Үндэсний инженерүүдийн хүчээр боссон бүтээн байгуулалт

2011-12-16 11:47

Өрсөлдөөн ихтэй, шалгуур өндөртэй номинаци

2011 оныг Монголын уул уурхайн салбар дахь технологийн “Тэсрэлтийн жил” гэж  онцолъё.  Анхны Цахилгаан станц, анхны Баяжуулах үйлдвэр, анхны Хатаах технологи гээд дан монгол инженерүүдийн оюун чадлаар бий болсон бүтээн байгуулалтууд энэ жилийн онцлох үйл явдлуудын нэг  байсан тул ингэж нэрлэв. Гадаадын хүчирхэг, брэнд технологиуд ч Монголын уул уурхайн ертөнцөд хөгжлийн хурд нэмж буйг энд мөн онцлон дурдъя. 
 Тиймдээ ч   байгаль экологид ээлтэй, хүн ардад хор хөнөөлгүй, нэг ёсондоо “энэрэнгүй” технологийг чухалчилж буй өнөө цаг үед  Mining Journal Awards-ын “Шилдэг технологи” шалгаруулалт ихээхэн үр дүнгээ  өгнө гэдэгт итгэж байна. Ерөөс хамгийн өрсөлдөөнтэй, сонирхолтой номинаци энэ төдийгүй цаашдаа ч  илүү өргөн цар хүрээг хамарч, олон олон компани нэрээ дэвшүүлэх чөлөөт талбар болох нь.
Өнгөрсөн жилийн  Awards-ын “Шилдэг технологи”-д зургаан компани өрсөлдсөн бол энэ жил 13  компани болж өргөжлөө. Тэдгээрийг танилцуулъя.

1.    Нитронэт брэндийн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх технологи болон тэсэлгээний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт хэрэгсэл электрон детонаторыг Монголд анх нэвтрүүлсэн, уул уурхайн тэсэлгээг аюулгүй явуулах орчин үеийн технологи алсаас тэслэх багажийг нэвтрүүлсэн зэрэг амжилтаараа “МЕРА” компани.

2.    Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусгах аргаар боловсруулж цэвэр зэс үйлдвэрлэж буй “ЭРДМИН” компани

3.    Монголд анх удаа нойтон аргаар нүүрс баяжуулах шинэ технологи бүхий Нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний модулийг ашиглалтад оруулсан амжилтаараа “ЭНЕРЖИ РЕСУРС” компани.

4.    Геологи хайгуул, уул уурхайн Micromine, Өгөгдлийн удирдлагын Geobank, Уулын үйлдвэрлэлийн хяналтын PITRAM, Уулын үйлдвэрлэлийн удирдлагын DOME, хээрийн хэмжилтийн өгөгдлийг цуглуулах FIELD MARSHAL зэрэг дэвшилтэт программ хангамжийн шийдлүүдээрээ “МАЙКРОМАЙН” компани.

5.    Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрлэл болон шингэн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрлэлийн технологиороо “БЛАСТ” компани 

6.    Монгол улсад анхдагч болох нүүрс хатаах үйлдвэр болон хамгийн урт конвейрийн системийг Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд амжилттай нэвтрүүлсэн үзүүлэлтээрээ “ТАВАН ТАЛСТ” компани

7.    NL-55 сүүлийн үеийн тоноглолтой өрмийн суурь машиныг өрөмдлөгийн үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлж буй үзүүлэлтээрээ “ГОВЬ ГЕО” компани 

8.    Австрали, Хойд Америк зэрэг улсад өргөн хэрэглэж байгаа алтны Нуруулдан уусгалтын технологийг “Хүрэн толгой” үйлдвэртээ монгол инженерүүдийн ур ухаанаар нэвтрүүлж, ашигт малтмалыг хаягдалгүй, сортлохгүйгээр ашиглах боломжийг бүрдүүлсэн амжилтаараа “ИХ МОНГОЛ МАЙНИНГ” компани.

9.    Өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулж, нэг тонн хүдрээс 350 кг зэс гаргаж авах хүчин чадалтай Баяжуулах үйлдвэрийн технологи болон блогчлон олборлох технологиороо “ОЮУТОЛГОЙ” компани

10.     Алмаазан болон хийн цохилтот өрөмдлөгийн технологиороо “МТ ДРИЛЛИНГ” компани.

