Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Юуны тvрvvнд Мардайн бvс нутгийг аюулгvй болгох шаардлагатай

Эхлээд бид төмөр, цайр үйлдвэрлэдэг гүний Трипл Сэвэн гэдэг далд уурхай дээр очсон. Канадын Винифэг муж улсын Флинфлон хэмээх хот байдаг. Энэ бүс нь хагас тундрын, манай зарим нутагтай төстэй уур амьсгалтай, цас эрт ордог их хүйтэрдэг газар юм билээ. Энд гол нь далд уурхай, түүний хаягдал боловсруулах үйлдвэр, төмөр хайлах үйлдвэр, түүний хаягдлын менежментийн асуудлыг хэрхэн шийдэж байгааг үзсэн. Харьцангуй хуучин технологитой үйлдвэрүүд байсан учраас тухайн орчинд өмнө нь их бохирдол үүсгэж байсан. Сүүлийн үед энэ бохирдол нь маш хэцүү асуудлуудыг бий болгоод хотынхон, олон нийт, хууль тогтоогчдын зүгээс шаардлага тавьсан юм билээ. Тэгээд менежментийн ямар арга хэмжээ авах вэ гэдгээ нэлээн судалсан юм байна. Энд хүчиллэг урсац маш их хэмжээгээр үүсдэг. Сульфитын төрлийн ордууд  зонхилдог учраас  их хэмжээтэй хур тунадас унадаг, чийглэг  нөхцөл байдал нь хүчиллэг урсац гэж манайд бол төдийлөн яригддаггүй асуудал үүсэхэд нөлөөлдөг. Энд хүчиллэг урсцыг цэвэрлэх  асуудал маш чухлаар тавигдаж байх жишээтэй.

Үүний дараа Садбэри  хотын  орчимд  Эллиотлэйк, Агнюлэйк гэдэг ураны хоёр уурхайд очсон. Уурхайнуудын нэг нь маш олон, 20 - иод орд ашигласан, нөгөө нь газар доорх ганц далд уурхай байсан ийм газрууд. Агнюлэйк нь хаагдаад, улмаар нөхөн сэргээлт хийгдэж дууссан байсан. Ураны бүх хог хаягдал, шаарыг далд уурхайдаа хийгээд  хаалтынхаа үед энэ арга хэмжээг авчихсан байсан учраас биднийг очиход ердийн байдалд шилжчихсэн байсан. Энэ бүсэд анчид их ирдэг юм байна лээ. Ер нь бол байгаль нь буцаад сэргэчихсэн газар. Энд хэмжилт хийж үзэхэд байгалийнхаа ердийн  дэвсгэр үзүүлэлтэд дөхөж очсон байсан.

Элиотлэйк нь 1970 - аад оноос 2000 он хүртэл ажилласан уурхай. Бүр 1940 - өөд оны үед нээгдсэн. Дотроо яг манай Мардайн уурхай шиг. Нөхөн сэргээлт хийсэн байдлыг нь харахад уран ашигласны дараа орчныг аюулгүй болгох тал дээр Канад улс  маш өндөр шаардлага тавьдаг. Хаягдлын далан, усан санг үндсэндээ бараг тав, зургаан шатаар дамжиж цэвэрлэнэ. Дамжуулах, цэвэрлэх  болгонд тусдаа байгууламжуудад тунгааж, хамгийн гол нь цацраг идэвхит бодис бүхий  хурдсуудыг   дор нь   ялгаж авч байгаа юм.

