Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Н.Энхбаяр: Зах зээлийн жам хуулийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүй

Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ашигт малтмалын томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах эрх зүйн орчинг бүрдүүлэх ажил удааширснаас бид эдийн засаг, санхүүгийн асар их боломжийг алдсаар ирлээ. Энд нэг талаас Монголын талын эзэмших хувь хэмжээ, нөгөө талаас хөрөнгө оруулагчдад ашигтай байх эзэмшлийн  хувийн харьцааны асуудал ихээхэн анхаарал татаж , маргаан мэтгэлцээний сэдэв болдог. Энэ хоёр байр суурийг сөргөлдүүлэн тавих нь асуудлыг оновчтой шийдэхэд тус болохгүй бололтой. Тэгвэл ямар гарц байж болох вэ? Айлаас эрэхээр авдраа уудал гэдэгчлэн бидэнд бэлээхэн туршлага бий. Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт“ үйлдвэрийг 1978 онд ашиглалтад оруулахад Оросын тал 100 хувийн хөрөнгө оруулалт , техник технолог болон нарийн мэргэжлийн боловсон хүчний хангалтын асуудлыг бүрэн хариуцаж байсан учраас эхлээд 51 хувийн эзэмшилтэйгээр үйлдвэрийг байгуулж, 25 жилийн дараа буюу 2003 онд тэр үеийн Засгийн газар “Их өрийн“ асуудлыг Монгол Улсад нэн ашигтайгаар шийдвэрлэхдээ “Эрдэнэт“ үйлдвэрийн Монголын талын эзэмших хувийг 51 болгон баталгаажуулсан билээ. Энэ хугацаанд “Эрдэнэт“ үйлдвэр манай улсын хөгжил дэвшилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг тэргүүлэх үйлдвэр болж, Монголын ард түмэнд үр өгөөжөө өгч, цаашид ч олон жилийн туршид ажиллах нөөц, боломжоо хадгалсаар байгаа гэдгийг та бид бэлхнээ мэднэ.

Хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхол, улс орны эрх ашгийг аль алиныг нь тооцсон, хамтран ажиллагч хоёр талд хоёуланд нь хожоотой байх энэ зарчмыг баримтлан уул уурхайн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх бодлого болгож ажиллахыг УИХ, Засгийн газарт хандан санал дэвшүүлж, чиглэл болгож байна. Тухайлбал, Тавантолгойн орд газрын хувьд гэхэд таамаглаж байгаа нөөц баялаг 6 тэрбум тонн , үүнээс жилд 30 сая тонныг нь олборлоход 200 жил, харин ихэсгэж бодоод жилд 60 сая тонныг ашиглана гэхэд 100 жил ажиллах хүрэлцээтэй нөөц баялаг байгааг эрдэмтдийн тооцоо нотолж байгаа. Энэ том орд газрыг монголчууд бид өнөөдөр  дангаараа хөрөнгө оруулалт хийж, дэвшилтэт технолог нэвтрүүлж, нарийн мэргэжлийн боловсон хүчнээр хангаж ашиглах чадамж байхгүй нь бодит үнэн. Тийм учраас томоохон хөрөнгө оруулагчдыг, тэдний санхүүгийн эх үүсвэр, технолог, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг энэхүү бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулахаас өөр замгүй.

Хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг тооцож, оруулсан хөрөнгийнхөө зарцуулалтыг хянахыг хүснэ. Оруулсан хөрөнгөө нөхөж, ашиг олохыг эрмэлзэнэ. Ингэх нь зүй ёсны хэрэг. Тиймээс эхний үе шатанд тухайн ордын 51-ээс дээш хувийг нь эзэмшиж, хөрөнгө оруулалтынхаа бодлогыг барьж, эрсдэлийг үүрдэг зах зээлийн жам хуулийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тавантолгой мэтийн ямар ч том ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд Эрдэнэтийн жишгийг дагавал хөрөнгө оруулагч өнөөгийн татварын орчинд оруулсан хөрөнгөө нөхөж, ашгаа олоход дунджаар 25 жил хангалттай гэж судлаачид үзэж байна.

Харин 26 дахь жилээс эхлэн буюу дараачийн үе шатанд монголчууд 51 хувиа эзэмшээд явах боломж бий. Монголын нутаг дээр байгуулсан үйлдвэрүүд , дагалдах дэд бүтцүүд нүүгээд явчихгүй нь ойлгомжтой. Тийм учраас бодлогын энэ оновчтой , шалгагдсан хувилбарыг хэрэгжүүлэхэд үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхгүй байх гэж бодож байна. Хэдийгээр эхний 25 жилд хөрөнгө оруулагч төслийн 51 хувийг эзэмшиж байгаа ч төлбөр, татвар, хураамж зэргийг оруулаад эдийн засгийн үр ашгийг нь тооцвол аль ч үед шатанд Монголын талд 51-ээс дээш хувийн ашигтай байх нь ойлгомжтой. Энэ үед үндэсний эрх ашиг, аюулгүй байдлаа хангах бодлогын хүрээнд “алтан хувьцаа“ гаргах зэргээр Хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчихгүйгээр хяналтаа тавих, зохицуулах механизмыг хэрэглэж болно. Хөрөнгө оруулж ирэхээс нь өмнө үргээлгүйгээр, оруулсан хойно нь ойлголцож хамтран ажиллах энэ зарчмыг баримтлах нь аль аль талдаа ашигтай гэж бодож байна. Судлаачдын тооцоолж байгаагаар уул уурхайн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй алдах өдөр болгон нь манай оронд, иргэдэд маань үнэтэй тусч байна. Хамгийн багаар бодоход өдөрт нэг сая ам. доллар , өсгөж бодоход жилд хоёр тэрбум ам. доллар олох боломжоо бид алдсаар байна.