Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Эрхлэгчийн зурвас

Эдийн засгийн сэдвээр 2010 оны эхний хагаст хамгийн олон удаа байр сууриа илэрхийлсэн; бодлогод нөлөөлж чадсан; олон нийт үгийг нь сонсохыг хүссэн номинациудаар шалгарсан Найман Эрхэмд MMJ шагналыг нь гардууллаа.
2010 оны долдугаар сар

(Судалгааны дэлгэрэнгүй ¹ 021 дугаарт хэвлэгдэв.)

“Хөгжлийн тухай хамгийн их маргаж асан цаг үед The Mongolian Mining Journal мэндэлжээ” гэсэн өгүүлбэр сэтгүүлийн маань дугаар бүрт хэвлэгддэгийг Эрхэм уншигч хэдийнэ анзаарсан нь лавтай.
Эх орны хөгжлийн тулах голч цэгийг эрэлхийлсэн маргаан эдүгээ ид өрнөж ахуйд монголчууд сэтгэл хангалуун байна. Учир нь, энэ бол ажил хэрэгч мэтгэлцээн юм. Хэлэлцэн шүүсний буруу гэж үгүй бөгөөд үр дүнд нь хөгжлийн зөв гарц тодорч эхэлснийг тэмдэглэхийг хүсч байна.

УИХ-ын Хаврын чуулган ийм утгаараа түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Хэдийгээр олон талын маргаан Төрийн ордонд төдийгүй нийгэм даяар өрнөж байсан боловч Монгол орны урт удаан хөгжлийн арааг түлхэх түлхүүр юуг урлан сэтгэх маргаан мэтгэлцээний халуун индэр байлаа, энэ Чуулган.

Тавантолгой ордыг ашиглах зарчмыг Парламент томъёолж, тэрхүү үндсэн төсөөлөл дээр Засгийн газрын гурван яамнаас томилогдсон Ажлын хэсэг одоо ид ажиллаж байна. Тавантолгой ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэрхэн томъёологдохыг манай нийгэм анхааран хүлээж байгаа ба монголчуудын нэгдсэн ийм хүлээлт, шаргуу хэлэлцүүлэг бол үндэсний чухал ололт юм. Хөгжлийн төлөөх эрүүл, ажил хэрэгч мэтгэлцээн бүрийг MMJ дэмжиж, тэдгээр олон талт байр суурийг нээлттэй түгээхүйц тэнцвэрт талбар болохыг эрмэлзсээр ирсэн.

Нийгмийн хүлээлт, асуулт болгонд нээлттэй хариулж, санал бодлоо илэрхийлж буй төрийн түшээд, эрдэмтэн судлаачид, бизнесийн байгууллагынхан, иргэний нийгмийн төлөөлөл бүрт талархал илэрхийлье.  The Mongolian Mining Journal-ийн явуулсан судалгааны зорилго ч мөн энэ зүг хандсан бөгөөд эх орны хөгжлийн гарааны цэгт монгол хүн бүрийн сонирхсон асуултад оюун бодлын цараар хариулж, гар биеэр хичээн оролцсон хүмүүсийг онцлон нэрлэх нь манай судалгааны зорилго байлаа.

“Эдийн засгийн сэдэвтэй сэтгүүл зүйн бүтээлд нэр нь хамгийн  олон удаа дурдагдсан эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтнийг тодруулах судалгаа”-г  2010 оны эхний хагасын хэвлэлүүдэд түшиглэн MMJ хийсэн бөгөөд олон нийтийн зүгээс тавьж буй “Яагаад, яаж” хэмээх  асуултуудын хариуг өгөхийг чармайсан нэр бүхий Эрхмүүд энд тодорчээ. Хөгжлийн зөв гарцын тухай хамгийн ихээр маргаж буй цаг үед олон нийт эдгээр хүмүүсийн байр суурийг сонсох, харьцуулан дүгнэхийг оролдсон байх аж.

“Төрөл бүрийн үзэл бодлуудыг ойртуулж, ойлголцож чадвал хөгжилд хүрэх зам дөт болно” гэсэн өгүүлбэр мөн л MMJ сэтгүүлийн мото болдгийг манай байнгын уншигчид мэднэ ээ. Эх орны сайхан ирээдүйн төлөө ханцуй шамлан хөдөлмөрлөж яваа жирийн уурхайчин Танаас эхлээд, төрийн бодлогыг оновчтой томъёолохоор оюунаа чилээн суугаа түшээ Та, хөгжлийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулан эрсдэлээс үл эмээн итгэл тээж яваа эрхэм бизнесмэн Танаа эчнээ талархахын ялдамд  түүхэн цаг үе Та бүхний үйлсийг хэвлэлийн хуудаснаа үлдээн тэмдэглэж, хөгжилд хүрэх замыг бичиглэж буйг хүлээн авна уу.