Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Ашиглалтаас хаалт хүртэлх “эрүүл” уул уурхай

С.Цэдэндорж
ШУТИС-ийн УУИС-ийн Уурхайн технологийн салбарын эрхлэгч, доктор Ph.D, профессор

М.Дагва
Уул уурхайн төсөл судалгааны төвийн дэд захирал, Канадын уул уурхайн программ хангамжийн “Жэмком Софтваре интернэшнл” компанийн Монгол дахь төлөөлөгч, ШУТИС-ийн УУИС-ийн багш, магистр

 

Тэнд юу болов?
Одоогоос гурван жил гаруйн өмнө Канадын Онтарио мужийн Судбурид Жон Родригэз гэх эрхэм хотын даргаар сонгогдож байх үед никелийн үнэтэй хатуу холбогдсон уг хотын санхүүгийн боломжууд нь урьд өмнө байгаагүйгээр тун чиг аятайхан харагдаж байсан гэдэг. Металлын үнэ рекорд эвдэн гэрлийн хурдаар өсөж байсан бөгөөд энэ сайхан боломжийг ашиглан хотынхоо өнгө төрхийг өөрчлөн “Уул уурхайн хот”  гэсэн имижээс нь салгаад авах санаа эрхэм “мэр”-ийн толгойд буусан гэдэг. Ингээд дэлхийн жишгийг илтгэх нүсэр том амралт сувиллын төв, мөн 170 орчим сая долларын зардалтай урлагийн ордон байгуулах төлөвлөгөө боловсруулсан захирагч тухайн үед Судбури ашигт малтмалын бассейнийг 40 тэрбум орчим доллараар худалдан авсан Бразилийн Вале до Рио Досе болон Шведийн Экстрада ПЛС корпорациудын нэгдлийг түшсэн байдаг.

2008 оны сүүлээр дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш  огцом унаснаар дээрх  корпорациуд Судбури дахь үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулан, уурхайнуудаа эхнээс нь хаах болсноор  хотын даргын мөрөөдөл тодорхойгүй хугацаагаар хүлээлтэд орсон. Түүгээр зогсохгүй хотын 5000 хүнийг ажлын байраар хангаж байсан уурхай тодорхойгүй хугацаагаар хаагдсанаар ажилгүйдлийн асуудал хэмээх толгойн өвчин нэмэгдсэн гэх. 

Хямралын өмнө хотын орон сууц, хаусны үнэ ханш хаданд гарч байсан бөгөөд өндөр үнэтэй байр зээлээр авсан ажилгүй иргэдийн амьжиргааны асуудал нэлээд хүндхэн байгаа. Мөн никелийн үнийн өсөлтийн бонустай нийлээд 2007 онд уурхайчид жилдээ 150000 гаруй канад долларын цалин авцгааж, пикап машин, завь, мотоцикл, цаснаа явагч, тэр бүү хэл хувийн жижиг онгоцыг бэлэн мөнгөөр авах нь авч, зээлээр авах нь ч  авцгаан тансаглацгааж байжээ. Уурхайчдын хотын үйлчилгээний салбарт ажилладаг 12.000 орчим иргэд энэ үед мөн урьд өмнө байгаагүй олз омогтой байцгаасан бол хямралын улмаас  яггүй өрийн сүлжээнд орооцолдсон, хот даяараа хямарсан байдалтай байгаа гэнэ.

Уул уурхай олон жил хөгжсөн улсад, уул уурхайн дэлхийд нэрээ дуурсгасан хоёр том корпораци үйл ажиллагаа явуулж байсан нутагт уурхайн хаалттай холбогдон бий болсон хүндрэлийн эсрэг компанийн зүгээс авсан арга хэмжээ, хариултыг товчхон хэлбэл “бид 365 хүнийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулж байна. Гэвч бид Торонто дахь оффисдоо 55 хүнийг цомхотгоод байна. Бүр удирдлагын дээгүүр түвшинд ажиллаж байсан 12 хүнээ түр чөлөөлөөд байгааг, ер нь дэлхий даяараа хямраад байгааг ойлгоно биз дээ. Орон сууцны үнэ ханш унаж  байгаад бид нөлөөлж чадахгүй ч бид иргэдийн эрүүл мэнд, хоёр дахь мэргэжил эзэмших зэрэгт чиглэсэн тэтгэлгийн хөтөлбөрүүдээ тодорхой хэмжээнд үргэлжлүүлсээр байгаа нь бага ч гэсэн орон нутагт нэмэртэй   гэж найдаж байна” гэсэн   юм.


Тэд хаана, Бид хаахна явна вэ?
2007 оноос эхлэн жил бүр зохиогдож ирсэн Уурхайн Хаалт олон улсын бага хурлын ээлжит хурал  2009 оны есдүгээр сард Австрали улсын Перть хотод болсон бөгөөд санхүү эдийн засгийн хямрал зэрэг гэнэтийн шалтгаанаар уурхай төлөвлөж байснаасаа эрт буюу ашигт малтмалын нөөцөө ашиглаж дуусахаас өмнө хаагдах үед уул уурхайн компанийн нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлага юу байх талаархи асуудал нэлээдгүй анхаарал татсан сэдэв байлаа.

Харамсалтай нь эрт орой хэзээ нэгэн цагт ашигт малтмал олборлож байсан уурхайг хааж орхидог. Уурхайн хаалт нь хүрээлэн буй байгаль орчны, нийгмийн, эдийн засгийн нөлөөлөл, үр дагавруудтай байдаг.  Төлөвлөгдөөгүй, гэнэтийн байх тусмаа эдгээр үр дагаврууд хүнд тусдаг гэдгийг 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямрал уул уурхайн салбарт мэдрүүллээ. Уурхайн хаалтын хүрээлэн буй орчны асуудал, түүнтэй холбоотой инженер геологийн, аюулгүй байдлын асуудлуудад харьцангуйгаар арай түлхүү анхаардаг, байгаль орчны хууль тогтоомжуудад тодорхой хэмжээнд тусгагдсан, үүрэг хариуцлага хүлээлгэдэг, санхүүгийн барьцаа хөрөнгө шаарддаг, төвлөрүүлдэг. Харин бага анзаарагддаг, тэр хэмжээгээр дутуу дулимаг ойлгодог, орхигддог тал нь нийгэм, эдийн засгийн асуудал байдаг. Манай Налайх зэрэг төрийн мэдлийн уурхай хаагдахад түүнтэй холбоотой гарч ирсэн ажилгүйдэл, орон сууц болон бусад дагалдах дэд бүтцийн цаашдын ашиглалт гэх мэт нийгмийн чанартай хүндрэл бэрхшээлүүд шууд төрийн хүлээх үүрэг хариуцлага болон бууж байсан нь байгаль орчныг сэргээх үүргээ уул уурхайн компани нь хүлээж, бусад асуудлыг төр шийддэг гэсэн сэтгэхүйг бий болгосон тал ажиглагддаг.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.