Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Булаг шандханы эхийг хүртэл Монголын төр ариглан хамгаалах ёстой

Нөхөн сэргээлтийн ажлыг тухайн уул уурхайн компани хоёр жилийн хугацаанд хийж, хяналтыг тухайн аймаг орон нутгийн удирдлага хийнэ гэж хуульд заажээ. Хяналтыг орон нутгийн удирдлагад даатгаж буй өнөөгийн хуулийн механизм зөв үү? Орон нутгийн иргэдийн хяналтыг яаж бодитой бий болгох вэ?

Уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудал дээр орон нутгийн оролцоо байх ёстой. Энэ нь хуулийн, бодлогын талаас зөв. Өнөөдөр Улаанбаатарт   байгаа хүн бүгдийг яаж хянах юм.

Монгол улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын албаны байцаагчдын тоо нь уул уурхай, ашиглалт явуулж байгаа компаниудын тооноос хоёр гурав дахин цөөн ч байж магадгүй. Энэ утгаар нь аваад үзвэл төрийн хяналтыг хэрэгжүүлэхэд орон нутгийнхны,  иргэдийн оролцоо үнэхээр чухал юм.
Нөхөн сэргээлт хийгдэж, ашиглалт нь яг ном дүрмийнхээ дагуу явагдаж байна  уу , үгүй юү,  уул уурхайн үйлдвэрлэлийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тусгагдсан байгаль хамгаалах төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явагдаж байна уу , үгүй юү гэдгийг хянах чадавх бүхий мэргэжлийн байцаагч, мэргэжилтэн орон нутагт үнэхээр хангалтгүй. Үүнээс үүдээд  хуулийн  заалт амьдралд хэрэгждэггүй. Зарчмын хувьд зөв заалтууд байх авч тэр нь амьдралд  хэрэгжих боломжгүй байна шүү дээ.

Яг энэ асуудлаар мэргэшсэн ТББ - уудыг ажилд татан оролцуулах  хэрэгтэй байгаа.  Байгаль орчны иргэний зөвлөлийн зүгээс Байгаль орчны яамтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээнд тусгасан хамгийн том асуудал бол уул уурхайн нөхөн сэргээлтийн ажилд мониторинг хийе гэж байгаа. ТББ -ын чадавх ч гэсэн тийм сайн биш байгаа.  Гэхдээ орон нутгийн засаг захиргаа, иргэдийн чадавх сул байгаа үед ядаад ТББ -аар  дамжуулаад энэ чухал ажлыг гүйцэтгүүлэх хэрэгтэй.

Оюутолгойн орд газарт байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дэх байгаль орчин хамгааллын заалтуудтай танилцсан уу? Говийн бүс нутагт ойрын 20-30 жилд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй явагдах үед гүний усны нөөц, экологийн тогтоц өөрчлөгдөх аюул бий юү?

Байгаа гэж бодож байна. “Оюутолгой“ төсөл хэрэгжээд эхлэхэд тэнд дэд бүтэц бий болно, хот  босно. Энэ нь өөрөө байгаль орчинд асар их сөрөг нөлөөтэй. Буруу хөгжил байгальд асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Гүний усны асуудал бол үнэхээр санаа зовоосон эмзэг сэдэв. Оюутолгойтой толгойгүй говийн, ялангуяа говь, тал хээрийн бүсийн гүний усны нөөц багасаж доошилж байгаа. Үүнийг зүгээр л ямар ч эрдэм судлалын ажилгүйгээр захын хүн очоод мэдчихэж болно.

Өнөөдөр арван жилийн өмнө байсан гүний худгуудын түвшин хоёр, гурван метрээр доошилсон. Доор нь байсан маш олон худаг ширгэсэн. Өмнө нь  тэнд байсан булгууд одоо байхгүй.  Хонгорын гол, тийм гол гэж  янз бүрийн илтгэлд дурддаг боловч яг үнэн хэрэг дээрээ тэр газарт нь гол байхгүй , сайр л байгаа. Яг ийм зүйлүүд  дээр хангалттай судалгаа алга.

