Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

MONGOLIA 2010-INVESTMENT SUMMIT

Mongolia Investment  Summit-ын ач холбогдлын талаар төр, засаг болон хувийн хэвшлийн салбарын төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонирхлоо.

Хөрөнгө оруулагчид бидэнд өнгөцхөн хариулаад
орхихооргүй асуулт тавьдаг болсон байна


Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт
Гадаадын бизнес эрхлэгчдийн Монголын талаарх мэдлэг мэдээлэл илт нэмэгдсэн нь  чуулга уулзалтын үеэр  ажиглагдлаа. Энэ нь нэгдүгээрт, Монголын аж ахуйн нэгжүүд олон улсын хэмжээнд өрсөлдөх түвшинд хүрснийг, хоёрт манай улсын бизнесийн эрх зүйн орчин харьцангуй тогтворжсоныг харуулж байгаа хэрэг юм. Сүүлийн хоёр жилд хамтарсан Засгийн газрын  хийж байгаа ажлууд үр дүнд хүрч, дотоодын хөрөнгө оруулагчид гадны зах зээл дээр өрсөлдөх хэмжээнд очлоо. Хөрөнгө оруулагчид бидэнд маш тодорхой, өнгөцхөн хариулж болохооргүй, мэргэжлийн нарийн асуулт тавьдаг болсон байна. Хөрөнгө оруулалт гэдэг бол ажлын байр,  улсын төсөвт орох татвар, хөдөө орон нутагт нэвтрүүлэх шинэ төсөл юм. Уул уурхайн салбар бол манайдаа харьцангуй шинэлэг. Энэ салбарт хөрөнгө оруулалт багагүй орж ирж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хоёр зүйлийг сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Юуны өмнө, гадаадын хөрөнгө оруулагчид Монголд бизнесийн өрсөлдөх орчин үнэхээр байна уу, үгүй юү гэдгийг ажиглаж байгаа.  Тэгэхээр Монгол улс маань гадаад зах зээл дээр яаж гарах вэ, юугаа онцлох юм гэдгээ эргэж  харах цаг болсон. Монголчуудын гадаадын хөрөнгө оруулалтад хандах хандлагад олигтой өөрчлөлт орохгүй байна гэж хөрөнгө оруулагчид ярьдаг. Бид энэ хандлагаа өөрчлөх ёстой.


Австралийг бодвол Монголд уул уурхай хөгжих боломж илүү харагдаж байна

“Australian Mine Design and Development Pty” компанийн
Ерөнхий менежер Жон Виш

Монголд хөрөнгө оруулах орчин сайжирч байгаад бид баяртай байна. Гадаадын хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн тогтвортой орчин л хүсч байдаг юм. Манай компани 30 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж  байгаа, асар их туршлагатай. Австралийг бодвол Монголд уул уурхай илүү хөгжих боломж харагдаж байна. Одооноос уул уурхайн боловсон хүчнээ сайн бэлдэж авах хэрэгтэй. Тэгээд гадаадын хөрөнгө оруулалтын түншүүдээ сайн татаж чадвал Монголын уул уурхайн салбар хурдан хөгжинө. Энэ удаагийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар бид Монголын уул уурхайн хөгжил дэвшлийн талаар маш олон зүйлийг мэдэж авлаа. Танай уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан танил надад олон бий. Тэдний амнаас би байнга л таатай үгийг сонсож байдаг. Миний хувьд алт олборлолтын төслийг сонирхож байна.

Уул уурхай тойрсон бусад бизнес рүү
гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан
Монголд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсч байна. Гадны хөрөнгө оруулалт гэлтгүй дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ ч нэмэгдэх хандлагатай болсон.  Ер нь гадны хөрөнгө оруулалт сүүлийн үед уул уурхай,  дэд бүтцийн салбар руу нэлээд түлхүү орж байгаа. Энэ удаагийн “Монголын хөрөнгө оруулалт-2010” чуулганаар  Монголд хөрөнгө оруулах шаардлага нь юу юм, ирээдүйд аль чиглэлд хөрөнгө оруулалт хийвэл оновчтой вэ гэх зэрэг өргөн хүрээтэй  сэдвийг хөндөж ярилаа. Уул уурхай тойрсон бусад төрлийн бизнес  рүү  гадны хөрөнгө оруулалтыг   татах ёстой. Уул уурхайгаас олж байгаа орлогоороо аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах салбар зэрэг бусад салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Дэд бүтэц асар их хөрөнгө оруулалт шаарддагаас гадна  стандартын дагуу хийгдэх ёстой. Энэ бүхэнд  Засгийн газар онцгой анхаарал тавих нь мэдээж. Гэхдээ хувийн хэвшилтэйгээ хамтарч үүнийгээ хийх юм бол илүү бодитой зардлаар,  чанар сайтай дэд бүтэц тавих боломжтой гэдгийг хуралд оролцогчид онцолж байна.

Хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал  өмнөхөөсөө
арав дахин өссөн үзүүлэлттэй гарч байна


Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дэд дарга З.Баттүшиг
Уул уурхай, дэд бүтцийн чиглэлээр ажилладаг, хөрөнгө оруулалт хийдэг компаниудыг энэ хуралд урьж оролцууллаа. Монголыг олон улсын  уул уурхайн хөрөнгө оруулалтын банк, томоохон компаниуд сонирхож байгаа нь энэ хурлаас харагдаж байна. Монголбанкны мэдээллээр бол энэ  онд Хонконг болон Канадаас Монголын уул уурхайн салбарт орж ирж байгаа хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал  өмнөхөөсөө арав дахин өссөн үзүүлэлттэй гарч байна. Тиймээс  чуулганы гол ач холбогдол нь манай улсын уул уурхайн тодорхой  төслүүдэд гаднаас хөрөнгө оруулалт олоход чиглэж байгаа юм. Монголын компаниудад  хамтран ажиллах түншүүд  олдоно. Хурал  болохын өмнөх өдөр буюу аравдугаар сарын 13-нд Хонконгийн хөрөнгийн бирж дээр  манай үндэсний компани  хувьцаагаа арилжаалж эхэлсэн. Манай уул уурхайн компаниуд олон улсын зах зээл дээр хөрөнгө босгох боломж их байгааг харууллаа. Уул уурхайн салбар дэд бүтэцгүйгээр хөгжихгүй. Тиймээс дэд бүтцийн салбарт хөрөнгийг хэрхэн оруулах вэ, ямар төслүүд хэрэгжүүлбэл оновчтой  талаар  сонирхолтой хэлэлцүүлгүүд явагдлаа.


Хурлын дараа манай улсыг маш  олон хөрөнгө оруулагч зорино.
Их ч  мөнгөтэй очно


УИХ-ын гишүүн О.Чулуунбат
Манай улсын бизнесийн орчин таатай болж байгаа энэ үед бид маш сайн дохиог дэлхийн хөрөнгө оруулагчдад өгчихлөө шүү дээ. ММС олон улсын бирж дээр гарснаар олон улсад Монголын компаниудын benchmark боллоо. Энэ оны эхэнд Оросын тэрбумтан Олег Дерипаскагийн “Русал” Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийсэн. Маш том компани. Гэтэл захиалга нь хамаагүй доогуур эхэлж, маргаашнаас үнэ нь унаад эхэлсэн. Энэ бол тухайн орны улс төр, эрх зүй, санхүүгийн орчин муу байгааг харуулж байгаа хэрэг. Харин манай үндэсний компанийн бирж дээрх эрэлт хэрэгцээ нэмэгдэж, үнийн дүн өсч байгаа нь Монголд бизнес эрхэлж, хөрөнгө оруулалт хийж  болохын зэрэгцээ энэ орноос ирээдүйд ихээхэн орлого олж болохын нотолгоо боллоо.

Монгол руу хөрөнгө оруулагчдын анхаарал төвлөрч байна. “Оюутолгой”  төслийг УИХ-аар  нэлээд удаж  баталсан ч энэ маань дэлхийн хөрөнгө оруулагчдад маш сайн дохио өгч чадсан.  Монголоос ирээдүйд маш том орлого авч болох юм байна гэдгийн баталгаа боллоо. Энэ утгаараа  Mongolian Mining Summit  нь ихээхэн ач холбогдолтой. Хөрөнгө оруулагчид энд уулзаад “Ноён Чулуунбат аа, танай улсад очиж аятайхан төслүүдэд хөрөнгө оруулъя. Төслүүдээ бидэнд үзүүлээч” гэж хэлж байна. Монголд түүхий төсөл олон бий. Гэвч манай бизнесмэнүүдэд мөнгө байдаггүй. Геологи хайгуулын болоод өрмийн ажил явуулах гэхээр мөнгөгүй гэдэг. IPO хийх, янз бүрийн үнэлгээнүүдийн мөнгө  байхгүй бол бизнесээ амжилтад хүргэхэд хэцүү биз дээ. Ийм үед гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хүрээд ирэх нь. Түүхий төслүүдээ урагшлуулахад  энэ хурал том дөхөм үзүүлнэ гэж бодож байна. Хурлын дараа манай улсыг маш  олон хөрөнгө оруулагч зорино. Их ч  мөнгөтэй очно. Монголын хүлээгдэж байгаа төслүүд хурдан хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа.


