног байгаа нь 145.000м3/хоногийн хомсдолтойг харуулж байна. Мөн газрын доорх усны баталгаажсан нөөцөөр дутагдалтай Шивээ-Овоогийн дулааны цахилгаан станцын ус хангамжийн төлөвлөлт нь тодорхойлогдоогүй бөгөөд  гүний усны одоогийн нөөцөөр бүрэн хангах боломжгүй байгаа аж. Газрын доорх усаар нийт хэрэглээний зөвхөн 18 хувийг  хангахаар байна. Тэрчлэн усны нөөцийн хувьд хамгийн асуудалтай ус хэрэглэгч бол Замын-Үүдийн ЭЗЧБ, Сайншандад байгуулах хүнд аж үйлдвэрийн цогцолбор. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор эхний ээлжинд Борхөөвөрийн говьд газар доорх усны нөөцийг тогтоох шаардлагатай гэсэн саналаа Усны үндэсний төвийнхөн Засгийн газарт хүргүүлжээ.

Монгол улсын эдийн засгийг өөд татах гол бүс нутгийн усны хэрэгцээ хомсдоход хүрвэл ямар байдал үүсэхийг төсөөлөхөд бэрх.
Говийнхон байгалиасаа л усыг гамнах заяатай төрсөн мэт. Их говийн бэлэг тэмдэг гэгддэг тэмээ нэг удаад 40 литр ус уух боловч сар гаруй хугацаанд ус уухгүй явж чадна. Нууц нь уусан усандаа бус эд эс нь усыг удаан хугацаанд барьж чаддагт оршдог гэдэг. Хулангийн ундаа, таана, бажууна зэрэг говийн ургамлууд шүүслэг, амны цангааг уснаас дутахгүй тайлна. Анхнаасаа говь нутгийг усаа хэмнэх зориулалттай бүтээсэн нь байгаль эхийн бодлоготой үйл гэлтэй. Хэвлийдээ он удаан жил хадгалсан гүний усыг нь хэдхэн жилийн дотор үйлдвэрлэлд ашиглаад дуусгах нь харалган алхам болж мэднэ. Гүний усаа хайрлая гэвэл газрын гадаргын усыг татаж ашиглах арга бий. Засгийн газраас 2010 онд баталсан “Ус хөтөлбөр”-т суусан алсын зайн гадаргуугийн усыг нөөцлөн дамжуулах төслүүдийн ТЭЗҮ-г хийх ажлыг түргэвчлэх асуудал нэн тэргүүнд яригдаж байна.
Алт, зэсээр баялаг ч чандмань эрдэнээр хомсхон говь нутагт усны нарийвчилсан судалгаа, хэмнэлттэй хэрэглээ, бодлоготой үнэлгээг нэн тэргүүнд хийх хэрэгтэй байна. 

Сэтгэгдэл байхгүй байна

  • moogii
    mongol
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Говийн ганц айл гэдэг чинь Дундговь аймаг шүү дээ сэтгүүлчээ
    2012 оны 10 сарын 13 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 7 цаг 39 минутын өмнө
    “Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар  үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс  есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгуулсан юм. Хүндэтгэлийн өдөрлөгт “ЗаМайн Сервисиз” ХХК-ийн хөрөнгө оруулагч компаниуд, харилцагч байгууллагууд, банк санхүүгийн салбарын  370 орчим төлөөлөл болон “Хитачи констракшн машинери”, “Марубени” корпорацийн уул уурхайн хэлтсийн менежерүүд уригдан иржээ.   
  • Өчигдөр 15 цаг 46 минутад
    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
  • Өчигдөр 10 цаг 58 минутад
    2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
  • 2019-09-13 14:06
    Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.
  • 2019-09-12 17:44
    Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.