Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Эрхлэгчийн зурвас

Монгол оронд намрын сэрүү унаж, их ажлын хэмнэлдээ хүн зон эргэн оржээ. 2009 оны сүүлийн улирал бол манай улсын эдийн засаг, өрх бүл болгонд шинэ шалгуур бэлдсэн бэрхшээлтэй үе юм. Монгол оронд эдүгээ бартерын харилцаа боломжит дээд хэмжээндээ хүртэл газар аваад байна. Эдийн засаг бэлэн мөнгөний хомсдолд орсны учир, хэрэглээ хамгийн их нэмэгддэг улиралд хэтэвч нимгэн яваа иргэн, аж ахуйн нэгжүүд бараа, үйлчилгээгээ харилцан бартерын журмаар солилцох нь нэн түгээмэл байх аж. Дотоод зах зээл маань бололцоогоо нэгэнт шавхжээ. Одоо улс орны эдийн засгийг гагцхүү гадаадын хөрөнгө оруулалтаар цус сэлбэн сэргээх арга боломж үлдээд байгаа билээ. Тиймээс хөрөнгө оруулагчид Монголд хуран чуулж буй эдгээр арга хэмжээ нь онцгой чухал үйл явдлууд юм.

Манай эдийн засгийн өнөөгийн байдал, хандлага, алдаа оноог илэрхийлсэн нийтлэл, баримт статистик, байр сууриудыг  MMJ шинэ дугаартаа түлхүү нийтлэв. Түүнчлэн уул уурхайн томоохон төслүүдийн эргэн тойронд бий болоод байгаа шинэ нөхцөл байдлын талаар холбогдох   баримтуудыг нэгтгэн эрхэм уншигч Танаа толилуулж байна. Юуны түрүүнд Тавантолгойн орд газрыг ашиглах дэд бүтцийн бүтээн байгуулалт нь геополитикийн   хэмжээнд том асуудал болон хувирч буйг Та MMJ-ийн энэ дугаараас харж чадна. MMJ нь бүр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дугаартаа төмөр замын шинэ маршрутуудын эргэн тойронд нөхцөл байдал хэрхэн томъёологдож эхэлснийг дэлгэрэнгүй нийтэлсэн юм. Монголын уудам нутагт шинээр татахаар төлөвлөж буй төмөр замууд ба Тавантолгойн тендерийн хоёрдугаар шалгаруулалтын хувь заяа нягт холбогдохын учир MMJ  сэтгүүл нь энэхүү сэдвийг ¹001, 008, 009, түүнчлэн 010 дугаарууддаа үргэлжлүүлэн хөндсөн.

Саяхан өндөрлөсөн УИХ-ын Ээлжит бус чуулган монголчууд бидэнд нэг чухал зүйлийг сайтар ойлгуулсан билээ. Энэ бол бид дотроо байр сууриа нэгтгэхийн ач холбогдол. Монгол улсад ашигтай хувилбар дээр  олонхийн санал нэгдэж гэмээнэ урагшлах тулах цэг маань тэр болох юм. Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нь Тавантолгойн ордыг ашиглах тендерийн шалгаруулалтаас хавьгүй “хялбар“ ажил байлаа. Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах шалгаруулалтад өрсөлдөгч улс орнуудын өндөр дээд хэмжээний төлөөлөгчид Монгол оронд ээлж дараалан морилон саатсаар байгааг ажихул уг тендер нь манай улсын гадаад харилцаа, геополитикийн асуудалд том шийдэл болох юм. Энэхүү шалгаруулалтын өмнөх өрсөлдөөн тун чиг ширүүсч байна.

Хэдийгээр гадаадын улс орнууд дэд бүтцийн төслүүд дээр давуу эрх олж авахаар хоорондоо өрсөлдөж эхэлсэн боловч Монгол улсад хөгжлийн олон гарц туйлаас чухал юм. Урагшаа, хойшоо, зүүн чигт татах төмөр замууд аль аль нь монголчуудад хэрэгцээтэй. Тиймээс бид нэг төслийн ажлыг нөгөөгөөр нь цохиж унагах харлаган бодлогыг хэзээ ч баримтлах ёсгүй. Нэг үгээр, монголчууд дотооддоо үг хэлээ ололцох нь эхний ээлжийн асуудал буюу. Монгол оронд хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж ирэх цаг мөч хаяанд иржээ.