Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа: Татварын хувь хэмжээг анхаарах санал оруулж байгаа

Зах зээлд улс орон дөнгөж шилжээд, 1994 онд хувийн сектор алтны үйлдвэрлэлд орж эхэлсэн үе. Монголбанк тухайн үед алтыг зах зээлийн үнээс хамаагүй доогуур үнээр худалдаж авч байсан. Тэр асуудлыг Ассоциацаас тодорхой хэмжээгээр хөөцөлдөөд, зах зээлийн үнийн баримжаатай болгох ажлыг хийсэн юм. Хамгийн анхны том ажил, үр дүн нь тэр байдаг юм. Би 2001 оны арванхоёрдугаар сард Ассоциацид ирснээс хойш найман жил болж байна. Тухайн үед байнгын ажлын талбаргүй байсан л даа. Хамгийн анхны байнгын цалинтай ажлыг би хийж эхэлсэн юм. Өнөөдөр бол МУУҮА байнгын ажиллагаатай болж үйл ажиллагаа нь цэгцэрсэн. Гишүүдтэйгээ нягт холбоотой ажиллаж байна.

Энэ хугацаанд олон хурал зөвлөлгөөн, дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа. Томоос нь нэрлэх юм бол 2002 онд уул уурхайн салбарт мөрдөгдөж байгаа татварын хувь хэмжээ, тогтолцооны талаар үндэсний хэмжээний бага хурал зохион байгуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн асуудлаар 2001 онд олон улсын хэмжээний том хурал зохион байгуулсан. Яг тэр үед бас нинжагийн асуудал нэлээн түлхүү гарч ирсэн учраас үйлдвэрлэлийн бус гар аргаар ашигт малтмал олборлох асуудлаар үндэсний хэмжээний зөвлөлгөөнийг зохион байгуулсан. 2002 онд анх удаа уул уурхайн салбарын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн зохион байгуулжээ.

“Майн инфо“, “Монруд“, “Геологийн холбоо“, “Уул уурхайн ассоциаци“ хамтраад 2003 оноос хойш “Discover Mongolia“ олон улсын чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулж ирлээ. Өнгөрсөн жилээс “Mine Tech“ уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг дотооддоо зохион байгууллаа. Ер нь төр, засгийн байгууллагатай хамтарч ажиллах  талаар ч нэлээн алхам хийсэн. Тухайн үеийн яам, хэрэг эрхлэх газрын удирлагуудтай санамж бичиг үйлдээд мэдээлэл солилцох, хамтарч хурал зөвлөлгөөн зохион байгуулах хэлбэрээр ажиллаж ирсэн. Мөн гишүүддээ чиглэсэн ажлууд цөөнгүй хийжээ. Тухайлбал дотоодын хэвлэлүүдэд гардаг уул уурхайн салбартай холбоотой мэдээллийг англи хэл дээр бэлтгэн тогтмол хүргэдэг боллоо. Уул уурхайн ассоциацаас гишүүддээ долоо хоног болгон яг юу хийж байгаа вэ, дараагийн долоо хоногт юу хийх вэ гэдэг мэдээллээ  хүргэдэг боллоо. Эргэх холбоог сайжруулж, тэр хэмжээгээр хамтран ажиллах тал дээр түлхүү анхаарч ирсэн. Тиймээс ч сүүлийн үед гишүүдийн тоо нэмэгдэж байгаа.

Одоогоор хэдэн гишүүн байгууллагатай болсон бэ?

100 гаруй байгууллага байна. Өнгөрсөн онд л гэхэд 18 байгууллага шинээр гишүүнээр элссэн.

“Discover Mongolia“ бол Монголд болдог олон улсын томоохон арга хэмжээний нэг. Анх зохион байгуулж байсан үеийг өнөөгийнхтэй харьцуулбал нэлээд өөрчлөлт гарсан байх?

