Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Цөмийн энергийн салбар “эзэнгүй” байна

Э.Оджаргал

Өнгөрсөн онд дэлхийн болоод Монголын цөмийн энергийн салбарт дуулиан шуугиантай олон асуудал өрнөсөн билээ. Японд болсон байгалийн гамшгийн улмаас Фүкүшима атомын цахилгаан станц осолдож, дэлхий нийтийн цөмийн аюулгүй байдалд итгэх итгэл суларсан юм. 2022 он гэхэд Герман улс атомын бүх цахилгаан станцаа зогсоох бодлого баримталж байна. Тус улсаас гадна Евро бүсийн таван орон “энхийн атом”-аас татгалзах болсноо мэдэгдэв. Хандлага ийнхүү эргэж байгаа нь цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Арева” группын үйл ажиллагаанд ч мөн тодорхой хэмжээгээр нөлөөлөхөд хүрчээ.

Ураны 1.3 сая тонн илэрсэн нөөцтэй Монгол улс олон улсын цөмийн салбарт анхаарал татахуйц “тоглогч” болон гарч ирээд байгаа. Уран олборлох, цаашлаад атомын цахилгаан станц барьж, цөмийн эрчим хүч үйлдвэрлэх гээд ирээдүйн томоохон төлөвлөгөөтэйгээр улс орнуудтай Тунхаг бичиг байгуулж байгаа билээ. Гэтэл  цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч их гүрнүүд манайд цөмийн хаягдал шаараа булшлах гэрээ хэлэлцээ хийж буй тухай мэдээлэл  монголчуудын төдийгүй олон улсын анхаарлыг татсан юм. Энэ тухай Японы “Майничи” сонинд мэдээлснээр дуулиан анх дэгдсэн.  Хэрэв гадны цөмийн  хаягдлыг Монгол улсын нутаг дэвсгэрт булшилсан, эсвэл ийм төрлийн гэрээ хийсэн буюу хийхээр оролдсон бол энэ нь үндэсний аюулгүй байдалд ноцтой харшилна. Тиймээс салбар хариуцсан Цөмийн энергийн газар, Төрийн өмчит “Мон-Атом” компанийн үйл ажиллагаа, дарга нарын хариуцлагын асуудал зүй ёсоор тавигдаж байгаа юм.

Цөмийн Энергийн газар
2008 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан. Монгол Улсын хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн судалгааг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт тавих чиг үүрэгтэй. Тус байгууллагыг анх байгуулагдахад нь шинжлэх ухааны доктор, профессор С.Энхбатыг даргаар нь томилсон юм. “Монгол улс атомын цахилгаан станцтай болох боломжтой” гэсэн том зорилтыг уриа болгосон академич Н.Содном агсны хүү гэдгээр нь түүнийг мэднэ. Олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институт дэх Монгол улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн технологи дамжуулах төвийн Ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байсан туршлагатай эрхэм.
Гадны цөмийн хаягдал шаарыг Монголын газар нутагт байршуулах тухай мэдээлэл цацагдсаны дараа  Засгийн газрын 2011 оны наймдугаар сарын 24-ний хуралдаанаар Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг ажлаа танилцуулахыг үүрэгдсэн байдаг. Бодит байдлын талаар мэдээлэл өгөхийг хүсч, гурван удаа дуудахад  нь орон нутагт цацраг идэвхт бодисын тархалтын шалгалт хийж яваа болон эрүүл мэндийн шалтгаанаар тэрбээр хуралдаанд оролцоогүй. Түүнийг БНСУ-д эмчлүүлж байхад ажлыг нь орлож үлдсэн Цөмийн энергийн газрын дэд дарга Ц.Дамдинсүрэнг хариуцсан ажлаа Засгийн газарт хангалтгүй тайлагнасан, ажлаа мэдэхгүй байна гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
 
С.Энхбатыг ажил удаан хугацаагаар цалгардуулсан хэмээн үзэж,  2012 оны  нэгдүгээр сарын 18-нд үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Өмнө нь түүнийг ажлаас халж, оронд нь Цөмийн эрчим хүчний асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд асан А.Ундрааг томилохоор яригдаж байна хэмээн хэвлэлээр шуугиж байсан удаатай. Ямартай ч энэ албанд шинээр хэн томилогдох нь одоогоор тодорхойгүй байгааг  Цөмийн энергийн газрынхан хэлж байна. Шинэ даргыг томилох хүртэл тус байгууллага одоогоор нам гүмхэн байна.

Мон-Атом
Засгийн газрын 2009 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 45 тоот тогтоолоор байгуулагдсан. Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд төрийн оролцоог төлөөлөх зорилготой төрийн өмчит компани /ТӨК/ юм. 100 сая төгрөгийн нөөц дүрмийн сантай.
Цөмийн энергийн газрын мэдэлд байдаг тус компанийн ажил хоорондоо уялдаа холбоогүй, ажлын хэрэгжилт удаашралтай, бодлого болон зорилтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь байгууллагуудын удирдлагатай холбоотой гэж   Засгийн газар үзжээ. Энэ үндэслэлээр өнгөрсөн оны аравдугаар сард тус компанийн гүйцэтгэх захирал Б.Бадамдамдинг ажлаас нь чөлөөлсөн юм. Одоогоор орны хүн томилогдоогүй байгаа энэ албан тушаалд Мон-Атом компанийн орлогч захирал Г.Цогтсайхан томилогдох сураг байна. 
“Мон-Атом” ТӨК нь Монгол-Оросын хамтарсан “Дорнод Уран” компанийг байгуулж, ураны стратегийн орд газрыг эдийн засгийн үр ашигтай болгох ажлыг нэн тэргүүнд эхлүүлэх үүрэг хүлээсэн  газар.   2010 оны арванхоёрдугаар сард Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлалаар энэ асуудал баталгаажсан ч өнөөг болтол компани байгуулагдахгүй байгаагийн гол шалтгаан нь Канадын “Хан ресурс” компанийн зарга юм. Олон улсын арбитрын шүүхээс энэхүү заргыг 2013 онд эцэслэн шийдвэрлэхээр болсон байна.