Дэлхийд ховор зэрлэг амьтад устах аюул ойрхон байна

2011-11-28 11:57

Монголын өмнөд говийн бүсэд уул уурхайн томоохон ордууд эдийн засгийн эргэлтэд ороход бэлэн болоод байна. Энэ цаг үед экологийн тэнцвэрт байдал хамгийн ихээр хөндөгдөх билээ. Дэд бүтцийн бүтээн байгуулалтын нөлөө зэрлэг амьтдад хэрхэн тусах бол? Энэ талаар МУИС-ийн Амьтан судлалын тэнхимийн багш, доктор Н.Батсайхантай ярилцлаа.

Стратегийн ач холбогдолтой орд газрууд үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаа өмнөд говийн бүс нутагт амьдардаг амьтдын онцлог юү вэ?


Өмнөд говийн бүс нутаг нь Төв Азийн хуурай гандуу цөлд хамаарагддаг. Энэ бүс Хятадын баруун хойд нутаг, Казахстан, Туркмен, Афганы хойт нутаг, Дундад Азийн орнуудыг дамнан оршдог асар уудам газарзүйн бүс нутаг. Энэ нутгийн хувьд өвөрмөц сонин, хамгийн эртний үүсэл гаралтай гуравдагчийн үед оршин тогтнож байсан гол нууруудын хөндий. Эртний үүсэлтэй амьтан, ургамал говь нутагт элбэг. Үүнд бидний сайн мэдэх дэлхийд цөөн тоотой хуланг хэлж болж байна. Дэлхийн нийт хулангийн сүргийн 60-70 хувь нь Монголд байдаг. Хэрвээ манай нутагт энэ амьтан устаж үгүй болвол зэрлэг илжиг буюу хулан дэлхийд байхгүй болно. Мөн говийн баавгай гэгддэг мазаалай, зэрлэг тэмээ  буюу хавтгай, цагаан зээр, хар сүүлт зэрэг дэлхийд ховор олон төрөл, зүйлийн амьтад амьдардаг. Хуланг нутгийн иргэд ад үздэг тал бий. Ургамлыг үндсээр нь иддэг гэж ад үзэхээс биш   малыг усалдагийг нь ярихыг хүсдэггүй. Хулан гадаргад ойрхон усыг гайхалтай мэдэрдэг. Тийм газрыг олоод шууд хөлөөрөө цавчин газар доорх усыг гадарга дээр гаргаж өгдөг. Тэр усан дээр нь ойр орчмын айлын малаас гадна зээр, хар сүүлт, тас шувуу зэрэг махан идэшт амьтад бүгд очиж ундаалдаг. Нэг үгээр хэлбэл хулан бусдыг ундаалагч гайхамшигт амьтан. Нэг амьтан устахад өөр олон амьтан мөхөх аюултайн жишээг үүнээс харж болно.

Уул уурхай дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрлэг амьтдын амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

Дэд бүтцийн бүтээн байгуулалт тэр дундаа төмөр зам нь амьтны аймгийн хувьд ноцтой аюул учруулах юм. Хулан, хар сүүлт мэтийн улирлаар дамжин нүүдэллэдэг амьтдын хувьд нэлээд хүндрэлтэй тулгарна. Өнөөдөр төлөвлөж байгаа төмөр зам, автозамын дэд бүтцийн төлөв байдал, дамжин өнгөрөх замыг харж байхад  зэрлэг амьтдын идээшиж буй хамгийн чухал газрыг дамжин өнгөрөх, эсвэл огтолж гарахаар байгаа юм. Иймээс говь хээрийн бүсийн амьтдын ирээдүй, хувь заяа нь тун бүрхэг болоод байна.
Миний бие 2001-2009 он хүртэл жил дараалан Германы судлаачидтай хамтран Борзонгийн говь, Галбын говь, Дорнод говиор судалгааны ажил хийсэн. Судалгааны явцад ажиглаж байхад 2004 оноос Борзонгийн говьд тодруулбал бидний яриад байгаа уул уурхайн хөгжлийн баруун хэсгийн нутагт байсан хулан аажмаар алга болсон. Энд тэнд хааяа л ганц нэгээрээ тохиолдох болсон. 2007 оноос хойш Тавантолгойн орд газраас Гашуунсухайтын боомт хүртэлх нүүрсний замын зүүн талд нь хулан гараад баруун талдаа үзэгдэхээ байсан. Энэ дүр зураг бидний нүдэн дээр сүүлийн хэдхэн жилийн хугацаанд хулан хэрхэн цөөрч байгааг илтгэж байна. Цаашдаа одоо байгаагаас илүү их багтаамжтай, асар их тээвэр хийх хурдны зам барина. Тэр үед амьтдын амьдрах нөхцөл бүр ч доройтох нь ойлгомжтой. Төмөр замыг хашаатай барьсан нөхцөлд цаад талаар нь Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын торон хаалт, наад талаар нь шинэ төмөр замын торон хаалт татчихаар хулан жижигхэн дөрвөлжин талбайд хоригдоно. Тэгэхээр цус ойртох, бэлчээргүй болох улмаар устах аюулд шууд өртөх юм. Хөгжлийн том төслүүдэд гүний усыг ашиглана гэж яригдаж байна. Гүний усыг ашиглахаар хөрсөн дээрх ургамалд нөлөөлөх үү, үгүй юү гэдгийг хэн ч хэлж чадахгүй. Хэрвээ нөлөөлөөд ургамал ургахгүйд хүрвэл амьтад дагаад устах нь ойлгомжтой.