11.    DE загварын өрмүүд болон аваар ослоос үүдэлтэй тэг зогсолт, өрөмдлөгийн багажны урт наслалт, өрмийн багийн үр ашиггүй цагийг багасгах DA 512 Safe-T-Spin төхөөрөмжөөрөө “Сэндвик Монголиа” компани.

12.    BASF, Boart Longyear, FLUID STAR зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд бүтээгдэхүүнээрээ “Монголиан Стар Мелшерс” компани.

13.    NITON фирмийн NITON  болон Франц улсын “SERCEL” фирмийн чичирхийллийн хайгуулын 501 сувагтай багажийг Монголд нэвтрүүлсэн үзүүлэлтээрээ “Эрдэнийн Эрэл” компани.


 Шилдгийн шилдгийг тодруулах халуун мэтгэлцээн

 “Шилдэг технологи” номинаци нь Олборлолтын дэвшилтэт технологи нэвтрүүлсэн болон нэвтрүүлж байгаа эсэх,  Боловсруулалтын дэвшилтэт технологи нэвтрүүлсэн болон нэвтрүүлж байгаа эсэх, Метал авалт, ашигт малтмал олборлолтын түвшин (Технологийн хаягдлыг багасгасан байдал, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ сайжруулсан байдал,  Уул уурхайн шилдэг програм хангамж бүтээсэн болон шинээр нэвтрүүлж байгаа эсэх, Өрөмдлөгийн дэвшилтэт шинэ техник технологийг нэвтрүүлж байгаа эсэх,  Тэсрэх бодисын чиглэлээр дэвшилтэт шинэ техник технологийг нэвтрүүлж байгаа эсэх,  Байгаль экологи болон хүрээлэн буй орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа эсэх гэсэн хатуухан шалгуур үзүүлэлтүүдтэй. 
Энэ жилийн тухайд компаниудын өөрсдийн санал хүсэлтээр буюу  өрөмдлөгийн болон тэсрэх бодисын, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг түлхүү оруулж ирэх зорилгоор хэд хэдэн шалгуур үзүүлэлт нэмж тусгасан билээ.
Шүүгчид маань   шалгуур үзүүлэлтүүдийн дагуу ирсэн материал болгон дээр дүн шинжилгээ хийсний дараа санал бодлоо ийн илэрхийлсэн юм.    

Г.Шархүү:
Энэ номинацид өрөм, тэсрэх бодис, эрэл хайгуул, үйлдвэр   геологийн үйл ажиллагаа явуулдаг олон компани нэрээ дэвшүүлжээ. Би хувьдаа “Энержи Ресурс”-ийг шалгаруулсан.  Маш гоё технологийн шийдлүүдийг хийсэн байна. Усан хангамжийг 86 км өргөтгөж, газраас ус авдаг, ууршдаггүй, хөлддөггүй технологиор хийсэн. Цахилгаан станц нь хамгийн сайн шийдэлтэй. Эдийн засгийн хувьд ус хэрэглэдэггүй, агаарын хөргүүртэй. Баяжуулах үйлдвэрийн талаар би  шүүмж бичсэн болохоор  сайн мэднэ. Мөн усыг цэвэрлээд Цогтцэций сумын ард иргэдэд өгч, 10 мянган айлын орон сууц барих зэргээр үйлдвэрийн цогц хэлбэрээр ажиллаж байгаагаараа “Оюутолгой”-гоос илүү.  
Оюутолгойн  Баяжуулах үйлдвэрийн ажил 50 хувьтай байгаа. Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-тэй харьцуулахад илүү хялбар технологитой. “Эрдэнэт үйлдвэр” баяжуулах технологиор зэс, молибден ялгаж байна. Алт, зэс ялгах бол хамаагүй хөнгөн технологи.
“Эрдмин” компанийн хувьд жижиг үйлдвэр ч гэлээ катодын зэс гаргаад цаашлаад 2-3 шат дамжлага хийсэн,  зэс утас гаргасан, барилгын монтажны утас үйлдвэрлэсэн. Монголчуудын мөрөөддөг эцсийн бүтээгдэхүүн хийдэг технологийг бүгдийг нь эзэмшсэн. Цаашдаа метал авалтаа дээшлүүлэхийн тулд овоолгын технологи руу орох гэж байгаа. Эдгээр үзүүлэлтээр “Эрдмин” гуравдугаар байрт орж байна. Гэхдээ энэ нь шинэ бус байдаг л дундаж технологи юм. Тиймээс “Оюутолгой”-гоос доогуур байрт орууллаа.