Монгол Улс хүссэн хүсээгүй Хонконгтой холбогдоно

“Оюуны Ундраа” группын Гүйцэтгэх захирал  С.Амарсайхан 
Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Хонконгод болсон нь чухал ач холбогдолтой юм. Яг энэ үйл явдалтай зэрэгцэн Монголын компаниуд эхнээсээ олон улсын хөрөнгийн зах зээл дээр гараад эхэлчихлээ.  Монголын эдийн засаг хурдтай хөгжиж байгааг илтгэсэн, хөрөнгө оруулах боломж нөхцөл таатай болсныг нотолсон  хурал болж буйд олзуурхаж байна. Төрөөс баримталж байгаа хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, хувийн хэвшлийнхэнд дэмжлэг үзүүлэх шаардлага урьд өмнөхөөсөө  илүү ихээр тавигдаж байна. Цаашдаа Монголын олон олон компани гадаадын томоохон хөрөнгийн биржүүдээс хөрөнгө босгож, эх орноо хөгжүүлээсэй. Монгол улс хүссэн хүсээгүй Хонконгтой холбогдоно. Хонконгийн зах зээл рүү  орсноор бидэнд олон давуу тал, хөрөнгө оруулалтын боломжууд гарч ирнэ. Наанадаж л манай Хөрөнгийн бирж хөл дээрээ баттай босохын тулд Хонконгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах  байх.


Төслүүдийг хөрөнгө оруулалтын
түвшинд хүргэж бойжуулахад цаг хугацаа шаардлагатай


“Нью Прогресс” группын зөвлөх Н.Батхуяг
Би энэ чуулга уулзалтад “Нью Прогресс” группийг төлөөлж оролцлоо. Олон улсын хөрөнгө оруулалтын томоохон хурал учраас Монголд хэрэгжүүлэх  төслүүдэд хамтарч оролцох боломж гарах болов уу гэж итгэж  байна. Миний хувьд  гадаадын хөрөнгө оруулалтын чиг хандлага ямар байна, тэд яг юунд ач холбогдол өгч байна, юунд санаа зовж байна вэ гэдгийг  сонирхохоор ирсэн.
Монголын  компаниудад хөрөнгө оруулах боломжтой олон төсөл бий. Гэхдээ тэдгээр төслийг хөрөнгө оруулалтын түвшинд хүргэж бойжуулахад цаг хугацаа шаардлагатай. Хурал чуулганы маргаашнаас хамтарч ажиллах хөрөнгө оруулагч  шууд олдоно гэж байхгүй. Гэхдээ хурлын үеэр танилцсан хүмүүстэй тодорхой хугацаанд харилцсаны  дараа үр дүн нь  гарах байх.

Боломжийг олж хараад манай улсад хөрөнгө оруулахыг хүсч байгаа юм


“EUROASIA CAPITAL” хөрөнгө оруулалтын
банкны шинжээч М.Төрбат

Хятад улс хөгжихийн хэрээр Монголын уул уурхайн түүхий эд ихээхэн шаардлагатай болж байна. Монголын давуу тал бол байгалийн асар их баялагтай бөгөөд Хятадтай хөрш. Барууны хөрөнгө оруулагчид үүнийг олж харсны үндсэн дээр  манай улсад хөрөнгө оруулахыг хүсч байгаа юм.  Гадаадын жижиг компаниуд Монголд тусгай зөвшөөрөл олж аваад, хайгуул хийдэг. Түүнийгээ бирж дээр гаргаж хувьцаагаа зарах байдлаар өөр нэмэлт эх үүсвэр олж авдаг. Энэ мэтээр  компанийнхаа үйл ажиллагааг өргөтгөдөг  жишиг тогтсон.

Энэ чуулга уулзалтад  ийм компаниуд  өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилж байна. Нөгөө талаас хөрөнгө оруулагчид тэдний төслүүдээс сонголт хийж,  хэрхэн хөрөнгө оруулах вэ гэдгээ харж байгаа.  Нэг талаас санхүүжилт хайж байгаа уул уурхайн компаниуд, нөгөө талаас мөнгө хөрөнгө ихтэй компаниуд төсөл олж авах зорилготой ирсэн.  Уул уурхайн салбар маш их хөрөнгө санхүүжилт шаарддаг бизнес. Сүүлийн үед Монголд Хөрөнгө оруулалтын банк гэдэг ойлголт гарч ирж байна. Хөрөнгө оруулалтын банкийг арилжааны банктай хольж ойлгох тал бий. Хөрөнгө оруулалтын банк гэдэг бол хөрөнгө оруулагчдад төсөл олж өгдөг, хөрөнгө босгож өгдөг үйл ажиллагаа эрхэлдэг. 

EUROASIA CAPITAL  хөрөнгө оруулалтын банкны  хувьд хоёр жилийн өмнө байгуулагдсан. Бирж дээрээс хувьцаа гаргах замаар хөрөнгө босгож өгөх, брокерын болон зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа.  Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад бид хамтарч ажиллах байгууллагуудтай холбоо тогтоох зорилгоор ирсэн гэж хэлж болно.