Дэд бүтцийн бүтээн байгуулалт гэхээр төмөр зам, авто замын талаар их ярьж байна. Цахилгаан станц, хот байгуулалт гээд бусад бүтээн байгуулалтууд    зэрлэг амьтдын амьдралд нөлөөлөх л байх?

Зэрлэг амьтдын талаар ярихаар хүний нүдэнд шууд өртөн сүр жавхлантай харагддаг чоно, хулан, гөрөөсийг л ярьдаг. Түүний цаана маш олон жижиг амьтад бий. Жишээлэхэд, жороо тоодог, хулан жороо гэх мэт говийн шувууд байна. Бид говийн бүсийн шувуудыг ярихын хажуугаар манай орны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг нүүдлийн шувуудыг ч анхаарч үзэх хэрэгтэй. Их бүтээн байгуулалтын хүрээнд өндөр хүчдэлийн шугамууд баригдаж эхэллээ. Өндөр хүчдэлийн шугам нь шувуунд хоёр дарамт учруулдаг. Нэгд, шувуу цахилгаан утсыг харахгүй мөргөөд гэмтэж үхдэг. Нүүдлийн шувууд голдуу шөнөөр нисдэг учраас шонгийн утсыг харж чадахгүй. Хоёрт, говь цөлийн нутаг тэгш талархаг, үүрлэх орчин хомс учраас өндөр хүчдэлийн шугам үүрлэх таатай орчин болж махан идэшт шувууд үүрээ засчихдаг. Гэтэл бороо хуртай чийглэг үед тогонд цохиулан үхэлд хүрдэг. Бид л анзаардаггүй болохоос ийм байдлаар маш олон шувуу үрэгддэг. Манай нэг залуу судлаач судалгаандаа нэг дор 40 гаруй тогоруу шон мөргөж үхсэнийг дурдсан байсан. Мөн идлэг шонхор, хонин тоодог мэтийн ховор шувууд олноороо эрсэддэг. Ус дамжуулах хоолой байна. Ийм хоолойнуудыг барьж байгуулах явцад амьтад эрсдэх нь элбэг. Хоолой тавихаар ухсан гүнзгий том нүхнүүдэд амьтад унаж үрэгддэг. Авто зам дээр бас дайруулж үхэж байна. Говийн амьтад шөнийн идэвхтэй амьдралаар амьдардаг онцлогтой. Халуун бүгчим өдрийн цагт үүр, нүхэндээ бүгээд шөнийн сэрүүнд ус, хоолондоо гардаг. Шөнөөр гарч ирээд машины гэрэлд гялбана, амьтан гарч ирэнгүүт гэрлээ шилжүүлдэг жолооч байхгүй ингээд л дайруулж эрсдэж байгаа юм. Бидний нүдэнд өртдөггүй маш олон жижиг амьтад бий гэж дээр хэлсэн. Зөвхөн голио л гэхэд 20 эндемик зүйл байдаг. Эндемик гэдэг нь зөвхөн манай оронд байгаа гэсэн үг шүү дээ.