Хамгийн анхныхыг нь “Чингис зочид“ буудалд хийсэн юм. Тавдугаар давхарт нь үзэсгэлэн гаргаад, гуравдугаар давхарт нь 250 хүний суудал засуулаад, тэгээд тэр танхимын суудал дүүрэх нь үү, үгүй юү гэж их санаа зовж бараг л нойргүй хоносон юм даа. Тэгээд хурлын танхим дүүрэхэд санаа амарч билээ Тэрнээс хойш төлөөлөгчдийн тоо тогтмол нэмэгдээд, дараа жил нь 400, одоо 600-800 хүн хуралд оролцдог боллоо. Арван хэдэн орны 140-өөд байгууллагын хүмүүс ирдэг. Үзэсгэлэн гаргаж байгаа, ирж үзэж байгаа хүмүүстэй нийлээд ийм тооны төлөөлөгч оролцож байгаа юм. Монголдоо бол нэлээн том арга хэмжээнд орно. Ер нь ач холбогдлоороо Зүүн Азийн хэмжээнд болдог “China Mining“, Казахстанд болдог уул уурхайн салбарын олон улсын хурлын дараа бараг гуравдугаарт орж байна.  

МУУҮА гурван том зорилго өмнөө тавьдаг. Уул уурхайн үйлдвэрлэл, геологи хайгуулын ажил явуулж байгаа хувийн хэвшлийнхний санаа бодлыг төрөөс явуулж байгаа бодлогод тусгах нь нэгдүгээр зорилго. Хоёрдугаарт, тэдний нийтлэг эрх ашгийг хамгаалах, гуравдугаарт нь мэдээллээр хангах. Тэгэхээр бид төр, засагт ямар байдлаар асуудлыг тавьж хандаж байна гэхээр хууль дүрэм нь тодорхой тэгш үйлчилдэг ил тод, тогтвортой байх талаас ханддаг. Нөгөөтэйгүүр хувийн компаниуд,   геологи уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын төлж байгаа татварын хэмжээг  төлөх бололцоотой зохистой хэмжээнд байлгах явдал. Төрд ч хэрэгтэй, бизнест ч ашигтай хувь хэмжээтэй, бусад уул уурхай хөгжүүлж байгаа орнуудтай өрсөлдөхүйц   хувь хэмжээг тогтмол мөрдөх талаас нь асуудлууд тавьдаг.

МУУҮА цаашдын зорилтоо хэрхэн тодорхойлж байна вэ?

Уул уурхайн салбар Монголд ная гаруй жил хөгжиж байгаа ч гэсэн яг том үйлдвэрүүд цөөхөн. Жонш, алт, нүүрсний чиглэлийн жижиг, дунд үйлдвэр их байна. Байгаль орчны талаас нэлээн хэл ам гарч байна. Орон нутагт уул уурхайгаас ирэх өгөөж тааруу.

Тиймээс бид иргэний нийгэм, төр засгийнхантай Монголд уул уурхайг хариуцлагатай хөгжүүлэх тунхаг бичигт сарын өмнө  гарын үсэг зурсан. Энд найман зарчим тодорхойлоод, үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад илгээлээ. Мөн олон нийтэд уул уурхайн талаар үнэн зөв, бодитой тэнцвэртэй мэдээлэл хүргэхийг зорьж байна.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа болох, нийгмийг соён гэгээрүүлэх ажилд ассоциаци үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ. Өөр нэг анхаарах ёстой асуудал нь уул уурхайн салбарт мэргэжилтэй боловсон хүчин алга. Бизнесийнхний тавьдаг шаардлагад нийцсэн инженер ч, техникч ч цөөн байна. Тэгэхээр энэ асуудал дээр бид бас холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаад зөв голдрилд нь оруулах тал дээр Мянганы сорилын сангаас хэрэгжүүлж байгаа төслийн багийнхантай хамтарч ажиллахаар төлөвлөж байна.  

Хариуцлагатай уул уурхайг хөгжүү­лэхэд дэмжлэг туслалцаа болох, нийгмийг соён гэгээрүүлэх бүхий л ажилд Ассоциаци цаашдын үйл ажиллагаагаа зориулна.