Бэлэн төсөл байгаа бол санхүүжүүлье гэсэн хүмүүс олон байна


CodeM компанийн зөвлөх Б.Мөнхбат
Манай компани үл хөдлөх хөрөнгө түрээсэлдэг. Жуулчлалын шугамтай. Сүүлийн хэдэн сараас уул уурхайн чиглэлийн бизнес рүү орж байна. Боломжийн гэж үзсэн хэд хэдэн лиценз  байгаа. Тэдгээртээ хөрөнгө оруулагч хайж энд ирсэн. Хүмүүстэй танилцан, ажил хэргийн яриа хөөрөө өрнүүлээд явж байна. Сонирхсон хүмүүс нэлээд байна. Гэхдээ бэлэн төсөл байгаа бол санхүүжүүлье гэсэн хүмүүс олон байна. Манайх газраа л эзэмшдэг. Ямар нэгэн хайгуул судалгааны ажил огт хийгдээгүй байгаа юм л даа. Хийх гэхээр хөрөнгө мөнгө учир дутагдалтай байдаг. Хөрөнгө оруулагч олоод хайгуулаа хийх сонирхол өвөрлөж ирсэн. Одоохондоо шийдэгдсэн хариу аваагүй л  байна. Мэдээллийг чинь үзье, харъя гэсэн хариу л өгч байна. 

Ер нь хуралд оролцогчдын ихэнх нь том хөрөнгө оруулагчид байна. Том том хөрөнгө оруулалтын байгууллага, сангийн төлөөлөгчид голдуу байх шиг. Хувиараа хөрөнгө оруулагч ганц нэгхэн л  байна.   
Цаашид иймэрхүү уулзалтыг Монголдоо зохион байгуулж байвал их зүгээр санагдлаа. Бидэн шиг хувиараа явж байгаа хүмүүс олон байгаа шүү дээ. Зардал мөнгөнөөс эхлээд асуудал нэлээд гарч байна. Монголдоо зохион байгуулбал Монголын хувийн хэвшлийнхэн илүү өргөн хүрээнд оролцох болов уу гэж бодож байна.


Уул уурхайгаас бусад салбарт ч гэсэн
хөрөнгө оруулалт татах боломж байна


ZАMайн Сервисиз компанийн ТУЗ-ийн дарга Д.Хулан
Манай ZАMайн Сервисиз нь Таван богд групп болон Японы Марубени корпорацийн тавь тавин хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани. Хитачи Констракшн Машинери корпорацийн уул уурхайн тоног төхөөрөмжийн Монгол дахь албан ёсны дистрибютер. Бид уул уурхайн ханган нийлүүлэлтийн салбарт орохдоо барууны хөрөнгөтэй, туршлагатай компанитай хамтарсан. 

Монгол улс ид хөгждөг дээрээ ирчихээд байна. Энэ хөгжлийг хоёр нөөц л тодорхойлно. Тэр нь хүний нөөц, хөрөнгийн нөөц. Хүний нөөц нь байлаа гэхэд хөрөнгийн нөөц нь байхгүй  учраас Монголын компаниудад хөгжихийн тулд гаднаас эх үүсвэр татах, төвлөрүүлэх асуудал чухал байдаг. Монголын компаниуд хөрөнгө оруулагчидтай биечлэн уулзаж, танилцах, өөрсдийн төслөө танилцуулахаар энэ чуулга уулзалтад оролцож байгаа байх. Бид ч бас ийм зорилгоор хуралд ирсэн.

Монголд хөрөнгө оруулалт хийх өргөн боломж байна. Зөвхөн уул уурхайд биш, бусад салбаруудад ч хөрөнгө оруулалт татах өргөн боломж байгааг энэ хурлаар ярьж байна. Их сонирхолтой хурал болж байна. Лейтон Крофтын хурал дээр тавьсан илтгэл надад маш их таалагдсан. Арван хэдэн жил Монголд амьдарчихсан, Монголын нөхцөл байдлыг маш сайн мэддэг, монгол хэлээр бүх мэдээллийг авдаг гэсэн утгаараа Лейтон Крофт гадны хөрөнгө оруулагч биш, Монголд байдаг хүний нүдээр дүгнэлт хийж байна лээ. Тэр дүгнэлт их сайхан санагдлаа. Та нар Монголд очиж ажиллах гэж байгаа бол Монголынхоо нөхцөлийг маш сайн мэдэж, Монгол түнштэй хамтарч, Монголын талдаа давуу тал олгож ажиллах хэрэгтэй. Монголын талд ашигтай байж л гадны хөрөнгө оруулагчийг оруулна. Тэгж байж гадны хөрөнгө оруулагч ашиг олно шүү гэсэн санааг их зөв хэлсэн. Мөн Монголын компаниуд ч гэсэн хөгжөөд, өөрсдөө бизнесээ явуулах боломжтой болчихлоо. Үүнийг ММС, Ньюком, Таванбогд, Бодь групп харуулж байна гэсэн санааг хэлнэ лээ. Нэг талаасаа өрсөлдөгч гэж хэлэхээсээ Монголын компаниуд хөгжөөд ирлээ, та нар тэдэнтэй хамтарч ажиллаач гэж уриалж хэлсэн болов уу гэж ойлгосон.