Д.Энхбат: Би энэ номинаци дээр хөрөнгө оруулалтын цар хэмжээ, явуулж буй үйл ажиллагааг бүхэлд нь харж үзлээ. Төрийн өмчит компаниудад санхүүжилт хэцүү  ч  тодорхой зүйл хийгээд байдаг. “Таванталст “компанийг шууд шалгаруулмаар санагдсан. Уг нь, “Шивээ-Овоо”  өөрсдөө материалаа ирүүлсэн бол сайн байх байлаа.
Б.Энхбаатар: Номинацид “Шивээ-Овоо” яагаад орж ирээгүйг гайхаж байна. Гэхдээ “Таванталст” компанийн хийсэн нүүрс хатаах технологийн өнөөдрийн үр өгөөж нь   Улаанбаатарын эрчим хүч хэрэглэж байгаа бүх хүнд хүрч байгаа. Тиймээс “Таванталст” компанид  өндөр оноо өгсөн.
Д.Дондов: Томоохон хөрөнгө мөнгөтэй байгууллагууд болох “Энержи Ресурс”, “Оюутолгой”  бол тэртээ тэргүй технологиуд нэвтрүүлэх нь тодорхой. Энэ номинацид би “Таванталст”, “Эрдмин”, “Мера” гэсэн гурван  компанид нэгдүгээр байр өгсөн. 
“Таванталст” компани Монголд анх удаа нүүрсний хатаалтыг хийж чанарыг нь  сайжруулсан. Улаанбаатар хотын түлшний хэрэгцээний 40 хувийг “Шивээ Овоо”-гоос  хангаж байна. Зөвхөн хатаахад маш сонин технологи ашиглаж байгаа юм. Хэвтээ эргэлддэг зуухан дотор өндөр температурт нүүрсийг хуурайшуулсан.  “Шивээ-Овоо”-гийн захиалгаар, Монголд ийм технологийг анх удаа нэвтрүүллээ. Ер нь, энэ удаагийн шалгаруулалтаар  нэрд гараагүй ч  тодорхой ач холбогдолтой компаниудыг түлхүү биш ч гэлээ оролцуулж гаргаж ирэх хэрэгтэй. Тэд анхаарлын төвд байгаасай.
“Мера” компанийн ирүүлсэн материалыг сайн унших юм бол технологийн шинэ их сонин  шийдлүүдийг гаргасан байна лээ. “Энержи Ресурс”-ийн тухайд олборлолтын шинэ технологи юү нэвтрүүлэв гээд үзэхээр шинэ зүйл алга. “Оюутолгой” компани нэр дэвшүүлсэн материалдаа өөрийн технологийг дэлхийд гуравхан байдаг гэж бичсэн байна лээ. Үүнийг няцаахын тулд би ном хүртэл авчирсан. 1953 оны үед Орос, Украин болон Чилид хийж байсан технологи шүү дээ. Тиймээс ингэж худлаа хэлж болохгүй, мэргэжлийн хүмүүс шүүж байгааг санах хэрэгтэй. Өөрийн хувийн жингээр нураадаг, нурахгүй ч байж мэдэх маш аюултай технологи шүү дээ. Хаягдал ихтэй технологи. 2004 онд УИХ-ын даалгавраар би нэлээд олон газар зааварчилгаа хийж байсан. Тиймээс айхтар мундаг технологи хийчихлээ гэж болохгүй.
Х.Наранхүү: Энэ номинацид материалаа ирүүлсэн 13 компанийн нэг хэсгийнх нь мэдээ их тааруухан юм. Тэр мэдээгээр нь компанийн ажлыг сайн, муу гэж хэлэхэд хэцүү. Тиймээс би дөрвөн компанид л дүн тавьсан. Үлдсэнд нь дүн тавьж чадаагүй. Нэгд, “Эрдмин”, хоёрт “Таванталст”. Гэхдээ “Таванталст” дээр нэг зүйл ойлгомжгүй байна. Тэд  төслийн тайлангаа бичихдээ үр дүн нь ингэж гарах ёстой гэсэн байгаа юм. Хэрэгжиж эхлээд үр дүнгээ үзүүлсэн эсэх нь харагдахгүй байна. Тиймээс би “Эрдмин”-ийг илүү гэж үзээд нэгдүгээр байрт орууллаа.
Хоёрдугаарт, “Таванталст”. Тэдний технологи Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжид нөлөөлж байгаа гэдэг утгаараа нэгдүгээр байрт орох боломж бий. Гэхдээ  “Эрдмин”-ий ач холбогдлыг би олон талаас нь харж байна. Баяжмалыг метал болгочихоор нэг том түвшин ахиж байна. Өөрөөр хэлбэл технологийн дэвшил, түүнийг дагаад бий болж байгаа жижиг дунд бизнесүүдийн нөлөө буюу аж үйлдвэржилтийн нөлөө нь хамаагүй том үзүүлэлт, үр дүн. Энэ нь бүхэлдээ улс орны эдийн засгийн хөгжил, технологийн хөгжилд  нөлөөлнө гэдэг утгаараа “Эрдмин”-ийг шилдэг нь гэж хэлээд байгаа юм. “Мера” компанийг гуравдугаарт бичлээ. Зах зээлийн 20 хувийг эзэлсэн байна лээ. Сайн байна.