Гүний усыг хоёр эх үүсвэртэй гэж ойлгодог. Нэг нь дэлхий бүрэлдэн тогтож байх геологийн үеийн процессийн маш эртний гаралтай гүний усны асар том резервуарууд. Тэрхүү нөөц багассанаар ямар хор нөлөө үзүүлэхийг хэн ч  хэлж мэдэхгүй. Үүнээс гадна хур борооны усаар  тэтгэгддэг, тодорхой түвшинд хүн мал хэрэглэдэг  гүний ус гэж бий. Үүнийг нарийн судлах хэрэгтэй. Хэдхэн хүмүүс баяжихад зориулж нэг хэсэг хүмүүсийн амьдралыг сүйтгэж болохгүй л гэж бодож байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ маш сайн хийгдсэн байх ёстой. Уг нь бол байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нээлттэй байх ёстой. Гэхдээ “Оюутолгойн“ төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй танилцаж чадаагүй байна. Үнэлгээ хийлгэснийхэээ дараа иргэдэд мэдээлэх ёстой.  

Усны сав, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна. Энэ хуулийн ач холбогдол юу вэ?

Энэ бол үнэхээр чухал хууль. Манай улс  гадаргын ус багатай. Ер нь усны нөөц тун бага. Гэтэл манай жаахан ус хүн , амьтан , ургамалд зориулагдахаас гадна уул уурхайн үйлдвэрлэлд бас зарцуулагдах нь. Ундаргыг нь, яг урсаж байгаа хэсгийг булаад, гольдролыг нь өөрчлөөд явчих юм бол  ай савд тэр чигээрээ экологийн тэнцвэр алдагдана. Тийм учраас жижигхэн булгийг ч гэсэн эхийг нь тойруулж Монголын төр хамгаалах ёстой.

Гол мөрний эх, сав газруудад уул уурхайн болон мод огтлох тодорхой аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглох хэрэгтэй. Тэгэж байж голын адаг хүртэл амьдран байгаа тэр олон хүн ард, голын дунд хэсэгт байгаа тэр экологийн тэнцвэрт байдал хадгалагдаж үлдэх юм аа. Үүнийг хориглосноор  стратегийн ач холбогдолтой орд ашиглагдах уу, үгүй юү гэдэг нь нэгдүгээр зэрэгт тавигдах чухал зүйл биш. Өнөөдөр төмөр, зэсгүйгээр амьдрал зогсчих гээд байгаа юм алга . Тийм учраас энэ хуулийг яаралтай батлах хэрэгтэй.  

Уг хууль батлагдвал одоо өгөгдөөд байгаа хайгуулын 400 орчим лиценз хүчингүй болох юм байна. Ер нь усны сав, ойн сан бүхий газрын болон лиценз олгогдсон газруудын координатыг харуулсан тодорхой зураглал Монгол улсад бий юү?

Ер нь бол зарчмын хувьд хуулийг гаргачихаж болно. Тэгээд тэр хуулийн заалтад тохируулаад чухам яг аль газар нь хориглолт вэ гэдгийг хийж болно. Яг координатыг тодорхойлж байж хууль гаргана гэвэл цаг хугацааны хувьд аль хэдийнэ ашиглалт сүйтгэл нь яваад өгчих байх.

Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 8 хувь нь ой гэж байгаа. Ой асар их хортонд идэгдэж сүйрч байна. Ой хэдий чинээгээр сүйднэ, хурын усыг барьж тогтоодог экологийн хүчин зүйлс багасна гэсэн үг. Өнөөдөр Туул гол ийм гамшгийн байдалд хүрсэн нь социализмын үед Туулын эхэнд мод бэлтгэж байсантай холбоотой. Хэрвээ хур бороо орохгүй, орсон ч ууршаад алга болчихдог байх юм бол хэчнээн тэнгэр  өөд буудаад ямар ч нэмэргүй. Хурын усыг шингээн тогтоодог ургамлын, модны үндэс бүхий ой байх учиртай. Тэгэж байж ус цэнгэг болж , хүн малын хэрэгцээний ундны  ус гарч ирдэг.

Байгаль орчныг хамгаалах тухай бие даасан хууль бий. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий юү? Одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд уг хуулийн заалтууд хэр нийцэж байна вэ?

Байгаль орчны чиглэлээр бараг 30-аад хууль, 100 гаруй тогтоол дүрэм журам, 20-иод конвенц бий. Хамгийн гол суурь нь Монголд байгаль орчныг хамгаалах тухай хууль юм. Тэгэхээр энэ нь манай байгаль орчны салбарын Үндсэн хууль нь гэсэн үг. Уг  хуульд мэдээж  эдийн засаг, орчин үеийн нөхцөл байдалтай уялдуулаад өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлага байгаа. Гэхдээ хуульд огт өөрчлөлт хийгээгүй гэж хэлж болохгүй л дээ.  2005 онд л гэхэд зарчмын гэмээр өөрчлөлтүүд хийгдсэн. Нутгийн иргэдэд байгалийн нөөц баялгийг гэрээний үндсэн дээр хариуцуулж, хамгаалуулах тухай заалт орсон.

