Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Сурвалжилга

Том зах зээл-жижиг хаалга

О.Хосцэцэг

Улаанбаатараас Замын-Үүд явах галт тэрэг хөдөллөө. Замын-Үүдийн талаар миний мэдэх зүйл юу билээ? Ямар ч байсан манай улсын хамгийн том хилийн боомт. Азиас Монгол руу ачаа бараа зорчигч нэвтрүүлэх гол чиглэл байсаар ирсэн.

Түгжрэлийг “ёндоо”-гоор шийднэ

Галт тэрэг 07.30 цагт Замын-Үүд өртөөн дээр зогслоо. Зорчигчид вагоноос буунгуут л уралдах нь холгүй гүйлдээд явчихав. Зэрэгцээ байсан эмэгтэйгээс лавлахад хилийн боомт руу хамгийн түрүүнд явах машинд амжиж суух ёстой гэнэ.  Ингэж яарахгүй л бол өдөржин урт дараалалд зогсож хамаг цагаа барна. Хилээр гаргаж өгдөг супер унаа бол УАЗ-469 юм. Унаандаа эртхэн суугаад авбал өдрийн ажил сайхан бүтнэ.

Энд 500-600 орчим “жаран ес” бий. Харин Хятадын тал өнгөрсөн долдугаар сард боомтоор УАЗ-469 болон ачааны машин нэвтрүүлэхийг хориглож зорчигчдыг баахан сандаргажээ. Ийм шийдвэр гаргасан шалтгаанаа тус улсад арван жилээс дээш эдэлсэн автомашин болон шаардлага хангаагүй тэвш бүхий ачааны машиныг замын хөдөлгөөнд оруулахгүй гэсэн тогтоолтой холбон тайлбарласан байна. Жолооч нар ихэд бухимдан суулт зарлаж багагүй бужигналдаж.  Замын-Үүд сумын удирдлага Эрээний талтай уулзаж ярилцсаны дүнд уг шийдвэрийг цуцлахаар болж, “жаран естөн”-үүдийн магнай тэнийсэн гэнэ.

Замын-Үүд боомтын “Гурвын хаалт” гэдэг газар 08.00 цагт ирлээ. Авто замын боомт 08.00-18.00 цагийн хооронд ажилладаг. Цагийн хуваарийн дагуу боомт дөнгөж нээгдэж байх учиртай. Тиймээс дараалал  гайгүй болов уу гэж бодсон минь  эндүүрэл байв. Ачааны, суудлын машинууд ар араасаа цувран дугаарлаж цаадах үзүүр нь үл харагдана. Өдөрт ойролцоогоор 8000 гаруй зорчигч, 1200 суудлын, 270 ачааны машин хилээр нэвтэрдэг. Боомтын багтаамж, хүчин чадал энэ хэмжээний урсгалыг дийлдэггүй аж.

Импортын хэмжээ бага байдаг өвлийн улиралд ачааны машины тээврийн хөлс 3500-4000 юань байсан бол өнөөдөр 10.000 юань болтлоо өсчээ. 10 км зайд тээвэр хийхэд 2 сая төгрөгийн хөлс авна гэсэн үг. Бага зайд, бартаагүй замаар тээвэрлэлт хийгээд өндөр хөлс авахыг хүн бүхэн л хүснэ. Аятайхан ажлын сураг сонссон жолооч нар өдөр өдрөөр бүл нэмсээр “том тэрэг” 2700 хол давжээ. Ачааны машин огцом олширч, хоёр талын боомтын өдрийн ажиллах хугацаанд боломжит дээд хурдаар хяналт шалгалт хийхэд дөнгөж 120-150 ачааны машин нэвтэрдэг. Улмаар Замын-Үүдэд хоосон, Эрээнд ачаатай машины бөглөрөл үүсдэг. Жолооч нар ачаагаа ачаад Эрээнээс гарахын тулд 7-10 хоног саатна. Монголдоо орж ирээд ачаагаа буулгах гэж дахиад 10 гаруй хоног хүлээнэ. “Ёндоо” гээч юмыг өгвөл дараалалд орж цагаа үрэхгүй ээ. Биднийг энд 10 хонож байхад “ёндоо”-той хүмүүс шөнө ачаагаа буулгаад л гараад явчихдаг” гэж нэг жолооч сэмхэн шивнэв. “Ёндоо”-ны ханш 250-300 мянган төгрөг. Түүнийг яг хэн авдгийг нь харин хэлж чадахгүй гэсэн. 

Тариаланчид комбайнаа, барилгачид цементээ хүлээсээр...