Дараа дараагийн шалгуурт нэг зүйлийг анхаармаар санагдсан. Гадны техник худалдаж аваад гадны хүнээр хийлгэсэн бол энэ шалгаруулалтад оруулах хэрэггүй. Гадны техник, технологийг зардаг, нийлүүлдэг компаниуд материалаа энэ номинацид ирүүлсэн байна лээ. Бүр гадаадын компани ч нэр дэвшсэн байсан. “Оюутолгой”  үндсэндээ гадны компани болохоор манай ямар ч компанитай харьцуулахад бүгд л дор нь  орно. Тиймээс гадны томоохон компанийг нэр дэвшүүлэлтэд оруулмааргүй санагдсан. Харин манай нөхцөлд таарсан, тохирсон шинэ технологи гаргасан бол өөр асуудал. Ийм тохиолдолд материалиа маш сайн бэлдэж ирүүлэх хэрэгтэй.

Д.Цэрэнжав: “Таванталст” компа­нийг шалгаруулах нь зөв болов уу. Шалгаруулалт маань “2011” гэж байгаа учир олон жилийн турш хийгдээд яваад ирсэн ажлыг биш, шинээр гарч ирснийг дэмжих нь зүйтэй байх. “Шивээ-Овоо”-д хэрэгжүүлж байгаа технологийн нээлт дээр мэргэжилтнүүд их ам сайтай байсныг санаж байна. Мэргэжлийн хүмүүсийн хүрээндээ энэ технологийг сайнаар үнэлж байгаа гэж би ойлгосон.

Н.Батбаяр: Энэ номинацид үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүд ихэвчлэн материал ирүүлсэн болохоор шалгаруулахад хүндрэлтэй, заримдаа бүр оноо тавихад ч  хэцүү байлаа. “Эрдмин”-ий хувьд гарцаагүй олборлолтын дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа.  Боловсруулалтын түвшин нь ч шат ахиж яваа. Метал авалт нэмэгдэх нь  ойлгомжтой. Технологийг хэрэгжүүлээд хугацаа явах тусам метал авалтын хэмжээ нэмэгддэг. Харин байгаль орчинд ээлтэй технологи мөн үү, биш үү гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс “Эрдмин”-ийг гуравдугаар байрт оруулсан. Хоёрдугаар байрт “Таванталст”.  Монголд анх удаа конвейрийн системийг нэвтрүүлж буйгаараа байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй технологи болж байгаа юм. Үүгээрээ “Эрдмин”-ий технологиос илүү.  “Энержи Ресурс” шинэ технологи нэвтрүүлсэн нь  шилдэгт тооцогдож байгаа. Бүх үйл ажиллагаандаа уул уурхайн программ хангамжийг нэвтрүүлээд, байнга хяналтад  байдаг давуу талтай.  Хүрээлэн буй байгаль орчинд энэ технологи ээлтэй гэдэг дээр бүх хүн санал нэгдэх байх. Тиймээс “Энержи Ресурс”-ийг нэгдүгээр байрт оруулах саналтай байна.  