Ураны уурхайн үйл ажиллагаанд нөхөн сэргээлт хийдэг мэргэжлийн байгууллагууд бий. Жишээ нь, Монголд   салбараа нээсэн “Дэнисон Майнз“ энэ уурхайнууд дээр үйлчилгээ үзүүлсэн байсан. Хаягдлын даланг анхнаас нь яаж зөв зохион байгуулах вэ, хаягдлыг нь хаана байршуулах, энд үүсч байгаа усыг урсцаар нь цэвэрлэх үү, яаж тунгаах вэ, харуул хамгаалалт нь ямар байх гээд олон зүйл дээр анхаардаг юм байна. Уурхайг тойруулж маш том хашаа хатгаад, дотроо хүн амьтан зугаалахыг хориглосон мэдээллүүд, аваар осол гарвал хэнтэй яаж холбогдох гэх мэт бүх зааварчилгаа нь тодорхой байсан. Энгийн мөртлөө маш зохион байгуулалттай түвшинд уурхайг хаах,  хаагдсанаас хойш тогтвортой байдалд байх тэр нөхцөлийг бүрдүүлж өгдөг, тийм мэргэжлийн байгууллагууд байдаг юм байна. Нэг сонирхолтой зүйл нь булраш гэдэг ургамал байдаг. Үүнийг ураны хаягдлаар  цацраг идэвхит бодисоор бохирдсон хурдсууд бүхий тунгаах далангуудын захаар нь тарьсан байдаг. Энэ ургамал  уран болон зарим хүнд элементийг өөртөө шингээдэг. Дараа нь уг ургамлыг устгах уу, эсвэл тэр чигээр нь байлгаад усыг цэвэршүүлэх үйл ажиллагаандаа үргэлжлүүлэн ашиглах уу гэдгээ шийддэг. Ийм онцгой биотехникийн арга хэрэглэдэг. Канад улс уул уурхайдаа цэвэрлэх, нөхөн сэргээлт хийх бүхий л үйл ажиллагааг хатуу хяналт дор явуулдаг юм байна.

Монголд яг ийм хяналт тавих боломж бий юү?


Ийм боломж бий. Би хэдэн жилийн өмнө Мардайн уурхайд байгаль орчны судалгаа хийж байсан. Одоогийн байдлаар тэнд оросуудын 1996, 1997 оноос өмнө арваад жил ашиглах явцад, мөн далаад оноос эхэлсэн хайгуулын явцад маш их талбай эвдэрсэн. Юуны түрүүн тэр бүс нутгийг аюулгүй болгох шаардлагатай. Энд лиценз эзэмшиж байсан Канадын компаниуд тодорхой хэмжээгээр далд уурхайн усыг шавхах, цэвэршүүлэх, тунгаах далангуудыг байгуулсан. Энд тодорхой хэмжээний  хүдэр байгаа. Тэр үед олборлолтод бэлтгээд орхичихсон. Үүнийг эхэлж ашиглан зайлуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл далд уурхайг ашиглах явцдаа буцааж хог хаягдлыг булшлах асуудлыг тавих нь зүйтэй. Уран нь цацраг идэвхит бодис, байгалийн физикийн онцгой шинж чанартай бүтээгдэхүүн л болохоос уг нь уул уурхайн энгийн үйлдвэрлэлийн зарчмаар ашиглаж олборлодог. Гол нь гаргаж байгаа бүтээгдэхүүн нь онцлог шинж чанартай учраас хүн ам, байгаль орчныг аюулд өртүүлэхгүй байх тал дээр стандарт, шаардлагыг маш сайн шинэчилж Канад, Америк, дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнуудтай ижил шаардлага нэн тэргүүн тавих ёстой.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ тал дээр чиглэсэн ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?


Ураны уурхайнуудад хайгуулын үед тавигдах байгаль орчны шаардлага, үйлдвэрлэлийн байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ зэргийг хуулийн дагуу хийх ёстой. Энэ чиглэлээр баримт бичгээ боловсронгуй болгох талаар ойрын үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөө байгаа байх. Бид шаардлага, хяналтаа сайн тавих ёстой. Юуны өмнө шаардлагаа яаж тавих вэ гэдэг дээр дэлхийн олон орны туршлагыг судлах хэрэгтэй. Бид гадныхны алдааг давтах ёсгүй. Мөн мэргэжилтнүүдээ сайтар сургах хэрэгтэй. Хуучин технологи, арга барил, мэдлэгтэйгээр цаашид хол явахгүй нь тодорхой юм.