Хуралд оролцогчдын ихэнх нь компани болоод хөрөнгө оруулалтын фондуудын төлөөлөгчид байх шиг байна. Хөрөнгө оруулалтын фондууд нь хувь хүмүүсийн мөнгийг хуримтлуулж цуглуулаад, тэднийгээ нэгтгэж хөрөнгө оруулдаг шүү дээ. Цаана нь бол хувь хөрөнгө оруулагчид байгаа ч фондууд компани гэдэг утгаараа оролцож байгаа байх.

Чилийн осол дэд бүтцийг яаж хөгжүүлэх шаардлагатайг харууллаа


David L Rohanna Managing Director-Azia, Mining and Natural Resources
QUINTANA CAPITAL GROUP  

Гадаадынхны нүдээр харахад Монголын дэд бүтцийн салбарт идэвхтэй хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байна. Ингэснээр эдийн засгийн ирээдүйн хөгжлийн баттай суурийг тавьж чадна. Үүнийг дэмжих бүтэц байх хэрэгтэй. Дэд бүтцийн нэг, хоёрдугаарх үе шат болоод нийгмийн дэд бүтцэд хөрөнгө оруулах шаардлагатай. Хатуу дэд бүтцийг нийгмийн дэд бүтэцтэй нэгэн зэрэг хөгжүүлэх шаардлагатай. Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхдээ дэд бүтцийн төслүүдтэй хамт нийгмийн асуудлыг шийдвэрлэж байх нь зүйтэй юм. Эцсийн бүлэгт ямар ч улс оронд хүн л хөгжлийг жолоодож чиглүүлдэг. Ямар ч оронд мөнгө хэрэгтэй, хөрөнгө хэрэгтэй. Гэхдээ хүнээ яах вэ. Хүн л үүнийг чинь хийнэ шүү дээ.
Бид өнөө өглөө Чилийн Засгийн газрын амжилтын талаар их ярилаа. Олон улсын хамтын нийгэмлэг 33 уурхайчныг аврахын тулд нэгдэж ажиллан амжилтад хүрлээ шүү дээ. Би өөрөө уурхайчин хүн. 42 жил энэ салбарт ажиллалаа. Эдгээр уурхайчдыг аврахын тулд ямар их ажил хийгдсэнийг төсөөлж байна. Чилийн нутаг дэвсгэр дээр гарсан энэ ослын үр дагаврыг арилгахад дэд бүтэц чухал үүрэг гүйцэтгэсэн. Дэд бүтцийг ямар байдлаар хөгжүүлэх шаардлагатайг энэ үйл явдал харууллаа.

Хятадын хэрэгцээнээс үүдээд бидэнд
дэд б
үтцээ хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа

УИХ-ын гишүүн О.Чулуунбат
Монголын дэд бүтцийн салбарт ямар хүндрэлүүд байгааг би ярья. Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас дэд бүтцийн гажуудалтай үлдсэн. Тэр үед хэрэгжсэн дэд бүтцийн төслүүд одоо хэр хүчин төгөлдөр байгаа. Гажуудсан дэд бүтцийн салбараа сайжруулахын тулд үндсэндээ бид юу ч хийгээгүй. Глобал зах зээлийн нөхцөл өнөөдөр сайжирч байна. Ялангуяа Монгол шиг оронд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн нөхцөл байдал сайжирч байгаа. Үүнтэй холбоотойгоор Монголын эдийн засгийн хэмжээнээс биш, Хятадын эрэлт хэрэгцээнээс үүдээд бидэнд дэд бүтцээ хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа юм.

Дэд бүтцийн зарим нэг салбарыг, тэр дундаа эрчим хүчний салбарын талаар би онцгойлж яримаар байна. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах юм бол энэ нь зөвхөн Монголын эдийн засагт хамаатай асуудал биш. Монгол Хятадын Засгийн газар эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа өрнүүлэхээр болсон. Хэдэн жилийн өмнө хоёр улсын Төрийн тэргүүн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь хууль эрхзүйн баттай бааз суурийг тавьж өгсөн юм. Энэ хүрээнд Монгол улсад томоохон хүчин чадал бүхий цахилгаан станц барихаар болсон. Хятад улс Монголоос урт хугацаанд эрчим хүч худалдан авах амлалтаа бас өгсөн. Ийм нөхцөл байдлын хүрээнд бид хамтын ажиллагаагаа өрнүүлж байна. Хөрөнгө оруулагчдад ийм боломж байгааг хэлж, урам өгмөөр байна.

Монгол Улсын Их Хурал төмөр замаа сайжруулахыг дэмжиж байгаа. Хоёр царигтай төмөр зам барих асуудал яригдаж байна. Одоогийн байгаа ганц төмөр замын маань ачаалал хэтэрчихээд байгаа. Хятад, Орос улсууд транзит тээврээр манай төмөр замыг ашигладаг. Жилдээ 200 сая тонны хүчин чадалтай. Энэ хүчин чадал хүрэлцэхгүй байна. Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон уул уурхайн төслүүд дэд бүтцийг зүй ёсоор шаардаж байгаа. Цахилгаан станц, төмөр зам, мөн нийгмийн байгууллагуудыг ажиллагаанд оруулах шаардлагатай болж байна. Дэд бүтцийн хувьд Монгол улс үнэхээр хүнд байдалд байгаа.