Н.Алгаа: Технологи бол хоёр талтай. Шалгуур үзүүлэлтэд нийлүүлэгч, худалдан авагч хоёр нь холилдчихоод байна. Нийлүүлэгч, худалдан авагчийн аль байх вэ? Миний ойлгосноор “Таванталст” олборлогч биш учраас шалгаруулсангүй. Харин “Шивээ-Овоо” нэвтрүүлснээрээ тэр технологийн талаар материалаа ирүүлсэн бол оруулах байлаа. Тэгэхээр би туслах үйлчилгээ үзүүлдэг компаниудыг орхиод олборлолтын технологийг өөрсдөө хөрөнгө гарган, нэвтрүүлж байгааг нь шалгарууллаа. Нэгд, “Энержи-Ресурс”-ийг сонгосон.  Ус, эрчим хүч болон баяжуулалт гээд маш олон зүйл дээр технологи бөөнөөр нь нэвтрүүлсэн байгаа юм.  Хоёрт, “Эрдмин”. Үнэхээр олон жил энэ технологийг араас хөөцөлдсөн компани. Тэд кабель утсаа сурталчилдаггүй мөртлөө хэрэглэгчдийн дунд маш их эрэлт хэрэгцээтэй байдаг. Гуравт, “Оюутолгой”. Хамгийн том далд уурхай, хамгийн том баяжуулах үйлдвэр Монголд бий болох гэж байгаа учир технологийг цогцоор нь хийж байгаа. 
Ер нь бол технологи бүгд л адилхан. Хамгийн гол  нь бүтээмж өндөртэй, зардал багатай, эрүүл ахуй болоод байгаль орчинд ээлтэй зэргээрээ ялгаатай байх ёстой.
Х.Наранхүү: Энд би нэг нюанс хэлье. Бид гадны технологийг худалдаж аваад хийсэн гэдгийг бүрмөсөн хасах хэрэгтэй. Тэр бол утгагүй. Бид тухайн уурхай олборлолтын технологи дээрээ өөрийн онцлогтой шинэлэг зүйл хийсэн эсэхийг ярьж байна. Аль эсвэл гаднаас технологи оруулж ирсэн бол түүнийг өөрийн нөхцөлд тохируулахад Монголын инженерингийн оролцоо хэр байсан тухай ярьж байна. Жишээ нь “Таванталст”-ийн хувьд технологийг нь гадна талаасаа харахад байдаг л нэг технологи. Бараг хоцорсон ч байж магад. Харин үүнийг Монголд авчраад тухайн уурхайн нөхцөлд тохируулах гв  инженерингийн ажил юм. Энэ бол асар том, бие даасан үзүүлэлт байх ёстой.  “Таванталст” дээр  би дээр ганцхан зүйлд эргэлзээд байгаа нь үр  дүн гарсан уу гэдэгт л байгаа юм. Ирүүлсэн материалдаа төслийнхөө тайлбарыг бичсэн байна лээ.  
Ер нь компаниудын зарим нь мэдээллээ их хэтрүүлэгтэй бичсэн байна. Дэлхийд огт байхгүй зүйл хийсэн мэт бичих юм. Сонин хэвлэл дээр ч гэсэн хэтрүүлэгтэй бичнэ. Тэгэхээр шалгуур үзүүлэлтийг их зөвөөр тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй юм. Миний хувьд “Эрдмин”-д саналаа өгнө. Дараа жил “Таванталст”-ын үр дүн баталгаатай гараад ирнэ. “Энержи Ресурс” зэрэг том компанийн хувьд бол өөр асуудал. Тэд технологийг мөнгөөр худалдаад авчихна шүү дээ. 
 Д.Дондов: “Шивээ-Овоо”-гийн нүүрс хатаах үйлдвэр яг одоо ажиллаж байгаа. 10 хувийн чийглэгтэй нүүрсийг холбогдох газрууддаа нийлүүлээд эхэлчихсэн. 
Х.Наранхүү: “Эрдмин” өнгөрсөн жил нэрээ дэвшүүлсэн бил үү?
Н.Батбаяр: Үгүй. Харин “Таванталст” ноднин нэр дэвшсэн. Тэр үед ирэх жил үр дүнг нь харъя гээд орхисон шүү дээ.
 Х.Наранхүү: Энэ жил “Таванталст”-ыг шалгарууллаа гэхэд ирэх жил “Эрдмин” гарах нь ойлгомжтой. Гэхдээ үр дүн талаас нь харвал энэ жил “Эрдмин”-ийг гаргаад дараа жилдээ “Таванталст”-ыг шалгаруулчихаж болно шүү дээ.
Г.Шархүү:  Энэ номинаци дээр санал хурааж л шийдье. 
Х.Наранхүү: Бид хэдхэн уурхайг хооронд нь уралдуулаад байх оновчтой зүйл биш. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа аливаа компани бүгдийг оролцуулах ёстой. Мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа компаниуд энэ номинацид орох ёстой. 
Н.Алгаа: Үүнийг бид ноднингоос хойш яриад байгаа шүү дээ.  Үйлчилгээ үзүүлдэг компанийг олборлогчоос салгах ёстой юм.
Х.Наранхүү: Бид газар ухаад баялгаа ачаад байгаа компаниудыг шалгаруулаад байна шүү дээ. Үнэн хэрэг дээрээ бидний ирээдүй бол  нэмүү өртөг бүтээж байгаа компаниудыг хамгийн түрүүнд гаргах ёстой. Тэгэхээр “Таванталст” шиг компаниуд энэ номинацид шалгарах ёстой юм.
/Д.Галсандорж шүүгч “Шилдэг технологи” номинацийн эхэнд “Эрдмин”, хоёрт “Энержи Ресурс”,  гуравт “Оюутолгой” компанийг шалгаруулжээ/