Тэгвэл зэрлэг амьтдыг аврахын тулд нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

Бидэнд мөнгө хэрэгтэй байна, Монгол орон хөгжих хэрэгтэй гээд дэлхийд ховор өвөрмөц тогтоцтой энэ газар нутаг, ан амьтнаа устгах уу гэсэн асуулт тулгарлаа. Тэгвэл бид дэд бүтцийн асуудлууд яригдаж эхэлж байгаа энэ цаг үед урьдчилж эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Мөн нутгийн иргэд байж байна. Уул уурхайг ашиглаад дуусахаар тэр газар нутагт нутгийн иргэд л үлдэнэ шүү дээ. Авто зам дээр гэхэд амьтдын яг идэвхтэй байдаг шөнийн 03:00-05:00 цагийн  хооронд тээврийг түр зогсоох арга хэмжээ авч болно. Энэ цагт жолооч нар маш их ядарсан байдаг. Хүнд ч амьтанд ч хэн хэнд нь ашигтай байгаа биз. Өнгөрсөн жил Гашуунсухайт боомт орчмоор судалгаа хийж явахад нүүрс зөөдөг шороон замаар 8 минут тутамд нэг машин явж байгааг анзаарсан. Ийм ойрхон давтамжтай машин явж байхад амьтан байтугай хүн ч зам гарч чадахгүй.
 Бас нэг асуудал нь хүн бүрийн яриад байгаа өнөөх тоосжилт байна. Монголоос нүүрс ачсан машин Цагаанхад  дээр заавал нүүрсээ буулгах юм. Ингэж нүүрсийг буулгаж дахиж ачихын оронд зүгээр чиргүүлийнхээ толгойг сольчихож болно. Яагаад ийм амархан шийдлийг олоод хэрэгжүүлэхгүй байна гэдэг нь гайхмаар.
Гадны улсууд шувууг цахилгаанд цохиулахгүй байх шийдлийг олсон байсан. Бидэнд   цахилгаан хэрэгтэй боловч хар амиа бодолгүй амьтанд ээлтэй технологийг сонгон ашиглах хэрэгтэй. Магадгүй хямд төсөр технологи аваад хийчихвэл өчнөөн олон жил ашиглах тэр байгууламж хэчнээн амьтан алах вэ гэдгийг бас давхар бодолцох нь зүйтэй юм.
Төмөр замын тухайд бол одоо байгаа төмөр зам дээрээ туршилт хийх боломж байна. Хүн амын нягтшил багатай газруудад торон хаалтаа аваад үзэх хэрэгтэй. Ингээд хийчихвэл болно гээд л хар муйхраар бодох биш туршилт судалгааны үндсэн дээр гарц, хашаагаа барих хэрэгтэй шүү дээ.

Судлаач эрдэмтэд санал дүгнэлтээ хэлээд  байдаг. Төрийн зүгээс судлаачидтай хэр хамтарч ажиллаж байна вэ?

Энэ Засгийн газрын Байгаль орчны яамыг би хувьдаа их үнэлж үздэг. Баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж буй ажлууд нь зөв голдрилоор яваад байна уу даа гэж боддог. Яамны зүгээс өөрсдийн байр суурийг илэрхийлээд түүн дээрээ судлаачдыг урьж ажиллуулдаг.
Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг зогсоох ямар ч арга, үндэслэл байхгүй. Тиймээс дэлхий нийтийн жишгийг хараад аль болох байгальд хор хөнөөл багатай, ээлтэй байх талаас нь арга хэмжээ авах нь зүйтэй. Дүйцүүлэн хамгаалах арга гэж бий. Уурхайн олборлолт хийлээ гэж бодъё. Тэр газрыг орвонгоор нь эргүүлнэ. Тэнд байсан бүх амьтан ургамал үгүй болох нь ойлгомжтой. Харин дэд бүтцийн нөлөө харьцангуй сул илэрч байж магадгүй 50 км-ийн цаана байгаа газрыг олборлолт хийж байгаа компани хамгаалалтад авчих хэрэгтэй. Хамгаалалтад авсан тэр газрынхаа биологийн олон янз байдлыг хамгаалаад дэмжээд өгвөл үр дүн нь хамаагүй сайн гарна. Бусдаар нэгэнт ухаад юу ч үгүй болгосон газрыг яг урьдынх нь хэвэнд оруулна гэдэг худлаа. Энэ мэт санаа оноог төрийн байгууллага, яаманд өгөхөд эрдэмтний  үг нэн чухал.