Засгийн газраас 100 мянган орон сууцны хөтөлбөрийг баталж, дараагийн 5-7 жилд хэрэгжүүлэх чиглэл баримталж байна. Мэдээж хэрэг, Засгийн газар дэлхийн зах зээл дээр гарч зээл авах шаардлагатай болно. Монгол улс Олон улсын Валютын сангийн Stand by хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр хэдэн долоо хоногийн өмнө дуусгавар болсон. Одоо Засгийн газар дэлхийн глобал зах зээл дээр гарч зээл авах эрх нээлттэй боллоо. Ингэснээр энэхүү нийгмийн шинж чанартай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болно гэж би бодож байна.

Монголд түгээлтийн асуудал нэн чухал байна

Oscar Mendoza Co-Coo, Frontier securities
Монголд очиж байгаагүй гээд гараа өргөсөн хүмүүсийн тоог хараад би гайхаж байлаа. Хурлаар яригдаж буй зүйлүүд Монголыг сонирхож байгаа очиж үзээгүй хүмүүст маш олон хариулт өгнө байх. Монголын өнөөгийн нөхцөл байдлыг ярихын өмнө би 2010 оны Дэлхийн эдийн засгийн тайлангийн тоо баримтаас дурдмаар байна. Энд улс орнуудын зэрэглэлийг гаргасан байгаа. Монгол улс дэд бүтцийн чанараараа 133-т, зам харгуйн чанараар 133, агаарын тээврээр 128, эрчим хүчээр 112 дугаар байрт орсон байна. Хамгийн нааштай үзүүлэлттэй нь харилцаа холбоо. Харилцаа холбоо болон зам 97 дугаар байрт оржээ. Эндээс дэд бүтцийн салбар ямар чухал хийгээд их асуудалтай нь харагдаж байгаа байх. Дэд бүтэц бол чухал салбар.

Газрын хөрсөн дороо эрдэс баялагтай байна гэдэг хангалтгүй юм. Үүнийгээ зах зээл дээр гаргах хэрэгтэй. Хоёр том гүрний дунд, хоёр том хэрэглэгчийн дунд байгаагийн хувьд Монголд түгээлтийн асуудал нэн чухал болоод байна. Зам харгуй, төмөр замын асуудал хурцаар тавигдаж байна. Замыг хүний бие организмтай зүйрлэх юм бол хүнийг тэжээж байдаг тэжээлийг бусад эрхтэнүүдэд хүргэдэг судас, шугам гэсэн үг шүү дээ. Дэд бүтцийн энэ нөхцөл байдлыг зөвхөн физик бие дээр яриад зогсохгүй хүний хүчин зүйлийг бас харгалзах ёстой юм. Өөрөөр хэлбэл боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт ч гэсэн анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Зөвхөн зам барих нь хангалтгүй. Гэхдээ нааштай шийдвэрүүд гарч байна. Хөрөнгө оруулалтын боломжууд Монголд байна. Хотын зам харгуйг сайжруулах чиглэлээр хотын бонд гаргах гэж байна. Тэгэхээр сайхан боломжууд байна шүү. Харин эдгээр нөөцийг яаж түгээх, яаж хуваарилах вэ гэдэгт л асуудал байгаа юм.


Засгийн газарт
үүрэх ачаагаа хуваалцах боломж олдоно

ХХБ-ны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Орхон
Дэд бүтэц гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ярвигтай салбар. Тиймээс Монголын Засгийн газрын хувьд үүнийг шийдэхэд маш их цаг хугацаа шаардлагатай. Хувийн хэвшлийн хувьд дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах нь маш их эрсдэлтэй. Их хөрөнгө зардал,  урт  хугацааг шаарддаг. Бид өнөөг хүртэл энэ асуудлыг хөнддөггүй байжээ. Сайн мэдээ гэвэл Засгийн газар одоо төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, эдгээр төслүүдэд хувийн хэвшлийнхнийг оролцуулах гэж байгаа.

Төмөр зам, зам харгуйн асуудал бүгдээрээ уул уурхайн салбартайгаа нягт холбоотой. Тиймээс  энэ төрлийн дэд бүтцийг хөгжүүлэхдээ уул уурхайн хөрөнгө оруулагчдад төсөлд оролцох боломжийг олгох хэрэгтэй. Засгийн газар энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх ёстой гэж бодож байна. Юуны өмнө Засгийн газарт үүрэх ачаагаа бусадтай хуваалцах боломж олдоно. Хөрөнгө оруулагчид ч гэсэн ашигтай гэж бодож байна. Хятад улс өнөөдөр төмөр замаа Монголын хилтэй ойрхон болгоод 100, 100 км төмөр зам барьчихлаа шүү дээ. 40, 50, 100 км төмөр зам барихад уурхай руу дөхөөд очих боломжтой болж байна. Бид хятадуудыг яагаад энд урьж оролцуулж болохгүй гэж гэсэн асуудал ч тавигдаж болзошгүй.