Монголын төрөөс байгаль орчныг хамгаалах талаар баримталж буй бодлогод зарчмын өөрчлөлт орсон юм. Өмнө нь байгалийн баялаг төрийн мэдэл, хамгаалалтад байна. Иргэн нь  хулгайлдаг, заримдаа  миний өмч биш   гэсэн маягаар харьцдаг байсан. Одоо бол тэр өмч нь зохих хэмжээгээр иргэдийн мэдэлд очиж байгаа. Эдийн засгийн талаас нь аваад үзвэл байгаль хамгаалах суурь хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Яагаад гэхээр өмнө нь ганц хүрз шороо аваад хаячихад хүрз шорооны   эко системд үзүүлэх нөлөөлөл тун бага байж. Гэтэл өнөөдөр асар том техникүүд, маш том хөрөнгө оруулалтууд орж ирж уул уурхай эрчимтэй хөгжиж,  байгаль орчинд асар их сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Тэр нөлөөллөөс үүссэн хор хохирлыг хэн яаж төлөх юм, хэн үнэлэх юм. Энэ асуудлууд хуульд огт тусаагүй. Байгалийг сүйтгэсэн, унаган тогтцыг нь эргэж буцалтгүйгээр өөрчилсөн , бохирдуулсан тохиолдолд авах  арга хэмжээний талаар хуульд ямар ч механизм байхгүй. Ийм юм болно гэдгийг тэр үед урьдчилж үнэхээр хараагүй. Тийм учраас Экологийн хохирлын тухай хууль, салбар дагалдах хуулиудыг яаралтай гаргах хэрэгтэй.

Уран олборлох асуудлыг эсэргүүцэж, Ногоон эвсэл хөдөлгөөний Бум-Ялагч ОХУ-ын ЭСЯ-ны гадаа эсэргүүцэж зогссон. Ер нь уран ашиглах гэж хөөрцөглөхийн нөгөө талд бид экологи, аюулгүй байдлын асуудлаа хэрхэн хамгаалах ёстой вэ?

Ураны асуудал их олон талаараа эмзэг. Энэ бол эдийн засгийн хувьд их ач холбогдолтой. Дэлхийн хүн төрөлхтөн эрчим хүчний дайн хийж байна шүү дээ.  Хүн эрчим хүчний хэрэгцээгээ хамгийн бохир аргаар, экологидоо хамгийн хохиролтой байдлаар хангадаг. Нүүрс ухаж , эрчим хүч гаргадаг аргыг өнөөдөр халах цаг болсон. Тэгэхээр атомын эрчим хүчний асуудал үнэхээр чухал. Улаанбаатарт  гэхэд айлуудад нь маш хямд эрчим хүчний эх үүсвэр болох халаагуур  залгадаг болгочих  юм бол агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Энэ өнцгөөс нь харвал ураны асуудал Монголд чухал юм.  Ураныг ашиглаад , энхийн зорилгоор атомын эрчим хүч гаргаад явах юм бол манайд маш чухал.

Харин ингэж чадахгүй их гүрний түүхий эдийн нөөцийг нь бэлдэж өгдөг, нөгөө их гүрэн нь Монголын толгой дээгүүр харайгаад бодлогоо тулгаад байвал ямар ч ашигггүй. Ураныг түүхий эдээр нь зөөлөө ч, баяжуулаад явууллаа ч хаягдлын асуудал гарч ирнэ. Цацраг идэвхит бодисын хаягдал гэдэг хүн төрөлхтөний толгойны өвчин. Манайх хаягдлаа яах юм. Үүнийг шийдэхгүйгээр ураныг улс төрийн шоу болгоод ч юм уу, нэг гүрний эрх ашгийн төлөө үйлчлээд явах юм бол ноцтой асуудал.

Түүхийн дурсгалт газар, археологийн олдвор бүхий газруудыг ашигт малтмал эрэх хайх, олборлох үйл ажиллагаанаас хэрхэн хамгаалах ёстой вэ?

Байгаль хамгаалах хамгийн шалгарсан хэлбэр бол тусгай хамгаалалтын арга. Монгол улс нийт нутаг дэвсгэрийнхээ 13 хувийг тусгай хамгаалалтад авсан. Улс өөрийнхөө бодлогоор хамгаалалтад авах ёстой. Авснаа Кадастрын газарт координатыг нь өгөөд дархлуулаад авч  байгаа юм. Эрх зүйн талаасаа  хамгаалагдсан л гэсэн үг.