Шинээр баригдах төмөр замын ТЭЗҮ-д зэрлэг амьтдад зориулсан нүхэн гарц, гармыг хэрхэн хийх талаар тусгаагүй гэж амьтан хамгаалах байгууллагууд шүүмжилж байсан. Төмөр зам баригдсаны дараа ийм гарцуудыг хийх боломж байдаг уу?

Дэлхий нийтийн жишгийг харахад уул уурхайн гэлтгүй хөгжлийн бүхий л төлөвлөгөөг байгаль экологийн асуудалтай нь хослуулдаг. Эхлээд маш нарийн судалгаа хийсний үндсэн дээр амьтдад хэрэгтэй нүхэн гарц, гармыг  хийдэг. Түүнээс биш сүүлд нь хийх ямар ч боломжгүй шүү дээ. Ниргэсэн нь хойно нь хашгирав гээчийн юм болдог. Зүй нь эхлээд амьтдын нүүдлийн замыг тогтоогоод төмөр замын төлөвлөгөөндөө тэр гарцынх нь зураг төслийг оруулах ёстой.

Зарим хүмүүс бэлчээр тахалж, шүлхий тараадаг цагаан зээр мэтийн амьтдыг хамгаалж хөрөнгө үрэх хэрэг байна уу гэдэг?

Цагаан зээр л шүлхий өвчнийг тараасан гээд ямар ч  шинжлэх ухааны судалгаа  нотолгоо, үндэслэлгүйгээр   таамгаар ярьцгаадаг. Шүлхий  бол байгальд хадгалагдаж байдаг голомтот халдварт өвчин. Тэгэхээр, цагаан зээр анх өвчилсөн үү, эсвэл мал бусад амьтнаас эхлэн халдвар тарсан уу гэдэг нь тодорхойгүй. Өвчтэй амьтныг  бие нь сульдсан байдаг. Хурд хүчний  хувьд ч гэсэн бусдаасаа дутуу дулимаг байх нь мэдээж. Зээрийн цагаан хэмээн нэрлэх чоно тэдгээр өвчтэй зээрийг нь хялбархан түүж иддэг. Чоно нь устахаар л өвчтэй амьтан ихсэнэ шүү дээ. Байгаль өөрөө хэдэн мянган жилийн турш зохицож ирсэн тэр өвөрмөц зохилдлогын сүлжээг хүн эвдчихсэн. Эко системийн үнэ цэнийн талаар сүүлийн үед их ярих боллоо. Манайхны дунд байдаг нийтлэг дутагдал бий. Тэр нь “Энэ ямар үнэтэй юм бэ?” гэж үргэлж асуудаг. Зах зээлд гаргаад мөнгө босгож болдог бүхнийг л чухал гэж үздэг. Мөнгөөр үнэлэгдэхгүй юмыг тоохгүй хаячихдаг. Жишээ нь, Нэг машин шинэс буюу хар модыг хэдхэн мянган төгрөгөөр үнэлчихсэн зарж байгаа юм. Гэтэл нэг ширхэг шинэс модны эко үйлчилгээг үнэлж баршгүй. Ганцхан шөнийн дотор шинэс мод хэчнээн куб метр хүчилтөрөгчийг ялгаруулж, хэчнээн нүүрсхүчлийн хийг шингээдгийг хүмүүс сонирхдоггүй, мэдэхийг ч хүсдэггүй. Үүгээр хэдэн гуалин бэлтгэж болох вэ? Хэдэн метр хана барих вэ гэдгээ л боддог. Ер нь мод, ургамал нь газрын гүнээс ус чийгийг татдаг, хөрсний эвдрэлээс хамгаалж байдаг, амьтдын амьдрах орчинг бүрдүүлдэг гээд ямар ч мөнгөөр үнэлж баршгүй экологийн үйлчилгээ үзүүлдэг юм. Тэгээд мал руу нь халдаад ирэхээр л хүмүүс дургүйцээд эхэлдэг. Гэтэл мал нь байгальд ямар нөлөө үзүүлж байгааг бодох л хэрэгтэй. Малын тоо толгой огцом нэмэгдсэнээс үүдэн хаа сайгүй ургамлын олон янз байдал буурсан. Лууль, шарилж төдийхэн ургадаг ядмаг ургамалтай болсон. Хэдийгээр нарийн тооцоолж судлаагүй ч гэсэн үүнийг энгийн нүдээр хараад ч хэлж чадахаар тийм мэдэгдэхүйц хэмжээнд хүрээд байгаа юм. Малчид мал орших ёстой, амьтан орших ёсгүй юм шиг ярьж, зэрлэг амьтдыг ад үздэг. Бурхан багш илүү юм бүтээгээгүй. Байгаль дээр илүү зүйл гэж нэг ч үгүй. Бүгд хоорондоо бодис энергийн шүтэлцээнд оршиж байдаг. Хүмүүс хэлэх байх. “Тэр муу цох ямар хэрэгтэй юм” гэж. Гэтэл ад үзээд байгаа тэр цох чинь өвчин эмгэгээр үхсэн амьтдыг   идэж ургамлыг эргэлтэд оруулж, ялзмаг болгодог. Ялангуяа шавьж хорхойг манайхан үзэж чаддаггүй. Шууд үнэлж болохгүй учраас тэр шүү дээ. Хэн нэг нь зах зээл дээр гаргаад зараад эхэлбэл л түүнийг үнэлж үздэг энэ сэтгэхүйг өөрчлөх, танин мэдүүлэх арга хэмжээ авах цаг болжээ гэж боддог.