Нийгмийн дэд бүтцийн хувьд Монгол улс болоод Засгийн газрын хувьд тодорхой бонд ч юм уу бусад төрлийн арга хэрэгслийг гаргаж хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардлагатай болно. Манайх өргөн уудам газар нутаг, тархай бутархай хүн амтай. Магадгүй зарим газарт тийм дэд бүтэц хэрэггүй ч байж болзошгүй.


Боломж олдож байгаа ч сорилтууд байна шүү


Nigel Finch Senior Lecturer, UNIVERSITY OF SIDNEY
Монголд хөрөнгө хомс байна. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хувьд ДНБ-ий өсөлтийг дэмжихүйц хөрөнгө оруулалт байх ёстой. Энэ нь 5 тэрбум ам.долларын тухай ярьж байна. 2025 он гэхэд 9-10 хувийн өсөлтийн тухай ярьж байгаа шүү дээ. Энэ бол гайхамшигтай тоонууд. Дэд бүтцүүдийг бий болгох хэрэгтэй. Гэхдээ үүнд хөрөнгө шаардлагатай. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг үнэлж харахдаа эрдэс баялагт нь татагдаж болзошгүй. Гэхдээ өнөөгийн дэд бүтцийн хөгжлийн түвшин нэг саад болж магад. Монголын санхүүгийн тогтвортой байдал ч гэсэн санаа зовниуштай асуудал. Банкны салбар эмзэг байна. Авилгал, засаглалын асуудал ч бас хүндрэлтэй байх шиг. Ил тод байдал мөн адил. 20 хувийн инфляцитай эдийн засагт боломж олдож байгаа ч сорилтууд байна шүү.

Санаа зовууштай бас нэг асуудал бол орон сууцны үнэ маш их өсч байхад би яаж орон сууц авах вэ, яаж нийгмийн асуудлаа шийдвэрлэх вэ гэсэн асуудал гарч байна. Энэ бол маш эмзэг эдийн засаг. Гэхдээ хөрөнгө орж ирж байна. Донорын санхүүжилт орж ирж байна. Урьд нь Монголын эдийн засагт донорын санхүүжилт маш их үүрэг гүйцэтгэж байсан. Одоо хумигдаж байгаа учраас АНУ, Европоос тодорхой санхүүжилт орж ирж байх шиг байна.

Австралид Монголын талаар ярихад хүмүүс толгойгоо маажаад байдаг. Тодорхой ойлголтгүй байдаг юм. Монголын Бизнесийн зөвлөлийн гишүүний хувьд би Монголд өнөөдөр хийгдэж байгаа шинэчлэлийн үйл явцыг бүрэн дүүрэн дэмждэгээ хэлмээр байна. Төсвийн тогтвортой байдлын хууль, Концессын  хууль нь бизнес эрхлэгчдэд маш чухал хууль болж өгсөн.

Гэхдээ шинээр үүсч хөгжиж байгаа зах зээлд хөрөнгийн урсгал их чухал. Дэд бүтцийн төслүүдийн хувьд нийгмийн асуудлыг шийддэг төслүүд байдаг, мөн аж үйлдвэрийн хэрэгцээ шаардлагыг хангадаг төслүүд ч байдаг шүү дээ. Зарим нэг аж үйлдвэрийн чанартай дэд бүтцийн төслүүдийг Концессын зарчмаар хэрэгжүүлж болзошгүй гэж бодож байна. Ийм төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагчид сонирхох болов уу. Хамгийн гол нь  Монголын Засгийн газартай бодитой хэлэлцүүлгээ яаж эхлэх вэ, энэ нөхцөлд Хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийг яаж явуулах вэ гэдэг чухал асуудал. Зарим тохиолдолд Бенчмаркийн судалгаа хийх хэрэгтэй байдаг. Монгол улс өрийн асуудлаа шийдвэрлэх гэж байгаа нь чухал. Гэхдээ зээлийн дээд зэрэглэлтэй улс орны хувьд   бас л ярвигтай асуудал   даа. Хөрөнгө оруулагчдын хувьд одоогийн байдлаар энэ нь их чухал байгаа юм. Хөрөнгө оруулагчдад та нар premium буюу урамшуулал санал болгох гэж байгаа шүү дээ. Энэ урамшуулал бас яригдаж байх ёстой. Зах зээлийн хэлцэл, гүйлгээний хувьд ямар premium байх вэ гэдэг Монголын Засгийн газар бодолцох ёстой. Гэхдээ зоримог алхам хийхгүй бол учир дутагдалтай. Тиймээс бенчмарк хийх нь маш чухал.

Уул уурхайн салбарт гарч байгаа асуудлын нэг нь дэд бүтэц. Хятад улс хөрш зэргэлдээ байгаа нь их чухал. Мөн Засгийн газар энэ төслүүдэд оролцох нь учир дутагдалтай байдаг. Австралийн Засгийн газар асуудлаа яаж шийдсэн бэ гэхээр компаниудтай хамтарч агаарын тээврийн асуудлаа шийдвэрлэсэн. Уул уурхайн компаниуд томоохон төслүүдэд оролцож байгаа нь шийдлүүдийн нэг байгаа юм.