Гэтэл эрх зүйн энэ хамгаалалтын бүрхүүлийг задалж хаяж таслах гэсэн оролдлого маш олон удаа гарлаа. Энэ бусармаг явдал бүр 2003 оноос эхэлсэн. Нөмрөгийн дархан цаазат газрын тодорхой  хэсгийг нь хамгаалалтаас гарган  хилийн боомт барьж , Хятадын Хянган аймагтай харьцана гэсэн асуудал анх гарч ирсэн юм. Үүний дараа Монгол улсын тусгай хамгаалалттай газруудаас 2 сая га талбайг гаргана. Дээр нь ашигт малтмалын олборлолт явуулна гэсэн оролдлого   гарч байсан.

Одоо Говийн их дархан  цаазат газрын тодорхой хэсгийг тусгай хамгаалалтаас гаргана гэсэн яриа дуулдаж байна. Энэ бол маш буруу. Ингэж эрх баригчдын дураар  шийдчихээд байдаг ч юм биш. Засгийн газарт санал оруулаад , УИХ-аар дараа нь шийдүүлнэ гэхэд ихээхэн лобби орох байх. Тэгвэл ард түмэн, төрийн бус байгууллагууд үүнийг чинь эсэргүүцнэ. Тусгай хамгаалалтаас гаргаж  эд нар чадахгүй гэж бодож байна. Тодорхой нэр бүхий хүмүүс энэ асуудлыг хөөцөлдөөд яваад байна гэж дуулсан.

Алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр  Засгийн газар дангаараа шийдвэр гаргах нь зөв үү. Үүний хор хохирлыг Та хэрхэн үнэлж байна вэ?

 “Алт“ хөтөлбөрийг 1992 онд Засгийн газар баталсан. Тэр хөтөлбөрийн дагуу Монголд уул уурхай эрчимтэй хөгжсөн. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Монгол улсын алтны нөөц нэмэгдсэн. Зөндөө л юм болсон байх.

Тэгвэл нөгөө талдаа ард түмний хувьд улсын төсвөөр дамжаад , нийгмийн бусад салбарт ямар ашиг тус  ирсэн бэ гэвэл эерэг үр дүн хэлж мэдэхгүй байна.   “Алт“ хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд Онгийн гол ширгэсэн байх жишээтэй.  Маш олон гол горхины гольдрол өөрчлөгдөж, ганц Онги гол ширгэснээр 4 аймгийн  хориод сумын өчнөөн олон хүн, мал усгүй болсон. Уул уурхайг хариуцлагагүй эрхлэх юм бол тэнд нэг газрын экологийг өөрчлөхөөс гадна хэсэг хүний амьдрах аргыг нь үгүй хийж ядуусын эгнээнд шилжүүлдэг. Уул уурхай зөвхөн экологийг төдийгүй эдийн засгийг ч хорлодог. Өнөөдөр дэлхийд гайхагдаж байсан Латин Америкийн орнууд уул уурхайгаа  буруу эрхэлснээс болоод хордсон хохирсон олон тохиолдол байгаа.
 
Уул уурхайн салбарын хөгжлийг экологитой яаж уялдуулах вэ?

Уул уурхайн үйлдвэрлэл явуулахад ус ашиглахгүй тохиолдол маш ховор. Усаа үнэ цэнтэй болгох ёстой. Иргэд нэг литр ундны усаа нэг төгрөгөөр авч байхад уул уурхайн компаниуд нэг литр усыг зургаан мөнгөөр ашигладаг. Хүн амьдрахын тулд, голоо дэвтээхийн тулд нэг төгрөгөөр худалдаж авч байхад уул уурхайн компаниуд мөнгө  олохын тулд ашиглаж байгаа юм чинь харин ч бүр хоёр дахин их үнэ төлөх ёстой. Хэрвээ ус тэдний хувьд хоёр төгрөгийн үнэтэй байсан бол дахин ашиглах технологи гаргаж ирэх ч юм уу ямар нэг юм хийнэ дээ. Усны үнэ цэнийг өргөх хэрэгтэй. Үүнийг Монголын төрөөс хийх ёстой. Харамсалтай нь өнөөдөр хийсэн зүйл алга. Газрын гадарга дээр унаж байгаа борооны усны ердөө таван хувь нь хөрсөнд шингээд , 95 хувь нь алга болдог. Ядаж л нэмээд таван хувийг барьж үлдэх ажлыг хийх хэрэгтэй байна.

