Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Инженер хүний сэтгэлийн галаар бүтсэн цогц төслийг анх удаа хэрэгжүүллээ

Нүүрс хатаах үйлдвэр болон конвейерийн  тээврийг   жил  гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн  “Таванталст” ХХК-ийн  захирал С.Батхишигтэй ярилцлаа.

Та эхлээд уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу? 

Би 1983-1988 онд Политехникийн дээд сургуулийг Уулын цахилгаан механик мэргэжлээр суралцаж төгссөн. Төгссөн жилдээ Багануурын нүүрсний уурхайд томилогдон ээлжийн механикаар ажиллаж эхэлсэн. Дараа нь,  энэ уурхайнхаа Цахилгаан хангамжийн хэлтэст  өндөр хүчдлийн шугамын инженерийн албанд очиж байлаа.
Тухайн үед цахилгаан болон механик гэсэн хоёр мэргэжлийг нэг дор эзэмших боломж бидэнд байсан. Багануурын уурхайд ажилласны дараа, 1992 онд Удирдлагын академийн менежерийн ангид суралцсан. Үндсэндээ хувийн хэвшлийн салбарт ажиллах болж, уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах бизнес эрхэлж эхэлсэн  дээ.
Өнөөдрийг хүртэл мэргэжлийнхээ дагуу уул уурхайн болон цахилгаан тоног төхөөрөмжийг Монголын хэрэглэгчдэдээ хүргэж байгаа.  Үүний хажуугаар өөрийн хийж чадах төслүүдэд хүчээ сорьж байна.  Хэдхэн жилийн өмнө улс орныг цахилгаан эрчим хүчээр хангах төслүүд өрнөж байв. Энэ үед Баянхонгор аймагт 70-80 километр бүхий 15 кВт-ын цахилгаан дамжуулах шугамыг өөрсдийн хүчээр багагүй хүндрэлтэй нөхцөлд хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн Улаанбаатар хотын дулааны цахилгаан шугам сүлжээг солих ажилд оролцож, холбогдох газарт нь амжилттай хүлээлгэн өгч байлаа.   

“Таванталст” компанийн голлох үйл ажиллагаа юунд чиглэж байна вэ? Байгуулагдаад цөөнгүй ч жилийг ардаа орхилоо?     
 
Манай компани 2000 онд байгуулагдсан.  Голлох үйл ажиллагаа гэвэл дээр дурдсанчлан уул уурхайн болон цахилгаан тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулахад  чиглэдэг.  Ерээд оноос найз нөхөдтэйгээ нийлж тодорхой бизнес эрхэлж байсан болохоор энэ салбарт бие дааж хүч сорьё гэж шийдээд компаниа байгуулсан. Хамгийн сүүлд Шивээ-Овоо уурхайн нүүрсний чийглэгийг бууруулах үйлдвэр болон конвейерийн тээврийн систем нэвтрүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.  
Монголын уул уурхайн салбарт маш олон  төсөл хэрэгжиж байна. Тэдгээрээс Шивээ-Овоо компаниас зарласан тендерийг бид сонирхож, нэлээд судалж үзээд оролцохоор шийдвэрлэсэн. Манай компани   илүү боломжтой санал өгч шалгарсан юм.  Цар хүрээ, ач холбогдлын хувьд энэ нь манай компани ч гэлтгүй Монголын уул уурхайн салбарын хэмжээнд томд тооцогдох   төсөл.  Энэ утгаараа биднээс нэлээд хүчин чармайлт шаардсан ажил байлаа. Гэхдээ шинээр хийж бүтээсэн бүхэн тухайн хүндээ анхных гэдгээрээ сайхан сэтгэгдэл төрүүлдэг, бахархууштай байдаг.
Энэ төсөл дан нүүрс тээврийн конвейер, эсвэл хатаах үйлдвэр биш. Эдгээрийг хослуулсан бүхэл бүтэн иж бүрдэл. Өөрөөр хэлэх юм бол ийм иж бүрдлийн уялдаа холбоог сайн зохицуулж хийх хариуцлагатай ажил гэдэг нь эхнээсээ анзаарагдсан.Хийх ёстой, зайлшгүй шийдвэрлэхээс аргагүй ажлууд бүтээн байгуулалтын явцад илүү тодорхой болж байсан. Наад зах нь, үйлдвэрийн барилгыг барих гэтэл хөрс солих асуудал гарч ирсэн. 10 мянган шоо метр хөрс хуулж, таван метр ухаж байж үндсэн хөрсөнд хүрэх жишээтэй. 
Өнгөрсөн жил хөрс солих, нягтруулах ажилд нэлээд цаг зарцууллаа. Өвлийн  хүйтэнд гагнуур хийхэд технологийн хувьд хүндрэл гарч байсан. Тиймээс бүтээн байгуулалтын зарим ажлыг хойшлуулах шаардлага ч гарч байв. Ийм нөхцөлд техникийн хувьд газар дээр нь уялдуулахаас гадна   үйлдвэрлэгч компанийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч ажилласан.

Монголд  гадны технологийг  горимын дагуу нэвтрүүлэхэд бэрхшээл үүсч байсан уу? Байгаль цаг уур, орон нутгийн онцлог гээд  янз бүрийн эрсдэл  гардаг уу?