“Шилдэг технологи” номинацид ажлын үзүүлэлтээрээ өрсөлдөж,  материалаа ирүүлсэн 13 компаниас ийнхүү “Эрдмин”, “Таванталст” компани тунаж үлдсэн бөгөөд Шүүгчдийн зөвлөлийнхний ил тод мэтгэлцээнийг эцсийн дүндээ санал хураалт шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлэх юм бол есөн шүүгчийн олонхи   нь  “Таванталст” компанид саналаа өгсөнөөр номинацийн эзнээ тодруулав. 

Шүүгчдийн ихэнх нь дараа жилээс энэ номинаци дээр техник, технологи худалдан авч, олборлолт явуулж байгаа компани биш, үндэсний онцлогтой, бүтээмжээ дээшлүүлсэн, салбартаа эдийн засгийн үр ашиг үзүүлсэн компаниудыг шалгаруулах нь зүйтэй гэдэг дээр байр сууриа илэрхийлж байсан юм.
Монголын уул уурхайн салбарын оны шилдгийг олон түмнээ тунхаглан зарлах Mining Journal Awards-2011-ын ёслолын тайзнаа “Женерал Электрик Интернэшнл Инк” компанийн Монгол дахь суурийн төлөөлөгч Ц.Түмэнцогт дугтуй задалж, номинацийн эзнийг зарласан юм.  Дашрамд онцлоход, “Женерал Электрик” нь дэлхийн дахинд технологийн төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг хүчирхэг компани билээ.


Төслөө бүрэн хэрэгжүүлээд шалгарсандаа  баяртай байна

Монгол орны гайхамшигт эрдэнэсийн чулуу болох Чүнчигноровыг байгаль дээрх унаган төрхөнд нь хадгалан урласан цомыг “Таванталст” ХХК-ийн  захирал С.Батхишиг хүндэтгэлтэйгээр гардан авсан юм. 
Тэрээр, Уул уурхайн шилдгүүд хийсэн бүтээснээ уралдуулан, дүгнүүлж цэгнүүлсэн энэхүү арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Оролцоод зогссонгүй бид нэг номинацид шалгарсандаа их баяртай байна. “Шивээ-Овоо”-д хэрэгжүүлсэн нүүрс хатаах технологийн төсөл маань Монголдоо анхных гэж хэлж болно. Төслийн хүрээнд дуу чимээ, тоосжилт багатай байгальд ээлтэй 2000 метр урт конвейерийн системийг  нэвтрүүлсэн. 

