Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Эрхлэгчийн зурвас

Сар тутам англи, монгол хэл дээр хэвлэгддэг The Mongolian Mining Journal нь давтамжаа нэмэгдүүлэн, сард хоёр дугаарыг уншигчдадаа хүргэх гэж буйг дуулгахад таатай байна. Түүнчлэн, манай дараагийн дугаарт Монгол улсын Ерөнхий сайд С. Батболдын уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого, ойрын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар MMJ сэтгүүлд зориулан өгсөн  дэлгэрэнгүй ярилцлага англи, монгол хэл дээр нийтлэгдэнэ.

Монголын уул уурхай дэлхийн уул уурхайтай хөл нийлүүлэн хөгжих эхлэл нэгэнт тавигдсан энэ цаг үед MMJ нь хөрөнгө оруулагчид хуран чуулсан томоохон арга хэмжээ, уулзалтуудад Мэдээллийн ивээн тэтгэгч байгууллагаар ажиллан, ажил хэрэгч харилцаа тогтоох, ойлголцолд хүрэх нэгээхэн гүүр болсоор ирсэн билээ. Тэдгээрийн нэг болох “Mongolia 2010-Investment Summit” аравдугаар сард Хонконгт нээгдэх ба уг арга хэмжээний үеэр Монголд хөрөнгө оруулахыг хүсч буй байгууллагуудыг төлөөлсөн 300 гаруй зочин оролцоно. Хонконгийг Азийн уул уурхайн хөрөнгө оруулалтын төв хэмээн нэрлэж эхэлсэн энэ цаг үед Монголд хөрөнгө оруулахыг сонирхож буй эрхмүүд, нөгөө талаас манай төр, засгийн байгууллагууд санхүүжилт шаардлагатай төслүүдээ харилцан танилцуулах, улмаар ажил хэрэгч уулзалтууд болох агуулгаараа уг хурал ач холбогдолтой юм. “Mongolia 2010 – Investment Summit”-ийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг уншигч Та www.mongolianminingjournal.com сайтаас дэлгэрэнгүй үзнэ үү.

The Mongolian Mining Journal шинэ дугаартаа Сангийн сайд С.Баярцогтын ярилцлагаас иш татан, Монгол улс арилжааны зээлийн эрхтэй болох боломж тун удахгүй нээгдэхийг уламжилж байна. Улмаар манай Засгийн газар уул уурхай дагасан дэд бүтцийн төслүүдээ гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгох танилцуулгын идэвхтэй үе эхлэх гэж буй юм. Тиймээс сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт маань төмөр замын шинэ шугамын бүтээн байгуулалтын талаарх дэлгэрэнгүй тайлбар нийтлэгдлээ. Манай ирэх сарын дугааруудад Тавантолгой ордын олборлолт, дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцохыг хүсч буй гадаадын улс орнуудын Элчин сайдуудын ярилцлага цувралаар нийтлэгдэх юм.

Монголын уул уурхайн салбар  дэлхийн тавцанд анхаарал татаж эхэлсэнтэй зэргэцэн The Mongolian Mining Journal мэдээллийн багтаамж, цар хүрээгээ тэлсээр байгааг эрхэм уншигч Танаа дуулгахад таатай байна.