Энэ төслийн  зураг төсөл, схемийг зохиохдоо Техник, эдийн засгийн үндэслэл болон тендерийн баримт бичигт заасан заалтуудыг үндэслэсэн. Хамгийн гол нь хэд хэдэн шинэ санаа технологийг оруулж өгснөөрөө бидний давуу тал байсан гэж үздэг. Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалсан  бэрхшээлүүд Монгол орны говийн бүсэд харьцангуй их байдаг. Ихэнхдээ хүчтэй шороон шуурга тавих,  халах гэх мэт  үзэгдэл одоо ч гарсаар байна.
Тоног төхөөрөмжүүдийг турших, тохируулга хийх  явцад нэлээд шийдвэрлүүштэй зүйлүүд ажиглагдаж байна. Хүйтрэлийн улмаас зарим нэг хоолойд цанталт, бөглөрөл үүсч байна. Чийгтэй нүүрс ременүүдэд наалдах, цэвэрлэх тоног төхөөрөмжүүд шаардлага хангахгүй байх зэрэг хүндрэл гардаг.  Энэ бүхнийг Монголын онцлогт тохируулан өөрчилж хийж байгаа.

Монгол инженерүүд   өөрсдийн хүчээр үндэсний томоохон үйлдвэрүүдийг байгуулж байна. Нүүрс хатаах үйлдвэр болон конвейерийн тээврийн иж бүрдэл ч мөн монголчуудын гараар бий боллоо. Монгол инженерүүдийн талаар Та юу хэлэх вэ?

Бидний үеийн инженерүүд голдуу Орос “школ”-той хүмүүс байдаг. Инженерийн орос “школ” бол дэлхийд дээгүүрт орох хэмжүүр. Энэ талаас бодвол  монгол инженерүүд зөвхөн  өнөөдөр сүрхий болчихсон биш. Ерөнхийдөө монгол инженерүүдийн оюуны чадвар өндөр байж ирсэн юм.
Өмнөх нийгэмийн тухайд  тодорхой төвлөрсөн төлөвлөгөө, төсөвтэй байсан. Түүндээ Оросын мэргэжилтнүүдийг түлхүү авч үздэг, харин монгол инженерүүдийг тэдэнд дагалдуулж сургах байдлаар явж ирсэн гэж би хувьдаа боддог. Тэгвэл одоо чөлөөт  нийгэм учраас монгол инженерүүд өөрсдийгөө нээж харуулах боломжтой болж байна. Манай компани Нүүрс хатаах үйлдвэр, конвейерийн  тээврийн системийн төсөлд оролцсоноороо монгол инженерүүдэд  нөөц боломж бий гэдгийг батлан харуулсан гэж боддог.
Иймд ямарч төсөл хэрэгжүүлэх нөхцөл   бүрдээд санхүүжилт нь шийдэгдчихвэл монгол инженерүүд ихийг   хийх боломжтой, тийм ч чадамжтай.

Гадаадын томоохон компаниуд Монголд үйл ажиллагаа явуулахдаа өөрийн орны инженер ажилчдыг түлхүү ажиллуулах сонирхолтой байдаг. Та бүхний сая  хэрэгжүүлсэнтэй ижил төстэй төслийн санал хүлээн авбал тэдний тавьсан шаардлагад нийцүүлэн ажиллах чадвар,  итгэл байгаа юу?

Конвейерийн тээвэр  дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, байгаль орчинд ээлтэй, зардал багатай болох нь батлагдсан. Хурдтай хөгжиж байгаа тээврийн хэрэгсэл бол яах  аргагүй  энэ мөн. Ганц Шивээ-Овоогийн уурхай  ч биш, Монголын уурхайнууд энэ чиглэл рүү хандах хэрэгтэй. Бид өнгөрсөн жил хуримтлуулсан туршлагадаа тулгуурлаад дараагийн ийм төсөлд оролцох бүрэн боломжтой.
Манай компанид гадаадын болон дотоодын  хэд хэдэн уул уурхайн компани дээрх чиглэлээр хамтран ажиллах санал тавиад байна.    Шивээ-Овоогийн  төсөл маань  энэ хүмүүс ингэж хийж бүтээсэн байна, дахиад ижил төрлийн төсөл хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм байна гэсэн итгэл төрүүлсэн бололтой.  

Уулын цахилгаан механик инженерийн хувьд өнөөдөр Монголын уул уурхайн салбарт нэн тэргүүнд ямар бүтээн байгуулалт үгүйлэгдэж байна гэж боддог вэ?  

Манай оронд хувийн хэвшлийнхэн нүүрс боловсруулах үйл ажиллагааг түлхүү явуулж байгаа нь сайн хэрэг. Улс орны болон Төрийн өмчит байгууллагын хэмжээнд гэх юм бол Шивээ-Овоо уурхай нүүрс хатаах технологи, урт конвейер нэвтрүүлсэнээрээ эхнийх нь боллоо.
Нүүрс хатаах нь боловсруулалтын нэг дэвшил. Чийглэг өндөртэй нүүрсийг зууханд тохируулах гэж асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, чийглэг ихтэй нүүрс шаталтын процесс гүйцэхгүй учраас гол хэрэглэгч цахилгаан станцдаа хүндрэл учруулдаг. Багцалж хэлбэл, бидний энэ ажил Монголын нүүрсний салбарт хийсэн төсөл биш, цаад утгаараа эрчим хүчний салбарын үйл ажиллагааг сайжруулах, уурхайчдын ажлыг хөнгөвчлөх гэсэн ИНЖЕНЕР хүний сэтгэлийн галаар бүтсэн юм. Мөн байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай сүүлийн үеийн конвейерийн системийг богино хугацаанд манай уурхайнууд нэвтрүүлбэл тээвэрлэлтийн болон ашиглалтын зардал буурч, ажлын ачаалал  багасах эдийн засгийн үр ашиг өндөртэйг Шивээ-Овоогийн туршлагаас харж болно.
 Шинэ үеийн уул уурхайн хөгжил Монгол инженерүүдийн гарт байгаа гэдгийг нийт уурхайчиддаа уриалъя.


Ярилцсан Г.Идэрхангай