Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

“Мон дулаан”-ы нөхөн сэргээсэн талбайн ургамлын нөмрөг 85 хувьд хүрчээ

 


Ашигт  малтмал олборлож байсан газар очно гэхээр овоолсон шороо, ухсан нүх, эвдэрсэн хөрс нүдэнд төсөөлөгдөж байлаа. Шороо тоостой газар өмсөх гутал хүртэл базаасныг яана. Гэтэл хөл нүцгэн гүймээр ногоон тал биднийг  угтах нь тэр. Энэ бол “Мондулаан Трейд” компанийн  нөхөн сэргээлт хийсэн талбай аж. Уул уурхайн нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэе гэхээр хөрөнгө мөнгө чамгүй их орохоос гадна ажиллагаа нь дийлдэхгүй  гээд ихэнх ашигт малтмал олборлогчид цааргалдаг нь нууц биш. Харин “Мондулаан Трейд” компани бусдадаа үлгэр дуурайл болохуйц ажил өрнүүлж байгаа нь нутгийн иргэдийн талархлыг хүлээжээ.

“Мондулаан Трейд” болон Монполимет ХХК-иуд хамтран Төв аймгийн Заамар суман дахь “Бага Хайлаастын” уурхайн кемп дээр наймдугаар сарын 21-нд нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалт зохион байгуулсан юм. Нөхөн сэргээх ажлыг олборлолттойгоо зэрэгцүүлж хийдэг нь тэдний ноу-хау аж.

Газрын гадаргын өнгөн хэсэг болсон 20 см хөрс нь олон сая жилийн туршид бүрэлдэж бий болсон, бүх төрлийн өвсний үрийг агуулсан байгалийн гайхамшигт бүтээл учраас анхны хөрс хуулалтаар түүнийг тусад нь авч хадгалах ёстой гэнэ. Хадгалсан хөрсөө нөхөн сэргээлт хийхдээ дэвсвэл тухайн байгаль орчин хуучин төрхөндөө орох боломж өндөр байдаг учраас тэд энэхүү дүрмийг ягштал баримтлан ажилладаг.  “Мондулаан Трейд” компани 19 га гаруй газарт алтны олборлолт явуулснаа бүрэн нөхөн сэргээгээд зогсоогүй  тэдний лицензийн талбайн хажууд байх “Алиман” хэмээх компанийн нөөц нь дуусаж орхигдсон 20 гаруй га талбайг  өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээжээ. Ингээд нийт 39 га талбайг “эмчилсэн” байна.

Нөхөн сэргээлтийн талаар “Мондулаан трейд” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Лхамсүрэнгээс тодруулсан юм.

Биологийн нөхөн сэргээлт хэр үр дүнтэй явагдаж байна вэ?

Техникийн нөхөн сэргээлт олборлолттойгоо давхцаад явдаг. Дараа нь биологийн нөхөн сэргээлт хийхдээ хар шороон хөрсөө буцааж дэвсээд ургамал ургуулах ажилдаа ордог. Энэхүү ургамал ургуулах ажил дээр л хугацаа их алддаг. Учир нь ургамлыг амьдруулахад маш их арчилгаа хэрэгтэй. Жишээ нь Ар хустайд тариалалт хийсэн газраа мал оруулж өвөлжүүлж туршиж үзсэн юм. Гэтэл тэр хавар нь бидний тарьсан ургамлаас гадна өөр олон ургамал ургасан. Түүнээс санаа авч нөхөн сэргээсэн газартаа мал оруулъя гэтэл согоовор өвсийг нэг жил хөрсөнд сайн бэхжүүлэх шаардлага зайлшгүй гарч байгаа юм. Ингээд л шинэ төрлийн ургамал ургатал наад зах нь жил хагас хүлээх болдог.  

Грамм алтны хэчнээн хувь нь нөхөн сэргээлтэд ордог вэ? Компаниуд нөхөн сэргээлтдээ хөрөнгө зарцуулахаас зайлсхийх хандлага ажиглагддаг?

Ихэнх компаниуд тухайн блокийн грамм алтны өөрийн өртөгт голдуу олборлох өртгийг л тооцдог. Бид харин тэр зардалд нөхөн сэргээх ажлын зардлыг суулгаж өгөхийг эрмэлздэг. Ордуудад өөрсдийн онцлогоос хамаараад янз янзаар тооцдог юм. Манайх алтны орд учраас хөрсийг 40 метр ухаад, олборлолтоо хийгээд, хаагддаг. Сэргээлтийн ажлаа технологийн дагуу, дор дор нь хийгээд явбал зардал нь айхтар их биш. Гол асуудал нь нутгийн ургамлын үрийн хомсдол болоод байна. Олон наст ургамлын үр маш ховор, бараг олддоггүй.