Мөн Америк, Австралийн эрдэмтдийн шинээр зохион бүтээсэн агуулах дахь нүүрс ачилтын шинэ технологи байна. Энэхүү хэд хэдэн технологийг хослуулсан төслийг бид “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайтай хамтран хоёр жилийн хугацаанд хийж амжилттай дуусгалаа. Ноднин бид “Шилдэг технологи” номинацид нэр дэвшсэн. Гэхдээ төслийн ажил хараахан дуусаагүй байсан юм. Энэ жил төслөө бүрэн хэрэгжүүлээд дахин нэр дэвшиж, шалгарсандаа их баяртай байна. Монголын уул уурхайн салбарт олон сайхан технологи нэвтэрч байгаа юм байна. Энэ номинацид нэр дэвшсэн бусад компанидаа шинэ технологи нэвтрүүлж байгаад нь баяр хүргэе.

                                                                                                                   

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 15 цаг 53 минутын өмнө
    Хятадын төрийн өмчит “Чалко” компани нь Гвиней улс дахь хөнгөн цагааны Боффа уурхайн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөжээ. Жилд 12 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай уурхайн төслийг 2018 оны аравдугаар сараас хэрэгжүүлж байгаа бөгөөд байгалийн хүнд нөхцөл байдлаас шалтгаалан энэ онд эхлүүлэх хугацааг хойшлуулсан байна. Төсөл нь 706 сая ам.долларын өртөгтэй бөгөөд уурхайгаас гадна цахилгаан станц, далайн боомтыг барьж буй. Боффа орд нь 1.75 тэрбум тонн хөнгөн цагааны хүдрийн нөөцтэй юм.
  • 16 цаг 54 минутын өмнө
    Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэлж байна. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Дармэндр Пратхан, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон УИХ, Засгийн газрын гишүүд, албаны төлөөлөгчид оролцов. БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан “Монгол Улсад 1.5 сая тонн хүчин чадалтай Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж буй нь хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно" хэмээн мэдэгджээ.
  • 17 цаг 1 минутын өмнө
    Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотод болж байна. Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин нар оролцож үг хэлсэн билээ. Мөн үеэр хоёр орны бизнес эрхлэгчид "Алт мөнгө/үнэт металь/цэвэршүүлэх үйлдвэр барих", "Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих", "Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх", "Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах" зэрэг найман гэрээг байгуулав. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХКийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ, төлбөргүй өглөө.
  • 17 цаг 1 минутын өмнө
    Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотод болж байна. Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин нар оролцож үг хэлсэн билээ. Мөн үеэр хоёр орны бизнес эрхлэгчид "Алт мөнгө/үнэт металь/цэвэршүүлэх үйлдвэр барих", "Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих", "Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх", "Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах" зэрэг найман гэрээг байгуулав. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХКийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ, төлбөргүй өглөө.
  • 19 цаг 7 минутын өмнө
    Сүүлийн үед хариуцлагагүй уул уурхайн сөрөг нөлөөллийн талаар Монгол улс даяар хүчтэй яригдаж байна. Аймгийн Засаг дарга Д.Батсайханы орон нутагтаа байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоог эрс бууруулж буйа тухай мэдээлэл яг энэ үед иргэдийн анхаарлыг маш ихээр татна. Түүний хэлснээр 2016 оны наймдугаар сарын байдлаар нийт ашигт малтмалын 99 тусгай зөвшөөрөл, үүнээс ашиглалтын 9, хайгуулын 90 тусгай зөвшөөрөл аймагт бүртгэлтэй байжээ. Тэгвэл тусгай зөвшөөрлийн тоо энэ оны зургадугаар сарын 18-ны байдлаар 60 болж, 40%-иар буурсан. Мөн 2016 оноос хойш 96 тусгай зөвшөөрлийн санал шинээр ирснийг буцааж, татгалзсан хариу өгсөн гэсэн үг. Ингээд 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 135 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгочихоод байгаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход аймгийн удирдлагын эрх мэдэл хүрдэггүй тал бий.