Замын-Үүдийн ачаа шилжүүлэн ачих байгууламж дээр ирэнгүүт нүдэнд туссан зүйл бол John Deere комбайн. Энэ сүрхий “амьтан” ажлаа хийхсэн гэж яарсан янзтай зогсоно. “Тэнгэрийн аашийг тааж мэдэх биш. Эртхэн John Deere-дээд ургацаа хураачих юмсан” гэж тариаланчид урд зүгээс ирэх галт тэргийг харуулдан суугаа. Тэртээ 1000 гаруй км-ийн цаана өрнөж буй газар тариалангийн ажил хэр урагштай явах нь Замын-Үүдийн нэвтрүүлэх чадлаас хамаарч байна.

 John Deere-үүдийн цаахна улаан, шар, цэнхэр чингэлгүүдийг эвлүүлдэг тоглоом шиг давхарлан өржээ. Нийт 1000 гаруй чингэлэг энд бий. Эдгээрийг эвлүүлж зөөх ажлыг хоёрхон кран зогсоо зайгүй гүйцэтгэх юм. Тэд хэчнээн шаламгай хөдөллөө гээд чингэлгийг хүлээж авах вагон хангалт дутмаг байдгаас ингэж овоордог гэнэ. Вагон хангалт яагаад удааширсныг мэргэжилтэн С.Хүрэлбаатараас тодруулахад, “Шилжүүлэн ачих анги руу хоногт дунджаар 200 вагоны хангалт хийгддэг. Тээврийн бичиг баримтын бүрдүүлэлтэд зогсох хүлээлгийн зориулалтын зам байхгүй учраас хангалтаар ирсэн вагоны талаас илүү хувь нь гацалтын байдалд орж дараагийн вагон хангалт удааширдаг” гэлээ. Чингэлэг дотор голдуу хүнсний бүтээгдэхүүн бий.  Гэр ахуйн бараа, хувцас хунар бол яая гэхэв. Харин хүнсний бүтээгдэхүүн зуны халуунд хоёр гурван сар  муудахгүй хадгалагдана гэхэд эргэлзээтэй.

Ачаа шилжүүлэн ачих техник хомс байгаагийн дээр гар аргаар ажиллах хүчин олдохоо байжээ. Тухайлбал цементийг заавал гар аргаар вагонд өрдөг. Харин цемент шилжүүлэн буулгах цэг дээр очиход дөрөв таван залуу ажиллаж байв. Цементийн импорт өмнөх жилүүдээс 50 хувиар өссөн ч эрэлттэй хэвээр, вагоноос буулгангуут л булаацалдах нь холгүй авдаг.  Барилгын салбар хөгжиж байна л гээд байдаг. Гол түүхий эдийг нь тавхан залуу ачаад зогсож байгаа нь хөгжил мөн үү гэдгийг тунгаах цаг болжээ.

Биднийг өглөө галт тэрэгнээс буухад жиндүү салхи үлээн эрүү дагжааж байсан бол өдөр тийшээ нар халуунаар төөнөж нүүр нүдгүй шороогоор шуурав. Аманд элс зажлагдаж, нүүрэнд түйрэн энгэсэг тавьж орхилоо. Замын-Үүдэд цаг агаар ерөнхийдөө л иймэрхүү байдаг гэнэ. Эндхийн албан хаагчид нар, салхийг үл хайхран ажиллана. Тэгсэн мөртөө тэдний нийгмийн байдал тун хэцүүхэн. Жишээ нь мэргэжлийн хяналтын байцаагч сард 250-300 мянган төгрөгийн цалинтай. Харин түрээсэлж суудаг байрны төлбөр нь сарын 250.000 байх юм.

Хятад-Монголын худалдааны эргэлт сүүлийн 18 жилд 82 дахин өсчээ. Гэтэл Замын-Үүд 1997 онд баригдсан боомт, 2008 онд шинэчилсэн албан хаагчдын тоогоороо зүтгээд  байдаг. Хэдхэн алхмын цаана Эрээн хот цаг минутаар хөгжсөөр. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд шинэ боомтын цогцолбор бариад ашиглалтад оруулчихжээ. Хятадын Засгийн газар улсынхаа нүүр царай болсон боомтуудад ихээхэн хөрөнгө хүч хаядаг нь энэ жишээнээс тод харагдана. “Манайх сүүлийн жилүүдэд гаалийн татварын орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. Улсын төсөвт 2010 онд 100 тэрбум төгрөг оруулсан бол энэ онд түүнээс илүү гарах төлөвлөгөөтэй байна” гэж албаны хүн хэлэв. Энэ хөрөнгөнийхөө ядаж 10 хувийг Замын-Үүдэд зарцуулдаг бол асуудал цэгцрээд ирэх юм шиг санагдана. Өргөтгөл нэрийн дор бага сагахан зүйл хийхийн оронд ирээдүйн хэрэгцээг тооцсон шинэ боомтын цогцолбор барих нь хамгийн зөв шийдэл болоод байна.