David L Rohanna Managing Director-Azia, Mining and Natural Resources
QUINTANA CAPITAL GROUP

Миний бодлоор Монголын нөхцөл байдал нэг их муу биш. Зарим орнууд эрдэс баялгийн бололцоо эрэлхийлж байна шүү дээ. Хятадаас маш их эрэлт хэрэгцээ гарч ирж байна. Мөн хоёр том хэрэглэгчийн дунд байна. Төслийн түвшинд яривал дэлхийн түвшний дөрөв таван төсөл Монголд байх шиг байна. Дэд бүтцийн эрэлт хэрэгцээнд чиглэсэн төслүүд байгаа гэж бодож байна. Бид зөвхөн Тавантолгой, Оюутолгойгоор хязгаарлаж болохгүй юм. Саусгоби зэрэг төслийг харах ёстой. Mongolian energy төслийг бас харах ёстой. Эдгээрийг бүгдийг нь аваад үзвэл дэд бүтцийн эрэлт хэрэгцээ асар их байна. Яагаад гэвэл Монголд их анхаарал төвлөрч байна.
Саусгоби 50-хан км зам барьчихад л Хятад руу шууд гарчихаж байна. Энэ бол нэг их хүнд биш. Зарим улс  хэдэн зуун км төмөр зам барьж байна шүү дээ. Суматри нүүрсээ ашиглахын тулд хэдэн зуун км төмөр зам барьж байна. Хятад болон Африкийн бусад орны жишээг авахад мянга мянган км төмөр замыг зоригтойгоор барьж байгуулж байсан.


Oscar Mendoza Co-Coo, Frontier securities

Монголын хувьд хөрөнгө хэрэгтэй. Хөрөнгийн зэрэгцээ Засгийн газрын бодлого ойлгомжтой байх хэрэгтэй. Одоогийн байдлаар Монголын Засгийн газар төмөр замдаа анхаарал төвлөрүүлж байна. Эхлээд Сайншандын орчимд барих гэж байх шиг байна. Гэтэл уурхай нь шууд Хятад руу бүтээгдэхүүн гаргах боломжийг харгалзаж үзэхгүй байх шиг. Хятад улс өнөөдөр нэг номерын хэрэглэгч. Нөгөөтэйгүүр АНУ-ыг мартаж болохгүй. Мексик АНУ-ын хажууд байгаа. НАТО-гийн хэлэлцээр байгуулсны дараа АНУ болоод Мексикийн Засгийн газрууд хил дээрээ төмөр зам барихаар тохирсон. Хил орчмын энэ газарт Мексикийн хүн амын 14 хувь нь амьдардаг байсан. Эцсийн үр дүнд экспорт нэмэгдсэн. Эдгээр орлого дараа дараагийн дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд хэрэгтэй байсан юм. Засгийн газрын бондын талаар ярихдаа хөрөнгө босгох тухай ярьж байна. Хэрэв Засгийн газрын бодлого буруу байх юм бол хөрөнгө оруулагчид хэзээ ч тусалж чадахгүй. Тэгэхээр бодлого бас чухал юм шүү.

Сэтгэгдэл (4)

  • DR. PRADHAN (129.205.113.149)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 06 | Хариулах
  • DR. PRADHAN (129.205.113.149)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 06 | Хариулах
  • ERDENE MUNKH (178.175.141.233)
    Би бол Монголоос ирсэн Эрдэнэ-Мөнх, би энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна Миний бөөрний нэгийг худалдаж авсан Энэтхэгийн bhavin эрхтэний мэргэжлийн эмнэлэг Санхүүгийн бэрхшээлийн үр дүнд би тэр үед 3 хүүхдийн ээж болсон Миний нэг найз хатагтай Рита надад энэ эмнэлэгтэй холбоо барихыг өгсөн Энэтхэг улс өөрсдийн цахим шуудангаар бөөрний жинхэнэ худалдан авагч болохыг: DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM WHATSAPP: +19083082601 богино холболт Миний мэдүүлэг, тэд миний бөөрийг худалдаж аваад надад 420,000 доллар төлсөн, одоо би би чинээлэг ажил хэрэгч эмэгтэй, хүүхдүүд маань сайхан амьдарч байна Би бөөрөө зарсан Бурханд талархаж амьдрах хангалттай зүйл бидэнд бий Венката бхавин эмнэлэг, энд эргэлзээ төрүүлэхийн тулд миний дугаар байна 393746202 дугаарын утсаар мөн сонирхсон хандивлагчдаа худалдахгүй байхыг зөвлөж байна Туршлагагүй эмнэлэгт бөөр нь Монголоос ирсэн хатагтай Эрдэнэ-Мөнхийг хүндэтгэж байна
    2022 оны 10 сарын 20 | Хариулах