Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Editorial (No.4)


2009 оны төсөвт тодотгол хийж таарна. Хуучин арга барилаараа нэмэх, хасахын үйлдлээр орлого, зарлага тооцох төвөгтэй болжээ. Зарлагын дүн эхний хагас жилдээ 740 гаруй тэрбум төгрөг. Тэгвэл орлогын хүснэгтэд дөрвөн төрлийн гуйлт бичээстэй. ОУВС-тай хөтөлбөр тохирч чадвал 120 орчим сая ам. долларын зээлийг олон талт хэлэлцээрээр олж авч мэднэ. Дараагийнх нь, гадаад зах зээлд тэрбум илүү ам. долларын бонд арилжаална. Дотооддоо 300 тэрбум төгрөгний бонд гаргана. Сүүлийнхийг нь авах амьтан олдох болов уу  гэсэн эргэлзээ бий. Хятад, Катар улсуудаас хоёр талын зээл авч болзошгүй. Дөрөв дэх хүлээлт нь Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсаны дараа орж ирэх санхүүжлт. Энэ ондоо нэг тэрбум орчим ам. доллар “Оюутолгой“ төслөөс төсөвт ороод ирэх байх гэсэн хүлээлт, найдлагаар хүснэгтийн дөрөвдүгээр хэсгийг манайхан дураараа өөрсдөө дүүргэчихээд байна.

Гуйлт, хүсэлтээр орлогоо гүйцээх их ажилдаа Монгол улсын Засгийн газар болон УИХ энэ долоо хоногт шуудран оржээ. Манай улс ОУВС-тай хөтөлбөр тохирч, эхлүүлж чадах эсэх нь олон талын болон хоёр талын зээл авахад гол нөхцөл болох аж. Тэгэхээр ойрын өдрүүдэд Улаанбаатарт бууж, мордоод байгаа “сангийнхан“-д сайн сайхныг дахин дахин хүсье.

ОУВС хөтөлбөр сэргээх гол болзлоо төсвийн үрэлгэн зардалд шинэчлэл хийх явдал гэж аль эртнээс томъёолсон. Энэ шаардлага бидний орой руу ийнхүү цагаан сарын өмнөхөн орж ирэв. 2009 оноос эхэлж чадахыг бүү мэд, юутай ч улсын төсвийг “Хөтөлбөрөөр төсөвлөдөг“ цоо шинэ арга барилд монголчууд шилжих гэж байна. Сангийн яамны залуу мэргэжилтнүүд ийнхүү зах зээлийн цоо шинэ төлөвлөлт дээр ажиллаж байна. Үндсэн хөтөлбөрөөр төсвөө төлөвлөөд, дэд хөтөлбөрүүд дагалдуулдаг математик аргачлалтай. Ийм арга нь хөтөлбөрүүдийг ач холбогдол, шаардлагаар нь эрэмбэлэхэд хялбар. Шаардлагатай тохиолдолд бодлогоор зохицуулалт хийх боломжтой.

Бүсээ чангалсан энэ өдрүүд бидний амьдралын өмнөх хэмнэлийг ийнхүү эрүүлжүүлж эхэллээ. Монголд төдийгүй дэлхий дахинаа дадаж зуршсан амьдралын хэмнэлүүд өөрчлөгдөөд байгаа билээ. Хэмнэлт , гамнах тухай яриа хөөрөө, үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэх эх оронч санаачлага бүрийн цаана дэлхийн худалдааны олон жил тогтсон дүрэм журам яах билээ, нөгөө глобальчлалын сурах бичгээ цааш нь хийх үү гэхчлэн стандарт бус асуултууд хөвөрч байна. Дэлхийн худалдааны байгууллагын бор саарал байшин ажин түжин болж, Женев нуурынхаа эрэг дээр тэгээд таг мартагдчих вий дээ.
Бүтээмж өндөр, зөв менежменттэй компаниуд зах зээлд шалгаран үлдэх их давлагааны өдрүүд иржээ. Ийм цагт нэн ядуу хэсгээ төр нь хамгаалж үлдэх ёстой хэмээн Дэлхийн банк зөвлөж байна. Үлдсэн хэсэг нь тэнгис далайн түрлэг дор амь мэнд гарч   чадах эсэхээ үзэх нь зөв.     
Чансаагаа сориг.

Сар шинийн тэргүүн өдрүүдийг сандрал гутралаар угтах юун. Нөхцөл байдалдаа дасан зохицохоос өөр гарц үгүй. Өнөөгийн паник цааш үргэлжилбэл төр, нийгмийн хямралд хүргэх вий гэсэн илүү том асуудал нуугдаастай байна. Исланд, Францад болж буй үйл явдлуудаас дэлхий дахин хамгийн их болгоомжилж байгаа. Хөрш Хятад эдийн засгийн уналтаас бус, ажилгүй иргэдийнхээ бослого хөдөлгөөнөөс илүү эмээж байна. Тэгэхээр паникийг дасан зохицох сэтгэл зүй рүү хандуулах, өөрийгөө аваад гарах бүтээлч эрчим өөд хөтлөх эрүүл нээлттэй бодлого хэрэгцээтэй байна.

“Боловсрол“ телевизийн редактор Мөнх-Очирын Мөнхжаргал MMJ сэтгүүлийн энэ удаагийн нэрийн хуудас болон уншигч, захиалагч тантай мэндчилж байна. Монголын залуу нас уламжлал түүхээ хүндэтгэн, “Зөвхөн Монголдоо“ хэмээх  дуудлагад нэгдэж чадна. Эрхэм Танд хотол олны хүндэтгэлт баяр Сар шинийн мэндийн хадгийг өргөж, сэтгэлийн тэнхээгээр давааны цаана гарах монгол ухааныг тань хүндэтгэн ерөөе.

 

Лунтангийн Болормаа
Үүсгэн байгуулагч, эрхлэгч