Байгаль орчноо хамгаалах гэсэн иргэдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд яаж хүргэх вэ?

Өнөөдөр тэндээс алт олборлоод, энд  зарахад дундаас нь ашиг унагаагаад байна гэдэг асуудалд иргэд санаа зовоод байгаа юм биш. Оюутолгойгоос олсон мөнгөнөөс нь 1.5 саяыг аваад амьдралаа сайжруулчихъя. Тэрнээс өмнө “Айвенхоу Майнз“ компанид алдчих гээд байна гэж санаа зовоод байгаа юм биш. Гол асуудал нь уул уурхайн үйлдвэрлэл тэнд зүгээр малаа маллаад , байгалиа шүтээд мөрөөрөө амьдарч яваа жирийн хүмүүсийн эрх ашгийг ноцтой хөндөөд байна. Ингээгүй байсан бол өнөөдөр ийм олон ТББ, хөдөлгөөнүүд байгуулагдахгүй байсан.

Уул уурхайн үйлдвэрлэлийн сөрөг нөлөөлөл нутгийн иргэдийг идээшин дассан нутаг усандаа амьдрах аргагүй байдалд хүргэж байгаа. Нэг өглөө босоод ирэхэд өвөлжөөнийх нь газрыг ухчихаж байдаг. Тэр битгий хэл “Алтан Дорнод Монгол“ компани Заамарын нэг багийг нүүлгээд газар доорх баялгийг нь авна ч гэж байсан. Ийм маягаар иргэдийг амьдрах аргагүй болгож байна. Ерөөсөө хөдөөгийн иргэдийн амьдрах арга нь мал аж ахуй. Тэр чинь үндсэн бизнес нь шүү дээ. Энэ утгаар нь аваад үзвэл нутгийн иргэд  уул уурхайн үйлдвэрлэлтэй тэмцэхээс өөр аргагүй байдалд түлхэж байна.
Асуудлын цаад мөн чанар нь Монгол улсын хэмжээнд газрын нэгдсэн бодлого гэдэг юм байхгүй.

Өнөөдөр сая таван зуун мянган  квадрат км нутгийн хаана нь уул уурхай хөгжүүлэх юм, хаана нь хүмүүс амьдрах юм, хаана нь хот байгуулж, хаана нь мал аж ахуйгаа эрхлэх юм тэр болгоныг бодлогын хэмжээнд тогтож авах хэрэгтэй шүү дээ. Гэтэл ямар ч бодлого байхгүй. Тэнд ч газар ухаж л байдаг, хажууд нь мал  бэлчээд байж байдаг. Тэгээд  уул уурхайн хог хаягдлаас болоод хонь мал нь хордоод үхэж л байдаг. Тэнд ухсан нүх рүү нь хүн  унаад үхэж байна уу, өвөлжөөний газаргүй болсон  уу хэнд хамаатай байгаа юм. Хэнд ч хамаагүй болсон.
Хамгийн гол асуудал энд байгаа. Монгол улс  газрынхаа нэгдсэн бодлогыг тодорхойлж гаргах хэрэгтэй. Хамгийн үнэтэй газар гэдэг юмаа иргэддээ хувьчилдаггүй, төрийн бодлого нь ч сууж өгдөггүй.

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд маш олон яам, агентлаг байна. Газрын асуудлаар бол  яам битгий хэл агентлаг ч байхгүй. Газрын кадастр зураглалын ч билүү нэг тийм жижиг газар байгаа. Тэр нь энд нэг хүн газар авлаа гэхээр зургийг нь зураад сууж байдаг болохоос газрын талаар нэгдсэн бодлого явуулаад байгаа юм алга. Шинэ Засгийн газар байгуулагдах үед  байгаль орчны хяналтыг тусад нь гаргаач , мэргэжлийн хяналтын газар  гээд олон юманд холиод болохгүй байна. Газрынхаа асуудлыг тусад нь гаргаач. Бүр тусгай бүтэц бий болгооч гэж ТББ –аас санал оруулж байсан.  Байгаль орчны хяналт тусдаа байсныг нэгтэгчихсэн. Байгаль орчны яамны хамгийн гол үүрэг бол төрийн хяналтын ажил шүү дээ. Гэтэл тэр үүргээ биелүүлдэггүй,  лиценз олгодог л яам болчихсон байна.