Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Эрхлэгчийн зурвас

Mongolian Mining Journal-ийн гуравдугаар сарын дугаар эрхэм уншигч Таны өмнө байна. Эдийн засгийн бодлого, шийдвэр, гарц, хандлагын тухай тойм, ярилцлагууд энэхүү дугаарт түлхүү нийтлэгдэв. Монгол оронд бизнесийн идэвхтэй улирал эхэлж буйтай зэрэгцэн Эдийн засгийн форум нээгдэж, үнэ цэнтэй саналууд, ширүүн шүүмжлэл, нэгдэж хамтарч ажиллах уриалгууд сонсогдсон цаг үе байлаа.

Уул уурхайд түшиглэсэн эдийн засаг, бизнесийн орчин тэлсээр байна. Тиймээс MMJ сэтгүүл нь мэдээллийн цар хүрээгээ тэлэхийн хамт, цацах сувгаа өргөжүүлж буйг байнгын уншигчдадаа дуулгая. Монголын хамгийн хүртээмжтэй вэб хуудсаар тогтмол нэрлэгддэг www.gogo.mn сайтын Эдийн засгийн хуудсыг MMJ сэтгүүлийн редакц эрхлэн хөтөлж эхэлж буйг уламжлахад таатай байна. Шинэ мэдээллийн буухиа цахим хуудсаар дамжин Таны сонорт шуурхай хүрнэ гэсэн үг. Түүнчлэн, мэдээллийн хүчирхэг сайт www.news.mn дээрх Уул уурхайн мэдээллийн дэд хуудсыг MMJ сэтгүүлийн мэргэжлийн баг  хөтлөх юм. Уул уурхайн салбарын дотоод, гадаад шуурхай мэдээллийг хандлага, тойм, хэлэлцүүлэг, байр сууриудын хамт цогцоор Танд хүргэнэ. MMJ сэтгүүлийн хуудсанд түлхүү байрыг эзэлдэг уул уурхайн компаниудын үйл ажиллагааны талаарх бодит, ажил хэрэгч мэдээлэл ийнхүү олон нийтийн хүртээмжтэй сайтын хуудаснаа байраа эзлэх юм.

Эдийн засаг, бизнес, уул уурхайн салбарын мэдээллийг өдөр тутам цэнхэр дэлгэцээр түгээх манай телевизийн тогтмол хөтөлбөр тун удахгүй Таны хөтөч болно гэдгийг ч давтан дуулгая. Монгол орны эдийн засгийн амьдралд өрнөж буй үйл явдлыг бодитой өнгөөр нь, зах зээлийн хандлагын хамт мэргэжлийн түвшинд мэдээлэх манай суваг улам бүр хүртээмжтэй болсоор байна.