Энэ талбайд ямар ургамлыг голчлон тарьж байгаа вэ? Үрийн хомсдолтой байгаа гэлээ, тэгэхээр олон наст ургамал байхгүй гэсэн үг үү? Нэг наст ургамал ургуулахын ач холбогдол юу вэ?

Үндсэн таримал буюу олон наст ургамлын арай олдоцтой нь ерхөг согоовор. Бид согоовортоо л их найдаж байна даа. Энэ хавар үр дүнг нь илүү сайн харах байх. Мөн дээр нь нөмрөглөх ургамал болох арвай, шар буурцаг, вандуй, рапс, суданы өвс ургуулж байна. Нөмрөглөх ургамал нь үрээс ургах, биомасс хуримтлуулах чадвар сайтай тул нөхөн сэргээлтийн үндсэн буюу олон наст ургамлын талбайд  байршин ургах эхний жилдээ хөрсний чийг, дулааны горимыг тэнцвэржүүлж, нарнаас сүүдэрлэдэг учраас хамгаалалтын  чухал үүргийг гүйцэтгэдэг.

Өвсийг үрээр тариалж болж байна. Гэтэл модлог ургамлыг нөхөн сэргээх боломж хомс байдаг шиг санагддаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

Уулын ашиглалтын хязгаарт өртөж буй модлог ургамлыг хамгаалахын тулд түүний доор орших хүдрийн агуулгад судалгаа хийж, үйлдвэрлэлийн агуулга бага тохиолдолд уурхайн питийн хилийг багасган ургамлыг байгальд нь үлдээн,  арчилгаа хийснээр огт хөндөгдөхгүй ургалт хэвийн явагдаж байгаа юм гэж ярилаа.

Мондулааныхан олборлолт явуулсан талбайгаа “эмчлэх”-дээ “Эко Натур” компаниас зөвлөгөө авч хамтран ажилладаг. Эрүүл газрыг хайрцаглан зориудаар ургамал тарьсныг гайхан лавлавал Экогийн мэргэжилтнүүдийн хийж буй судалгаа гэнэ. Нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг тодорхойлохын тулд мониторинг явуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд нөхөн сэргээсэн ашиглалтын талбайг түүний зэргэлдээх ашиглалтад өртөөгүй талбайн хөрс, ургамлан нөмрөг, гадаргын төрх байдлын өөрчлөлттэй харьцуулах замаар энэ намар, есдүгээр сард, мөн дараа жилийн тавдугаар сард мониторинг хийхээр төлөвлөж, харьцуулалт хийх хяналтын 2 талбайг 10м x 10м хэмжээтэйгээр ийн байгуулжээ.

Түүнчлэн, Бага Хайлаастын ил уурхай, ордыг ашиглахаас өмнө талбайнхаа иж бүрэн зургийг авч, нөхөн сэргээлт хийх үедээ зурагтайгаа харьцуулан өмнөх төрхөөр нь хэлбэржүүлжээ. Нөхөн сэргээсэн талбайн ургамлан нөмрөгийн бүрхэлт ойролцоох нутгийн ургамлан нөмрөгийн 60 хувьд хүрсэн байх ёстой. Харин “Мон дулаан”-ы нөхөн сэргээсэн талбайн ургамлын нөмрөг 85 хувь хүрсэн байна. Мөн нөхөн сэргээсэн талбайн ургамлан нөмрөг  ойролцоох эвдрээгүй талбайн зүйлийн бүрэлдэхүүний 30 хувьтай тэнцэх номтой бол “Мондулаан”-ы талбай 40 хувьд хүрсэн мундаг үзүүлэлттэй.

Тэд ургуулсан талбайгаа хамгаалж далан байгуулсан байлаа. Дөнгөж хучсан хар шороон хөрс нь үер ус, хүчтэй салхинд туугдаад тарьсан ургамлууд хийсчих магадлалтай гэнэ. Тиймээс талбайгаа ингэж бөөцийлж байгаа аж. Хөрсөө нэг сайн бэхжүүлчихвэл цаашдаа хүний арчилгаа шаардахгүй нутгийн ургамал ургах боломж бүрдэх юм байна. Мондулааныхан ашигласан талбайгаа орон нутагт эргүүлэн хүлээлгэж өгөхдөө урьд ямар байсан тэр л хэвэнд оруулахаар ийнхүү шаргуу ажиллаж буй. Хариуцлагатай, ёс зүйтэй ажиллавал ашигт малтмалын үйлдвэрлэл, уул уурхайн бизнес  эдийн засагт үр ашгаа өгөөд зогсохгүй байгаль орчноо унаган төрхөнд нь оруулж, хамгаалдаг салбар болохыг “Мондулаан” хийсэн ажлаараа харуулав.

О. Хосцэцэг