Амьтан судлалын чиглэлээр манайд боловсон хүчин хэр хангалттай бэлтгэгдэж байгаа вэ?

Манайхан нэг хүн нэг амьтан гэдэг нэг тийм “хуульгүй” дүрэмтэй байлаа л даа. Дулмаа гуай гэхэд л загасыг судалдаг байх жишээтэй. Цөөхөн судлаачтай үед ийм өмчлөх арга нь оновчтой байсан байх. Нэг талаас зөв боловч нөгөө талаас “азаргалах” нэг хүн тухайн зүйлийг хэт өмчлөх хандлага бий болгосон. Ингэж явцуурахын оронд системээр нь судлах нь илүү үр дүнтэй гэж одоо үзэж байна. Энэ чиглэлээр суралцаж бэлтгэгдэж буй оюутан залууст олон чиглэлээр ажиллах боломж нээгдэж байгаа. Уул уурхайг дагаад экологийн асуудал яригдаж байгаа энэ цаг үед хүүхдүүд энэ чиглэлийг сонирхдог болсон нь анзаарагддаг. Гэхдээ экологи гэхээр л зөвхөн хавсарга экологийг яриад байдаг. Асуудалд өнгөц хандаад байх шиг. Юм уншиж, задгай сэтгэдэг оюутан цөөхөн болсон шиг байна. Гэхдээ яахав чамлахааргүй олон судлаачтай болоод байгаа.

 

Сэтгэгдэл байхгүй байна

  • Lionnel
    Сайн байна уу Миний төрлийн харилцагчдад имэйл хаяг lebronjule110gmailcom Би хувь хүмүүс хоёрын хооронд зээлдүүлэгч байхыг сануулж санхүүжилт шаардлагатай хэн нэгэнд зээл өгдөг Би мөн бүх төрлийн хөрөнгө оруулалт зээлийг хийдэг Би богино дунд урт хугацаанд зээлээ санал болгодог Миний санал бол 1500 € ба 75000 еврогийн хооронд 3 -ийн хүүтэй бөгөөд эргэн төлөлт сар бүр хийгддэг Хэрвээ та сонирхож байгаа бол надтай холбоо барина уу эсвэл и-мэйлээр холбоо барина уу lebronjule110gmailcom
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • goy
    save the planet
    2012 оны 03 сарын 26 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 6 цаг 51 минутын өмнө
    “Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар  үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс  есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгуулсан юм. Хүндэтгэлийн өдөрлөгт “ЗаМайн Сервисиз” ХХК-ийн хөрөнгө оруулагч компаниуд, харилцагч байгууллагууд, банк санхүүгийн салбарын  370 орчим төлөөлөл болон “Хитачи констракшн машинери”, “Марубени” корпорацийн уул уурхайн хэлтсийн менежерүүд уригдан иржээ.   
  • Өчигдөр 15 цаг 46 минутад
    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
  • Өчигдөр 10 цаг 58 минутад
    2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
  • 2019-09-13 14:06
    Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.
  • 2019-09-12 17:44
    Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.